Цагдаагийн байгууллагууд хар тамхи, мансууруулах бодисын хадгалалт, хэрэглээтэй холбоотой асуудлаар дараахь хэргүүдийг шалгаж байгаа ажээ.
Тухайлбал, өнгөрсөн даваа гараг буюу энэ сарын 27-нд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суух иргэн Ч гэгч нь найман кг канабис буюу мансууруулах төрлийн ургамлыг хууль бусаар олж авч хадгалж байсныг илрүүлэн, уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-оор сэжигтнээр баривчлан шалгаж байна.
Цагдаагийн байгууллага нь сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 11 холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа бөгөөд 11 кг канабис буюу мансууруулах төрлийн ургамал, 34 грамм ICE буюу мөсийг хураан авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа аж. Тодруулбал, Цагдаагийн байгууллага энэ сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 16-р хорооны нутагт дэвсгэрт байрлах “Playback” интернэт тоглоомын газарт зургаан иргэн 350 грамм орчим мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч, хэрэглэснийг илрүүлэн шалгаж байгаа юм байна.
Мөн энэ сарын 15-ны өдөр иргэн А гэгч нь 23 грамм канабисийг иргэн С-аас хууль бусаар олж аван хадгалж, иргэн С нь иргэн М, А нартай бүлэглэн мансууруулах үйлчилгээтэй канабис төрлийн ургамлыг хууль бусаар олж авч зарсан үйлдлийг нь шалгаж байна. Эдгээр иргэдээс нэг кг 629 грамм канабисыг хураан аваад байгаа юм.
Түүнчлэн энэ сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 12-р хороонд оршин суух иргэн Л, М,нар нь хар тамхи мансууруулах төрлийн мөс буюу ICE-ийг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлж, зарж борлуулсан, хадгалсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж эхэллээ.
2014 он гарсаар цагдаагийн байгууллага энэ төрлийн 44 гэмт хэрэгт 123 хүнийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр гэмт хэргийг 20-35 насны залуучууд үйлджээ.