Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдоржийн “илрүүлсэн” С.Зоригийн хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, захиалагч нь тов тодорхой байсан

Сүүлийн үед Монголын нийгмийн хамгийн гол дуулиан шуугиан нь С.Зоригийн хэрэг болоод байгаа. Одоогоос 19 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ, Засгийн газрын гишүүн Санжаасүрэнгийн Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн. Монголын нийгмийг тэр чигт нь цочирдуулсан энэхүү аймшигт аллагыг иргэн Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар бүлэглэн үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, тэднийг анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн. Саяхан давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Хорь шахам жил олон түмний анхаарлын төвд байсаар ирсэн дуулиант хэргийн талаар зарим улстөрчид байр сууриа илэрхийлж, үгээ хэлж байна. Тэдний нэг нь Их хурлын дэд дарга Ц.Нямдорж. Монголын прокурорт бүхий л насаараа ажиллаж ирсэн тэрээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлд айхтар уурлаж, ундууцсан ярилцлага өгч байгаа харагдсан.

Тодруулбал, “Яахлаарааа захиалагч нь тогтоогдоогүй байхад гүйцэтгэгчид нь тогтоогддог юм. Яахлаараа шүүх хурлыг хаалттай хийдэг юм. Цорын ганц гэрч болох Булганыг яагаад шүүх хуралд оруулдаггүй юм. Яагаад шүүхийн шийдвэрийн өмнөөс прокурорууд хэрэгт оролцож телевизээр мэдэгдэл, тайлбар хийдэг юм. Ерөнхийлөгч яахаараа хэргийн тодорхой зарим хэсгийг ил болгох шийдвэр гаргаж байгаа юм. Энэ бол сэжигтэй” гээд жигтэйхэн эгдүүцсэн байдалтай прокуроруудаа загнаж байна лээ. Нямдоржийн ингэж уурлаж бухимдах нь зөв л дөө. Прокуроруудаас ам асууж, тэднийг буруутган загнаж зандрах нь аргагүй. Яагаад ингэж хэлэв гэхээр, 2004 онд Ц.Нямдорж Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийг “илрүүлчихэж” байсан юм.

С.Зоригийн хэргийг захиалагч нь тухайн үед МҮАН-ын дарга байсан М.Энхсайхан, зохион байгуулагч нь мөн тухайн үед “Центр пойнт”-ын хэргээр шоронд сууж байсан “Цагаан шонхор”-ын Энхтайван, харин гүйцэтгэгч нь энэ байна гээд Д.Энхбатыг Францаас хулгай хийгээд аваад ирсэн. Ингэж С.Зоригийн хэргийг Ц.Нямдорж “илрүүлээд” нийгэмд зарлахад бэлэн болоод байсан. 2004 он гэдэг бол одоогийн Монголын ардын нам буюу тэр цагийн МАХН-ын Монголын төрд эз дийлсэн үе нь байлаа. 2000-2004 онд хуучин “Ху”-гийн нөхдүүд Их хурлын 76 суудлын 72-ыг нь авч жинхэнэ ноёлж байсан цаг. Намын дарга байсан Намбарын Энхбаярын хаанчлалын жинхэнэ оргил он жилүүд тэр байв. Энхбаярын Засгийн газрын Хууль зүйн сайд нь одоогийн Их хурлын дэд дарга Ц.Нямдорж. Мань эр 2000 оны үнэмлэхүй ялалтаа 2004 оны Их хурлын ээлжит сонгуулиар дахин баталгаажуулах гэж С.Зоригийн хэрэг “илэрсэн” хэмээх шоуг Монголын нийгэмд бий болгож, улс төрийн ээлжит жүжгээ тавихаар бэлтгэж байсан.

Ямар сайндаа намынхаа бүлгийн хурал дээр Нямдорж “С.Зоригийн хэрэг илэрч байгаа. Энэ удаагийн сонгуулиар Ардчилсан намыг үсгүй хусна. Даргагүй нам сонгуульд яаж орохыг нь хараарай” гэж даналзсан байдаг. Энэ бүх үйл явц, Зоригийн хэрэг гэх жүжгийн талаар тухайн үед “Өдрийн сонин” эрэн сурвалжлах материал бэлдэж, Монголын ард түмэн, уншигч олондоо хүргэхээр ажиллаж байсан юм. Бүр нарийн тодруулбал, “Ц.Нямдорж: Намын даргагүй нам сонгуульд яаж орохыг нь хараарай” гэсэн гарчигтай шуугиантай материал гарахад бэлэн болсон байсан.

Яг тэр үед “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгч Жамбалын Мягмарсүрэнг Тагнуулын ерөнхий газрын дарга дуудаж, дарамт шахалт үзүүлсэн байдаг. Тагнуулын ерөнхий газрын дарга, Ж.Мягмарсүрэн эрхлэгчид “С.Зоригийн хэрэг илэрч байгаа. Үүнийг танай сонин үгүйсгэж, элдвээр бичих гэж байна. Ер нь танай сонин засаг төрийн явуулж байгаа юм бүхнийг үгүйсгэж, харлуулж, гутааж харагдах юм. С.Зоригийн хэргийг үгүйсгэсэн нийтлэлээ одоо зогсоо. Чи үхэл гэж ямар аймшигтай юм байдгийг мэднэ биз дээ. Танай ах чинь саяхан үхээ биз дээ” гэж хэлсэн байдаг. Ингэж дарамтлан хэлснийх нь хариуд манай сонины Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн “С.Зоригийн хэрэг илэрч байгаа гэж дуулаагүй. Харин Зоригийн хэрэг илэрлээ гэсэн жүжгийн зохиол бичигдээд дуусч байгаа гэж дуулсан. Хэрвээ бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа юм бол сонинд юу гарах гэж байгааг мэддэг, тэр материалынх нь төлөө дарамталдаг, эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж айлган сүрдүүлэхийг хүлээж авахгүй. Харин сонинд хэвлэгдэж гарсан материалын буруу зөвийг нь шүүхээр тогтоодгийг мэднэ. С.Зоригийн хэргийн тухай энэ нийтлэлээ “Өдрийн сонин” гаргана” гэж өөдөөс нь хэлсэн.

“Өдрийн сонин”-ы орлогч эрхлэгч Б.Цэнддоо, Ш.Сүхбаатар, нийтлэлч Г.Дашрэнцэн, Г.Эрдэнэбат, Шаабар нарын Монголын нэртэй нийтлэлч, сэтгүүлчдийг бүгдийг нь тухайн үед тагнуулынхан дуудаж, ээлж дараалан дарамталж, мөрдөн мөшгиж, “Бичиж байгаа нийтлэл, сурвалжлагаа одоо зогсоо. Хэнээс хаанаас энэ нууц мэдээллийг олж авав” гэж сэтгүүлчдийн ёс зүйд бүдүүлгээр халдаж байсан. Орон шоронд хийнэ гэж хүртэл айлган сүрдүүлэх нь наад захын асуудал байсан.

Гэвч “Өдрийн сонин” тагнуул, хууль шүүхийнхний дарамтаас хулчийлгүйгээр, зөвхөн үнэнийг мэдээлэх хэвлэлийн үндсэн үүргийнхээ дагуу С.Зоригийн хэрэг гэх жүжгийн тухай эрэн сурвалжилсан материалаа цувралаар нийтэлж, Монголын нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан. Үнэнийг нь гаргаж тавьсан уг цуврал нийтлэл олон хүнд итгэл төрүүлж, урам зориг өгч, “үсгүй хусагдана” гэж Нямдоржийн басамжилж байсан Ардчилсан нам 2004 оны Их хурлын ээлжит сонгуульд 36 суудал, мөн бие даан нэр дэвшсэн Р.Амаржаргал, Я.Санжмятав, Д.Одхүү нарын Ардчилсан намын гурван гишүүнтэйгээ нийлээд 39 суудал авсан юм. “Намын даргагүй нам сонгуульд яаж орохыг нь харнаа” гэж зануулж, С.Зоригийн хэргийн захиалагчаар тодорч байсан М.Энхсайхан намаа удирдан сонгуульд оролцож, өөрөө мөн төрийн түшээ болж байсан түүхтэй.

Хууль зүйн сайд байхдаа С.Зоригийн хэргийг тэгж “илрүүлж” байсан Ц.Нямдорж өнөөдөр ингэж эгдүүцэн уурлалгүй ч яахав. Үнэхээр Нямдоржид тухайн үед С.Зоригийн хэргийг нийгэмд зарлах л дутуу байсан. Захиалагч, гүйцэтгэгч, зохион байгуулагч нь тов тодорхой байсан. “Өдрийн сонин” ийм дайны олон хатуу бэрх даваатай тулгарч байж Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд өөрийн байр суурийг итгэл төгс эзэлсэн юм. Олон жилийн энэ бүх туршлага, анхнаас нь эрэн сурвалжлах дуулиант материал бэлдэж, уншигчдадаа хүргэж ирсний хувьд С.Зоригийн хэрэгтэй холбоотой сүүл үеийн мэдээлэл үнэмшилтэй санагдаад байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон уг хэрэгтэй холбогдуулж хэвлэл мэдээллээр ар араасаа залгуулан ярилцлага өгч, тайлбар мэдэгдэл хийж байгаа прокуроруудын үг үнэмшилтэй, ханатай санагдаад байгаа. Гэхдээ тэдний мэдээлэл дотор гэнэн юмнууд бас бий.

“Энэ хэргийг дөрвөн хүн үйлдсэн. Түүний нэг нь Б.Отгонбаатар. Тэд бие биеэ таньдаг, ойролцоо амьдардаг хүмүүс. Чимгээгийн нөхөр Бямбасүрэн нь Цэвэлмаатай эгч дүүсийн хүүхдүүд. Харин Цэвэлмаа нь Ц.Амгаланбаатарын өргөж авсан ээж. Т.Содномдаржаагийн хувьд энэ хүмүүстэй төрөл биш ч хашаанд нь хамт амьдарч байсан юм билээ. Хэрэг илрүүлэх олон арга байдаг. Тухайлбал, энэ хүмүүсийг хэрэг гарсан газрын ойролцоо аваачаад тухайн хэрэг гарсан байрыг ол гэхэд төвөггүйхэн яваад олж байсан. Т.Содномдаржаа гэхэд байрыг олоод орц нь довжоогүй байсан гэдгийг хэлсэн. Чимгээ хэрэг гарсан шөнө Нарны гүүрний баруун талд байсан “Хан хараацай” зочид буудалд очиж хоносон байдаг. Тухайн үед буудалд ажиллаж байсан эмэгтэй Чимгээг гэрэл зургаар нь таньсан. Дараа нь шүүх хурал дээр нүүрэлдүүлэхэд “Хувилаад тавьчихаагүй л юм бол энэ хүн ямар ч эргэлзээгүй мөн байна” гэж мэдүүлсэн” гэж Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Б.Батжаргал хэлсэн. Буудалд ажиллаж байсан эмэгтэй ганц шөнө харчихаад Чимгээг дараа нь зургаар нь шууд танина гэдэг арай л гэнэн сонсогдоод байгаа. Мөн байрны засвар ч гэсэн бас л гэнэн. Наад байранд чинь засвар хийсэн шүү гэж өмнө нь нэг удаа сануулж хэлээд л болоо биз дээ.

“Хэрэг гарсан өдөр аллага үйлдэхээс өмнө Чимгээ, Содномдаржаа, Отгонбаатар бид дөрөв Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Хоол идсэний дараа Отгонбаатар гарч яваад Чимгээ, Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Бид тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж Амгаланбаатар мэдүүлснийг прокурор мэдэгдсэн. Б.Булган бол цорын ганц гэрч. Түүнийг шүүх хуралд оролцуулаагүй нь буруу гэж Нямдорж хэлсэн. Тэгвэл үүний хариу болгож Б.Булган гэрч биш гэдгийг олон түмэнд нотлохын тулд прокурор цуг тамхи татаж, мах идсэн хэмээн хэлсэн байлгүй дээ. Захиалагчийг нь зарлахад л улс төр орчихгүй бол энэ бүгд бараг үнэн байх. Гэвч цаг хугацаа харуулах биз дээ. Зохиомол зохиомол гэхэд Монголын шүүх арай ч ингэж зохиохгүй байх. Бид өмнө ч тэгж бичиж байсан. Одоо ч тийм байр суурьтай байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Нямдоржийн “илрүүлсэн” С.Зоригийн хэрэгт гүйцэтгэгч, зохион байгуулагч, захиалагч нь тов тодорхой байсан нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай хийсэн “Татвар нэмэхээсээ өмнө урсгал зардлаа танах хэрэгтэй” ярилцлага “Улс төр”-ийн 2-р нүүрт нийтлэгдлээ.

“Эрдэнэс-Таван толгой” компани “Чалко”-гийн 350 сая ам.долларын өрийг барагдуулж дууслаа. Энэ талаарх баяртай мэдээг өнөөдрийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

“Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар: “Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” ярилцлагыг 5-р нүүрээс уншаарай.

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү? гэсэн сэтгүүлчийн асуултадДэвшиж л таараа шүү дээ. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт гаргаж тавьбал Монголын ард түмэн эсэргүүцнэ...” хэмээн хариулжээ.

Б.Батзориг: “FATE-ийн хар, хар саарал жагсаалтад орсныг зарлахад л олон улсын санхүүгийн байгууллагууд харилцахаа больчихдог” ярилцлага “Баримт, үйл явдлын 7-р нүүрэнд нийтлэгдлээ.

Тэрбээр, “FATF буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага байдаг. Энэ нь олон улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр улс орнуудаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг үнэлж, зөвлөмж өгч ажилладаг” хэмээн ярьсан байна.

Пак Гын Хэг шүүх хурал есөн цаг үргэлжилжээ. Шүүх хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдрийн сонины 9-р нүүрээс уншаарай.

Оросын алдарт найруулагч Никита Михалковын 1991 онд бүтээсэн “Уурга” кино Венецийн кино наадмын “Алтан арслан” шагнал авч, 1993 онд Европын шилдэг киногоор шалгаран, Европын киноны “FELEX” шагнал, мэргэжлийн “Ника” шагнал хүртсэн Цашааг-Эхийн Баяртын ярилцлагыг өнөөдрийн сонины 13-р нүүрээс сонирхон уншаарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *