Улсын онцгой комисс өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймагт болсон цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг арилгах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Дээрх аймгуудын нутгаар өчигдөр буюу энэ сарын 25-нд 18-40 метр секундын хүчтэй цасан шуурга шуурсны улмаас Увс аймгийн Өмнөговь, Түргэн сумын чиглэлийн цахилгаан, эрчим хүч дамжуулах 120 кВт-ын 9, 220 кВт-ын 4 тулгуур багана унаж, Баян-Өлгий аймгийн 13, Говь-Алтай аймгийн 6 , Ховд аймгийн 13, Увс аймгийн 20 суманд цахилгаан тасарчээ. Одоогоор “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн 173 хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж байгаа юм. Мөн 27 барилгын дээвэр салхинд хийсч, 211 гэр, 200 гаруй хашаа, саравч нурсан байна. өн 9 иргэн сураггүй алга болсныг өнөөдөр эсэн мэнд олж, аюулгүй газар хүргэсэн гэдгийг Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар танилцууллаа. Мөн тэрбээр, “Шуурганы улмаас орох оронгүй болсон иргэдэд сум, аймгийн нөөцөөс хоол хүнс хүргүүлж, ах дүү, хамаатан садангийнд нь байрлуулах, эмнэлгийн хяналтад авах ажлыг зохион байгуулж байна” хэмээв.
Харин Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн дарга С.Энхтүвшин, “Манай газраас цаг агаарын аюултай үзэгдэл болох тухай мэдээг энэ сарын 22-ноос эхлэн анхааруулсан. Одоогоор нийт нутгийн 30 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Мөн энэ сарын 30-наас цаг агаарын таагүй нөхцөл үүсэх, ирэх сарад нийт нутгаар хүйтрэх төлөв ажиглагдаж байна” гэв.
Ийнхүү хуралдаанаар шуурганы улмаас унасан эрчим хүч дамжуулах тулгуур баганыг нэн даруй босгох ажлыг шуурхай зохион байгуулах, түүнд зарцуулах 391 сая төгрөгийг дараагийн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулж шийдвэрлэхийг Эрчим хүчний сайдад үүрэг болголоо. Мөн Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарт аймаг сумдын эмнэлэг, шуурхай албадыг бэлэн байдалд ажиллуулах, шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг үүрэгдлээ.
Түүнчлэн гамгийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс тусламжийн бараа, материал хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахыг ОБЕГ, цаг агаарын нөхцөл байдлыг иргэдэд шуурхай хүргэхэд анхаарч ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний хүрэээлэнгийн удирдлагуудад үүрэг болгсон юм.