Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.ЦОГТБАЯР: Баяраа багш бид хоёр булхайтай шүүлт гараагүй бол хувцсаа тайлахгүй шүү дээ

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн холбооныхон хэвлэлийн хурал зарлаж дууссаны дараа тэднээс сэтгүүлчид асуулт асуух гэсэн боловч нэг ч хүнд хариулт өгөлгүй Д.Дагвадорж тэргүүтэй хүмүүс гарч явсан юм. Харин дараа нь залгуулаад бид ч гэсэн хэвлэлийн хурал хийчихье гэснээр дасгалжуулагч Б.Баяраа, Ц.Цогтбаяр, Г.Мандахнаран нар үргэлжлүүлэн сэтгүүлчдэд өөрсдийн байр сууриа илэрхийлэв.


Г.Мандахнаран:

Хүн бүхэн хувцсаа өмсөж төрсөн биеэ нуудаг байхад хоёр багш маань хувцсаа тайлж шидэн миний төлөө зүтгэснийх нь төлөө Чөлөөт бөхийн холбооны эрхмүүд маань бүгд хариуцлага тооцож байна гэсэн мэдэгдэл хийж байгааг ойлгохгүй байна. Сая энд сууж байсан хүмүүсийг би олимпод явахдаа ч явсныхаа дараа ч хараагүй. Одоо л харж байна. Намайг олимпоос ирсний дараа Чөлөөт бөхийн холбооноос нэг ч хүн ирж уулзаагүй. Сая намайг тэнд сууж байхад ч мэндлэхгүй байна. Олимпоос өмнө бэлтгэлээ хийж байхад яаж байна, ийж байна гэж нэг ч удаа Д.Дагвадорж тэргүүн ирж байгаагүй. Мандахнаран байтугай эрэгтэй чөлөөтийнхөн олимпоос битгий медаль аваасай гэж хүссэн хүмүүс байна. Ерөөсөө л тийм бодол хүсэлтэй хүмүүс байна гэж би ойлгож байгаа.

Энэ нь юугаар нотлогдож байна гэвэл Д.Дагвадорж гэх энэ ерөнхийлөгч эрхэм маань эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан дуусгаад эрэгтэйгээс хоёр залуу барилдаад дуусангуут намайг хараад дэмжээд байж байх ёстой хүн чинь хаячихаад л явчихсан. “Одоо олимп дууссан. Нойлоос эхэлье” гээд твиттер дээрээ жиргээд явчихаж байгаа юм. Хэрвээ Д.Дагвадорж гэдэг хүн, Төмөрбаатар шүүгч нар булхайтай шүүлтийн эсрэг “болохгүй ш дээ” гээд нүүр царайгаа харуулсан бол магадгүй тэр шүүгчид хувирах ч байсан юм бил үү. Цаг дууссан байхад та нар оноо өгөх эрх зүйн үндэс байхгүй шүү дээ гэж болох л байсан. Гэтэл тийм сэтгэл ч гаргаагүй. Зүгээр л эднийг нураая гэсэн бодолтой байсан гэж би бодож байгаа. Би маш их бухимдалтай байна.

Дасгалжуулагч Б.Баяраа:

Пуэрто-Рикогийн багш дасгалжуулагчид манай барилдааны дараа энэ их шударга бус шүүлт боллоо гэхэд зааланд сууж байсан бүх хүн орилолдон биднийг дэмжиж байсан. Чөлөөт бөхийн холбооны нарийн бичиг Баянмөнх албан ёсоор “Тамирчныг нь ялахаас гадна шүүгчдийг нь ялах барилдаан болно” гэж мэдэгдэл хийсэн. Тэгэхээр энэ бол эртнээс бэлдсэн булхайтай, бузар зүйл боллоо. Дээрээс нь дэлхий нийтээрээ эсэргүүцээд та нарын зөв байсан шүү гээд энэ гаргасан шийдвэрийн эсрэг байна. Бид хэрвээ уучлалт гуйх юм бол ийм булхайтай, бузар шүүлтийн өмнө бууж өгч байна гэсэн үг. Би бөхөд 26 жил зүтгэсэн. Элгээрээ хэвтсэн энэ чөлөөт бөхийг 22 жилд дэлхийгээс зургаан медаль авдаг байсныг дөрвөн жилд дэлхийн зургаан медаль авдаг болгосон. Бидний энэ олон жил зүтгэсэн зүтгэлийг хормын төдийд үгүйсгэж байхгүй болгож хүний эрхийг хасч байгаад маш гомдолтой байна.

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр:

2015 оны дэлхийн аварга шалгаруулах найман жингийн тавд нь медалийн төлөө барилдаж медаль авч байсан. Юунаас болоод энэ атаа жөтөө үргэлжлээд яваад байгааг би ойлгохгүй байна. Ялангуяа олимпийн эрх авахад Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч гээд байгаа Д.Дагвадорж гэдэг хүн шигшээ багийн дөрвөн багшийг шүүхэд өгсөн. Бид олимпийн бэлтгэлтэй байхдаа найман сар шүүх дээр өнжиж байсан. Зарим үед өөр багш нарт “хүүхдүүдийг минь харж байгаарай, бид хурдхан шиг шүүх рүү яваад ирье” гээд явж байсан. Чөлөөт бөхийн холбоо бол бидний олимпод явах эрх авсантай ямар ч хамаагүй. Чөлөөт бөхийн холбооноос олимп бааз дээр бүхэл бүтэн баг нь гарчихаад байхад ямар ч сураг байхгүй. Олимпийн тосгонд очоод Д.Дагвадоржтой таараад мэндлэхэд сумогийнхоо ёсолгоогоор нэг муухай харчихаад л яваад өгсөн. Яах ёстой юм бэ. Бид айдастай байна шүү дээ. Г.Мандахнарангийн барилдаан луйвартай болно. Медаль авахгүй юм байна гэдгийг Д.Дагвадорж, Баянмөнх, шүүгч Төмөрбаатар нар эрт мэдсэн. Яагаад гэвэл Монголын чөлөөт бөхийн хоёр эрэгтэй тамирчин барилдаад дууссаны дараанаас л “бүх юм дууслаа, нойлоос эхэлнэ” гэсэн мессэжийг нийгэмд өгсөн. Цаана нь дөрвийн дөрвөн сайхан залуу барилдах гээд үлдсэн шүү дээ. Дээрээс нь баг тамирчдаа хаяад явчихсан. Бид олимпийн тосгонд зочид буудалд зэрэгцээ хоёр өрөөнд байрлаж байж лифтэнд таарахад буруу хараад явчихдаг юм шүү дээ энэ холбооны хүмүүс чинь. Тэгээд Баянмөнхийн тэр хэлсэн “Узбекийг шүүгчтэй нь ялна аа” гэсэн үг их ноцтой гэж бодож байгаа. Ийм луйвар болно гэдгийг мэдсэн байж бидэнд ядаж дуулгаад “та нар луйвардуулж магадгүй шүү” гээд монгол хүмүүс байна даа сэтгэлээрээ ирээд хэлчихэж болоогүй юм уу. Хоёрдугаарт, Монголын чөлөөт бөхийг төлөөлж байгаа энэ хүмүүс энэ шүүлт чинь будлиантай болох юм байна. Манай бөх дээр луйвар гарах юм байна гээд хэлчихэж яагаад болоогүй юм бэ. Баяраа багш бид хоёр тэнд яахаа мэдэхгүй байсан. Хоёулаа хувцсаа тайлж тэмцсэн. Гэтэл тэр мундаг гээд байгаа Төмөрбаатар шүүгч өөдөөс зураг дараад зогсож байсан. Миний нүцгэн зураг түүнд тийм сонин байсан юм уу. Дараа нь УИХ-ын гишүүн А.Сүхбат өчигдөр хурал дээр “Чи чадал чинь хүрвэл миний өмнө ирээд шалдлаадах” гэж байна. Яаж намайг доромжлоод байгаа юм бэ. Ийм хариуцлагагүй юмны дунд л бид явж байна. Бид уучлалт гуйж болохгүй ээ. Баяраа багш бид хоёр булхайтай шүүлт гараагүй бол хувцсаа тайлахгүй шүү дээ. Таван минут 59 секундэд барилдааныг зогсоогоод торгосон бол бид юм хэлэхгүй. Дэлхийн бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо хоёрын хооронд тохироо явагдаад байна. Хэл амгүй гаръя. Хоёр багшаар нь уучлалт гуйлгаад туг тахьчихъя гэж байна. Ингэснээрээ Чөлөөт бөхийн холбоогоо бодож байна. Бид уучлалт гуйчихвал Мандахнарангийн медалийн төлөө заргалдаж чадах уу. Надад ийм л бодол төрөөд байна даа.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *