Categories
мэдээ цаг-үе

Ц.Эрдэнэбаяр: Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлыг ирэх жил эхлүүлэхээр төлөвлөж байна

– НЕФТИЙН ХАНШИД ХАМГИЙН ГОЛ НӨЛӨӨЛСӨН ЗҮЙЛ НЬ ГАДААД ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ-

Ашигт малтмал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяртай газрын тосны үйлдвэр, нефтийн үнэ ханшийн сэдвийг хөндөж ярилцлаа.


-Сүүлийн үед бензиний үнийг нэг хэсэг нь нэмэгдээгүй, нөгөө нь нэмэгдсэн гэх юм. Статистикийн газрын хамгийн сүүлийн мэдээгээр нэмэгдсэн гэж гарсан. Таны хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Монгол Улс гаднаас 100 хувь бензин, дизель түлшээ худалдаж авдаг. Үүний 97 орчим хувийг ОХУ-аас, үлдсэн хувийг БНХАУ болон бусад улсаас нийлүүлдэг. Бензиний үнийн асуудал үндсэн гурван хүчин зүйлээс шалтгаалдаг. Энэ нь газрын тосны дэлхийн зах зээл дэх баррелийн үнэ, ОХУ-аас манайд сар тутам тогтоодог хил үнэ, валютын ханш юм. Тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа зөвхөн ам.доллараар тооцоо хийдэг учраас валютын ханш нөлөөлдөг. Өмнөх жил нэг торх баррелийн үнэ 50 гаруй ам.доллар байсан бол энэ жил 70 гаруй ам.доллар хүрч өссөн. Мөн ОХУ-аас АИ-92 бензиний хил үнэ 550 доллар байсан бол 710 орчим ам.долларын өртөгтэй болсон. Үндсэндээ гадаад зах зээлээс 13-15 хувиар өсч орж ирж байна. Төгрөгийн доллартай харьцах ханш өссөн. Өнгөрсөн зургадугаар сард Оросоос ирж байгаа хилийн үнэ бензин дээр 61 ам.доллар, дизель түлшин дээр 48 ам.доллараар нэмэгдэж орж ирсэн. Зургадугаар сарын эхээр ам.долларын төгрөгтэй харьцах ханш 2403-2405 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол тухайн сарын сүүлээр 2450 орчим төгрөг болсон. Нэг долларын ханш ингэж өсөх нь бензиний үнэд их нөлөөлдөг. Үүний дагуу зургадугаар сард УУХҮ-ийн сайдаар ахлуулсан Үнийн зөвлөл хуралдсан юм. Төрийн болон төрийн бус байгууллага, шатахуун импортлогч байгууллагуудын төлөөллүүд оролцсон 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж зөвлөмж гаргасан байгаа.

Энэ зөвлөмжид эдийн засгийн зохих түвшинд уялдуулж үнийг тогтвортой байлгана гэж заасан. Үнэ гэхээсээ гадна бүтээгдэхүүний нөөцийн асуудал маш чухал.

-Тийм шүү. Ялангуяа тариалангийн улирал эхлэх гэж байхад нөөцөд анхаарахаас өөр аргагүй. Энэ тал дээр хэр анхаарч байна?

-Тогтвортой, хангалттай хэмжээнд нөөц хуримтлуулж байж тариа хураалт болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайн гүйцэтгэнэ. Мөн манай гол нийлүүлэгч ОХУ-ын Ангарск дахь боловсруулах үйлдвэр засварт орно гэж бидэнд мэдээллээ. Бид Монголын төмөр зам, салбарын яам, аж ахуйн нэгжүүдэд нөөцөө сайтар хангахыг сануулсан.

-Энэ удаагийн шатахууны өсөлт валютын ханшийн өсөлт, Оросоос тогтоодог хилийн үнээс шалтгаалсан уу. Дотоодоос нөлөөлсөн зүйл бий юу?

-Хамгийн гол зүйл нь гадаад зах зээлийн үнэ гэж ойлгох хэрэгтэй.

-Ургац хураалтын үеэр дунджаар хэдий хэмжээний шатахуун шаардагддаг вэ?

-Манайх сар болгон нөөцөө бүрдүүлдэг. Долоо хоног болгон аж ахуйн нэгжүүдээс нөөцийн мэдээллийг аваад үүнээс үндэслэн тооцоогоо гаргадаг. Мөн ургац хураалтын үеэр нөөцөө нэмэгдүүлэхийг шаарддаг. Есдүгээр сарын хилийн үнэ хараахан орж ирээгүй байна. 2017 онд 1.4 сая тонн бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байдаг. Үүний 60 хувийг дизель түлш, 32 хувийг АИ-92, үлдсэн хувийг АИ-95, АИ-98, АИ-80 бензин эзэлдэг. Дизель түлшийг уул уурхай, газар тариалангийн машин механизмууд хэрэглэдэг. Есдүгээр сард ургац хураалт эхэлсэн үед өмнөх жилийнхтэй харьцуулж хичнээн хэмжээний түлш хэрэглэж байгааг тогтооно.

-Нефть боловсруулах үйлдвэрийн шав тавигдсан. Энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадах уу?

-Энэтхэгээс жилийн 1.75 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг олгосон. “Инженерс Индиа лимитэд” компани манай боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийхээр шалгарсан. Бид жилийн 1.5 сая тонны хүчин чадал бүхий газрын тосны боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Нарийвчилсан ТЭЗҮ энэ онд багтан батлагдах ёстой. Ирэх жилийн гуравдугаар улирлаас барилгын ажлаа эхлээд 2023 он гэхэд үйлдвэрээ ашиглалтад оруулах зорилт тавин ажиллаж байна. Бензиний үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний барааны суурь үнэд шууд нөлөөлдөг. Энэ бүгдийг тогтвортой барихын тулд боловсруулах үйлдвэрийг барих шаардлагатай. Цаашдаа стратегийн томоохон салбар болж хөгжинө. Энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай.

-Барилгын ажлынх нь хүрээнд ямар бүтээн байгуулалтууд өрнөх вэ?

-Үйлдвэрийн барилга, дэд бүтэц, шугам татах гэсэн үндсэн гурван ажил хийгдэнэ. Дорноговь аймгийн Сайншандаас Алтанширээ сум хүртэл 20 орчим км зайд 150 гаруй га талбайд газрын тосны боловсруулах үйлдвэр барихаар тусгай хэрэгцээт газраа авчихсан үйл ажиллагаа эхлүүлээд байна. Үүнтэй холбогдуулан авто зам, төмөр зам, цахилгаан дамжуулах сүлжээ гэсэн дэд бүтцийн ажлууд эхэлсэн. Төмөр замын хувьд нийтдээ 27 орчим км зам барина. Үүнд аймгийн төвөөсөө 18 км зам болон бусад туслах замууд багтаж байна. Аймгийн төвөөс Алтанширээ сум хүртэл 18 гаруй км авто зам барина. Засмал замын ажлыг Батлан хамгаалах яамны 220 хүн, 50 машин, механизмаар гүйцэтгэж байна. Одоогоор 11.5 км замын хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үйлдвэр өөрийн гэсэн цахилгаан станцтай байхаар төлөвлөсөн. Одоогоор аймгийн төвийн өргөтгөсөн цахилгаан станцаас боловсруулах үйлдвэр лүү шугам татан цахилгаанаар хангаж эхэлсэн. Дэд бүтцийн ажилд төрийн болон төрийн бус байгууллагууд өөрсдийн бололцоогоор ажиллаж байна. Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэг төмөр замын барилгын ажлын гүйцэтгэгчээр сонгогдсон. Долоо хоног бүр хурал, зөвлөгөөн хийж бидэнд ажлын мэдээллээ цаг алдалгүй мэдэгддэг. Барилгын ажил нэлээд шуурхай явагдаж байгаа.

-Газрын тосоо хоолойгоор дамжуулна гэсэн албан бус мэдээлэл бидэнд ирсэн. Мөн усны хангамж хүрэх үү гэдэг маргаантай асуудал байх шиг. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Дорнод аймагт байрлах газрын тосны ашиглалтын 19, 21 дүгээр талбай гэж байдаг. Тэндээс Алтанширээ хүртэл 651 км орчим шугам хоолой татна. Дэлхийд тосны тээвэрлэлтийн хэд хэдэн хэлбэр байдаг. Далан тээвэр, шугам хоолойн тээвэр, авто зам, төмөр замын тээврүүдийг нэрлэж болно. Эдгээрээс хамгийн хямд нь далан тээвэр юм. Монголд энэ төрлийн тээвэр байхгүй. Тэгэхээр дараагийн өртөг багатай тээвэр болох шугам хоолойн тээврийг сонгосон. Өртөг багатайгаас гадна байгальд ээлтэй зэрэг олон давуу талтай. Үүнд нарийвчилсан ТЭЗҮ-ийг гаргах, аль чиглэлээр яаж явуулах зэрэг судалгааны ажлыг хийж байна.

-Энэтхэгийн нэг тэрбум ам.доллар үйлдвэр барихад зориулсан мөнгө. Тэгэхээр манайхаас шугам хоолой, дэд бүтэц хоёрт мөнгө гаргах хэрэг гарах нь. Багцаагаар хэдий хэмжээний хөрөнгө гарах бол?

-Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээлээр 250 орчим тэрбум төгрөг олгоно. Тэр мөнгөөр дэд бүтцийн бүх ажлыг хийхээр төлөвлөсөн. Үүний ТЭЗҮ гарчихсан. Ажлын гүйцэтгэл нь хүртэл эхэлсэн. Шугам хоолойн ажлын өртөг урьдчилсан тооцоогоор 300 гаруй сая ам.доллар болох болов уу гэж төсөөлсөн. Үйлдвэрийн барилгын ажил нэг тэрбум ам.долларт багтана гэж тооцоолсон. Газрын тос гэдэг өөрөө маш өндөр эрсдэлтэй. Цаг хугацаа, хөрөнгө оруулалт их шаарддаг. Усны асуудалд Байгаль орчны яамнаас судалгаа хийсэн. Тухайн үйлдвэр баригдах газраас 40 гаруй км зайд газрын доорх завсрын усны нөөц байгааг илрүүлсэн. Мөн ашигласан усныхаа 70 гаруй хувийг саарал ус болгон дахин ашиглахаар төлөвлөж байна.

-Манай улсын газрын тосны нөөцийг бүрэн тогтоогоогүй байна. Одоогоор илэрсэн нөөцийн хэмжээг танилцуулаач?

-Монгол Улсад 33 талбайд газрын тос илэрсэн. Үүнээс гурван талбайд ашиглалт хийхээр болсон. Дорнод аймгийн 19, 21, Зүүнбаянгийн талбай, бусад талбайд газрын тос хайж байгаа гэсэн үг. Улсын хэмжээнд геологийн тогтоц байгаа нөөц 330 сая гаруй тонн гэж гарсан. Үүнээс ашиглалтын баталгаат нөөц нь 43 сая тонн юм. Тэгэхээр ойролцоогоор 30 орчим жилийн нөөцөө илрүүлчихсэн. Манайх жилдээ сая орчим тонныг олборлож байгаа. Боловсруулах үйлдвэртэй болчихвол дахиад 500, 600 гаруй тонн нэмэгдэнэ. Үүний тулд газрын тосны эрэл хайгуулаа нэмэгдүүлж, нөөц олохын тулд ажиллаж байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн компаниуд хайгуул хийж байгаа. Газрын тосны нэг давуу тал нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай. Хайгуул хийгдсэний дараа өрөмдлөгөө эхлүүллээ гэхэд тухайн хөрсөнд 30 см диаметртэй нүх үүсдэг. 2000-3000 метрийн гүнд өрөмдөж байж ямар геологийн эрдэс байгааг тогтоодог. Эрэл хайгуулын ажилд Монгол Улсын төсвөөс нэг ч зардал гардаггүй. Тухайн бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн компани бүх зардлаа гаргаад эрэл хайгуулаа хийдэг. Хайгуулын ажил зөвшөөрөл 8-12 жилийн хугацаатай. Тухайн хугацаанд газрын тос олохгүй бол тухайн компани шаталтад ороод өнгөрдөг.

-Манайх бүтээгдэхүүн хуваах гэрээг “Петрочайна Дачин тамсаг”-т хэт ашигтайгаар хийсэн гэсэн шүүмжлэл их явдаг. Энэ гэрээний талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээг улс орон, компани болгон өөрсдийн нөхцөлд тааруулж хийдэг. Хамгийн энгийн жишээ хэлбэл, Монгол Улсын Засгийн газар “Петрочайна Дачин тамсаг” компанитай гэрээ хийсэн. Тухайн компани 100 хувь хөрөнгөө гаргаад хайгуулаа хийсэн. 2.5 тэрбумын хөрөнгө оруулалт хийгээд, тосоо олборлож эхэлсэн. Гэрээний хоёр төрлийн заалт байдаг. Нэг нь өөрийнхөө хэсгийг тосоор авах, нөгөө нь валютаар авах сонголт бий. Одоогоор боловсруулах үйлдвэр байхгүй учраас валютаар хувиа авч байна. Энэ онд “Петрочайна Дачин тамсаг”-ийн олборлолтоос улсад 223 тэрбум төгрөг төлүүлэхээр ажиллаж байна. Тухайн гэрээний хувьд хоёр тал аль аль нь ашигтай байхаар заасан. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь ямар нэгэн зардал гаргахгүйгээр ашиг олохыг хэлнэ.

-Таван жилийн дараа нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орох юм байна. Иргэд энэ үйлдвэрээс шатахуун авч борлуулж болох уу. Энэ үйлдвэр зөвхөн дотоодоо хангах зориулалттай юу?

-Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон Газрын тосны тухай хуулинд зааснаар тухайн тосоор эсвэл валютаар ашгаа авдаг. Хэрвээ дотооддоо боловсруулах үйлдвэртэй болбол нэн тэргүүнд улсдаа тосоо дэлхийн зах зээлийнхээ ханшаар нийлүүлнэ гэсэн заалт байгаа. Бүгд цагаан дээр хараар буусан хуулийн дагуу явагдаж байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *