Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сарын барилдааны жил жилийн түүхээс

Хаврын тэргүүн сарын шинийн нэгний баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан нэгэн мянга есөн зуун жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэлч малчдын баярт зориулсан гэх тодотголтой анхны барилдаанд Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол Улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар Жигжидийн Мөнхбат хорин хоёр насандаа зургаа давж түрүүлсэн байдаг.

Мөөеө аварга тухайн үед улсын заан цолтой байв. Ёстой л нөгөө ааг омог нь багтаж ядан байсан нь мэдээж. Аварга тэр жилийнхээ наадамд Лувсанчимэдийн Сосорбарам, Уламбаярын Мижиддорж нарын хүчит арслангуудыг заан цолтой ид жагсаж байхад нь найм, есийн даваанд дараалуулан орхиж түрүүлсэн юм. Анх түрүүлсэн наадмынхаа тухай “Хаях би яараагүй байхад” номондоо тодорхой өгүүлсэн байдаг. Сосорбарам арслангаас хэрхэн айж хоёр өвдөг нь дагжин чичирч байсныг, Мижиддорж арслан баруун хөлөө өгөхөд зүүн хөлийг нь авч хаяснаа хуучилсан удаатай. Мөөеө аварга ийнхүү сар шинийн баярт анх түрүүлэхдээ улсын наадамд давхар түрүүлсэн нь уг барилдааны өнгийг тодорхойлсон хэрэг. Дараа жил нь уламжлалт хоёр баярт мөн л торолгүй түрүүлснээр өнгө тодорхойлсон барилдаанаа улам тодотгосон түүхтэй. Бөхчүүд болоод бөхөө дээдэлдэг ард түмний дунд цагаан сарын барилдаан тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог гэх бичигдээгүй хууль бий. Энэ нь Мөөеө аваргатай холбоотой буюу. Мань хүний гаргасан амжилтыг дараа дараагийн наадмуудад олон хүчтэнүүд давтсан учир сар шинийн барилдааныг бөх сонирхогч олон төрийн наадмаас дутахааргүй шимтэн үздэг болсон билээ. Харин ерээд оноос хоёр мянган оны эхэн үе хүртэлх Б.Бат-Эрдэнэ аваргын хаанчлалын үед уг барилдаанд үнэндээ уйтгартай болж эхэлсэн. Гал маналзсан сайхан барилдаанууд гарахаа байж жилийн жилд л ёс адил нэг хүн түрүүлж ард түмнийг залхаадаг байлаа.

Тэрхүү “бул хар чулуу”-г булга татан ерэн есөн оны цагаан сарын барилдаанд Агваансамдангийн Сүхбат аварга манлайлж арваннэгэн жил завсаргүй босоо байсан амжилтыг нь зогсоосныг манайхан мэдэж байгаа. Тэгж л монгол бөх нэгэн хэвийн уйтгарт байдлаасаа гарч зургаан залуу зааны үед шилжсэн шүү дээ. Бас болоогүй ээ, Баагий аварга маань хоёр мянга тав билүү зургаан оны сар шинийн баярт Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар нарын идэр аваргуудыг хүчээр буулган түрүүлж ард түмний дургүйцлийг дээд цэгт нь хүргэж байсан гунигт түүх бий. 13 дахиа түрүүлсэн нь тэр байх шүү. Хорьдугаар зууны манлай аваргадаа ард түмэн тэгэхэд үнэн голоосоо гомдож Бөхийн өргөөнд ундааны лаазаар булж байсныг санаж байна. Гол нь Их хурлын танхимаас ирээд идэрхэн аваргуудыг илт буулгуулсан нь олны зэвүүг хүргэсэн хэрэг л дээ. Үүнийг өгүүлсний учир цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ аварга одоогоор хамгийн олон түрүүлээд буй гэдгийг нь тодотгож байгаа ухаантай. Ингээд жаран гурван оны наадам руугаа эргэн оръё. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уйлган голоос төрсөн алдарт гурван аваргын нэг болох уран гараа дэвээгээрээ улс даяараа цуутай Чойжилын Бээжин тэр жил мөн л заан цолтой Мөөеөтэй үзүүр түрүүнд үлдсэн байна. Их шөвгийн дөрөвт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын Төв аймгийн хүчит хоёр арслан шалгарчээ. Алдарт “Хоёр Мөнх” жаран гурван оны сар шинийн баярт анх удаа учраа таарсан гэдэг. Баянаа аварга тэгэхэд аймгийн начин цолтой зодоглож дунд шөвөгт шалгаран Мөнхбат заантай багагүй удаан ноцолдсоны эцэст унасан байна. Уг барилдааныг үзэж суусан ахмад цолтой бөхчүүд, олон жил бөхөө зассан хүндэт засуулууд “Увсын энэ туранхай бор цаашид их юм дуулгана даа” хэмээн Хорлоогийн Баянмөнх аваргыг хэлж байжээ. Үнэхээр ч тэр жилийн наадмаар Баянмөнх хүү арван есөн настайдаа Монгол Улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын начин цолны босго алхсан билээ. Х.Баянмөнх аварга, П.Дагвасүрэн арслан хоёрыг 19-тэй банди нар байхад Өвөрхангайн хоёр ахмад арслан (Г.Цоодол, дэрэн бор С.Самданжигмэд) тавын тадаанд амлан улсын цолонд хүргэсэн түүхтэй билээ. Жаран дөрвөн он. Жигжидийн Мөнхбат аварга арслан цолтойгоор хоёр дахиа түрүүлэв. Сүхбаатар аймгийн харьяат улсын начин Лувсандоржийн Дашдаваа үлдсэн. Зарим нэг сонин хэвлэл, ном бүтээлд Л.Сосорбарам арсланг үзүүрлэсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Дашдаваа начин үзүүрлэсэн гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Бямбадоржийн Цогтбаатар баримттайгаар нотолдог юм. Л.Дашдаваа начин уг барилдаанд улсын заан Т.Зундуй, уран гараат Г.Баттогтох начин, том хэмээх Далайн Жамц арслан, Ч.Бээжин аварга нарыг дараалуулан орхиж Мөөеө аваргатай түрүү үзүүр булаалдсан байдаг аа. “Гарлаа, давлаа” хэмээн хоёрхон үгээр зарлуулж байсан Дарийн Дамдин аварга их шөвөгт шалгарсан гурван бөхөөс Жигжидийн Мөнхбат аваргыг амласан нь сонирхол төрүүлдэг. Хашир аваргад хаячихаж болмоор санагдсан биз ээ.

Жаран таван он. Төв амгийн Баянбараат /хуучнаар/ сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Лувсанчимэдийн Сосорбарам Д.Дамдин аварга үлдэж түрүүлсэн байна. Өвгөн арслангаас тэр тухай сонирхоход, жараад оны дунд үеийн цагаан сарын барилдаан бол арван хэдэн хүний дунд л эргэлддэг байсан даа. Дамдин аварга, хоёр Мөнх, за тэгээд Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, Эрдэнэ-Очир, Дагвас үрэн нарын хүчтэй арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын заан, начингуудын дунд л болдог байлаа. Өмнөговиос Дэмүүл, Булганаас тэмээ өргөдөг (Жамьяндорж арсланг хэлж байна) Дорнодоос Түвшин энэ хэд ирнэ. Тэгээд хоорондоо үзнэ шүү дээ. Хоёр Мөнх сүүл рүүгээ дийлдэхээ байсныг эс тооцвол бүгд л өгөө аваатай байсан даа хэмээн хуучилсан юм. Со арслан их шөвөгт Ч.Бээжин аваргыг тунаж давсан бол Дамдин аварга ир бяр нь ид жагсаж яваа залуу заан Х.Баянмөнхийг амлан авч давсан байна. Сосорбарам арсланг түрүүлэхэд олон түмэн, өнөө жилийн наадамд нэг юм дуулгах нь ч дуулгана аа, Төв аймгаас нэг аварга төрөх нь хэмээн хүлээж байтал У.Мижиддорж арсланд зургаагийн даваанд унасан байдаг.

Жаран зургаан он. Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаагаа түрүүлсэн түүхтэй. Тэрээр их шөвгийн дөрөвт Д.Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн жилүүдэд төрийн наадамд босоо байсан Ж.Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байдаг. Харин тэр жилийнхээ наадмын их шөвгийн дөрөвт Мөнхбат аваргадаа унасан удаатай. Мөөеө аварга Баянааг ааглаж давдаг маань өнгөрч байх байна, одоо бол ухаанаар давна шүү хэмээн наадмын өмнө бэлтгэлээ хэрхэн базааж байгааг нь дурандаж байсан гэдэг. Жараад оны сүүл үе бол яалт ч үгүй л хоёр Мөнхийн үе байсан даа. Хэн нэгнээ яаж хаях тухайгаа бүтэн жил л боддог байсан гэх. Баянаа аваргын анх түрүүлдэг цагаан сарын барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат улсын заан Түзэлийн Зундуй их шөвөгт шалгарсан удаатай. Өмсөх мэхийг Цанлигийн Дамдиндорж заанаас дутахаахгүй хийдэг тэрээр Монгол Улсын анхны шигшээ багийн тамирчдын нэгэн билээ. Таван аварга манлайлж боссон наадамд хүчит арслангуудын нэг Пагмын Аюуш Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бас нэгэн онцлог байсан гэлтэй. П.Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Ш.Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн ч түүнд арслан цолыг өгөлгүй, хэзээ хойно жараад оны эхээр өгч байлаа. Үзүүр түрүүнд Батсуурь аваргыг хүчээр буулгасан хэмээн наадмын комисс тийм гаргаж байсан нь монгол бөхийн түүхэнд сонин үзэгдлийн нэг. Түүнээс улбаалж Аюуш арслан Хонгор нутгаасаа тэр бүр ирдэггүй байлаа. Жаран зургаан оны сар шинээр ирсэн нь олон хүнийг баярлуулсан гэдэг шүү.

Жаран долоон он. Хорлоогийн Баянмөнх аварга хоёр дахь удаагаа түрүүлсэн баяр. Үзүүрт нь Чойжилын Бээжин аварга үлдсэн байдаг. Их шөвөгт Бээжин аварга Мижээ /У.Мижиддорж/ арсланг амлаж Х.Баянмөнх, П.Дагвасүрэн нарын онжавуудыг тунаасан байдаг. Баянаа аваргыг тэр жилийн цагаан сараар үнэхээр гойд байсныг хүн бүр шагшдаг юм. Ихэвчлэн тунаж барилджээ.

Тунасан бүхнээ тун төвөггүй давж байсан байгаа юм. Тэр жилийн наадамд Мөнхбат, Баянмөнх нар улсын наадамд мөн л түрүү үзүүрт шалгаран хоёр цаг дөчин найман минут барилдаж Ж.Мөнхбат нь тав дахь удаагаа завсаргүй түрүүлсэн түүхтэй. Наадмын комисс удаан барилдан ард түмнийг залхаасан учир хэн хэнд нь цол чимэг өгөөгүй гэдэг шүү. Энэ зуур нэг зүйлийг шигтгэхэд Жараад оны дунд үеийн сар шинийн барилдаанд хэд хэдэн бөх өнгө нэмдэг байжээ. Тэдний нэгэн Говь-Алтай аймгийн харьяат олон түмнээ “цахилгаан” хэмээн алдаршсан аймгийн арслан Я.Мөнхөө. Мөнхөө арслан хавирга нь хэрзийгээд дэвэн дэвсээрх гараад ирэхүйд Спортын төв ордонд цугласан олон элгээ хөштөл хөхөрч кайф авдаг байж. Я.Мөнхөө арслан хоёр юм уу, гурвын даваанд л годройтоод өгдөг байсан байна. Цагаан сарын барилдаан далаад оноос 128 бөх барилдаж эхэлсэн түүхтэй. Тэр цагаас бөхийн оноолт бүрэн олдсон байдаг. Түүнээс нарийвчлан харж байхуйд, Я.Мөнхөө арслан баруун Алтайгаасаа ирж барилдсан байна. Хоёрын даваанд улсын начин Гомбын Цэрэнчимэдийг залуу бөх байхад нь өвдөг шорооджээ. Өөр нэг цалгиатай бөх нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Сэнгэдовдонгийн Лхагваа. Уншигч олондоо сонин болгож хэлэхэд, эл эрхэм энэ цагийн нэртэй жүжигчин, урлагийн мастеруудын нэг Дэмидбаатарын аав юм. Мань хүнийг үеийнхэн нь “Азарга Лхагваа” л гэнэ. Чухам яагаад тэгж нэршсэнийг мэдэхгүй юм. Тэрээр халхын их аваргуудын зүрхэнд шар ус хуруулж явсан алдарт бөх. Бадамдоригийн Түвдэндорж аваргаар улсын цолонд хүрсэн байдаг. Далан оны цагаан сараар хоёрын даваанд Ховдын Мягмар хэмээх жаахан бор хүүд уначихаад ихэд уурсаж байсан гэдэг. С.Лхагваа начинг өвдөглүүлсэн Дансрангийн Мягмар Монгол Улсын манлай заануудын нэгэн болсон билээ.

Жаран найман он. Ж.Мөнхбат, С.Цэрэн, Ч.Бээжин, Х.Баянмөнх нарын идэрхэн дөрвөн аварга их шөвөгт шалгарсан жил. Ж.Мөнхбат аварга С.Цэрэн, Х.Баянмөнх нараа өвдөглүүлснээр гурав дахиа түрүүлсэн байдаг шүү. Харин тэр жилийнхээ наадмын түрүү үзүүрт Х.Баянмөнхдөө өвдөглөснөөр төрийн наадамд анх удаа үзүүр булаан, завсаргүй тав түрүүлсэн амжилтаа Баянаа аваргад зогсоолгуулсан удаатай. Дараа жилийнх нь наадам тэр хоёрын хүч бяр яах аргагүй тэнцэж байсан гэдэг. Яагаав нөгөө удаан барилдаж хасагддаг жил шүү дээ. Сонин болгож өгүүлэхэд, жаран есөн оны наадмын өмнө Мөөеө аварга нэгэн мэргэн хүн дээр очжээ. Түүнээс “өнөө жилийн наадамд Баянмөнх бид хоёрын хэн нь түрүүлэх вэ” гэж асуусан байна. Мэргэн эр Мөөеөд хандан “Энэ жил Баянмөнх түрүүлэхгүй юм байна” гэжээ. Тэгвэл би түрүүлэх нь дээ гэхэд, хэд хэдэн удаа шоо орхиж үзсэнээ та бас түрүүлэхгүй юм байна гэжээ. Эл үгэнд Мөөеө ихэд уурлаж, Баянм өнх бид хоёроос түрүүлэх хүн байхгүй, чи ер нь юугаа мэддэг амьтан бэ гэж золтой л шаагаад унагачихаагүй дуулддаг. Үнэхээр ч тэр жил мэргэн төлөгчийн хэлснээр Баянаа, Мөөеө хоёрын хэн ч түрүүлээгүй хасагдсан ажгуу.

Жаран есөн он. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат, улсын начин /одоогийн харцага/ Чойдорын Өвгөнхүү түрүүлж шуугиан дэгдээсэн жил. Өвөө харцага Д.Долгорсүрэн заанаар дөрөв, С.Цэрэн аваргаар тав, Ч.Бээжин аваргаар зургаа давж түрүүлсэн байдаг. Уг барилдаанд хоёр Мөнх зодоглоогүй юм билээ. Бөхийн чөлөөт барилдааны олон улсын тэмцээнд оролцоод эзгүй байжээ. Хоёр Мөнх эзгүй байгаа юм байна. Өнөө жил Цэрэн аварга л түрүүлэх магадлал өндөр. Цаад чинь сар шинийн барилдаанд ер нь түрүүлээгүй шүү. Д.Дамдин аварга ч түрүүлээгүй. Бас л юм дуулгах вий гэцгээж байтал хэний ч санаанд ороогүй Ч.Өвгөнхүү начин бүгдийг нь цувуулж орхиод түрүүлсэн удаатай. “Тэр жилийн цагаан сарын барилдааны өмнө өсгийгөө гэмтээчихсэн юм. Барилдааны урьд орой Долгорсүрэн бид хоёр манайд очиж хонолоо. Би түүнд маргааш хоёулаа тунаж магадгүй. Тэгвэл чи давна шүү. Би бэртэл сайн эдгээгүй байна гэж хэлсэн юм. Хэлсэн ёсоор ч хоёулаа туналаа. Тэгтэл өнөөх чинь намайг дүүгүүрдэж хаях гэж байгаад өөрөө уначихаж билээ” хэмээн Ч.Өвгөнхүү харцага түрүүлдэг жилийнхээ барилдааныг дурссан байдаг аа.

Далан он. Дарийн Дамдин аварга Мөнхбатаас өөр хүнд тахимаа өгөхийг мартсан идэр залуухан Баянмөнхийг үзүүр түрүүнд шороодуулж олны цөсийг хөөрг өсөн жил. Данигай аварга үнэхээр хашир бөх гэдгээ тэгэхэд харуулсан байдаг. Мань хүн У.Мижиддорж, Ч.Бээжин зэрэг хүчтэй бөхчүүдээр даваа ахисан байдаг.

Тэр жилийн барилдаанд онцгойрч цоорсон бөхчүүдийн нэг улсын начин Биндэръяагийн Батхуяг байлаа. Идэрчүүдийн аваргад түрүүлээд удаагүй байсан залуу далан оны цагаан сарын барилдааны хоёрын даваанд Булганы Цавирын Волоожийг, гуравт Хэнтий аймгийн харьяат улсын заан Жаргалын Барамсайг, дөрөвт Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын арслан Далайн Жамцыг давж шөвгийн наймд шалгараад Ж.Мөнхбат аваргад тахимаа өгсөн байдаг шүү. Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва, “задгай шар” хэмээх Найдангийн Лхагвадорж нарын нэгэн үеийн хүчтэнүүд ид гарч ирж байжээ. Оноо данснаас харахад гурвын даваанаас аваад бүгд л хоорондоо тунадаг байсан байна. Далан оноос хойших цагаан сарын барилдаан хэрхэн өрнөснийг амьд хууч, яриа хөөрөө, өнгө жавхаатай нь дараагийн дугаартаа өгүүлэх бөлгөө.

Далан нэгэн он. Ардын хувьсгалын түүхт тавин жилийн ойн наадмын өнгийг тодорхойлсон барилдаан. Тухайн жилийн цагаан сарын гол шуугиан тавин жилийн ойд хэн түрүүлэх бол, тэр бөх өнгөлнө дөө гэсэн таамаг байсан нь мэдээж. “Ойн одтой бөх л түрүүлдэг юм даа” гэх олны яриа ч амнаас ам дамжсан нь тодорхой. Түүнийг нь бататгах гэсэн мэт Сэрээтэрийн Цэрэн аварга тэр жилийн цагаан сарын барилдаанд түрүүлж олон түмнийг шуугиулаад авсан. Цэрэн аварга дөчин жилийн ойгоор буюу 1961 онд төрийн их наадамд Дарийн Дамдин аваргыг орхин түрүүлж, таван жил босоо явсан амжилтыг нь зогсоож байсан түүхтэй билээ. Тэгээд начин цолноос аварга цолыг шууд хүртсэн байдаг. Цэрэн аварга түрүү үзүүрт Дамдин аваргатай үлдчихээд байхуйд Спортын төв ордонд цугласан олон, эх орныхоо өнцөг булан бүрт “араажав”-аа чагнан суусан бүхэн “ойн одтойгоороо Цэрэн түрүүлнэ дээ” гэцгээж байжээ. Үнэхээр монгол бөхийн гучин хоёр шинжийн гучин нэгийг нь хадгалж төрсөн, даншгийн ах дүү алдарт аваргууд болох Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа нарын уугуул нутаг Булганы Сайханаас тодорсон даян аварга гарцаа байхгүй түрүүлсэн байдаг. Харин тэр жилийнхээ өндөр ойд түрүүлж чадалгүй Хорлоогийн Баянмөнх аваргад унаснаар үзүүр булаасан билээ. Гэхдээ л ойн одтой бөх гэдгээ баталсан түүхтэй. Далан нэгэн оны сар шинийн барилдааны их шөвөгт Монгол Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарам, Жамбалын Хайдав нар шалгарсан удаатай. Хайдав арслан тэгэхэд начин цолтой байсан бөгөөд тэр жилийнхээ наадамд долоо давж шөвгөрснөөр улсын арслан цол хүртсэн юм. Тус барилдаанаас зарим нэгийг нь онцолъё л доо. Тухайлбал, Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын заан Ч.Адъяа хоёрын даваанд залуу бөх Должингийн Адъяатөмөртэй оноолт таарч унасан байдаг. Д.Адъяатөмөр начинг бөх сонирхогч олон сайн мэднэ. Өндрөөрөө Оргилболдтой ойрхон очих тэрээр дал, наяад онд хоёр Мөнхийн бэлтгэл хангагч байсан. Мань хүн далан оны цагаан сарын барилдаанд улсын зааныг хоёрын даваанд өвдөглүүлэн шуугиулж байсан бол бүр наян есөн онд тавь шахсан насандаа начин цолны босго алхаж байв шүү. Жамбалын Хайдав арслан, Донровын Долгорсүрэн заан нар начин цолтой, Дамдингийн Галдандагва, Дамирангийн Баатаржав нартай гурвын давааны төгсгөлд тунацгааж жинхэнэ гал авалцсан барилдаанууд үзүүлсэн байдаг. Дөрвийн даваанд Хайдав, Долгорсүрэн хоёр мөн л тунаж байх жишээний.

Далан хоёр он. Х.Баянмөнх аварга түрүүлж, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат улсын заан Ундрахын Пүрэв үзүүрлэсэн жил. У.Пүрэв заан ирээдүйн алдарт аварга Дашдоржийн Цэрэнтогтохыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Л.Сосорбарам, П.Дагвасүрэн нарын хүчит арслангуудыг дөрөв, тавын даваанд, Д.Дамдин аваргыг зургаагийн даваанд давж ир, бяраар илүүрхэн үзүүрт шалгарсан юм. Идэрхэн заан Пүрэвийгээ тийнхүү шуугиулахад Алтайнхан мөн чиг их баярласан даа. Ялангуяа Соёлын гавьяат зүтгэлтэн Рэгжийбуугийн Нямдорж, утга зохиолын доктор, цаст Алтайн оргилууд шигээ л дүнхийж байдаг Үржингийн Хүрэлбаатар нарын бөхийнхөө төлөө нэгэн үзүүрт сэтгэлтэй явдаг эрхмүүд ихэд хөөрсөн биз. Мэдээж тэр хоёр их л залуу байсан даа. Тэднээс дутахааргүй баярласан нэгэн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, Элчин сайд Дагвын Цахилгаан гуай. Хөхморьт гэхээр л хоёр нүднийх нь нулимс сул асгаад ирдэг алдар суу, авьяас билгийн тэнгэр болсон хийморьтой эр дөрвөн уулын дунд багтахааргүй л баярласан байж таараа. Тэрээр гурван жилийн өмнө манай сонины “Эх орон сумаас эхэлнэ” буланд “Элст манхан нутгаа ингэтлээ юундаа санана вэ” хэмээн Хөхморьтынхоо тухай бичихдээ Пүрэв заанаа хэрхэн тодотгож өгснийг тодхон санаж байна. Тэрхүү барилдааны гурвын даваанд Дасрангийн Мягмар заан начин цолтойдоо, Төмөрийн Артаг начинг залуу бөх байхад нь тунасан байдаг шүү. Хоёулаа л ирлэсэн тонгорог шиг байж дээ. Одоогийнхоор бол Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, Ө.Даваабаатар нар шиг л байж. Үй зайгүй найзууд болох Д.Долгорсүрэн, Ч.Лундаа нар дөрвийн даваанд тунасан байдаг. Энэхэн зуурт шигтгээ болгохуйд, Чимэдийн Лундаа начинг үе тэнгийн бөхчүүд нь заанаар тогтохоорг үй хүчтэн байсан даа хэмээн харамсан өгүүлдэг юм. Тэрээр бие галбир, хувь хүний зан ааш, зүс царай, хүч тэнхээгээрээ үнэндээ гойд нэгэн байжээ. Даанч залуугаараа өнгөрсөн байдаг. Түүнийг анх гарч ирэхэд, хоёр Мөнхийн залгамж халаа ч гэж яригдаж байсан удаатай.

Далан гурван он. Жигжидийн Мөнхбат аварга дөрөв дэхээ түрүүлж, Жамбалын Хайдав арслан үзүүрлэсэн жил. С.Цэрэн аварга, Далайн Жамц арслан нар их шөвөгт шалгарсан байдаг. Тус барилдааны хоёрын даваанд Хэнтий аймгийн харьяат улсын заан Дамдинсүрэнгийн Барамсай Архангайн Х.Галиндэвт, Биндэръяагийн Батхуяг начин, Чимэдийн Гочоос үрэн зааныг залуу бөх байхад нь тус тус тахимаа өгсөн. Сонирхуулахад, Барамсай зааныг Б.Бат-Эрдэнэ аваргын хадам аав гэдэг байх шүү. Өмнөх жилийнх нь үзүүр бөх У.Пүрэв заан гурвын даваанд аймгийн арслан Дондовын Нансалд тахимаа өгсөн байдаг. Жараад оны дунд үе далаад оны эхээр хэдэн “галзуу амьтад” хөдөөнөөс очиж хүч үздэг байсан гэх. Булганы Д.Нансал, “задгай шар” Лхагвадорж, Ц.Волоож, Завханы С.Юнрэн, Мөөеө аваргыг ид байх үед өвдөглүүлж байсан Өмнөговийн Манлайжав, Төв аймгийн Жанчивравдан нар. Дэндүү ааг омогтойгоосоо болж тэд улсын цолгүй үлдсэнийг үеийнх нь бөхчүүд дурсдаг юм аа.

Далан дөрвөн он. Хоёр Мөнх аанай л үлдэж Хорлоогийн хөвүүн дөрөв дэхээ түрүүлсэн түүхтэй. Мядагийн Мөнгөн, Пүрэвийн Дагвас үрэн нарын арслангууд их шөвөгт шалгарсан юм. Тэрхүү наадмын шуугианы нэгэн эзэн нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, халхын алдарт бөх Дагвацэрэнгийн Хадбаатар байлаа. Тэрээр гурвын даваанд Увсын Төмөрийн Артаг начинтай тунаж, барагтай л бөхөд тахимаа өгөх дургүй ааг омогтой хүдэр эрийг бяр хүчний илүүгээр давсныг санах нэг нь санаж байгаа даа. Тэр цагаас хойших цагаан сарын барилдаан Хадаатай эхэлсэн дээ. Т.Артаг начныг өвдөглүүлсэн Хадаа хүү дараагийн даваанд Өлзийсайханы Эрдэнэ-Очир арсланд яалт ч үгүй унасан гэдэг шүү. Д.Баатаржав М.Мөнгөн, Д.Галдандагва Говь-Алтайн Дүгэрийн Цэрэндаш, Д.Долгорсүрэн, Баянхонгорын Гандолгорын Батсүх нар гурвын давааны сүүл рүү хоорондоо үзэж бөх сонирхогч олныг суудлаас нь өндөлзүүлж байжээ.

Далан таван он. Хоёр Мөнх мөн л үлддэгээрээ үлдэж Хорлоогийн хөвүүн тав дахиа түрүүлсэн байна. Харин их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох начин цолтойдоо, Ө.Эрдэнэ-Очир арслангийн хамт шалгарчээ. Д.Цэрэнтогтох аварга Увсын Баатаржав начин, Говь-Алтайн Д.Цэрэндаш начин, Булганы Д.Лхагвасүрэн заан нартай дараалан тунаж барилдан давсан байна. Ийнхүү монгол бөхийн түүхэнд Дашдоржийн Цэрэнтогтох, Дагвацэрэнгийн Хадбаатар нарын аваргуудын үе эхэлсэн нь тэр ээ. Дорнод нутгаасаа үе үе ирж барилддаг байсан Д.Түвшин заан тэр жилийн цагаан сараар зодоглож гурвын даваанд Архангайн Дамбын Шижээ начинд унасан бол, ард олны хүсэн хүлээдэг бөх “цахилгаан” Мөнхөө арслан Алтайгаас ирж барилдан хоёрын даваанд Хөвсгөлийн Базарраднаа гэдэг залууд тахимаа өгсөн байдаг.

Далан зургаан он. Ж.Мөнхбат аварга тав дахиа түрүүлж, Л.Сосорбарам арслан үзүүрлэсэн. Үндсэндээ Төв аймгийн хоёр хүчтэн тэр жилийн цагаан сараар үлдсэн байгаа юм. 160 бөх зодоглосон учир зургаа, долоогийн даваанд бөх сондгойрсон байна. Цолныхоо эрэмбээр Мөөеө аварга зургаад, Со арслан долоогийн даваанд гоц мөргөжээ. Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж их шөвгийн гуравт Мөөеө аваргатай хүч үзсэн байдаг. Төв аймгийн бөхчүүд түрүү зүүр булаалдсан наадамд тус нутгийн хүчтэнүүд доогуур даваанд ч сайн барилдсан байна. Тухайлбал, олноо “Бүрэнгийн бүдүүн гуят” хэмээн алдаршсан Мөнхийн Загдсүрэн начин Д.Барамсай заан, С.Цэрэн аварга нарыг гурав, дөрвийн даваанд өвдөглүүлж Мөөеө аваргад тавын даваанд унасан байдаг. Тэрээр наян хоёр онд Д.Дамдин аваргаар тав давж улсын цолны босго алхсан билээ.

Далан долоон он. Хорлоогийн Баянмөнх аварга түрүүлж, Пүрэвийн Дагвасүрэн арслан үзүүрлэсэн. Тэр хоёр улсын наадмын үзүүр түрүүнд хоёр ч удаа үлдсэн байдаг шүү. “Баянаа бид хоёр залуудаа нэг гэрт амьдардаг байв. Түүнтэй төрийн наадамд хоёр ч удаа үлд сэн юм. Сүүлийн удаад нь өгчих болов уу гэж горьдож байлаа. Гэвч Баянаа яс үзсэн. Аварга гэдэг үнэхээр аваргаараа л төрдөг юм билээ. Би бол арслан болохоор заяагдсан хүн дээ” гэж Дагвасүрэн гуай хуучилдаг юм. Далан долоон оны баярын их шөвөгт Ж.Мөнхбат, Д.Хадбаатар нарын аваргууд үлджээ. Баянаа Хадаа хоёр тунаж барилдсан байна. Хатуухан учраа Хадааг давчихаад Баянаа аварга “Энэ хүнийг ч барахааргүй болж байгаа юм байна даа” хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж байсан гэдэг шүү. Улсын наадамд тоотой ирж барилдсан Дундговийн “харлаг” хэмээх Дамдиндоржийн Жавзмаа начин тэр жилийн сар шинийн барилдаанд зодоглон Увсын Баатаржаваа гурав давсан байдаг. Олон түмнээ “Чапаев” хэмээн алдаршсан Нэмэхийн Дашзэвэг начин нас ахисан хойноо зодоглож улаан нөмрөгтэй гарч байсныг мэдэх хүмүүс нь хэлдэг юм.

Далан найман он. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох аварга анх удаагаа түрүүлсэн жил. Үзүүрт нь Ж.Мөнхбат аварга үлдэж, их шөвөгт Х.Баянмөнх аварга, Д.Долгорсүрэн заан нар шалгарсан байна. Д.Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд мөн л анх удаагаа түрүү магнай болж улсын арслан цол хүртэж байсан билээ. Тухайн барилдааны зарим нэг онцлогоос дурдъя л даа. Өмнийн говийн О.Пүрэв начин гурвын даваанд Жамцын Даваажав гавьяатад унасан байдаг. Олимпийн мөнгөн медальт нэрт бөх Даваажав улсын цолонд хүрээгүй байсан үе л дээ. Гурвын давааны сүүлд Ё.Ишгэн Д.Жавзмаатай, Д.Цэнд-Аюуш Г.Жалаатай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэнтэй тус тус хүч үзсэн байна. Тэдний хооронд ямархан барилдаанууд өрнөсөн нь тодорхой. Цэнд-Аюуш, Ишгэн, Дүвчин нарын заанууд дөнгөж начин цолтой байв. Манайхны хэлдгээр ирлэсэн тонгорог шиг л байсан болов уу.

Далан есөн он. Хорлоогийн Баянмөнх аварга түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэв. Л.Сосорбарам, П.Дагвасүрэн нарын арслангууд шөвгөрчээ. Тэр жилийн цагаан сарын өнгө нь Ховд аймгийн Алтай сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Адуучийн Баатархүү байв. Тэрээр уран гараат начин Завханы Г.Баттогтохоор гурав, Гандолгорын Батсүх начингаар дөрөв давж Д.Цэрэнтогтох аваргад унасан байдаг. Мөн тэр жилээ улсын цолонд хүрсэн байх шүү. Дэндэвийн Амгаа заан Зэвэгийн Дүвчинтэй, Дамбажавын Цэнд-Аюуш заан Рэгжийбуугийн Даваанямтай гурвын давааны төгсгөлд хүч үзсэн байна. Үндсэндээ дөрвөн заан хоорондоо тулсан байгаа юм. Наяад оны эхэн бол яалт ч үгүй л тэдний үе. Дээр нь Дамдингийн Баяраа гарьд, Шагдарын Чанрав, Однойн Бахыт, Содномын Эрхэмбаяр, Жанцангийн Чулуун хүчтэй начингууд шуугиулж явсан он жилүүд билээ.

Наян он. Дагвацэрэнгийн Хадбаатар аварга манлайлж айл хотол, улс даяараа магнайгаа тэнийтэл баярласан жил. Хадаа аваргыг түрүүлнэ хэмээн өмнөх жилүүдийн сар шинээр олон түмэн хүлээж байсан. Тэрээр үзүүр түрүүнд Донровын Долгорсүрэн заантай үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэж хаячихаад яваад өгсөн гэдэг. Идэр залуу хүчтэний бяр тэнхээг хүн бүр шагшиж байсан гэх. “Угтаалын зон олны сэтгэл, Хүүлэй хаан уул нь түшлээ дээ” хэмээн Хадаа аваргыг мэдэх ойр дотнынхон нь хэлж байсан дуулддаг. Мөн “Алдар”-ын тамирчид Хадаагийнхаа түрүүг дүүрэн баяртайгаар тэмдэглэж байсныг мөн л мэдэх нэг нь хэлдэг юм. Тэр жил хоёр Мөнх шөвгөрсөн байна. Бөхчүүд, бөх сонирхогчдын хэлдгээр цоорч барилдсан хүчтэнүүдийн нэгэн Баян Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Однойн Бахыт харцага. Казах түмний төлөөлөл болсон тэрхүү хүчтэн Ч.Амарт үвшин, Д.Амгаа, Ё.Ишгэн нарын заануудыг дараалуулан орхин дунд шөвөгт шалгарч Баянаа аваргад унасан байдаг аа. Увсын Довчингийн Нэгдэл начин тэр жил мөн л сайн барилдан бага шөвөгт үлдэж байжээ.

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *