Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхтуяа: Өнөөдөр ЭШ-д 20 хувь авсан хүүхэд 400, 60 хувь авсан нь 800 оноо авч байгаа DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнхтуяатай ярилцлаа.


-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр та АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тангараг өргөснөөсөө хойш ямар ажлууд амжуулав. Ажил, үүрэгтэйгээ танилцаж амжив уу?

-УИХ-ын гишүүний тангараг өргөснөөсөө хойш УИХ-ын болон Дэгийн тухай хуулиудтай танилцаж, уншиж судалж байна. Дээрээс нь Боловсролын тухай хуулийг ч нэлээд нарийн судалж байгаа. Ер нь намрын чуулган нээх хүртэл уншиж судлах ажил их байна. Мөн энэ намар Орон нутгийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан Дорнод аймагтаа очиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Өмнөх парламентаар Боловсролын тухай багц хуулийг баталсан. Энэ хуулийг хэр болсон гэж боддог вэ?

-Боловсролын ерөнхий хууль батлагдаад жил болох гэж байна. Манай Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос н.Мөнхбаатар багш тус хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Холбооны зүгээс боловсролын салбарт 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана гэсэн заалтыг оруулсан. Гэтэл хууль батлах явцдаа эрх барьж байсан намынхан тасралтгүй гэдэг үг нэмээд, эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцуулна гэчихсэн. Энэ нь багш нарын хувьд хаалттай болчихсон гэсэн үг. Тасралтгүй гэдэг үгээр хязгаарлалт тогтоогоод эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр л суралцуулна гэсэн нь хаалт болсон. Нэг ёсондоо хуулийн заалтаар ялгаварлан гадуурхаж байна. Тийм болохоор үүн дээр хуулийн төсөл өргөн барьж, өөрчлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Багш нар маань ч ийм хүсэлт тавиад байгаа юм. Мөн хэлэлцүүлгийн үед нь багш нар тэтгэврийн насыг 50, 55 нас болгож өгөхийг хүссэн. Харамсалтай нь хуулийг батлахдаа тэтгэврийн насыг огт хөндөөгүй. Үүнд багш нар маш сэтгэл дундуур байгаа. Тиймээс ямар боломж байна гэдгийг судалж байгаад тэтгэврийн насыг багасгахыг ажил болгох бодолтой байна.

-Багшийн тэтгэвэрт гарах нас нь болонгуут хүсэл, сонирхлыг нь харгалзан үзэхгүйгээр шууд гаргадаг. Ахмад багш нарынхаа туршлага, арга зүйг өвлөж авч үлдэх хэрэгтэй гэсэн үзлийг зарим нь илэрхийлдэг?

-Багш нарын ихэнх нь 50, 55 настай тэтгэвэрт гардаг болохыг дэмжээд байгаа юм

Гэсэн ч тэтгэврийн нас нь болсон ч багшаараа ажиллах хүсэлтэй хүмүүс ч байдаг. Тийм болохоор энэ хоёрын дундын хувилбар буюу хүсвэл гэдэг үгийг оруулж болно. Тухайн хүн өөрөө хүсвэл 60, 65 хүртлээ ажиллаж болно гэсэн үг. Одоо бол 55, 60 нас гэж байгаа. Гэтэл өнөөдөр 60 настай багш хүүхдүүдийн хөдөлгөөний хурдыг гүйцдэггүй. Хятад улсад л гэхэд цэцэрлэгийн багш 35 нас хүрээд өөрөө хүсвэл тэтгэвэрт нь гаргадаг юм билээ.

-Монгол Улс тэтгэврийн насыг шат дараатайгаар нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Гэтэл зөвхөн багш нарын тэтгэврийн насыг багасгах нь хэр зүйтэй юм бэ?

 

-Манай улсад 1990 оноос өмнө багш мэргэжлийг хүнд нөхцөлд ажилладаг гэж үздэг байсан. Тийм ч болохоор бид одоо багш нарынхаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх гэж байгаа. Багш гэсэн нэг нэрийн дор ч гэсэн мэргэжил тус бүрээрээ хөдөлмөрийн нөхцөл, ачаалал нь өөр байдаг. Ингээд үнэлгээ хийгээд хүнд нөхцөлд оруулчих юм бол тэтгэврийн нас хүссэн хүсээгүй 50, 55 болно.

-Танай салбарт засаж залруулмаар өөр ямар асуудлууд байна вэ?

-Маш олон асуудал байна. Би жижиг чимхлүүр ажлуудыг ярихгүй байгаа. Хүний эрүүл мэнд гэдэг хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр ажлын байрны эрсдэлд суурилсан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэе гээд байгаа юм. Хүн эрүүл байж л өндөр бүтээмжтэй ажиллана. Дээрээс нь стандартаа барих хэрэгтэй. Анх манай улсад стандарт нь 30 хүүхэд л байсан. Гэтэл одоо 40-60 хүүхэд нэг багшид ногдож байна. Тиймээс нэг багшид оногдох хүүхдийн тоог 20-25, 30-35 болгох ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад өнөөдөр 15 хүүхдэд 2-3 багш ажилладаг. Ингэж хүүхдийн тоо өндөр байгаа нь хүний эрхийн зөрчил. Хүүхдийнх эрх ч маш ихээр зөрчигдөж байна. Үүнээс гадна багш нарын нийгмийн асуудал байна. Өнөөдөр багш нарын цалин нэг сая төгрөг байхад автобусны жолооч 3.5 саяыг авдаг гэсэн гомдол гарч байна. Энэ нь ч зүй ёсны шаардлага гэж би үздэг. Тийм ч болохоор манай холбооноос ноднин жил багшийн цалинг 1000 ам.долларт хүргэе гээд улс орон даяар ажил хаялт хүртэл зохион байгуулахаар нэлээд явсан. Хэдийгээр тухайн үедээ нэг их үр дүнд хүрээгүй, үүнийг цааш нь үргэлжлүүлээд явна. Багшийн цалин өндөр байж гэмээнэ өрсөлдөөн бий болж сайн, чадвартай хүүхдүүд энэ мэргэжлийг сонгоно. Өндөр цалин, сайн нийгмийн баталгаагаар л бид багш нараа татна. Өнөөдөр багш нарын ихэнх нь Солонгосын виз мэдүүлж байгаа. Үүнээс болоод боловсон хүчний механик хомсдолд ороод эхэлсэн. Цалин бага, нийгмийн баталгаа тааруу байхад мянган гоё төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд ямар ч нэмэргүй. Үүнийг Засгийн газраас онцгой анхаарч маш том реформын шинжтэй зүйл хийх хэрэгтэй. Ер нь энэ тал дээр миний хувьд нэлээд дорвитой ажиллана гэж төлөвлөж байгаа.

-Сүүлийн жилүүдэд багшийн ёс зүй, хариуцлагын асуудлыг нэлээд шүүмжлэх болсон. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Цалинг нь нэмээд шалгуурыг нь өндөр болгочихвол доголдоод байгаа эдгээр зүйл аяндаа засагдана. Ямар ч өрсөлдөөнгүй, бага цалинтай байж өндөр шаардлага тавиад ямар ч утгаараа боломжгүй шүү дээ.

-Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон гэдэг асуудал нэлээд их гарсан. Бага цалинтай юм чинь гээд ингээд хүүхэд зодоод байж болохгүй биз дээ?

-Ингэж бодож болохгүй л дээ.

-Энэ талын ёс зүйг нь яаж дээшлүүлэх юм бэ?

-Ёс зүй гэхээр хүний мөн чанар, хөгжил, чадвар гээд олон юм яригдана. Гэтэл өнөөдөр хамгийн бага оноотой хүүхдүүд Боловсролын Их сургуульд орж байна. Тэгэхээр багш бэлдэж байгаа сургуулиа чанаржуулъя. Босго оноогоо нэмэгдүүлье. Ингэхийн тулд л цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Ер нь нийгмийн баталгаа, багш бэлдэх тогтолцоо хоёр зэрэг явах ёстой. Ингэж байж хамгийн шилдэг хүүхдүүд багш болно. Дээрээс нь ёс зүй ярих юм бол энэ ганцхан багшийн асуудал биш. Өнөөдөр нийгмээрээ ёс зүйн доройтолд орчихсон.

-Боловсролын сайдыг ХҮН-д өгсөн шийдвэрийг багш хүний хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Үүнийг дээгүүрээ тэр улс төрийн тохироо, хэлцлээр өгсөн байх л даа. Би айхтар улстөрч хүн биш болохоор ямар тохироотой вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ бодлогоо л зөв бариад явбал хэн байсан ч яах вэ гэж бодож байгаа. Тийм болохоор ажлаа хэр хийхийг нь харъя. Зөв ажил хийвэл дэмжинэ. Буруудвал дуугарна.

-Эрх баригчид бодлогын том яамыг хамтарсан засаг байгуулсан жижиг намд бэлэг болгоод өгчихлөө гэсэн шүүмж яваад байна л даа?

-Нийгэм ингэж хүлээж авч байна. Багш нар ч гэсэн энэ шийдвэрийг тийм ч сэтгэл хангалуун хүлээж авахгүй байгаа. Гэхдээ хүнийг ямар ажил хийхийг нь мэдэхгүй, хийгээгүй байхад нь шүүмжилж болохгүй л дээ.

-П.Наранбаяр сайд анхны тушаалаараа хичээлийн жилийг гурван улиралтай болгосон. Энэ нь хэр зөв шийдвэр вэ?

-Л.Энх-Амгалан сайд ч гэсэн өмнө нь гурван улиралтай болгоод дараа нь буцаагаад дөрвөн улиралтай болгосон. Энэ чинь өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл. Гурван улиралтай байх нь эрүүл мэнд, багш, хүүхдийн ачаалалд сөргөөр нөлөөлдөг учраас л буцаагаад дөрвөн улиралтай болгосон юм. Хөрсөн дээр нь ажиллаж байгаа багш нар үүнийг болохгүй гээд байна. Тэгж байхад сайд болонгуутаа болно гээд ийм шийдвэр гаргаж байгаа учраас манай холбооноос албан бичиг өгөхөөр төлөвлөж байна.

-Дунд сургууль, тэр дундаа бага ангийн сургалтын хөтөлбөр дээр эцэг, эхчүүд шүүмжлэлтэй ханддаг. Ер нь хөтөлбөрийг цаашид өөрчлөх ёстой юу?

-Тэртээ 1995 оноос хойш л янз бүрийн хөтөлбөрүүд оруулж ирээд тэр нь Монголын хөрсөнд тэр бүр тохирохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тийм болохоор монгол хүүхдүүддээ тохирсон үндэсний хэмжээний хөтөлбөрийг багш нараараа гаргуулаад явах ёстой гэж боддог. Тэгэхгүйгээр мянган гадны хөтөлбөр оруулж ирээд боловсролын салбар өндийгөөд, хөгжчихсөн юм огт байхгүй. Шинэ сайд маань ч гэсэн үүн дээр анхаарал тавих байх гэж бодож байгаа.

-Энэ жилийн ЭШ-ын дүн нэлээд тааруу гарлаа. Үүнийг зарим нь ковидын үеийн хоцрогдол, цахим хичээлийн үр дүн гэж хэлж байна. Та юу гэж харж байгаа вэ?

-Цахим хичээл гээд нэг хэсэг явсан. Гэтэл нийгэмд чинь амьдралын түвшин гэж байна. Боломжтой айлын хүүхдүүд нь цахим хичээлдээ ордог. Харамсалтай нь гэр хороолол, орон нутгийн хүүхдүүд тэр аяараа хаягдсан. Ер нь боловсролын хоцрогдол зөвхөн ковид гэлтгүй л явж байсан. Үүнийг дорвитойхон бодлого гаргаж байж засна. Наад захын жишээ гэхэд л үнэлгээний систем нь шал буруу. Өнөөдөр 20 хувь авсан хүүхэд 400, 60 хувь авсан нь бараг 800 оноо авч байгаа. Үүнийг засах хэрэгтэй. Монгол хүүхдүүд уншсанаа ойлгох чадваргүй байна гэсэн судалгааг гадны байгууллага хүртэл гаргасан. Энэ нь ном уншихгүй, хэт их дэлгэцийн хамааралтай болсонтой шууд холбоотой.

т.дарханхөвсгөл

6 replies on “Ц.Мөнхтуяа: Өнөөдөр ЭШ-д 20 хувь авсан хүүхэд 400, 60 хувь авсан нь 800 оноо авч байгаа DNN.mn”

Маш зөв зүйлс хөндөж ярьжээ багш хүн багш нарын тулгамдсан асуудлыг хөндөнө сөхнө шийднэ амжилт

Аргагүй багшийн ажлын байрны асуудлыг мэддэг хүн учраас гол гол сэдвийг хөндсөн байна. Үүнээс олон асуудал байгаа шийдүүлэхийн төлөө зүтгэнэ гэдэгт итгэж байгаа. Энэ хүний үгийг сонсож, дэмжиж, ажил болгодог нь олон байгаасай. Багшдаа амжилт хүсье.

Боловсролын салбарт тулгамдаж байгаа гол гол асуудалд олон нийтийн анхаарлыг татсан сэтгүүлч зөв асуулт тавьж, хариултуудыг ойлгомжтой, маш сайн тайлбарласан гишүүндээ баярлалаа

Өөрөө багш байсан хүн Улс төрд ийм л эмх цэгцтэй дуугарч чадаж байгаа юм . Түүнээс биш багшийн мэргэжилтэй байж ширээний ард удирдаж суусан толгойнууд чадахгүй ээ .

Өмөөрүүдэг хүнтэй болсон юм шиг санагдаад огшиж, өмөлзөж, горьдож уншлаа. Багш нарын ажил, нийгмийн талын бүхий л асуудлын хөндөж, тэмцэж явсан болохоор их зүйл дээр зөв дуугарч, зөв шийдвэр гаргуулахад маш их хувь нэмэр нь орох байх. Баярлалаа багшдаа, амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *