Categories
мэдээ нийгэм

Ц.Хандын нэрэмжит олимпиадад шалгарсан хүүхдүүдийг олон улсад “сойдог”

физикийн бага олимпиадад шалгарсан сурагчдад шагнал гардуулах ёслол МУИС-ийн номын санд боллоо. 1999 оноос манай улсын физикийн олимпиадын баг Олон улсын болон Азийн физикийн олимпиадад оролцох болсон. Үүнтэй уялдуулан сурагчдын физик сэтгэлгээг хөгжүүлэх, олимпиадад оролцох сурагчдыг эртнээс шалгаруулан бэлтгэх зорилгоор үе шаттай олимпиад зохиох болсон юм байна. Үүний нэг нь жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү “Физикийн бага олимпиад” юм. Физикийн анхдугаар бага олимпиадыг 2000 оноос эхлэн Улсын Физикийн олимпиадын хороо, МУИС-иас гавьяат багш Ц.Хандын нэрэмжит болгон зохиож буй.

Ц.Ханд багшийн охин Д.Алтанцэцэг ярихдаа “Энэ олимпиад 18 дахь удаагаа болж байна. Жил бүр 700-900 хүүхэд оролцдог. Сүүлийн үед хөдөө орон нутгаас хүүхдүүд амжилттай оролцож байна. Ноднин Хөвсгөл аймгийн Галт сумаас ирж оролцсон сурагч олон улсын олимпиадад амжилттай оролцсон мэдээ сонсоод баярласан. Энэ олимпиадын дараа дүүрэг, хотынх залгадаг. Физикийн олимпиадын салхийг хагалдаг юм. Энэ олимпиадад түрүүлж шалгарсан хүүхдүүдийг олон улсын олимпиадад бэлтгэдэг” гэсэн юм.

“Монголын физикийн боловсролыг дэмжих сан” ТББ, Улсын физикийн олимпиадын хороотой хамтран жил бүр энэ олимпиадыг зохиодог уламжлалтай.

Улсын физикийн олимпиадын хорооны дарга, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн физикийн тэнхимийн багш М.Ганбат ярьж байна.

-Энэ жил улсын физикийн олимпиадын 30 жилийн ой болж байна. Ц.Ханд багшийн нэрэмжит болоод 18 жил болж байна. Ц.Ханд багш улсын тэргүүний 28 дугаар сургуулийн физикийн багш байсан. Олон жил олимпиадын хорооны гишүүнээр ажиллаж хүүхдүүд бэлтгэдэг.

Шавь нар нь олон улсын олимпиадад амжилттай оролцдог, арга зүй сайтай багш байлаа. Энэ тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгийн зургаагаас арванхоёрдугаар ангийн 600 гаруй хүүхэд оролцлоо. Бодлогын түвшин өндөр. Олон улсын зэрэглэлтэй бэлтгэл сургалтын анхдугаар олимпиад юм. Зургаан олимпиад дамжиж олон улсын багийг шалгаруулдаг. Түүний нэгдүгээр олимпиад юм. Олон янзын комиссын гараар орж, шударгаар шүүгддэг олимпиадын эхний алхам ийнхүү их сургууль дээр явагддаг. Энэ тэмцээнийг явуулахад Ц.Ханд багшийн шавь нар, үр хүүхдүүд, “Үй цай” сургууль, бусад сургуулиуд маш идэвхитэй оролцож ивээн тэтгэлээ. “Үй цай” сургуулийнхан нэг сурагчийг Хятадад физикийн чиглэлээр суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хятад хэл үнэ төлбөргүй сурах боломжийг жил бүр олгодог.

-Ц.Ханд багшийн нэрэмжит физикийн олимпиадын бодлогууд тухайн жилийнхээ шалгалтын бодлогын өнгийг тодорхойлдог гэх юм. Олимпиадын бодлогыг яаж зохиодог вэ?

-Доод шатны олимпиадуудад тодорхой ном, агуулга заадаг. Ийм түвшний бодлого ирнэ шүү гэсэн хөтөлбөр байдаг. Энэ дагуу бодлогууд авна. Сүүлийн шатанд бүх бодлогуудыг зохионо. Магадгүй дунд сургуулийн агуулгаас ахисан түвшний бодлого орж ирнэ. Өөрөөр хэлбэл ямар шаардлага тавьж байна гэхээр шинжлэх ухааны аргад суралцсан байна уу, цоо шинэ сэдвээр асуудлыг шийдэх чадвар эзэмшиж үү гэдгийг шалгадаг. Олон улсын хөтөлбөрийн дагуу шалгадаг гэсэн үг.

-Ямар хүүхдүүд физикт амжилт гаргадаг вэ, ер нь физикт сайн байх нь ямар ашигтай вэ?

-Физик байгалийн шинжлэх ухааны нэг салбар. Орчин үед шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик, урлаг дизайн гэсэн агуулгатай STEAM хөтөлбөр моодонд орж, ганц хичээл бус олон мэргэжлүүдийн уялдаа холбоог эзэмшихгүйгээр орчин үеийн хүн байх боломжгүй гэх болсон. Олон чадваруудыг эзэмших чухал техникийн үндэс нь физик. Физик биологи, хими, техник технологийн ч үндэс нь болж явдаг. Физик сэтгэлгээтэй байхад бусад шинжлэх ухаанд хөрвөх чадвар өндөртэй гэсэн үг хэмээв.

Физикийн олимпиадад VI ангийн төрөлд алтан медаль “Сант” сургуулийн О.Энхсувд, VII анги алтан медаль нэгдүгээр сургуулийн П.Амарсайхан, VIII анги алтан медаль Б.Билгүүн “Сант” сургууль, IX анги алтан медаль “Сант” сургуулийн А.Нямдаваа, X анги алтан медаль нэгдүгээр сургуулийн Б.Цолмон, XI анги алтан медаль “Сант“ сургууль Э.Оргилбат, XII анги алтан медаль “Сант” сургуулийн С.Сумъяажав хүртсэн юм.

“Сант” сургуулийнхан багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ. Арванхоёрдугаар ангийн төрөлд алтан медаль хүртсэн “Сант” сургуулийн сурагч С.Сумъяажавтай ярилцлаа.

-Түрүүлсэнд баяр хүргэе. Олимпиадад оролцохын тулд хэр их бэлтгэл хийдэг вэ?

-Баярлалаа. Ер нь их бэлтгэл хийдэг.

-Физикийн хичээлдээ яагаад дуртай болсон бэ?

-Аав маань физикийн багш. Анх надад физик заасан. Тэгээд физик сонирхолтой санагдсан.

-Юу нь сайхан байдаг вэ?

-Амьдралтай их холбоотой байдаг.

-Төгсөөд ямар мэргэжилтэй болох вэ?

-Төгсөөд физикээрээ явах байх аа гэв.

Шагнал гардуулах ёслолд байлцсан ахмад багш нарын нэг МУИС-ийн зөвлөх багш, физик, математикийн ухааны доктор Г.Батсүх гуай “Байгалийн ухааны авьяас чадвартай хүүхдийг өөр тийш залах нь алдаа шүү” хэмээн эцэг эхчүүдэд хандан зөвлөв. Монголдоо сайн физикч, инженер техникч бэлтгэхээр хичээж байгаа түүнийг хятад хэлний сургалттай “Үй цай” бүрэн дунд сургуулийнхан урьсан гэнэ. “Үй цай”-д зөвлөх багшаар ажиллаж, физикийн гүнзгийрүүлсэн сургалт явуулахаар төлөвлөж байна. Сонирхож байгаа хүүдүүд надад хандаарай гэж ахмад багш хэлсэн. Тус олимпиадыг ивээн тэтгэгчдийн нэг “Үй цай” сургуулийнхан Шанхайн “Jiao tong”-ийн их сургуультай хамтарч ажилладаг агаад физиктээ сайн, хятад хэлтэй хүүхдүүд тус сургуульд суралцах өргөн боломжтой учраас физикийн сургалтаа сайжруулахаар ажиллаж байгаа гэж “Үй цай”-гийн орлогч захирал Б.Пүрэврагчаа хуучилсан юм.

“Олимпиадын Ханд” гэж нэрлэгдсэн Ц.Ханд багш МУИС-ийн физикийн ангид суралцаж төгсчээ. Ц.Ханд багш 1973 онд Улаанбаатар хотод физикийн олимпиад анх зохиогдсон үеэс хойш 30 гаруй жил дүүрэг хот, улсын олимпиад,МУИС-ийн Физикийн бага олимпиад, Ази тивийн олимпиад, Олон улсын Физикийн олимпиадад сурагчдаа бэлтгэсэн байна. Түүний бэлтгэсэн хүүхдүүдээс Улсын физикийн олимпиадын аварга болон медальтай сурагчид 17, Ази тивийн Физикийн олимпиадад оролцсон сурагчид зургаа, олон улсын физикийн олимпиадад таван сурагч оролцож байснаас шагналт байранд нэг сурагч шалгарсан түүхтэй.

Б.ЭГШИГЛЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *