ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед олонд танигдсан сүлжээ дэлгүүрийн лого, нэрийг ашигласан ажлын байрны хуурамч зар цахимаар их түгсэн байна. Дэлгүүрээс гадна ямар байгууллагын нэр, логог ашиглан ажлын байрны хуурамч зар тавьж иргэдийг залилаад байна вэ?
-Иргэдийн цахим хэрэглээ жилээс жилд нэмэгдэж, үүнийг дагаад цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн гаралт нэмэгдэж, хохирлын хэмжээ ихэсч байна. Сүүлийн үед гэмт этгээдүүд Фэйсбүүк, Инстаграм, Телеграм зэрэг цахим платформуудыг ашиглан иргэдийг хуурч мэхлэх, залилах гэмт хэрэг эрс нэмэгдсэн.
Ялангуяа Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн нэр, лого зэргийг ашиглан иргэдийг ажлын байранд зуучилна, гэрээсээ гаралгүй өндөр цалинтай ажил цахимаар хийгээрэй гэх мэтээр хуурч мэхлэх, дансыг нь ашиглаж иргэдээс залилсан мөнгөн гуйвуулгыг хийлгэх гэх мэтээр залилах асуудал их гарч байна. Үүний нэг жишээ нь “Е-mart” сүлжээ дэлгүүрийн нэр, логог ашиглан ажлын байрны хуурамч зар түгээж байгаа явдал юм. Ер нь иргэдийг хуурч болох бүхий л аргыг залилагч нар ашиглаж байна. Хамгийн гол нь иргэд цахим орчинд цензуртэй хандаж, хэрэглээний соёл хандлагадаа заавал өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.
-Он гарснаас хойш хэдэн гомдол, мэдээлэл ирээд байна вэ. Энэ төрлийн залилан нийт цахим залилангийн хэдэн хувийг эзэлж, хэр хэмжээний хохирол учраад байна вэ?
-Цагдаагийн байгууллагад энэ оны эхний есөн сарын байдлаар телеграм сүлжээнд үйлдэгдсэн залилах 277 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 277 хохирогчид 3.9 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Сүүлийн таван жилийн хугацаанд иргэдэд 297 тэрбум 717 сая төгрөгийн хохирол учирсан. Сэжигтэй этгээдүүдээр 108 тэрбум 476 сая төгрөг буюу 36.4 хувийг нөхөн төлүүлж, 1 тэрбум 788 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн. Иргэд цахим орчинд ажилд зуучлуулж байна гэх нэрийдлээр танихгүй хүний данс руу мөнгөө шилжүүлж, хохирогч болоод буй нь хамгийн гол асуудал болоод байна.
-Иргэдийг ямар аргаар залилж байна вэ?
-Залилагч этгээдүүд бичиг баримт тулгаж, шалгахгүй гар утасны дугаар олгодог гадаад, дотоодын үүрэн холбооны оператор компаниудаас дугаар авах эсвэл, бусдын нэр дээрх болон бүртгэлгүй дугаарыг ченж нарын гар дээрээс худалдаж аваад Вайбер, Телеграм, Gmail, Facebook зэрэг платформд хуурамч бүртгэл үүсгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байна. Улмаар гэмт этгээдүүд хуурамч хаягаа ашиглан иргэдийг цахимаар залилах, хар тамхи худалдан борлуулах, насанд хүрээгүй хүүхдэд садар самуун сурталчлах, худал мэдээлэл тараах, тролл баг ажиллуулах зэргээр хувь хүн болоод нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх гэмт хэргүүд үйлдэж байна.
–Хуурамч зар тавьж иргэдийг залилаад байгаа энэ хэргийн ард ямар хүн байдаг вэ. Тэдний сонирхол юу вэ?
-Ихэвчлэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго бүхий бүлэг этгээдүүд байна. Саяхан гэхэд л 40 гаруй этгээд бүлэг зохион байгуулалтад орж цахим мөрийтэй тоглоом зохион байгуулж, иргэдийг хохироосон томоохон хэргийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Гэмт этгээдүүдийн дийлэнх нь залуучууд байгаад хувь хүний зүгээс сэтгэл эмзэглэдэг. Хүүхдийнхээ цахим орчин дахь хэрэглээнд багаас нь хяналт тавьж, ярилцаж байгаарай гэж эцэг эхчүүддээ энэ дашрамд зөвлөж байна.
-Ажлын байрны хуурамч зар тавьж иргэдээс урьдчилгаа авдаг гэж бодоход мөнгө нь ямар хүний данс руу шилждэг юм бол?
-Гэмт этгээдүүд хууль бус үйлдлээ далдлах, олсон мөнгөө бэлнээр гаргаж авах зорилгоор иргэдийн арилжааны банкны данс, интернэт банкны мэдээлэл, виртуал хөрөнгийн хэтэвч, зээлийн аппликэйшний мэдээллийг авч, олон тооны данс нээн төөрөгдөлд оруулах аргыг ихэвчлэн ашиглаж байна. Сүүлийн үед үйлдэгдэж байгаа нийт гэмт хэргийн 98 орчим хувьд арилжааны банкны данс, виртуал хөрөнгө, үүрэн холбооны утасны дугаар болон олон нийтийн сүлжээний хуурамч хаяг ашиглаж байна.
Ер нь бүхий л банкны дансыг ямар нэгэн байдлаар ашиглаж, бусдаар дамжуулах зэрэг аргаар иргэдийн мөнгийг авч байна. Өөрийн дансаараа бусдын мөнгийг гүйлгээнд оруулахгүй байхад анхаарч байгаарай гэж иргэддээ хэлмээр байна. Ийм тохиолдолд та ч гэмт хэргийн холбогдогч болж болохыг анхаарах хэрэгтэй. Хэдий таны банкин дахь хувийн данс боловч хууль бус мөнгөн гүйлгээ дамжуулж өгснөөрөө хэн нэгнийг хохироож, гэмт этгээдийн хууль бус үйлдэлд нь дэмжлэг үзүүлж байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Залилсан этгээдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ. Хууль журмыг чангатгах шаардлага байгаа юу?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 мянган төгрөгөөс дөрвөн сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, мөн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Харин энэ гэмт хэргийг үйлдэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол арваас дөчин сая төгрөгөөр торгох, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мөн энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилж өгсөн байдаг. Ял шийтгэлийн бодлогын хувьд одоогоор өөрчлөх талаар санал хэлэлцүүлэгдээгүй байна.
-Ажлын байрны хуурамч зарыг хэрхэн таних вэ. Энэ төрлийн залилангаас иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ер нь хуурамч зах гэхээсээ илүү ямар цахим хаягнаас зар мэдээлэл орсон бэ, тухайн байгууллагын албан ёсны хаягнаас түгээгдэж байна уу гэдгийг иргэд, олон нийт маань сайн харж, тодруулах шаардлагатай. Хуурамч хаяг бол андашгүй дээ. Хуурамч хаягнууд нэг төрлийн зарыг олон удаа түгээсэн, цахимд найзгүй, хандалт муутай байдаг. Хамгийн чухал нь тухайн байгууллагын албан ёсны хаяг мөн эсэхийг л сайн тодруулж, холбоо барьж байх хэрэгтэй байгаа юм. Орчин үед цахимаар ажилд авчихдаг, анкет бөглүүлээд ажлын гэрээ хийдэггүй байгууллага гэж бараг байхгүй.
Гэтэл иргэд маань ажилд зуучлуулна гэдэгт итгээд мөнгө шилжүүлээд, хохироод байгаа нь харамсалтай. Цахим орчинд нэр бүхий аж ахуйн нэгж, байгууллагын нэр хаягийг ашиглан гэрээсээ ажиллаад амархан мөнгө олоорой, өдрийн цалин өндөр шүү, цахимаар ажиллаад мөнгөтэй болоорой гэх агуулга бүхий зар мэдээллийг сайн нягталж, шалгаж байхыг иргэд олон нийтэд уриалж байна. Залилагчдын амлаад байгаа шиг амархан мөнгө олох арга дэлхийн хаана ч байхгүй гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй. Та энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон бол цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд яаралтай хандахыг зөвлөе.
Ө.АНХЗАЯА