ШИНЭ намын дарга, доктор Ц.Гантулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та хөдөө орон нутагт ажиллаад иржээ. Малчид маань энэ өвөл ихэд зутарч, мал сүргээ хорогдуулсан. Хавар улам л хүнд байдаг. Тэгэхээр цаашид хөдөө аж ахуйн салбар, малгүй болсон иргэдээ яах вэ гэдэг асуудал нэгэнт тулгарсан. Та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Хөдөө орон нутагт цагийн байдал хүндхэн, малчид маань зутруухан хаваржиж байна. Өвөл дууссан ч одоо хахир хаврыг туулж байгаа малчдын хувьд ахиад хэцүү урт замыг туулна. Хавар ч амаргүй шүү дээ. Монгол Улс бол мал аж ахуйн орон, эдийн засаг нь энэ салбарт суурилдаг. Түүнээс бус уул уурхайгаас орж ирж байгаа эдийн засаг богино настай, түр зуурын үзэгдэл гэдгийг ойлгож, аж ахуйн нэгж, иргэд малаа, малчдаа аврах хэрэгтэй. Яахав, Засгийн газраас малжуулах төсөл хэрэгжүүлэх тухай ярьж байна.
Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гэхэд мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн т огтвортой сүлжээ бий болгож, малчдын орлого нэмэгдүүлэх, амьжиргааны түвшинг дээшлүүлэх тухай ярьсан. Энэ бүхнээ сонгууль гэж марталгүй, яаралтай ажил хэрэг болгох шаардлагатай. Мал аж ахуй бол манай улсын стратегийн гол салбар. Үүний цаана Монгол Улсын ирээдүй байгааг мартаж болохгүй. Гэхдээ бид хууль эрх зүйн хүрээнд томоохон бодлогоор дэмжихгүй бол нэг, хоёр удаагийн тусламж дэмжлэгээр эрсдэлээс гарч чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр УИХ, Засгийн газар дорвитой бодлого, шийдвэр яаравчлан гаргахгүй бол зудын дараах эрсдэлийг зөвхөн малчид биш, нийтээрээ чанга хүртэнэ.
-Зудын нөхцөл байдал хаа хаанаа чанга туссан. Яг одоо малчдын хувьд өвлөөс авч үлдсэн хэдэн малаа хаврыг давуулах хүндхэн асуудалтай тулгарсан?
-Монгол орон даяар зуд болж, хаврын хүнд өдрүүдийг туулж байгаа ч миний явсан тал хээрийн бүсэд хүчтэй нөлөөлсөн байна лээ. Цас зудын нөхцөл байдлыг урьдчилан таамаглах аргагүй. Гэхдээ бид цаг зудын байдлыг урьдчилан төлөвлөж, бэлдэх хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Төрөөс малчдад тусламжийн гараа сунгаж байгааг үгүйсгэхгүй. Өвс тэжээл ачсан тусламжийн цуваа орон нутагт гарсаар байна. Одоо тусламжийн гэх хүрэлцэхгүй өвс тарааж байхаар өөр арга бодох цаг нь аль эрт болсон. ОХУ-аас манай улсад 8500 тонн хүчит тэжээлийн тусламж өгөхөөр болсон. Эхний ээлжийн 250 тонн тэжээлийг өгсөн. Уг нь үүнийг эрт хийх байсан байх. ОХУ-д нэг тонн хивэг Монголд зарагдаж байгаа үнээс гурав дахин хямд, овъёос, хар, ногоон будаа зах зээлийн үнээс хоёр дахин хямдхан. Учир нь дайны нөхцөл байдлаас болоод дэлхийн зах зээл дээр борлуулалтгүй болчихсон. Өвс бол өл залгуулах төдий зүйл болохоос төдийлөн хэрэг болохгүй. Тэгэхээр овъёос, хивэг, хар, ногоон будаа зэрэг халуун чанарын бүтээгдэхүүн хэрэгтэй. Нэгэнт голдоо хүйтэн оруулсан малд ийм халуун чанарын бүтээгдэхүүн өгч байж хаврыг давуулна. Тэгж гэмээнэ амьжиргаанд үлдсэн цөөн малаа авч үлдэнэ. Хаврын хүйтэн салхи, хавсаргыг давах амаргүй. Одоо хунгарласан цас өдөртөө хайлмаар болж, бусад цагт мөстөж хатуурсан, мал сүрэг цемент дээр бэлчээрлэж байгаа гэхэд болно.
-Малчдын маань чамгүй хэсэг малаа барьцаалсан банкны зээлтэй байгаа. Малаа хорогдуулсан малчид маань зээлээ хэрхэн төлөх вэ гээд хүндхэн асуудалтай нүүр тулна. Нэгэнт авсан зээлээ төлж таарна. Үүнд ямар нэг шийдэл хэрэгтэй болно?
-Монгол Улсын хэмжээнд 2024 оны эхээр 247.9 мянган малчин өрх тооллогод хамрагдсан дүн мэдээ байна лээ. Үүний 39.4 хувь нь зээлтэй байна. Энэ бүхний цаана Туслах малчнаас эхлээд олон хүний амьдрал ахуйг тэтгэж явдаг зүйл бол мал аж ахуйн салбар. Одоо амьжиргааны хэдэн малаа хорогдуулж, банкны барьцаагүй болсон малчдаа яах вэ. Засгийн газраас Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахад хүрсэн нь сайн хэрэг. Гэхдээ ирэх зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулсан. Цаашид яах юм гэдэг асуудал ч байна. УИХ-ын гишүүд цагийн хатууд малчны хотонд очиж сонгуульдах биш газар дээр нь ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан юм бол яаралтай бодлого гаргах хэрэгтэй. Орон нутагт малчдын бэлчээр талхалж, уул уурхай эрхэлж байгаа компаниуд дорвитойхон дэмжлэг үзүүлмээр байна. Уг нь бол Засгийн газарт малчдын зээлийг нэг удаа тэглэх боломж бий юү гэвэл бий. Тэртэй тэргүй алдагдалтай төсөв баталдаг биз дээ. Үйлдвэр, уул уурхайгаас юм уу, Засгийн газрын тогтвортой хөрөнгө оруулалтаас, нөөцөөс ч юм уу, ямар нэгэн байдлаар тэглэх боломж бий.
-Төр хүсвэл зээлийн тал дээр ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах, тэглэх боломж байгаа байх. Гагцхүү малгүй болсон иргэдийнхээ амьдрал ахуйг цаашид яаж залгуулах вэ?
-Төр засгаас ямар нэгэн цогц бодлого гаргана гэж найдаж байна. Тэр бүрд Төрийн бодлого, Төрийн тусламж дэмжлэг харахгүйгээр зохицуулж болох асуудал бий. Жишээ нь, аймаг бүрд “Аймаг хөгжүүлэх сан” гэж бий. Тус санд уул уурхайн компаниуд хэдэн тэрбумаар нь мөнгө хийж, түүгээр нь байшин барилга барьсан тухай тайлан элбэг байдаг. Эрх мэдэлтнүүд нь тууз хайчилж байгаа ч харагддаг. Энэ мөнгөө мал аж ахуйн салбартаа зарцуулъя. Банкны салбарын удирдлагууд, уул уурхайн компаниудтай уулзаж, малчдын тасарсан орлогыг бий болгох, үйлдвэр технологийн тодорхой бүсүүдийг гаргаж өгье. Дээр нь олон мянган өрхийг орлоготой болгох цогц шийдлийг одооноос төлөвлөн, ажлын хэсгүүд гаргаж, санал санаачилга гаргая гэх мэт олон шийдэл байгаа. Жижиг дунд үйлдвэрийг тогтвортой хөгжүүлэх, хэтийн болон богино зайн хөтөлбөр боловсруулах, уул уурхайн компаниудын гэрээт ажилтнуудыг нэмэгдүүлэх, гадаадын ажилчдыг гаргаж, оронд нь ажилгүй болсон иргэдийг оруулах, малчдыг дахин малжуулахаас эхлээд тал талд ажилламаар байна. Үнэнийг хэлэхэд, уул уурхай, барилгын салбарт ажиллаж чадахгүй малчид ч байгаа. Эдгээр малчдад өөр аймгаас мал авч өгөх, тодорхой хугацааны дараа эргэн төлүүлэх зэрэг хөтөлбөр боловсруулъя. Хийе гэсэн хүнд боломж бүхэн бий, хийхгүй гэсэн хүнд шалтгаан мундахгүй гэдэг шиг л байх юм. Ер нь бол зөвхөн малчид гэхгүй иргэд маань өрөөс өрийн хооронд, зээлээс зээлийн дунд амьдарч байна. Нийт иргэдийн амьдрал хүндэрсэн. Энэ мэт асуудалд цогц арга хэмжээ авах цаг нь болж өнгөрөөд ард үлдсэн.
-Бас нэг асуудал байна. Малаа гэсээр байгаад цас зуданд нойр хоолгүй ажилласан малчдын эрүүл мэндийг орхигдуулчихав уу?
-Үүнийг орхигдуулж болохгүй, нэн тэргүүнд анхаарах ёстой асуудал. Малчид цас зудтай тэмцэж, эрүүл мэндээрээ хохирч байгаа энэ үед явуулын эмнэлгийн үйлчилгээг хүргэх, зам харгуй боогдсон үед харилцаа холбооны цогц системийг яаралтай бүрдүүлэх зэрэг олон ажил зохион байгуулах ёстой. Өнгөрөгч өвлийн их хүйтэнд харилцаа холбооны дамжуулах станцын зай хураагуур хөлдөж огт холбоо барилгүй амьдарч байгаа газар олон байлаа. Өмнөх цас зудтай жилүүдийн нөхцөл байдлыг ажиглаж байхад харилцаа х олбоогүйн улмаас малчид эрсдэлд өртсөн жишээ бий. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж заасан байдаг бол мөн Үндсэн хуульд “Мал сүрэг нь үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан. Зөвхөн УИХ, Засгийн газар гэлтгүй аймаг, орон нутгийн удирдлагууд ч боломж нөөцөө шавхан, иргэдээ хамгаалах, мал сүргээ аврах хэрэгтэй гэдгийг хаа хаанаа сануулж байна.
-Цаг хатуурсан үед малчид маань мөнгөгүй, өвс тэжээл худалдаж авч чадахгүйд хүрсэн. Энэ нь банкнаас зээл авах нөхцөл ч болсон байх. Малчид орлоготой байхыг зуд сайтар сануулж өглөө?
-Малчид маань хавар ноолуурын үе, намрын сүүл сард идэшний үеэр нэг мөнгөнд залгаж зээл хуйгаа төлж, сая нэг нуруу тэнийдэг. Үүнээс өөрөөр орлого олох боломж байхгүй гэхэд болно. Манай улс малын мах, дайвар бүтээгдэхүүнээс эхлээд олон зүйлээр орлого олох боломжтой. Төр хүсэхгүй байгаа юм уу, эсвэл нэгдсэн бодлого гаргаж чадахгүй байна уу. Засгийн газар 15 улстай мах экспортлох гэрээтэй байдаг. Гэтэл ганцхан БНХАУ-ын 8-9 компани, Араб руу хоёр компани л гаргадаг. Хятадууд энэ зах зээлийг баздаг гэхэд болно. Энэ нь ХХААХҮЯ бодлого гарган ажиллаж чадахгүй байгааг харуулж байна. Засгийн газар ард түмний орлого, тэр тусмаа малчин түмний орлогын асуудалд анхаарч байсангүй. Цаашид шинээр Засгийн газар байгуулагдахад нэн тэргүүнд ард түмний орлогыг дээшлүүлэх тал дээр цогц бодлого хэрэгжүүлэх шаардлага байгааг зуд хатуухан санууллаа. Мөн цаашид эрчим хүчний асуудлыг шийдэхгүй бол болохгүйг ч харууллаа. Улсаараа цахилгаангүй болоход бэлэн байна. Б.Чойжилсүрэн гэж нөхөр Эрчим хүчний сайдаар томилогдож очоод өөрийнхөө нүүрсийг зарах тухай яриад байх юм. Уг нь улсаа, хотоо хангаж дийлэхээ больсон эрчим хүчний асуудлыг яах вэ, шинээр эх үүсвэр яаж байгуулах вэ гэсэн бодлогын асуудал ярьж байх ёстой ч өөрсдийнхөө нүүрсийг зарах тухай ярьж сууна. Цахилгаан, эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд нөөцийг нэмэгдүүлэх тухай төлөвлөж байх ёстой сайд маань ийм гамшгийн асуудал ярьж байгаа нь өнөөгийн төр засгийн бодит дүр төрх шүү дээ.
-Таны ярьж байгаа ард түмний мөнгөн орлогыг нэмэгдүүлэх тал дээр нэгдсэн бодлого байхгүй нь ард түмнээ ядуу байлгах сонирхол байна уу гэх хардлага ч төрүүлдэг. Та хувь хүний зүгээс бус ШИНЭ намын зүгээс ямар нэг байр суурь илэрхийлэх үү?
-Хүмүүс ч ярьж байна. Би ч харж байна. Сүүлийн 30 гаруй жил МАН, АН гэх хоёр нам ээлжлэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран төрийн эрх барьж ирэхдээ ард түмнээ сонгуулиас сонгуулийн хооронд ядуу байлгах тактик барьж ирсэн гэхэд болно. Ард түмнийг ядуу байлгах бодлого нь өнөөдөр хүртэл байж байгааг зудын нөхцөл байдал илчилж өглөө. Олон зүйл дээр харагдаж байгааг нуухгүй. Манай ШИНЭ намын хувьд аль болох эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоодуудыг нэгтгэн бодлого боловсруулж, ард түмнээ өмчтэй болгох, орлоготой байлгах тал дээр анхаарч байна. Манай намын бодлого бол тооцоо судалгаанд тулгуурласан, иргэнлэг эх оронч байх үүднээс үндэсний ардчилсан үзэл санааг нээж өгч чадсан. Жижиг үндэстний хувьд үндэсний үзэл санаанд нэгдсэн байх ёстой. Олон ургальч үзэл санаанд хуваагдах биш, ганцхан үндэсний гэсэн үзэл санаанд тулгуурлах үүднээс бид үндэсний үзэл санааг нээж, түүнд тулгуурлан, эх орончдоо нэгтгэж чадсан. Үүнд олон эх орончдыг уриалан дуудаж, хамтран ажиллаж байгаа. Үүгээрээ бид улс эх орноо аварч чадах үндэсний үзэлтэй анхны нам болж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Цаг үеийн байдал хэдийгээр амаргүй байгаа ч улс эх орноо, ард түмнээ гэсэн хүмүүсийг нэгтгэн, тодорхой амжилтад хүрнэ гэдэгтээ итгэлтэй салбар салбарт бодлого боловсруулан ажиллаж байна. Үүнийхээ үр дүнг иргэд олон нийтэд хүргэнэ гэдэгтээ ч итгэлтэй байгаа.