Categories
мэдээ цаг-үе

Ц.Тунгалаг: Сургуулийн орчинд ухаалаг утас хэрэглэсэн сурагчдад зөрчлийн хуудас өгдөг болсон

Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай XI сургуулийн нийгмийн ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Ц.Тунгалагтай ярилцлаа.


-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд өнгөрсөн жил ухаалаг утасны хэрэглээг хязгаарлах тушаал гаргасан. Түүний хэрэгжилтийг хангах хүрээнд танай сургууль дотоод журамдаа өөрчлөлт оруулаад нэг жил болжээ. Ямар үр дүн гарсан бэ?

-Ухаалаг утасны хор уршгийг сайдын тушаал гарахаас өмнө сургуулийн захирлууд, нийгмийн ажилтнууд, хүүхдийн төлөө ажилладаг хүн бүхэн ойлгож, тодорхой арга хэмжээ авч байсныг үгүйсгэх аргагүй. Харин яамнаас өндөр үнэтэй, ухаалаг утсыг хориглох тушаал гаргаснаар эрхзүйн орчин бүрдэж, ерөнхий боловсролын сургуулиуд энэ асуудалд албан ёсоор хандах боломжтой болсон гэж хэлж болно. Манай сургууль багш нарын зөвлөгөөний хурлаараа энэ асуудлыг хэлэлцээд дотоод журамдаа тусгаж, өнгөрсөн оны аравдугаар сарын нэгнээс хэрэгжүүлж эхэлсэн. Өнөөдөр манай сурагчид ухаалаг утаснаас 100 хувь татгалзсан гэж би хэлж чадахгүй. Наян хувьтай л байна. Энэ асуудалтай хамгийн их тулж ажиллаж байгаа хүмүүс бол анги даасан багш нар, эцэг эхчүүд байдаг. Тийм болохоор эцэг эх, багш, сурагчдын дунд байдаг гурвалсан гэрээнд тусгаж өгсөн.

-Дотоод журамдаа хэрхэн тусгасан бэ. Ухаалаг утас хэрэглэсэн сурагчдад ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хэрвээ сурагчид хичээл дээрээ ухаалаг утастай ирвэл багш нар нь хурааж аваад, эцэг эхчүүдэд нь хүлээлгэж өгдөг. Мөн сургуулийн орчинд өдөр тутам хэвшүүлэх 11 зүйлд тусгасан. Түүнийг нэг удаа зөрчихөд анхааруулна. Ухаалаг гар утасны асуудлаар хоёр зөрчлийн хуудас авбал ангийн хурал, багш нарын зөвлөгөөний хурлаар оруулж, зөрчлийн хуудсыг анги удирдсан багш эсвэл нийгмийн ажилтан өгнө. Зөрчлийн хуудас таван оноотой. Энэ оноо 25 болвол тухайн сурагчид хариуцлага тооцох арга хэмжээ авдаг.

-Танай сургууль дээр урьд нь ухаалаг утасны хэрэглээтэй холбоотой ямар хор хохирол учирч байсан бэ. Нийгмийн ажилтны хувьд бодит жишээ авч яриач?

-Ухаалаг утасны хэрэглээг хориглох А-43 дугаар тушаалд хоёр зүйлийг үндэслэл болгосон байгаа. Нэгдүгээрт, өсвөр үеийнхний эрүүл мэндэд хор холбогдол учруулдаг, хоёрт гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилго тавьсан. Манай сургууль 700 шахам сурагчтай. Сургуулийн байршил төв замтай ойрхон учраас сурагчид утсаа дээрэмдүүлэх, булаалгах, суйлуулах тохиолдол их гардаг байсан. Ухаалаг утас сургуулийн орчин дахь хулгай дээрмийн дийлэнх шалтгаан болдог. Харин ухаалаг утаснаас татгалзсанаар энэ төрлийн гэмт хэрэг эрс буурсан гэж хэлж болно.

-Мэдээлэл технологийн эрин зуунд ухаалаг утасны хэрэглээ их болсон. Үүнээс болж танай сургууль дээр ямар нэг асуудал гардаг уу?

-Зургаагаас есдүгээр ангийн сурагчдад ийм асуудал гардаггүй. Одоо ахлах ангийнханд л яригдаж байна. Ахлах ангийн сурагчид онлайнаар бүртгүүлэх, дүнгээ харах зэрэгт ухаалаг утас ашиглах хэрэгцээ хааяа гардаг. Энэ хэрэгцээг гэртээ эсвэл сургуулиас гадуур шийдэхийг эцэг эхчүүдэд сануулж байгаа.

-Хүүхдүүд товчлууртай утас барьдаг болсноос хойш хичээл, сургууль дээр өөрчлөлт мэдрэгдэж байна уу?

-Өөрчлөгдсөн зүйл их бий. Хүүхдүүд хичээлийнхээ 45 минутыг үр бүтээлтэй өнгөрүүлдэг болж байна. Сургуулийн ойр орчимд хулгай, дээрэм гарахаа больсон. Хүүхдүүд хүчирхийлэлд өртөхгүй байна гэдэг бол хамгийн том өөрчлөлт.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *