Тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хаврын эрлийз морьдын уралдаан бол өв соёл биш Хүүхдийн эрхийг зөрчиж байгаа маш том алдаа. Би өөрөө 3 наснаасаа морь унаж, өссөн. Л.Энх-Амгалан сайд хэлж байна лээ. “Би хөдөө хурдны морь унаж өссөн. Энэ уламжлалаа бид Хятадад алдах гээд байна” гэсэн. Манайд хаврын уралдаан зохион байгуулагдахад Өмнөд Монголд хурдан морь уралдахаа болино гэж хэн хэлээд байгаа юм бэ. Тэд эрлийз морь, монгол мориор уралдана уу бидэнд хамаагүй шүү дээ. Ийм сонин жишээ хэлэх юм. Та хүүхэд байхдаа унаж байсан монгол морь цаанадаж 35 км/цаг хурдтай байсан юм.
50-60 км цагийн хурдаар допинг эм тариагаар бордоод галзууруулсан адууг хүүхдээр унуулахаа өв соёл гэж хэлж болохгүй. Гурван сар морины уралдаан зохион байгуулснаараа өв соёлоо харин ч устгана. Унаач хүүхдэд гурван сая төгрөг төлөөд 300 сая төгрөг авах гээд эрлийз морьдоо уралдуулж байна. Жирийн монгол уяачдын нэрийг барьж хэсэг бүлэг хүмүүс жагсаж, улс төрд нөлөөлж байна” гэв.