Categories
мэдээ цаг-үе

Ц.Ганхуяг: Нэг хүний нам гэдгийг өрсөлдөгчийн зүгээс гаргадаг шүү дээ

Иргэний Зориг Ногоон намын дарга Ц.Ганхуягтай ярилцлаа.

-ИЗНН хурлаа хийж гурван даргаа сонголоо. Таны хувьд намын гурван даргын нэг боллоо. Цаашид ямар чиг баримтлан ажиллах бодолтой байгаа вэ?

-Манай намын 2012 онд батлагдсан дүрмээр нам нь гурав хүртэл даргатай байж болно гэж заасан байдаг. Дэлхийн ногоонтны хөдөлгөөн, ногоон намуудын жишгийг харгалзан ийм өөрчлөлт хийсэн байдаг. Хүчинтэй энэ заалтын хүрээнд ээлжит их хурлаар намын даргын сонгууль явуулж, нийт долоон хүн өрсөлдөн нууцаар санал хурааж намын нэг даргаар сонгогдлоо. Дүрэмд намын дарга нар нь хэн нэгнээсээ илүү эрх дарх эдэлдэггүй, нэн чухал асуудлаар ойлголцол зөвшилцлийг бүрдүүлэн төлөөллөө хэрэгжүүлнэ. ИЗНН нь намын дарга нараасаа хамаардаг бус удирдах бусад байгууллага Үндэсний хороо, Улс төрийн зөвлөлөөр асуудлаа нээлттэй хэлэлцээд шийдэн, энэ шийдвэрийг хэрэгжүүлэх, төлөөлөх талаасаа айхтар хүндрэл гарахгүй гэсэн үг.

-Намаа төлөөлөн Их хуралд суугаа гишүүдэд юу гэж захиас хэлж байх юм?

-Бид УИХ-д манай намыг төлөөлсөн гишүүдээ цаашид Гишүүдийн зөвлөл нэрийн дор бодлогын зөвлөмжөөр хангасанүйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн.Шаардлагатай гэж үзвэл намын Улс төрийн зөвлөлөөс тодорхой асуудлаар чиглэл, зөвлөмж өгөх замаар улс төрийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа. Ямар ч байсан өмнөх хоёр жил шиг байдал үргэлжлэхгүй болов уу.

Миний хувьд намынхаа ойн баяр, их хурлын үеэр хэлсэн үгэндээ, нэр дэвшин өрсөлдөн асуултад хариулахдаа “Ард түмнийхээ талд дуугарч, ард түмнийхээ эрх ашгийн төлөө ажиллана” гэдгээ илэрхийлсэн.

Өнөөгийн улс төрчид өөрсдийн амин хувийн эрх ашгаа улс үндэстэн, харьяалагддаг намаасаа дээгүүр эрэмбэлдэг болсноос үүдээд нийтийн баялгийг цөөн хэсэг өөрсдийн хөлжих хэрэгсэл болгон хувиргасныг бүгд мэддэг болсон. Нийтийн баялаг нийт олонхи болох иргэддээ хүртээлтэй байх, зөв, шударга тогтолцооны төлөө үгээ хэлж, байр сууриа илэрхийлэх болно.

-ИЗНН С.Оюун гэдэг нэг хүний нам гэсэн яриа эртнээс л гарсан. Энэ удаа ч мөн С.Оюун дарга намаа удирдахаар болсон байна. Энэ талаараа өөрөө “Ирэх онд сонгууль болох болохоор энэ чигтээ байсан нь дээр” гэсэн утга бүхий зүйлийг ярьсан байна лээ?

-Нэг хүний нам гэдэг үгийг өрсөлдөгчдийн зүгээс л гаргадаг шүү дээ. Бид хамтын шийдвэрээр ажлаа явуулдаг. Ялангуяа манай Улс төрийн зөвлөл зөвшөөрөөгүй тохиолдолд намын зарчмын байр суурийг илэрхийлэх бололцоо ямар ч даргад олдохгүй.

С.Оюун, С.Дэмбэрэл нарыг дахин сонгох болсон зарим шалтгааны талаар тодруулга хийх нь зөв болов уу. 2012 оны сонгуулийн үр дүнгээр ИЗНН нь Эвслийн Засгийн газарт багтан ногоон хөгжлийн бодлогыг төрийн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын түвшинд аваачин, ногоон хөгжлийн асуудлыг Засгийн газарт ерөнхий чиг үүргийн хэмжээнд авч үздэг болсон, 2014-2020, 2020-2030 онуудад баримтлах ногоон хөгжлийн индикаторуудыг УИХ-аар тодорхойлуулж тогтоол батлуулсан нь Монгол Улс цаашид байгаль экологио хамгаалж, ногоон хөгжлөөр замнах суурь ач холбогдолтой алхам болсон гэж их хурлаас үзсэн. Энэ бодлогоо цаашид улам гүнзгийрүүлэн ажиллах, хүний эрхийг хамгаалах чиглэлд манай намын УИХ дахь төлөөлөл санаачилгатай ажиллаж байгааг дэмжсэн байр суурь түлхүү байсан учраас 2016 он хүртэл одоогийн дарга нарыг үргэлжлүүлэн ажиллуулах санал давамгайлсан болов уу.Гэхдээ төрийн ажил руу хэт анхаарлаа хандуулаад намынхаа хөгжлийн асуудлыг орхигдуулж байсныг нэлээд шүүмжилсэн. Энэ шүүмжлэлийг УИХ-ын гишүүд маань хүлээж авсан.

-Ирэх онд сонгууль болно. ИЗНН хэрхэн оролцох бол. Улс төрийн намуудын болон Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тал дээр танай намын гишүүд ямар байр суурьтай байна?

-Ээлжит сонгууль ирэх жил тохиож байгаа. Зөв, шударга, эрдэм чадалтай, хамгийн гол нь эх орноо, ард иргэдээ энэрэн хайрлах зүрх сэтгэлтэй хүмүүс олноороо сонгогдон гарч ирээсэй гэж хүсч байна. Тийм хүмүүс ихэнх нь улс төрийн намаас гадуур өөрт оногдох ажил үйлээ чимээгүй гүйцэтгээд явж байдаг.

Миний ойлгож байгаагаар, ирэх жилийн сонгуулиар Засгийн эрхийг ээлжлэн барьж, өнөөгийн бидний амьдралын чанарыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэсэн намууд, улс төрчдөд чангахан сануулга өгөх болов уу. 1990-ээд оны их өөрчлөлтийн хүсэл эрмэлзэлтэй адил төстэй нөхцөл байдал бий болсон нь анзаарагдаж байна.

Энэ байдлыг үл тоон нөгөөх л хүч түрэн шийддэг зангаараа Сонгуулийн болоод Улс төрийн намуудын хууль, цаашилбал Үндсэн хуулийн өөрчлөлтөд хандвал халуухан жинг ард түмэн маань тавих нь тодорхой. Манай намын хувьд парламентын сонгуулийг холимог системээ хадгалаад, мажоритари, пропорциональ харьцааг 38:38-аар тогтоовол тогтвортой байдлыг хадгалахад дөхөмтэй гэж харж байгаа. Үндсэн хуульд ямар өөрчлөлт орохоос хамаараад энэ тоо өөрчлөгдөж болох юм. Жишээ нь, Монгол Улс хоёр танхимтай парламентын тогтолцоотой болбол нэг танхим нь ард иргэдээсээ шууд сонгогддог, нөгөө танхим нь илүү мэргэжлийн байх утгаараа зуун хувь хувь тэнцүүлсэн байж болох юм. Цаашид үйл явц яаж өрнөхөөс хамаараад бид байр сууриа илэрхийлээд явна.

-ИЗНН Засгаас гарах асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл явж байна. Намын гишүүд ямар байр суурийг илэрхийлсэн бэ?

-Энэ талаар тусгайлан хэлэлцүүлэг явж амжаагүй. Шинээр бүрдсэн Улс төрийн зөвлөл ярилцах байх. Шийдлийн гэх нэртэй энэ засагтай хамтран ажиллах гэрээ намууд хооронд байгуулагдсан. Юуны өмнө энэ гэрээний хэрэгжилт ямар байгааг дүгнэнэ.

-Шийдлийн Засгийн газрын үед танай нам нэг сайд, дэд сайдтай байсан. Одоо гэтэл сайдгүй, дэд сайдтай байгаад ямар бодолтой байна вэ?

-Миний хувьд сэтгэл тун дундуур байгаа. Сандал суудал гэхээсээ илүү сүржин даржин яриатай, хэлснээ хэрэгжүүлэхгүй, нэг тийм чадамж тааруу нөхдүүд байна л гэж үзэж байна. Улс орноо удирдаж чадалгүй Олон улсын валютын санд даатгах гэсэн хандлагатай байх шиг байна. Энэ тохиолдолд Засагт хамтрагч намууд эрхбиш зүгээр хараад суухгүй байлгүй дээ. Дампуурсан эсвэл дампуурах гэж байгаа улс оронд ОУВС туслах нэрээр улс орныг нь удирддаг. Хэрвээ үүн дээрээ тулбал бид ийм байдалд хүргэсэн нөхдүүд, тэр намуудтай нь хариуцлага ярихаас өөр аргагүй.

Э.ЭНХБОЛД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *