Categories
мэдээ нийгэм

Цахим ваучераар дамжуулан 1402 өрхөд хүнсний болон бараа материалын тусламж үзүүлжээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Пипл ин нийд” олон улсын төрийн бус байгууллага хамтран Улаанбаатар, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн 1402 өрхийг 100 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний болон үндсэн хэрэгцээт бүтээгдэхүүн худалдаж авах эрх бүхий цахим ваучераар хангах, худалдан авалт зохион байгуулах ажлыг 2021 оны 3-5 дугаар сард хоёр сарын хугацаатай хэрэгжүүлсэн.

Энэ талаар “Пипл ин Нийд” олон улсын байгууллагын төслийн менежер Г.Марал-Эрдэнэ “Хямралын үед гэр бүл, зорилтот бүлгийнхэнд хэрэгцээ шаардлагад нь нийцсэн бараа бүтээгдэхүүн худалдаж авах боломж олгох нь чухал. Охид эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийнхний хэрэгцээ хоорондоо маш их ялгаатай байдаг. Тэдэнд дэмжлэг үзүүлэхдээ сонголт, олгох нь чухал юм. Төслийн хугацаанд тусламж хамгийн хэрэгцээтэй байгаа хүмүүст бараа бүтээгдэхүүн сонгож авах боломж олгосноор тэдгээр иргэд өдөр тутмын худалдан авалт хийх мэдрэмжийг авч, сэтгэл дүүрэн байх боломж олгосон” гэв.

Зорилтот гэр бүл, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд туслахын тулд “Пипл ин нийд” байгууллага Швейцарын хөгжлийн агентлаг, Холбооны Бүгд найрамдах Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны санхүүжилтээр цахим талон олгох 4 алхамт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд сонгогдсон айл өрхүүдийг өөрсдийн хэрэгцээнээс хамаарч зайлшгүй шаардлагатай эд зүйлийг сонгох боломжоор хангажээ.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын иргэн Буяндэлгэр “Ковид-19” манай гэр бүлийн эрүүл мэндэд ноцтой нөлөө учруулаагүй ч санхүүгийн асуудал гарч ирсэн. Нөхөр минь дугуй засварын газар түрээслэн ажиллуулдаг. Цар тахал, хөл хорионоос болж хүмүүс машин унах, засуулах шаардлага багассан учраас өдөр тутмын орлого нь буурсан ” гэв.

Үүнээс гадна зарим айл болон орлогогүй, эмзэг бүлгийн өрх 24 цагийн цэцэрлэг, хүүхэд асрах төв, төрийн бус байгууллагад үр хүүхдүүдээ даатгадаг. Цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос үүдэн энэ төрлийн газруудын үйл ажиллагаагаа тасалдахад хүрч байгаа аж.

94 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Алтаннавч “Айл өрхүүдэд олгосон 100 мянган төгрөгийн цахим ваучер үнэхээр зөв цагтаа очсон бөгөөд маш их дэм үзүүлсэн. Манай цэцэрлэг зорилтот бүлгийн хүүхдүүдийг тодорхой шалгуураар бүртгэдэг. Дийлэнх нь өнчин, эцэг эх нь ажил хийхээр гадаад явсан, өвөө, эмээ, асран хүмүүжүүлэгч, хамаатан садан нь харж үлдсэн хүүхэд байдаг. Мөн зарим нь өрх толгойлсон эх, эцэгтэй. Аав, ээж нь нийгмээс тусгаарлагдсан хүүхэд ч бий. Ерөнхийдөө эмзэг бүлгийн хүүхэд олон байгаа. Манай 24 цагийн цэцэрлэгт явдаг хүүхдүүд гэртээ хоол хүнсний хомсдолд ороод байсан бөгөөд хүүхдүүдийн эцэг эх маш их баярласан. Тэд бидэнд талархсанаа илэрхийлээд хоол хүнс дуусч байх үед цахим ваучер олгосон гэж хэлсэн” гэлээ.

Мөн “Сайн найз” хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төвийн төлөөлөл Баярсайхан “Би цахим ваучерт талархаж байна. Хөл хорионы улмаас санхүүгийн хүндрэлтэй байгаа олон гэр бүл байгаа. Тэд ажил хийх боломжгүй, гэр бүлээ хоол хүнсээр хангаж чадахгүйд хүрээд байсан” гэсэн юм.

Сонирхуулахад “Пипл ин нийд” (ПИН) нь Чех улсад төвтэй олон улсын төрийн бус байгууллага бөгөөд 2009 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлснээр Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус төрийн бус байгууллага хүний амь, аюулгүй байдлыг хамгаалах, олон нийтийг чадавхжуулж, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос эхлэн албан ёсны Суурин төлөөлөгчийн газраар дамжуулан тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *