Categories
мэдээ нийгэм

Цахим тайлан 7.6 тэрбум төгрөгийн хэмнэлт авчирсан байна

Татварын Ерөнхий Газар 2014 оны нэгдүгээр сараас эхлэн татварын цахим тайлангийн E-Tax системийг үндэсний хэмжээнд нэвтрүүлсэн. Үүний дүнд өнгөрсөн жил татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллагуудад 7.6 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт үүссэн тухай тооцоо судалгааг АНУ-н Олон Улсын Хөгжлийн Агентлагаас (USAID) гаргажээ.

Татвар төлөгч зөвхөн ажлын цагаар хязгаарлагдахгүй, хуулийн хугацаанд хоногийн 24 цагийн турш интернет орчинд аль ч газраас тайлангаа тушааж, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээдэг болсноор татвар төлөгч болон улсын татварын байцаагчид ажлын цагийн үр ашиггүй хэлбэрээс ангижирч, цаасан тайлан хурааж баталгаажуулах, мөн тайлан тушаахад үүсдэг ажлын ачаалал, стресс бухимдлаас ч салж, улмаар ажлын бүтээмж дээшилсэн байна.

Анх 2012 онд татварын цахим тайлангийн систем боловсруулах тендер зарлаж, мэдээллийн технологи, цахим засгийн систем хөгжүүлэлтээр дотооддоо хамгийн өндөр туршлагатай Интерактив компаниар уг системийн хөгжүүлэлтийг гүйцэтгүүлж, богино хугацаанд нэвтрүүлээд байгаа нь энэ юм. Одоогийн байдлаар 120 мянга орчим аж ахуй нэгж энэхүү системийг ашигласан бөгөөд татвар төлөгчид тайлангаа хоцорч тушаах асуудал эрс багассан талаар албаныхан хэлж байна.

Татварын цахим системд татвар төлөгчид татварын тайлангаа оруулж илгээхээс гадна татварын байцаагчдад санал хүсэлт, өргөдөл илгээж асуудлаа шийдвэрлүүлэх, ААН, хувь хүний татварын тодорхойлолтыг хүсэлтийн дагуу гаргуулах боломжтой.

Цахим тайлангийн системд шилжихээс өмнө компани, ААН-үүдийн нягтлан бодогчид цаасаар санхүүгийн тайлангаа тушаахаар татварын албанд дугаарлахад дунджаар таван цаг зарцуулдаг байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *