Categories
гадаад мэдээ

Цаг хугацаа өөрчлөгддөг DNN.mn

Сиднейн их сургуулийн одон орон судлаачид их тэсрэлтээр Орчлон ертөнц үүссэн эхэн үед цаг хугацаа одоогийнхоос тав дахин удаан байсан гэж дүгнэжээ. Уг дүгнэлтийг Орчлон ертөнц үүссэн үеийн радио долгионы хоёр зуу орчим квазар хэмжээтэй, дэлхийд ирж буй цацрагийн өөрчлөлтийг судалсны үндсэн дээр хийсэн гэж Сиднейн их сургуулийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. “Эйнштейний ачаар бид цаг хугацаа, орон зай хоорондоо салшгүй холбоотой гэдгийг мэднэ. Орчлон ертөнц байнга тэлж байдаг бөгөөд энэ нь онолын хувьд бидэнд Орчлон ертөнцийн үүслийн эхэн үед тэнд болж байсан үйл явдлуудын цаг хугацаа өнөөдөр хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах боломж олгосон. Их тэсрэлтээс хойших эхний тэрбум жилд цаг хугацаа үнэхээр өнөөдрийнхөөс хамаагүй удаан урсаж байсныг бид нотолсон” гэж Сиднейн их сургуулийн профессор Герайнт Льюис мэдэгджээ. Судлаачид галактикуудын төв дэх маш идэвхтэй, хэт масстай хар нүхнүүдийг болон дэлхийн үүслийн үеийн радио долгионы нийт 190 квазар хэмжээтэй дэлхийд ирж буй долгионыг 20 жилийн турш судалж энэхүү дүгнэлтэнд хүрсэн байна. Судалгааны явцад эрдэмтэд квазаруудын цацаргалтын урсгалын гажуудлын давтамжийг хэмжиж, харьцуулжээ. Энэ нь Орчлон ертөнц үүссэн цагаас хойш янз бүрийн хугацаанд цаг хугацаа удаан өнгөрдөг байсан гэдгийг батлах боломжийг олгосон аж.

Тухайлбал, гурван тэрбум жилийн өмнө цаг хугацаа өнөөдрийнхөөс 1.2 дахин удаан, 12 тэрбум жилийн өмнө тав дахин удаан урсдаг байсан гэнэ. Эрдэмтдийн хийсэн хэмжилтүүд нь харьцангуй ойр, мөн алс хол бүртгэгдсэн супернова гэх хүчтэй дэлбэрэлтэд хийсэн ажиглалтын үр дүнг баталж байгаа аж. Энэхүү ажиглалтын үеэр одон орон судлаачид цаг хугацааны урсгал хурдассаныг харуулсан ижил төстэй хэмжээсүүдийг бүртгэжээ. Энэ нь квазаруудыг цаг хугацааны хурдыг найдвартай, үнэн зөв хэмжих хэрэгсэл болгон ашиглаж болохыг харуулсан гэж эрдэмтэд “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлдээ бичжээ. Өнгөрсөн зууны сүүлчээр одон орон судлаачид супернова дэлбэрэлтийг ажиглаж явцдаа Орчлон ертөнц хурдацтай тэлж байгааг тогтоосон билээ. Харин өнөө үед физикчид тэлэлт улам хурдассаар байгаагийн шалтгааныг хар энергитэй холбоотой гэж үзэж байна.Харин хар энерги гэдэг нь одоогоор бидэнд огт ойлгомжгүй байгаа энерги гэсэн утгатай үг юм.

Г.Амарсанаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *