Categories
мэдээ цаг-үе

Ц.Элбэгдорж: Том төслүүдээ эргэлтэд оруулчихсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан

-“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2016″-ГИЙН ОРОЛЦОГЧИД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАЖ ХҮНДРЭЛЭЭС ГАРНА ГЭВ-

“Өдрийн сонин”-ы № 076 (5341) дугаараас авч нийтлэв.

“Сургамж, сорилт, шийдэл” уриаг сонгосон “Монголын эдийн засгийн чуулган”-ы сүүлийн өдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгээр эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы эхний өдөр бодлого гаргагчдын алдаа эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа талаар хатуу үгсийг хэлсэн бол төрийн тэргүүн ч эдийн засаг муудсан шалтгааныг эрх баригчидтай холбов. Ерөнхийлөгч “Том төслүүдээ эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан. Улс төр хийдэг нь улс төрөө хий. Эдийн засгаа хөгжүүлэх нь эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Том төслөө хэрэгжүүлсэн бол төсвийг ингэж танахгүй байсан. Аж ахуйн нэгжүүд өнөөдөр хүндхэн байна. Өнөөдөр та бүхэн асуугаарай. Зүгээр л бизнес эрхэлж байгаа эхний хүний амнаас “Мөнгө алга” гэсэн үг гарч байгаа. Яг орлоготой аж ахуйн нэгжийн тоо гэрлийн хурдаар унаж байгаа. Одоо бүр тэг дээрээ очоод зогсож байгаа.

Дажгүй бизнес хийдэг нэг залуу надад саяхан нэрээ бодоод зээл авч ажилчдынхаа цалинг өгч байна гэж хэлсэн. Түүхий эдийн үнэ өндөр байхад боломжоо ашиглаж ахиу мөнгө олсон бол, дэд бүтцээ байгуулаад бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээсэн бол байсхийгээд тохиодог үнийн уналтад өртөхгүй байсан. Монгол боломжийг алдах эрхтэй, тийм тансаглалтай орон биш. Монголд боломж олон олдоод байдаггүй юм. Өнгөрсөн жилүүдэд олдсон ганц боломж бол түүхий эд, Монголоос гардаг байсан баялгийн үнэ байсан. “Аманд орсон шар тос”-ыг бид ашиглаж чадаагүй, шороотой хутгасан. Шороотой хутгачихаад одоо тэр шороон дээр нь бүжиглэх хэрэггүй. Зарим этгээдүүд одоо энэ дээр улс төр хийх гэж бүжиглэж байгаа. Тэр ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, тэр ард түмэнд ирэх байсан орлогыг алга болгосныхоо төлөө ингэх хэрэггүй. Улстөрчид дэндүү хариуцлагагүй байна. УИХ-ын нэг гишүүн том төслүүдийг зогсоосноороо бахархдаг гэж ярьсан удаатай. Тэгж хэлэхдээ эм тарианы мөнгөгүй болсон иргэдээ бодоогүй юм байх даа. Улс нь мөнгөгүй болж ингэж хэцүүднэ гэж төсөөлөөгүй байх. Эдийн засаг мөнгөөр л хэмжигддэг. Хэцүү үе, сорилтыг туулж байж бид хүндрэлээс гарна. Ид шидийн амлалтад итгээд хэрэггүй. Өнөөдөр эдийн засгийг нураасан улстөрчдийн үгэнд ахиад итгэж сонговол эдийн засаг бүр хэцүүднэ. Магадгүй ирэх жилүүдийн эдийн засгийн чуулганаараа яриад сууж мэдэх юм. Гэхдээ сонгогчид хэрсүү болж байгаа” хэмээн ярилаа.

Чуулганд оролцогчид төрийн тэргүүнийг “Нэгийнхээ амжилтад алга ташдаг байдал алга болчихоод байна. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын Хөрөнгийн бирж дээр хүний итгэл хүлээж мөнгө босгож байгаа тэр аж ахуйн нэгжид, тэр итгэлийг авч байгаа бизнесмэнд бид алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг хамгийн том итгэл. Хүн чамд мөнгөө өгч байгаа бол тэр хамгийн том итгэл. Тэр тусмаа гаднын зах зээлээс, тэр тусмаа Монголыг янз бүрээр харж байгаа, хэлэгдэж байгаа тэр зах зээлээс хямд үнэтэй мөнгө босгоод оруулж ирж чадаж байгаа бол, бизнесээ өргөжүүлж чадаж байгаа бол энэ бол итгэл” гэж хэлэхэд алга нижигнүүлэв. Ерөнхийлөгч “Бизнест хүний итгэлийг алдсан хүн улс төр рүү зүтгэх юм. Бизнесийг хулгайн аргаар хийсэн хүн улс төрийг ч мөн тийм аргаар хийнэ” хэмээн үгээ үргэлжлүүлсэн. Улс төрд хариуцлагын тухай огт ярьдаггүй нь эдийн засаг муудсан хоёр дахь шалтгаан гэнэ. Тэрээр Хариуцлагын тухай хуулийг гаргах хэрэгтэй гэсэн санааг хэд хэдэн удаа онцолсон.

Төрийн тэргүүн УИХ-ын гишүүдийг ч “чимхээд” авав. “УИХ-ын гишүүд хууль санаачилсныхаа төлөө мөнгө авдгаа болих хэрэгтэй. Нэг бизнесмэн надад хууль санаачилсан гишүүд гэж нэрээ бичсэнийхээ төлөө хорин сая төгрөг авдаг юм байна, ингэхээр улс яаж хөгжих вэ дээ” гэж хэлж байсан хэмээн чуулганы индрээс хууль тогтоогчдыг шүүмжиллээ.

Татварын хууль дарамт ихтэй гэсэн санааг ч цухуйлгав. Манай улсын санхүүгийн зах зээлийн ер гаруй хувь банкнаас хамааралтай байгаа. Хөрөнгийн зах зээл гэсэн нөгөө баганыг нь босгож ирэх шаардлагатай гэж ярьдаг ч мэдрэгдэхээр хүчтэй ажил хийгдэлгүй өнөөг хүрсэн. Ерөнхийлөгч энэ сэдвийг сөхөв. Тэрээр “Хөрөнгийн зах зээлээ хурдан ажилд оруул гэж гурван жил ярилаа. Амжилттай яваа аж ахуйн нэгжүүд хувьцаа гарга л даа. Ард иргэддээ худалдаач. Захирал, гэр бүлийн өмч шиг л яваад байна шүү дээ. 10, 20 мянган хүнд 50 мянган хүнд хувьцаагаа өг. 50 мянган хүнтэй нийлээд баялгаа бүтээ. Тэр хүмүүсээс орж ирсэн мөнгийг эргүүлээд бизнесээ өргөтгө. Энэ боломжийг Монголын зах зээл дээрээс, Монголын ард түмэнтэй хамтраад хий л дээ. Энэ рүү чиглэсэн хуульд анхааръя” гэж ярилаа.

“Монголын эдийн засгийн чуулган-2016”-гийн хүндтэй зочдын нэг нь Байгалийн баялгийн засаглалын институцийн ерөнхийлөгч Даниел Кауфман. Дэлхийд нэр хүндтэй судалгааны олон байгууллагын зөвлөхөөр ажилладаг энэ эрхэм Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа чуулганы индэрт гарч ирлээ. Тэрээр сайн засаглалтай бол Монголын эдийн засаг хэд дахин өсөх боломжтой хэмээн онцлов. Манай улсын эдийн засгийн засаглалд шүүмжлэлтэй нэг зүйл байна гэж ноён Кауфман тодотгов. Тэр нь хэт өөдрөг үзэл гэнэ. Хэт өөдрөг үзлээс болж асуудал үүсдгийг чуулганы хүндэт зочин сануулсан юм.

М.ХАЛИУНБАТ: БҮДҮҮЛЭГ БИЗНЕС ОЛШИРСНЫ СОНГОДОГ ЖИШЭЭ НЬ БАРИЛГЫН САЛБАР

Үүний дараа салбар хуралдаанууд үргэлжиллээ. Төрийн ордны Их танхимд өрнөсөн “Бизнесийн орчин” салбар хуралдааны илтгэлийг “Монгол айдия” ХХК-ийн захирал М.Халиунбат тавив. Ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн улс байдаггүй, судалгаа шинжилгээ, маркетингийн нарийн шинжилгээгүй бүдүүлэг бизнес олширсны сонгодог жишээ нь барилгын салбар, санхүүгийн зах зээлийн 88 хувийг дөрөвхөн банк эзэмшдэг нь чөлөөт өрсөлдөөнийг хаасан том баримт гэх мэт анхаарал татахаар дүгнэлтүүд түүний илтгэлд олон байв. Банкуудыг үргүй зардал гаргадаг гэж шүүмжиллээ. Бэлэн мөнгөний машиныг заавал тус тусад нь авч эгнүүлж тавих шаардлагагүйгээс эхлээд зардлаа хэмнэх өчнөөн боломж байгааг ч онцоллоо. Илтгэгч бизнесийн орчныг “Бизнесийн орчинд ажиглагдаж байгаа нийтлэг зураг бол яах аргагүй улстөржсөн бизнес. Монголын бизнесийн орчин чадамжгүй, мэргэжлийн бус, улстөржилт цэцэглэчихсэн” гэж дүгнэв. Түүнийхээр бизнесийн орчинд сөргөөр нөлөөлдөг, гацаадаг өөр нэг буруутан нь насаараа нэг даргатай мэргэжлийн холбоод гэнэ. Халиунбат эдийн засаг хүндхэн болсныг монголчуудын гадагшлах урсгал ихэссэнээр тайлбарласан нь содон сонсогдов. Швейцарь улсад цагаачлах хүсэлт гаргасан иргэний тоогоороо манайх гуравдугаарт жагсчээ. Хүндрэлээс гарах гол гарц бол хөрөнгө оруулалт гэж тэрээр онцолсон. Энэ хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ч хөрөнгө оруулалтыг хадаг барьж угтах ёстой гэж байв.

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР МӨНГӨ БОСГОХ БОЛОМЖИЙГ ЯРИЛЦАВ

Үдээс хойш өрнөсөн хуралдаануудаас Төрийн ордны “А” танхимд болсон “Төслийн санхүүжилт” салбар хуралдааныг онцолж сонирхлоо. Эдийн засгийн чуулган өмнөх жилүүдэд төслийг ТЭЗҮ төдий хэмжээнд ярьдаг байсан бол форум зохион байгуулагчид энэ удаа төслийн санхүүжилт гэсэн том сэдвийг барьж авчээ. Анхаарал татсан сэдэв гэдэг нь оролцогчдоос нь тодорхой байв. Өмнөх өдөр өрнөсөн уул уурхайн салбар хуралдааных шиг танхим дүүрэн хүн илтгэгч, оролцогчдын үгийг анхааралтай чагналаа.

Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ахлах эдийн засагч Ч.Отгочулуу хөтлөв. Хурлын оролцогч, Хөрөнгө оруулалтын агентлагийн дарга С.Жавхланбаатар төслийн санхүүжилтийг “Энгийнээр бол шав тавихаас хэрэгжиж дуусах хүртэл бүх алхам тодорхой байхыг хэлнэ” гэж тодотгов. С.Жавхланбаатар Оюу толгойд засгийн оролцоо байсан, “Салхит” сэргээгдэх эрчим хүч гэсэн онцлогтой учраас төслийн санхүүжилтийн сонгодог хэлбэр биш гэж үздэгээ оролцогчидтой хуваалцсан. Тэрээр “Тавдугаар станцыг барина гэж маш олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл долоо, найман хүнд асуудал байна. Нэг тал нь газар чөлөөлөлт, дэд бүтэц. Нөгөө тал нь хууль эрх зүйн орчин. Төслийн санхүүжилтийг хүлээж авах тохиргоо Монголд хийгдээгүй. Төслийн санхүүжилт хийх гэхээр манай эрх зүйн орчин таарахгүй байна. Жишээ нь засаглал дээр гэхэд л дээд түвшиндөө за зүй гээд шийдчихээр орон нутагт очоод төсөл гацчихдаг зовлон бий” гэж ярилаа.

Төслийн санхүүжилт босгож чадсан хоёр жишээний нэг болж яригддаг “Салхит” салхин станцыг барьж ашиглалтад оруулсан “Ньюком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхболд төсөл хэрэгжүүлэхэд тулгарч байсан бэрхшээлээ ярив. Тэрээр “Засгийн газар, олон улсын байгууллагуудад дэмжих нь гэсэн үндэслэлээр Салхитын судалгааг 2007 оноос эхлүүлсэн юм. Төлөвлөснөөрөө санхүүждэдээ амжилттай босгож чадсан. Бидний үйлдвэрлэсэн цахилгааныг зуун хувь худалдаж авна гэсэн засгийн баталгааг бид санхүүжүүлэгчдэдээ барьцаа болгосон. Гэтэл дараа нь бүгдийг нь худалдаж авахгүй гэх мэт асуудал босч ирсэн л дээ. Ийм тохиолдолд хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсчихэж байгаа юм. Манай компани Өмнөговийн Цогтцэций суманд салхин парк байгуулахаар ажиллаж байна. Төслийн санхүүжилтээ хөөцөлдөөд явахаар танай Засгийн газар тийм байдал гаргасан гэх маягийн эргэлзээ хэлэх жишээний. Энэ мэт хүндрэлүүд байдаг” гэлээ.

Дэлхийн улсуудад жил бүр 500 гаруй тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгддэгийн 40 хувь нь төслийн санхүүжилт байдаг аж. Тэгэхээр төслийн санхүүжилтээс зугтах аргагүй, амжилттай босгож сурах хэрэгтэй гэсэн санааг оролцогч бүр хэлж байсан юм.

З.ЭНХБОЛД: ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛДЛИЙГ УИХ ЗОГСООСОН НЬ ХУУЛИА ДЭЭДЭЛСЭН ХЭРЭГ

Чуулганы хаалтын үгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлэв. УИХ-ын даргыг үг хэлэхээс өмнө Таван толгойн талаар байр сууриа илэрхийлэх нь гэсэн шум чуулганд оролцогчдын дунд тарсан байсан юм. Оролцогчдын таамагласнаар З.Энхболд Таван толгойн талаар байр сууриа нэлээд дэлгэрэнгүй илэрхийллээ. Тэрээр “Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Таван толгойн төслийг Улсын их хурал зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг удааширч байгаа цаг үед энэ төслийг, нэр бүхий компаниудад өгөх нь Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг Улсын их хурлын ажлын хэсэг гаргасан. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох хоёр сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй. Зүйрлэн хэлэх юм бол Рио Тинтогоос асуулгүйгээр Оюу толгойн ашиглалтын лицензийг Шинхуа компанид 60 жилийн хугацаагаар хоёрхон хувийн роялтитайгаар өгөх шийдвэрийг Улсын их хурал гаргах гэсэнтэй агаар нэг, хууль бус үйлдэл юм. Авахыг оролдож байсан хоёр компанийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Тухайлбал, Шинхуа компанийн удирдлагууд авлигын хэргээр шоронд орсон бол ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Таван толгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, хоёрхон хувийн роялтитайгаар зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн Улсын их хурал зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн. Энэ бол хуулийн засаглал. Энэ бол ардчилал юм. 1990-ээд оноос өмнө Улс төрийн товчооны есөн гишүүн суугаад бүх шийдвэрийг ард түмнээсээ асуулгүйгээр гаргадаг байсан. Энэ цаг өнгөрсөн. Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад “Тэр толгойг түүнд өгье” гэдэг шийдвэр гаргах боломжгүй. Өнөөдөр энэ чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би сонссон. Ерөнхийлөгч маань Шинхуа, ММС компаниудад Таван толгойг өгөхийг хүссэн зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна. Тэр хүмүүс Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангаж байсан байна. Харин Улсын их хурал асуудлыг томоор харж, ард түмний эрх ашгийг дээдэлж, зөвхөн хуульд нийцүүлж шийдвэр гаргасан.Таван толгой бол улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд. Энэ бол улсын өмч” гэж Эдийн засгийн чуулганы индрээс мэдэгдсэн юм.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *