Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Цахилгаан эрчим хүчний үнэ 3-4 дахин нэмэгджээ DNN.mn

Цахилгаан эрчим хүчний үнэ тарифын нэмэгдэл хэрэглэгчид, аж ахуйн нэгжүүдийг “шок”-нд оруулж байна. Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргийн нэг Баянзүрхийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр үйлчлүүлж буй иргэд хараал урсгах нь урсгаж, үйлчилгээний ажилтнууд руу үсчиж давшлан, нэлээд бухимдалтай, ааш авир ихтэй байлаа.

Зарим иргэд хэрэглэсэн цахилгааны төлбөр нь 30 хувиар бус, бүр хоёр, гурав дахин нэмэгдсэн байна хэмээн бухимдаж буйгаа илэрхийлсэн бол аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бараг дөрөв дахин нэмэгдсэн байна хэмээн ууртайхан өгүүлсэн юм.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Х.Баатар тоолуурынхаа заалтыг шалгуулах хүсэлт өгөх гээд зогсож байгаагаа хэллээ. Тэднийх байшингаа цахилгаан халаагуураар халаажээ. Өмнө нь үнэ нэмэгдээгүй байхад 320-350 мянга орчим төгрөг төлдөг байсан бол цахилгааны үнэ нэмэгдсэнээс хойш буюу арванхоёдугаар сараас нэгдүгээр сар хүртэл 1.3 сая орчим төгрөгийн төлбөр гарсан байна.

Тэрбээр “Сард банкны лизинг шиг л юм төлөх боллоо. Эхнэр бид хоёр хоёулаа ажилладаг тулдаа төлөөд байна. Шөнийн тарифын хөнгөлөлт бий гэдэг. Гэхдээ бодитоор хөнгөлж байна уу, үгүй юү гэдэг эргэлзээтэй. Төлбөр өндөр гарна гээд өдөртөө цахилгаан халаагуураа утсаараа унтраачихдаг. Харихаасаа хоёр цагийн өмнө залгадаг. Тэгэхэд л төлбөр нь нэгдүгээр сард 12 сараасаа илүү гарсан байна.

Тоолуур шалгана гэсэн. Тэгээд өргөдөл өгөхөөр зогсож байгаа юм. Энэ хүмүүс нь сайн мэдэхгүй “Цахилгаан халаалттай болохоор угаасаа өндөр гарна” л гэж байна. Би сайн ойлгохгүй байна. Өнгөрсөн оны нэг сартай харьцуулахад төлбөр бараг дөрөв дахин нугарч байна.

Хүмүүс бухимдах нь аргагүй. Цахилгааны үнэ өсөхөөр бүх юмны үнэ дагаад өсөж байна. Яадаг юм байгаа юм бэ, бүр учраа олохгүй явна. Уул нь би утаагүй, сайхан эко амьдаръя гэж бодоод, сүүлийн үед гараад байгаа тосоолоор халаадаг халаалтаар дулаанаа шийдсэн юм.

Цалин хөлс хэд билээ. Энэ байдлаараа удаан явах аргагүй. Ирэх жилээс нүүрсээ түлдэг юм бил үү. Нүүрсээ түллээ гэхэд 600 мянгаар бараг жилийнхээ хэрэглээг авчихна. Сая 14 хоног хөдөө байж байгаад ирсэн. Өдөрт нь салгаад, шөнөдөө тогны хөнгөлөлттэй юм чинь, төлбөр нь гайгүй гарах байх гээд, хэмнээд байтал бүр илүү их нэмэгдсэн байна” хэмээн ярьсан юм.

Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар цахилгаанаа халаалтаар шийдсэн айл өрхүүдийн хувьд хэрэглээний төлбөр 3-4 дахин нэмэгдэж бодогдсон энэ мэт жишээ олон байна. Тухайлбал, иргэн Ц.Цэрэндуламынх дулаанаа цахилгаанаар шийдэж, өнгөрсөн аравдугаар сард 141 мянган төгрөг төлөхөөс 14 мянган төгрөгийн шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаж, 127 мянган төгрөг төлжээ.

Арваннэгдүээр сард цахилгааны үнэ нэмэгдэхэд нийт 885.387 төгрөг гарч, шөнийн хөнгөлөлт 248.648 төгрөгийг хасаад, 601109 төгрөг төлөхөөр гарсан байна. Ийнхүү цахилгаанаар дулаанаа шийдвэрлэсэн иргэд цахилгааны үнэ 3-4 дахин нэмэгдсэний улмаас буцаад яндан хэрэглэхээс өөр аргагүйд хүрч байгаагаа хэлж байлаа.

Цахилгаан, дулааны үнэ тарифыг бодит өртөгт хүргэж, цаашид салбар алдагдалгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээр үнэ тарифт өөрчлөлт оруулах бодит шаардлагатай тулгарсныг албаныхан хэлдэг. Эрчим хүчний салбар байнга алдагдалтай ажиллаж байгаа нь туйлын үнэн ч эрчим хүчний алдагдлыг бууруулж, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэмэх шийдвэр 30 хувь бус, 3-4 дахин өссөн нь тодорхой байна.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд айл өрхүүдийн цахилгааны үнийг хэд хэдэн аргачлалаар нэмэхээр болсон талаар мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар нэмнэ гэсэн юм.

Өмнө нь 0-150 кВт цаг хүртэлх цахилгааны төлбөр 140 төгрөг байсныг 175 төгрөг, 151-301 кВт.ц 256 төгрөг, 301 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Энэ нь ахуйн хэрэглээний үнэд 1 квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдсэн гэсэн үг аж.

Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ гэсэн. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, шөнийн хөнгөлөлтийн хувьд хуучин журмын дагуу арваннэгдүгээр сарын 1-нээс үргэлжлүүлж, 220 в хүчдэл хэрэглэдэг өрхүүд 700 кВт.ц, 380в хэрэглэдэг бол 1500 кВт.ц хүртэлх хэрэглээгээ 100 хувь, түүнээс илүү гарснаа 50 хувь хөнгөлүүлж буй юм байна.

Тус дүүргийн 18 дугаар хорооны оршин суугч Э.Сондор цахилгааны төлбөр нэмэгдэх шийдвэр гарахаас өмнө сардаа 50 орчим мянган төгрөг төлдөг байжээ. Шинэ тариф үйлчилж эхэлснээс хойш нэгдүгээр сард 120 гаруй мянган төгрөг төлснөө хэлж байлаа.

Өрхийн цахилгааны сарын дундаж хэрэглээ 220 кВт.ц байдаг ба өнөөдрийг хүртэл 140 төгрөгөөр тооцон, дунджаар нэг өрх сард 30800 төгрөг төлж байсан бол шинэ тарифаар сарын 56320 төгрөг төлж буй аж. Тэтгэврийн хөгшид өрхийн цахилгааны үнэ хоёр дахин нэмэгдсэн тул түүнийг төлж чадахгүйд хүрч буйгаа учирлаж байв.

“Цахилгааны үнэ тариф 3-4 дахин өссөн юм биш үү” гэсэн асуултад албаны хүн “Үгүй ээ, хэрэглээнээс хамаарсан гурван шатлалтай үнэ” хэмээн дурамжхан хариулсан юм. Энэ талаар тайлбарлахдаа, өнөөдрийн байдлаар цахилгааны үнэ тариф 1 квт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 150 квт.ц хүртэлх хэрэглээг 98.40 төгрөгөөр, үүн дээр Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф квт тутамд 11.88 төгрөг 151 квт.ц болон түүнээс дээш хэрэглээг 118.20 төгрөгөөр ахуйн тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг 350 квт цагаар тооцож эхэлсэн. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф буюу 11.88 төг квт.цагийг цахилгааны тариф дээр нэмж тооцдог.

Аж ахуйн нэгжийн цахилгааны үнэ тариф 1 квт.ц цахилгаан эрчим хүчний үнийг 128.50 төгрөгөөр, хэрвээ хоёр тарифт тоолууртай бол өдрийн хэрэглээг 1 квт цагийг нь 104.30 төгрөгөөр (өглөөний 06:00 цагаас шөнийн 21:00 цаг хүртэл) орой, шөнийн хэрэглээг 77.10 төгрөгөөр (оройн 21:00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл) тооцсон.

Гурван тарифт тоолууртай бол өдрийн хэрэглээг 1 квт цагийг нь 128.50 төгрөгөөр (өглөөний 06.00 цагаас оройн 17 цаг хүртэл), оройн хэрэглээг 209.80 төгрөгөөр (оройн 17 цагаас шөнийн 22:00 цаг хүртэл), шөнийн хэрэглээг 77.10 төгрөгөөр (шөнийн 22:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэл) тооцож байна.

Дээрх үндсэн тариф дээр суурь хураамжийн 2000 төгрөг, НӨАТ-ын 200 төгрөг, МҮОНТ-ийн хураамж бүхий 850 төгрөг, баримтын 50 төгрөг, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих төлбөр квт тутамдаа 11.88 төгрөг, нийт хэрэглэсэн цахилгааны үнийн дүнгийн 10 хувь, хог хураамжийн төлбөрийг зуны улиралд 1500 төгрөг, өвлийн улиралд 2000 төгрөг нэмж тооцож байна. Өөрөөр хэлбэл, сард 150 квт хүртэлх цахилгаан ашигладаг гэж үзвэл таны цахилгааны одоогийн үндсэн дүн 16 мянга 542 төгрөг бөгөөд 30 хувиар нэмэгдвэл 21 мянга 504 төгрөгийн төлбөр төлж байна гэсэн үг. Харин дээрх зардлуудыг нэмбэл 150 квт хүртэлх цахилгааны сарын хэрэглээтэй, энгийн тоолууртай өрхийн 30 хувь нэмэгдсэн зардал нийт 28 мянга 254 төгрөг болж байна.

Сарын нийт цахилгааны хэрэглээ 151 квт цагаас өндөр буюу сард 250 квт цаг цахилгаан зарцуулдаг өрх 30 хувь нэмэгдсэний дараа 42 мянга 276 төлж байна гэсэн үг” хэмээв.

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны цахилгааны үнэ тарифыг бодит өртөгт хүргэх шийдвэр өнөө маргаашаа аргацааж буй иргэдэд үнэхээр хүнд тусч байгааг дүүргүүдийн хорооны дарга нар болон нийгмийн ажилтнууд хэлж байв.

Харин “УБЦТС” ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан иргэдийн хувьд ч эрчим хүчээ хэмнэж, илүүдэл хэрэглээгээ бууруулах нь чухал болохыг хэлэв.

Эхний ээлжинд алдагдлаа хэрхэн багасгах вэ гэдгээ шийдэх байснаас биш эрчим хүчний салбарын үнэ чөлөөлж, өрсөлдөөн бий болгох нь ойрын жилүүдэд хийх ажил биш гэдгийг мэргэжилтүүд хэлж буй юм. Эрчим хүчний үнийг тодорхой хугацаанд үе шаттайгаар нэмсэн бол болох байж. Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ 11 станц барьж хангахаа дуулгасан. Уг нь сэргээгдэх болон уламжлалт нүүрсний эх үүсвэртэй технологиуд бий. Төв аймаг дахь Бөөрөлжүүтийн ордыг түшиглэн баригдаж буй цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын барилгын ажил дуусч, 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн. Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орно. Энэ нь төвийн бүсийг эрчим хүчээр хангах хэмжээний цахилгаан станц гэхээр нэлээд ачаа хөнгөлөх юм.

Олон улс орон эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хэрэгжүүлэхийг уриалж, цахилгаан хэрэглэгчдийн ачааллыг тэгш хуваарилах, тэгш бус хэрэглээний талаар бодлого боловсруулдаг юм билээ. Тариф нэмэгдсэн нөхцөлд түүнийг хэрхэн зөв хуваарилах, иргэдийн амьдралд хэрхэн хамгийн бага нөлөөлөх талаар холбогдох байгууллагууд илүү анхаарах нь чухал ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *