МҮХАҮТ-аас Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулж буй “Цахим экспортыг нэмэгдүүлэх боломж” цахим арга хэмжээ энэ сарын 11-нд болно.
Үүгээр уул уурхайн бус, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, дэмжих, гадаад зах зээлд сурталчлах, худалдан авагчтай холбож өгөх, экспортлогчдыг мэдээллээр хангах юм. Түүнчлэн Монгол Улсын экспортын бодлого, цаашдын зорилт, мэдээллийн технологийн экспортыг дэмжих Засгийн газрын бодлогын танилцуулах аж.
Мөн Европын холбооны бүртгэгдсэн экспортлогчийн системийн танилцуулга болох юм. Эдгээрээс гадна гадаад худалдааны санхүүжилт, гадаад худалдааны төлбөр тооцоо, экспортыг нэмэгдүүлэх дэмжлэг, цахим экспортын боломжуудыг талууд ярилцахаар байна. Цахим хэлэлцүүлэгт экспортлогчид болон экспорт хийхээр бэлдэж буй компаниуд, үйлдвэрлэгчид мөн мэргэжлийн холбоодын төлөөлөгчид оролцох боломжтой аж.
Тус вебинарт Гадаад харилцааны яам, Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газар, МҮХАҮТ, Монгол Улсын худалдааг дэмжих төсөл TRAM, Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл, МҮХАҮТ-ын Бээжин дэх төлөөлөгч, Экспорт олон улсын худалдааны төв зэрэг байгууллага оролцох юм.