Монголбанкнаас санаачлан “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аяныг хоёр сарын хугацаанд хэрэгжүүллээ. Энэ хугацаанд санхүүгийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн хурдацтай хөгжилд түшиглэн төлбөр тооцоог хурдан шуурхай гүйцэтгэх, Монгол Улсын төлбөрийн системийн үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалт, цаашдын хөгжлийн талаар олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрлийн ажлыг амжилттай зохион байгууллаа.
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2016 онд баталсан “Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги”-ийн томоохон зорилтын нэг нь “хууль, эрх зүйн орчныг сайжруулах” явдал байв. Тиймээс Монголбанкнаас боловсруулан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг батлуулж, 2018 оны 01 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аяны хүрээнд хуулийн дагалдах журам, дүрмийг шинэчлэн баталж, банкнаас бусад байгууллагад төлбөрийн системийн оролцогч болох бололцоог бий болголоо.
Аяны хүрээнд нэг талаас иргэд, харилцагч Монгол Улсын үндэсний төлбөрийн систем, финтекийн хөгжил, бэлэн бус төлбөрийн хэрэгсэл, цахим төлбөр тооцооны талаар нэгдсэн ойлголтод хүрэх, нөгөө талаас төлбөрийн системийн оролцогч хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрх зүйн орчинг таниулах, олон нийтийн сүлжээгээр иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь санхүүгийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг болсон гэж үзэж байна.
Орон даяар хэрэгжүүлсэн энэхүү аянд Монголын банкны холбооны нэгдсэн зохион байгуулалтаар арилжааны банкууд идэвх санаачлагатай оролцон хэрэглэгч, харилцагчдад зориулсан уулзалт өдөрлөг, сургалт, өдөрлөг, сурталчилгааг зохион байгуулж, цахим төлбөрийн хэрэгсэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт урамшууллыг үзүүллээ.
Үүгээр “Цахим эринд цахим төлбөр тооцоо” аяныг хэрэгжүүлсэн нь төлбөрийн системийн оролцогчдод шинэ боломж бололцоо олгох, бизнесийн шинэ санаа өгөх, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим системд суурилсан хөгжлийг хурдасгахад нэн ач холбогдолтой боллоо.