Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.ДАШДОНДОВ: Чөлөөт хэвлэл гэдэг бол галзуу нохой биш, сэтгүүлч гэмээ нь яллагч биш, үнэнийг ярьж, мэдээлэгч

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондовтой ярилцлаа.


-Жил бүрийн тавдугаар сарын 3-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг өөрийн оронд өргөн дэлгэр утгаар тэмдэглэх үйл явцын эхлэлийг Та анх тавьсны хувьд уг өдрийн учир зорилгыг тодотгоно уу?

– Юуны өмнө онцолж хэлэхэд энэ удаад огт зарга ярихгүй, онцолж зарчим ярина. Ингэх нь хэнд хэрэгтэй юм бэ гэвэл хэт хожим нь хэвлэл, мэдээллийнхэнд маань хэрэгтэй. Тавдугаар сарын 3. Энэ нь орон бүхний сэтгүүлчдийн хувьд онцгой, манай гаригийн хэвлэл мэдээллийнхэнд маш чухал өдөр. Анх 1991 онд Африк тивийн өмнөд хэсэгт орших Намиби улсын нийслэл Виндхүк хотноо тус тив бүс нутгийн сэтгүүлчид тун өргөн төлөөлөлтэйгөөр хуран чуулахдаа “Бие даасан хараат бус хийгээд олон ургалч үзлийг дээдлэгч чөлөөт хэвлэл мэдээллийг хэрхэн дэлгэрүүлж хөгжүүлэх талаар” туйлаас нухацтай тогтож ярилцсаны эцэст тусгай тунхаглал гаргасан. Тэрнийг нь хүн төрөлхтний хамгийн өнөр том хамтын нийгэмлэг болох НҮБ дэмжиж тунхаглал гарсан өдөр буюу тавдугаар сарын 3-ныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр хэмээн зарлаж цаашид жил болгон дэлхий даяарт дурсан тэмдэглэж байхаар тогтсон.

Анхандаа “Internation­al press freedom day” гэж байснаа төдөлгүй жаахан өөрчилж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр (World press freedom day) гэх болсон нь бодвол учиртай биз. Нэгэнт НҮБ дэмжсэн болохоор орон бүхэн ч онцгой анхаарч асар нүргээ дуулиантайгаар айхавтар нижгэр тэмдэглэдэг болсон. Манайд гэхэд л эхний жилдээ анир чимээгүйдүү байснаа арга буюу дараа жилээс нь нийтийн жишгээр анхаарч ажил хэрэгчээр хандаж тэмдэглэдэг болсоны эхлэлийг тавьсны хувиар би эргэж санахад сайхан л байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний амин сүнс, гол шалгуур, үндсэн үзүүлэлт, тулгуур зарчим болох хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж хөгжих явцыг нь түргэтгэж түлхэц үзүүлэх нь Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийн дэлгэр утга, тэргүүн буюу приоритет зорилт.

Тухайн өдрийг тохиолдуулж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон хүний эрхийн дээд комиссар, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал гэсэн тийм гурван эрхмийн илгээлт орон бүхэнд очдог байснаа яваандаа өөрчлөгдөж НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-ын ерөнхий захирлын илгээлт болж улам ч нарийсан тов тод хувилбарт шилжиснээр барахгүй тэр үеэр Gruillerm Cano-ын нэрэмжит хэмээх нэр хүндтэй шагналыг хүртэл олгодог болсон. Тэрхүү Cano гэдэг нь ажил үүргээ нэртэй гүйцэтгэж явахдаа амь эрсэдсэн Колумбын ихэд эрэлхэг зоригт сэтгүүлч.

-Ингэхэд хэвлэлийн эрх чөлөө гэдэг маань чухам юу юм бэ?

-Хэвлэлийн эрх чөлөө гэдэг нь угаас утга гүн, хүрээ өргөн ухагдахуун. Үүнийг энгийнээр болоод нарийнаар, товчоор хийгээд том дэлгэрэнгүйгээр ямар ч янз хэлбэрээр илэрхийлж болох. Энгийнээр гэвэл энэ нь хүн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм л даа. Энийг илүү дэлгэрэнгүй томьёолоход хүрвэл хаанахын хэн ч болов өөрийн гэсэн өвөрмөц онцлог ойлголт, хандлага, үзэл бодол, үнэмшил итгэл, таашаал, эрмэлзэл, сонирхол, тэмүүлэлтэй байх агаад тэрнийгээ амаар, бичгээр, дүрс, дуу авиа зэрэг ер нь аль боломжтой арга хэлбэр хэрэгслээр илэрхийлж болох бөгөөд түүнд хил, хязгаар хамаарахгүй. Тэр тухайд хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд, иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактын мөн 19-д бий. Олон улсын чанартай тэдгээр пакт, баримт бичигт манай улс ч нэгдэж улмаар өөрийн тулгуур суурь гол хууль болох үндсэн хуульдаа ч тусгасныг утгачилан танилцуулбаас: “Манай улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. Хэрэгтэй мэдээллээ эрж хайж олж авах эрхтэй” гэсэн байна.

-Хэвлэлийн эрх чөлөөний тухайд тийм байх нь. Тэгвэл чөлөөт хэвлэл гэдгийг ямраар төсөөлж бодох вэ?

-Дэлхий дахинаа дээдэлж нэг мөр хүлээн зөвшөөрч хүндэтгэж даган мөрддөг чөлөөт хэвлэлийн харти буюу Charter for a free press гэж байгаа. Тэрхүү баримт бичгийн хамгийн тэргүүн дээд мөрөнд “Чөлөөт хэвлэл гэдэг болбоос чөлөөт хүн ард” л гэсэн үг бий.

Энийг эргэцүүлж сайтар шүүн тунгааваас асар гүн утга тээж, айхавтар жинтэй шим шүлт шингэжээ. Юуны тул чөлөөт хэвлэлийн харти гэж байгаа билээ. Харти бол Харти үүнээс илүү үнэ хүндэт баримт бичгийг чөлөөт хэвлэлийн хүрээнд олныг олж нэрлэхэд бэрх.

-Таныг бид чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг хэмээн хэлж ярьж бичдэг. Тиймийн учир чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний талаар ондоо олон зүйлийг хэлүүлмээр байна…

-Хэл гэвэл хэлье. Тэгэхдээ миний бодлоор хэмээн хэт чээждүү залж амны зоргоор авч давхиж бурахгүй. Одоо чинь аливаад мэдлэгээр хандаж ухаанаар шийдэж философиор сэтгэдэг цаг. Даан ялангуяа чөлөөт хэвлэлийн тухайд хамаа намаагүй хадуурч чалчих бүүр ч эвгүй. Учир нь Монголд чөлөөт хэвлэл хөгжиж байсан уламжлал байхгүй тул бусдаас суралцахаас өөр аргагүй. Хаанаас вэ гэдэгч хариулт нэхэх сэдэв.Өрнөдөөс л сурна уу гэхээс өвөр монгол ч юм уу, буриадаас гээд байх нь хангалтгүй. Өрнөдөөс суралцахдаа гагцхүү хэлээр дамжиж суралцахаас өөр юугаар дамжин суралцах билээ. Дохиж зангаад байлтай биш. Хэл гэхэд бас л сонголт. Алаг хорвоогийн хаан хэл гэгддэг англи хэл хамгаас тэргүүнд. Чухам тиймээс би хойно хийгээд өмнө өгүүлэх зүйлдээ хослуулсан хэл англи. Ингэх нь хэнд хэрэг болох вэ гэвэл өөрт минь биш өөр бусдад, өнөөгийнхөнд төдийгүй өнө хожмынхонд хэрэг болно.

Хэрэв зээ сэтгүүлчид авлига, ядуурал, айдас хүйдсийн дунд байвал тэнд хэвлэлийн эрх чөлөө хэрэгжихгүй.

Халаасны сэтгүүл зүйтэй байсан цагт хараат бус хэвлэлийн тухай ярих нь үл биелэх үлгэр. Хэвлэл мэдээлэл нь санхүүгийн талаар бие дааж хараат бус болоогүй цагт үйл ажиллагааны хувьд бие дааж чадахгүй.

-Өнөө цагийн хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрхийн өөрчлөлт, дэвшил, шинэчлэлтэй холбогдуулж та юу хэлэх бол?

-Уншиж сонсох аудиторийн өөрчлөлт, ашиг сонирхлын тэлэлтийг дагаж хэвлэл мэдээллийн салбарт төрөлжих, ондоошиж олширч, шинэчдэгдэх эгэл бус үйл явц илтэд ажиглагдах боллоо.

Телевиз гэхэд л, зар сурталчилгааны, олон нийтийн, захиалгын, тойм сүлжээ, тодорхой хүрээний, дүрст, зугаат гэхчилэн төрөлжиж байна. Сэтгүүлч, сурвалжлагчид ч гэсэн тодорхой чиглэлээр дагнан, төрөлжиж мэргэшихдээ цагаан ордны, пентагоны, хөрөнгийн биржийн сурвалжлагч ч гэх юм уу, спорт гэхэд л хөл бөмбөгийн … гэхчлэн тэр ч байтугай ахлах сурвалжлагч гэх мэтээр ангилагдан төрөлжих аястай байна.

-Хэвлэл мэдээллийн хөгжил хандлагыг ярихдаа бид хэрэгжүүлэгч гол эзэд болох магнатуудыг мартаж болохгүй. Дэлхийд дээгүүрт орохоор том том толгой магнатууд хэн хэн гэдгээс хэдийг боловч нэрлэнэ үү?

Австралийн Руперт Мердок, Керри Паркер, Энэтхэгийн Азим Премжи, Америкийн Тед Тернер,Ройтерсын Питер Жом… нарыг яагаад ч юм би ярьж дурьдах дуртай. Опра Уинфрийг ч аливаа оронд андахаа больж дээ. Тэрбээр CNN-ийн ПирсМорганд хэвлэл, мэдээллийн менежментийг хэрхэн чадмагаар хэрэгжүүлэх тухайд олоон жилийн өмнө ой тойнд буутал ярьсан нь одоо ч санаанаас гардаггүй юм.

-Таны бодлоор сэтгүүлч гэж яг хэнийг хэлэх ёстой вэ?

-Миний бодох энд гол бишийг бас хэлүүштэй.Сүүлийн үед “миний бодох” гэдэг үг хэт их хэрэглэж хэнхдэг дэлдэгчид олширсныг би нэгээр нэмж нүгэл үйлдэмгүй байна. Ер нь тэгээд юм бүхэн хэмжээтэй хэмжээ нь хэтэрсэн болгон хортой. Миний бодосноор гэж хэлэх ч юм бий, хэлэхгүй ч юм бий. Эндээ гэхэд сэтгүүлч хэмээн хэлдэг нь бүү хэл, хэлүүлдэг нь ч дутуу мэдлэг, дундуур ойлголттой байгаа л даа.

“Сэтгүүлч” гэсэн алдрыг ард зон хайрлана уу гэхээс бус өөрөө өөртөө өгчихдөг ч өргөмжлөл хэргэм хэрхэвч биш. Манай сэтгүүлчдийн бүтэц, бүрэлдэхүүн туйлын жигд бус ихэд эрээвэр хураавар Конгомерат шинжтэй байгаа.

Сэтгүүлчийн чадал хүчээ зориулдаг чөлөөт хэвлэл гэдэг галзуу нохой биш, харин хоточ нохой. Тиймээс хүн хүн рүү архирч дайраад, юм юм руу асаж ноцоод урж тасдчих гээд байх зохимжгүй. Сэтгүүлч гэмээ нь яллагч биш, харин мэдээлэгч. Тийм болохоор тэр зөв, энэ буруу, тэр гэмт хэрэгтэн, энэ биш гэж адгаж айлдах гээд байх хэрэггүй. Хэн нэгний гэм бурууг хэлж тогтоодэг субьект нь шүүх, прокурор. Сэтгүүлч хэмээх амаргүй албанд зүрх сэтгэлээ зориулж зүтгэгчдийн эрхэмлэх зүйл, идеал зорилт гэвэл: бодит үзэгдэл, болсон үйл явдлыг үнэн бодитойгоор тэгш тэнцүү, нэмэр хачиргүйгээр нэг нэггүй бүрсгэн дэнсэлж, бичиж, мэдээлэх явдал. Сэтгүүлч, сурвалжлагч хэмээх хүндтэй албанд хүчин зүтгэж яваа хүмүүсийн оюуны хөдөлмөрийн үнэлэмж ч онцгой өндөр түвшинд байгууштай. Эдний эрх ашгийг эвлэл, холбоод нь ихэд дээдэлж хамгаалууштай. Тиймээс хүн хүн рүү дайраад л, юм юм руу ноцоод, үсчин цовхчиж, хазаж хайрч, довтолж дошгирч, доромжилж гутаах юм уу, шүлс үсэргэж сэвсээр будаж, хөөс сахруулж хөөрцөглөх зэрэг жижиг улсын жижиг хүмүүсийн жижиг зангаас жинхэнэ сэтгүүлч ангид хол явж, ариун журмыг сахихын сацуу арга мэх, суртал ухуулга цензур буюу хянан цагдалт зэрэг хаа газрын чөлөөт сэтгүүл-зүйд хатуу цээрлэж цэрвэдэг тэвчишгүй гурван гэмтэй тэнхээ мэдэн тэмцэх үүрэгтэй.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *