Categories
мэдээ улс-төр

Ц.Нямдорж: С.Зоригийн хэргийг зохион байгуулалттайгаар гэмгүй хүмүүст үүрүүлэх гэж байна

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өнөөдөр С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр “Д.Булганыг оргон зайлуулах ажлыг Х.Хулангаар дамжуулан зохион байгуулах гэж байгаа мэтээр зарим хэвлэл дээр бичсэн байна. Би Б.Булганыг танихгүй. Х.Хуланг УИХ-ын гишүүнээ өгснөөс хойш уулзаагүй” гэсэн тайлбар хийсний зэрэгцээ уг хэргийг зохион байгуулалттайгаар гэмгүй хүмүүст үүрүүлэх гэж байна хэмээв.

Ц.Нямдорж гишүүн цааш хэлэхдээ, “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар нь 2006 оноос хойш гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байснаас гадна удаа дараа гэм зэмгүй хүмүүсийг хүн амины хэрэгтэй холбоотой мэтээр гүтгэж байсан нэгэн. Энэ хүн яахаараа өмнө нь таван хүнтэй холбоотой худал мэдээлэл өгч байв. Яахаараа шоронд утастай байгаад бусад руу мессеж бичдэг юм. Шоронд таван жил байсан хэрнээ Ц.Амгаланбаатар нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын утсыг олж, 100 гаруй мессеж бичдэг юм. Шүүх хурал яагаад хаалттай болов. Яахаараа улсын яллагч нь телевизээр мэдээлэл хийдэг юм. Өмгөөлөгч нарт яагаад өмгөөлөх бололцоо өгсөнгүй вэ. Өнөөдөр энэ хэрэгт холбогдсон иргэдийн амьдрал сүйрчихлээ. Т.Чимгээгийн нэг хүүхэд авто ослоор нас барчихлаа. Өндөр настай ээж нь над руу ярьж байна. Өдөр шөнөө ялгахаа болилоо гэж. Нөхрийнх нь амьдрал ч сүйрлээ. Энэ хэргийн хамгийн гол зангилаа захиалагч нь. Гэтэл захиалагч байдаггүй. Захиалгаар алсан юм бол ямар шан авсан юм бэ. Миний гол санаа зовж байгаа юм бол 1937 оны онцгой комиссын үеийн арга барил үнэртэж байна. Энэ бол аюул. Хэрэг гарахад байсан ганц гэрчийг бүтэн жил хорьчихоод гэрч ч биш, хохирогч ч биш, хэн ч биш болгоод шүүх хуралд ч оруулсангүй. Цаашдаа захиалагчийг илрүүлнэ гэдэг малгайн дор хичнээн хүнийг тамлахыг бүү мэд” хэмээн ярив.

Уг хэрэг бүдгэрэх болсон шалтгааныг тэрбээр тухайн үед хэргийн газар 70 гаруй хүн орж гарч ул мөр баларсантай холбоотой гэсний зэрэгцээ хэргийг илрүүлэхээр 2003 онд нотлох баримттай мэдээлэл өгвөл 500 сая төгрөгийн урамшуулал өгнө гэсэн Засгийн газрын тогтоол гаргуулаад ажлын хэсэгт нь дэм болох гэсэн боловч бүтээгүй хэмээн тайлбарлав. Түүнчлэн түүний өнөөдрийн мэдээлэл нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг барьсан 2015 оны 8 дугаар сарын 31-нээс өмнөх бүх нотлогдсон баримт. Одоогийн хэрэг нь 60 гаруй хавтаст материал байгаа гэх боловч нэг ч хараагүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *