МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой ярилцлаа.
-МАХН-аар сонин сайхан юу байна вэ?
-Сонин их байна аа. МАХН юуны түрүүнд өрнөж буй улс төртэй зэрэгцээд дотоод ажлаа зүгшрүүлэх, тогтворжуулах ажил хийж байна. Бүх ард түмнийг хамарсан хоёр ч төсөл хэрэгжүүлж эхэллээ. Нэгдүгээрт, өнөөгийн Монголын төрийн тогтолцоог тогтворжуулах, боловсронгуй болгох үүднээс шинэ Үндсэн дээд хуулийн төслийг боловсруулсан. Энэ төслийг бүх аймагт очиж хэлэлцүүллээ. Зарим аймагт хоёр ч удаа очиж ард иргэдтэй уулзалт хийсэн. Ерөнхийдөө их үр дүнтэй явж байгаа. Үндсэн хуулийн хувьд УИХ-аас санаачлаад явж буй нэмэлт, өөрчлөлт гэсэн завсрын шинжтэй хуулиас шал өөр байдлаар Монголын нийгмийн амьдралыг зохицуулах хуулийн төсөл болсон. МАН-аас Д.Лүндээжанцангаар ахлуулсан баг гарч нэмэлт, өөрчлөлт хийж байгаа юм билээ.
Үүнд бид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Ер нь 1992 оны Үндсэн хууль нийгмийн зохицуулалтын үүргээ хэдийнэ биелүүлсэн. Цаашид нийгмийн амьдралыг зохицуулах чадваргүй болсон гэж дүгнэж байна. Анзаараад байхад өмнөх хуулиуд 20-23 жилийн хугацаанд үйлчлэлтэй байсан юм билээ. Аливаа хууль насжилттай байдаг, тэр нь дунджаар 20 жил байдаг юм байна. Тиймээс Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай.
-Гэхдээ танай нам шинэ төсөл боловсрууллаа гэхэд батлагдах магадлал тун бага. Ийм нөхцөлд дангаараа хуулийн төсөл боловсруулах ач холбогдолтой байж чадах уу?
-Үндсэн хуулийг нэг нам боловсруулаад, түүнийг нь УИХ-ын чуулган дээр баталчихдаг юм биш. Монголын бүх ард түмний санал бодлыг тусгасан, өргөн хүрээнд хэлэлцүүлсэн хууль байх ёстой. Бид яг 1992 оных шиг байдлаар хэлэлцүүлж байгаа. Үндсэн хууль гэдэг бол дан ганц МАХН-ын, эсхүл МАН, АН-ын шийдэх асуудал биш. Тал талаасаа ярилцаж байж шийдвэр гаргана.
МАХН-аас боловсруулсан хуулийн төсөлд зарчмын олон чухал асуудлыг оруулж чадсан гэж итгэлтэй хэлж чадна. Жишээлбэл, 1992 оны Үндсэн хуульд мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт байдаг. Гэтэл хүнээ мартчихсан. Харин одоо бид монгол хүн монгол төрийн хамгаалалтад байна гэсэн заалт оруулж байгаа. Өнөөдрийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд монгол хүний амь нас эрсдэх, өвчин зовлон тусах, нийгмийн дарамт шахалтад орох эрсдэл өндөр болчихлоо. Тиймээс бид, Монголын төр монгол хүнээ хамгаалалтад авах хэрэгтэй байна. Ядаж л бүх шатны шүүгчийг ард түмэн сонгодог болмоор байгаа юм. Томилдог тогтолцоог өөрчлөх ёстой. Тэгэхгүй бол томилогдсон хүн томилсон хүнийхээ төлөө л ажиллана.
-Хуулийн төслөө өргөн барих уу?
-Ард түмнээрээ хэлэлцүүлээд дуусчихъя. Түүний дараа мэдээж хэрэг төрийн хууль тогтоох дээд байгууллага шийдвэрээ гаргана биз. МАХН шиг ийм өргөн хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулж чадахгүй. Тийм болохоор улс төрийн намууд, эрх баригчдыг манай хуулийн төсөлтэй танилцаж үзээч гээд байгаа юм. Тэгэхгүй бол нэмэлт, өөрчлөлт гэсэн хоёрын хооронд зүйлээр бид хол явахгүй. Ядаж л Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг яагаад хязгаарлаж байгаа юм бэ. Бүх ард түмнээсээ сонгогдсон хүн хууль санаачлах бүрэн эрхтэй байлгүй яахав дээ. Гэх мэтчилэн юмнууд байна аа байна. Өөр бас сонин сайхан их бий.
-Сонирхуулаач?
-МАХН луйвардуулчихсан л болохоос биш өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцсон. Луйвардуулсан гэдгийг бүгд харсан. Түмний нүдэн дээр ил болсон шүү дээ. МАХН-ын төлөө 409 мянган хүн санал өгсөн байдаг. Нийт сонгогчдын 30.2 хувийн санал гэсэн үг. Монголчууд МАХН-ыг дэмжиж байна гэсэн том үзүүлэлт л дээ. Энэ сонгогчидтойгоо бид эргэн уулзаж байна. МАХН-д саналаа өгсөн сонгогч танд баярлалаа гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл “Баярлалаа” арга хэмжээг орон даяар зохион байгуулж Дорнод, Дорноговь, Говьсүмбэр гурваас бусад аймагт очиж талархсан сэтгэлээ илэрхийлж байна. Нэр дэвшигч маань аймаг орон нутагт очиж иргэдэд баярлалаа гэдгээ өөрийн биеэр илэрхийлсэн. Манай нам шиг ингэж ард түмэндээ баярлалаа гэж хэлдэг нам байхгүй. МАН 65 суудал авсан мөртлөө ард түмэндээ баярлалаа гэж хэлсэн үү. Хэлээгүй биз дээ. АН ч гэсэн өмнө нь олуулаа болчихоод сонгогчдодоо талархал илэрхийлж үзээгүй. Харин МАХН сонгогчдодоо хүндэтгэл үзүүлж байна. Хэдийгээр бид саналаа дээрэмдүүлсэн ч гэлээ маш үнэтэй итгэл хүлээлгэсэнд нь талархаж байгаа юм. Энэ ажлаар болон Үндсэн хуулийн шинэчлэлтийн хүрээнд МАХН эх орноо гурван удаа тойрчихлоо.
-Бага хурал болох гэж байна гээд байгаа. Хэзээ юм бэ. О.Баасанхүү гишүүн бас Онц их хурал зарлана гээд байна. Ер нь МАХН О.Баасанхүү ба бусад гээд хоёр хуваагдчихсан, дотоод хагаралтай байна уу даа?
-Хагарал энэ тэр гэж том хэмжээнд ярих зүйл огт байхгүй. Ер нь үл ойлгогдох авир, араншинг О.Баасанхүү гишүүн гаргаж байгаа нь үнэн. Тийм ч учраас МАХН-д өргөх бичиг ч гэнэ үү, шаардлага ч гэнэ үү юм өгсөн. Бид тэрийг нь авсан. Гурав хоногийн өмнө тэр бичгээ өгч байна лээ.
-Юу гэсэн утгатай бичиг вэ?
-70 гаруй хүн гарын үсэг зурсан байгаа юм. Намын дүрэм мөрдөгдөхгүй байна ч гэх шиг, бага хурлын бэлтгэл хурлыг зохион байгуулалтгүй, ирцгүй хуралдуулж байна ч гэх шиг, намаас төрийн албан тушаалд сонгогдож томилогдох хүнийг цөөн хүний хүслээр сонгож байна ч гэх шиг юм бичсэн байна лээ. Яахав О.Баасанхүү, Бямбасүрэн гэж хүмүүсийн явуулж байгаа ажил л даа. О.Баасанхүү бол МАХН-ын ач гавьяа, буянаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүн. Сонгогчид МАХН-ын нэр дэвшигч гэдэг утгаар түүнд саналаа өгсөн. Гэтэл одоо “Би МАХН-ын хүчээр гишүүн болоогүй. Өөрийн хүчээр өдий зэрэгтэй явж байна” гэж ярьж байна. Өөрөө болохоор нам дээрээ ирэхээ больсон. Дотоод ажил, амьдралд огт оролцохгүй байна. Тэр байтугай өөрийгөө МАХН-ын дарга гэж зарлуулаад, яриад явж байна шүү дээ. МАХН-ыг ХҮН шиг болгоно гэчихсэн явж байна. Сүүлийн үед ярьж байгаа зүйл нь “Миний ард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бий. Асар их мөнгө байна. Шүүх бидний талд байгаа” гэхчлэн эрүүл бус яриа гаргаж байгааг бид сонсоод л байгаа.
-Гэхдээ та нар дотоод асуудалдаа О.Баасанхүү гишүүнийг оролцуулах сонирхолгүй байдаг юм биш үү. Ер нь тэгэх гэж байна, ингэх гэж байна гэдгээ дуулгадаг уу?
-Намын зүгээс тийм зүйл огт гаргаагүй. Намынхаа гүйцэтгэх товчооны хуралд ирээч ээ, Эрдэнэтийн асуудал дээр ард түмнийхээ талд зогсож саналаа өгөөч гэж дамжуулсан, хэлсэн. Гэтэл хуралд ирдэггүй. Тэгсэн мөртлөө Эрдэнэтийн 49 хувийн асуудалд эсрэг байр суурь барих жишээний. Энэ мэтээр намын бодлогоор явахаа больсон. Ийм авир, араншинг гаргаад байгаа юм. Тэгсэн мөртлөө эцэс сүүлд нь МАХН-ыг өөрчилнө, шинэчилнэ ч гэх шиг утгагүй зүйл ярьж байгааг бид ойлгохгүй байна.
-Гэхдээ ямар ч гишүүн намаа өөрчлөх, шинэчлэх асуудал ярьж болно биз дээ. Тэгж ярьж байгаа нь харин ч эрүүл юм биш үү?
-Намын дотоод асуудалд анхаарах зүйл байлгүй яахав. Гэхдээ О.Баасанхүүгийн ярьж байгаа шиг тарах, бутрах асуудал ярьдаггүй байх. Намын гишүүн хүн тэгж ярьж болдог ч үгүй байх гэж бодож байна. Зориуд санаатайгаар ийм зүйл яриад яваад байгаа юм.
-Уг нь О.Баасанхүү бол УИХ-д сууж буй МАХН-ын ганц гишүүн. Энэ хүнтэйгээ учраа олоод явж болдоггүй юм уу?
-Учраа олъё гэхээр өөрөө нам дээрээ ирэхгүй байгаа хүнийг бид яах юм бэ. Төрийн ордонд суучихаад намаа муулаад, ар хударгаар хүмүүс цуглуулаад байна. УИХ-ын гишүүн хүн Төрийн ордонд хүн урилгүй яахав. Гэхдээ хүн уриад юу хийж байна вэ гэхээр нам болохгүй байна, өөрчилье гэж ярьдаг. Намын удирдлагыг солино гэж хүртэл ярьж буйд нь хүмүүс дургүйцээд эргэж бидэнд яриад байгаа юм.
-Намын удирдлага, даргаа сольё гэдгийг ил тод ярьж байгаа. Тэгж ярих нь угаасаа зөв юм биш үү. Н.Энхбаяр намаа удирдаж УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгуульд оролцоод ялалт байгуулсангүй. Ийм хүнд хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг биз дээ. Эсхүл ганц хүний хувийн нам болчихсон юм уу?
-Мэдэхгүй, та нар тэгж боддог юм байгаа биз. Би бол үгүй гэж бодож байна. Энэ намын дотор байгаа хүн нь би. Тэгж нэг сэтгэлийн хөөрлөөр, популист зүйл ярьдаг нь би биш. Хуульч хүний хувьд буурьтай суурьтай, хууль зүйн үүднээс хандахыг боддог. Ийм учраас таны ярьж буйтай санал нийлэхгүй байна. Угаасаа тийм зүйл ч байхгүй. Тэгээд ч намын даргыг солих шаардлага гарч ирээгүй байна гэж бодож байгаа. Намын удирдлага, гүйцэтгэх товчоо байнга хуралдаж олонхоороо шийдвэрээ гаргаад явж байна. Хоёр дэд дарга, П.Оюунбаатар, С.Ганбаатар нар хамтдаа хурлын шийдвэр гаргаж байгаа. Гүйцэтгэх товчооны хурал ардчиллын зарчмаар явагдаж байна гэж хардаг. Би түүний гэрч нь мөнөөс мөн.
-Гэхдээ сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулж чадаагүй бол огцордог жишигтэй дээ?
-Тийм жишиг мэдэхгүй. Намаа дотооддоо эв нэгдэлгүй болгодог тийм жишгээр бид явахгүй. Яахав, намын дотоод хэмжээнд яригдвал ярина биз. Яримаар байвал намын Их хурал дээр ярих асуудал. Түүнээс биш МАН, АН даргаа огцрууллаа, манайх энэ жишгээр явах ёстой гэж болохгүй. Тэгээд ч дарга солих асуудлыг намын хамт олон мэддэг. Хоёрдугаарт гэвэл, даргаа солих шаардлагыг олж харахгүй байна. Яг үнэнийг хэлэхэд Н.Энхбаяр шиг энэ намын төлөө өөрийгөө золиослосон, хэлмэгдсэн, хилс хэрэгт гүтгэгдсэн хүн байхгүй. Тэгсэн мөртлөө нам шиг нам байлгахын төлөө, хөл дээр нь босгохын төлөө, олон түмний дунд нэрийг нь өсгөхийн төлөө зүтгэж байгаа хүн Н.Энхбаяр л байна. Энийг би шууд хэлнэ. Ингэж хэлэх, түүнийг хэрхэн зүтгэж буй мэдэх хүн цөөхөн үлдсэн байх. Яахав хөндлөнгөөс Н.Энхбаярыг шүүмжилж болно. Шүүмжилсний хэрээр бид муудахгүй. Тэр тусмаа О.Баасанхүү шиг МАХН-ын нэрээр УИХ-ын гишүүн болчихоод эргээд удирдлагатайгаа уулздаггүй хүний үгээр бид явахгүй.
-Нэг хэсэг О.Баасанхүүг МАХН-аас хөөлөө гэх шуугиан гарсан?
-Хөөгөөгүй. Гэхдээ гүйцэтгэх товчооны хурлаас гаргасан. Гүйцэтгэх товчоо гэдэг бол намын өдөр тутмын ажлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Бас намын бодлогоо ярьж УИХ-ын чуулганы үеэр байр сууриа хэрхэн илэрхийлэх асуудлаа хэлэлцдэг. Гэтэл ийм хуралдаа ирэхгүй байгаа хүнийг яалтай билээ. Өөрт нь ч намын гишүүний батлах нь байгаа байх. Зүгээр удирдлагын бүтцэд байх боломжгүй болсон. Ажилд оролцдог, идэвхтэй хүнээ гүйцэтгэх товчооны хуралд оруулсан нь дээр.
-Тэгэхээр одоо О.Баасанхүү гишүүн МАХН-ын сул гишүүн болсон гэсэн үг үү?
-Сул гишүүн. Гүйцэтгэх товчооны гишүүн биш.
-Гэхдээ О.Баасанхүү гишүүн УИХ-ын чуулган болон Байнгын хорооны хурлын үеэр “МАХН ийм байр суурьтай байгаа шүү” гэж үзэл бодлоо илэрхийлдэг. Тэр намын шийдвэр байж чадахгүй гэсэн үг үү?
-Нэг хүн намыг төлөөлөхгүй.
-Та нар хоорондоо уулзахгүй хэр удаж байна вэ?
-Их удаж байгаа. Бараг л Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигчийн асуудал ярих үеэс хойш уулзаагүй. Тэрнээс өмнө ч ирэхгүй байсан. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах үед Нарангэрэл, Эрдэнэчулуун нарын нэрийг ярьчихсан тэс хөндлөн зогсож байх жишээтэй. Бид олонхоороо ярилцаад С.Ганбаатарыг нэр дэвшүүлэхээр болоход миний саналыг хүлээж авсангүй гэж яриад эхэлсэн. Сүүлдээ бүр намаа бутлах үйл ажиллагаа руу орж байх шиг байна. Ер нь эдийн засгийн алуурчин гэсэн нэр томьёо байдаг биз дээ. Түүн шиг О.Баасанхүү улс төрийн алуурчин болж хувирч байна уу гэж харж байгаа. Ер нь тэгээд сэтгэц нь эрүүл юм уу. МАХН-ын дарга О.Баасанхүү гэж яриад явна гэдэг эрүүл хүний сэтгэх зүйл мөн үү. Би бол эрүүл биш сэтгэлгээ гэж харж байгаа.
-Энэ бүхэн чинь л МАХН-ыг хагаралтай харагдуулаад байна шүү дээ?
-Хагарахгүй ээ.
-Ер нь МАХН гайгүй гэсэн лидерүүдээ хөөж явуулаад байх юм. Д.Тэрбишдагва, Ч.Улаан гэсэн гишүүд МАХН-аа орхисон. Г.Шийлэгдамбыг бас яалаа даа, шоронд явуулаа биз дээ. Одоо бараг танаас өөр хүн үлдэж байгаа юм уу. Ер нь олон хүн МАХН-аас гардаг нь Н.Энхбаяр даргатай холбоотой юм биш үү?
-Жаргал даахгүй зовлон гэж нэг үг байдаг шүү. Намын итгэл, хайр даахгүй хүмүүсийн өмнөөс бид хариуцлага хүлээхгүй. Тэдний өмнөөс бид нүүрээ улалзуулах шаардлага ч байхгүй. Явах хүмүүс нь яваг л дээ. Тухайн хүмүүсийн үзэл бодлын л асуудал шүү дээ. Нэг зүйл тодотгоод хэлэхэд МАХН-д байхдаа алдрын өндөрт хүрч албан тушаалын дээд байранд заларч сандалтай, суудалтай байсан хүмүүс ашиг хонжоо хайгаад хаашаа явсныг та ч, би ч харсан. Тэгээд явж байгаа хүмүүс намд хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол хүлээн зөвшөөрөхгүй. Хэн болохоо харуулсан, өөрөөсөө урвасан тийм л ёс зүйтэй хүмүүс байж. Харин одоо бид улам нягтаршиж, эе эвтэй байна. Ер нь тэгээд намтайгаа зөрчилдөөд гарсан хүн хэр хол явахыг харъя л даа. Дахиж сонгогдох шаансгүй болно. О.Баасанхүүг би залуу хүнийх нь хувьд хайрлаж байна.
-Саяхан МАН-ынхан Засгийн газраа огцруулна, огцруулахгүй асуудлаас болоод хоёр хуваагдсан. Үүнээс болоод Ө.Энхтүвшин тэргүүтэй гучин гишүүн МАХН-д элсэх гэж байна гэх яриа гарсан. Үнэхээр ийм юм болсон уу. МАН-ын ямар нэгэн гишүүн Н.Энхбаяр болон танай намынхантай уулзсан уу?
-Эхлээд ганц зүйл хэлье. Өөрийнхөө Засгийн газрыг өөрсдөө огцруулдаг Засгийн газар түүхэнд байдаггүй. Бид анх удаа ийм зүйл харлаа. Тэр тусмаа ард түмнээс хамгийн том итгэл авсан нам ийм шийдвэр гаргасанд үнэхээр их гайхсан. Тэр нь яахав, тэдний дотоод асуудал л юм байгаа биз. Бие бие рүүгээ хэлж буй үг, гаргаж буй хандлагыг хараад том улс төрийн хүчнийх нь хувьд харамсаж байлаа. Ингэтлээ ядарна гэдэг Монголын улс төрийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй том эмгэнэл. Энэ асуудлаас болоод Ө.Энхтүвшин тэргүүтэй гишүүд манай намд элсэнэ гэж худлаа. Тэгээд ч тийм асуудал яригдахгүй байлгүй дээ. Очъё ч гэж яриагүй, хүрээд ир ч гээгүй.