Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цоодолын Хулан: Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд татахсан DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………


Д.Нацагдоржийн шагналт яруу найрагчсэтгүүлчУлсын Хүүхэлдэйн театрын захирал Цоодолын Хулантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдсэн нь сүү­лийн үеийн ярианы гол сэдэв болж байх шигГурван жил гаруй нэгдсэн МАНАН “сарниж” буй энэ үйл явдлаас яриагаа эхэл­бэл ямар вэ?

-Сансарт манайхаас анх хүн нисэхэд “Монгол хүн хамгийн сүүлд хэзээ ингэж баярласан бол оо” гэж Ц.Дамдинсүрэн гуайгаас хүн асууж л дээ. Тэгэхэд нь “Манжаас салахад л нэг ингэж баярласан юм гэнэ лээ гэж хариулсан яриа байдаг. Одоо бол төр засаг солигдоход баяр­лаад, эсвэл гомдоод байх зүйл алга аа. Углуургаар нь бодох юм бол, ар өвөр монголчууд нэгэн нударга болж мөлжигч дайснаа дарсан Тусгаар тогтнолын их ойнхоо да­раа ингэж байгаа нь иргэн хэнбу­гайд ч олигтой байхгүй л байх. Монголынхоо төрийг би будааны үнээс болж огцордог Япон, Солон­гос, хөнгөн явдлынхаа горонд огцордог Берлусконигийн төрөөс том, дээгүүрт боддогтоо ч тэр үү.  Муу хүүгийнхээ толгойг тэврээд нулимстай андгай тавьж явсан Ханд ван,  цэргийн их сүлд Маг­саржав Хатанбаатар, Хотгойдын Чингүнжав, Гоймон баатар нарын, эзэн Чингэсийн маань төр юм шүү гэж санадаг болохоор, тэдний сүнс одоо байгаа бол, алга ташихгүй л байх. Бид цөөхүүлээ улс. Муу ч болов эвтэй байхыг дээдэс захидаг л даа.

Та МАНын гишүүн учраас АНынхны шийдвэрт таагүй бай­гаа бололтойТийм үү?

-Миний аль нам байх хөндлөн­гийн хүнд бүү хэл өөрт нэг их сонирхолтой биш ээ. Төрийн албан хаагч болоод удсан. АН Засгийн газраас гарч буй нь улс төрийн шийдлийн хувьд өөрсдөд нь зөв санагдаж болно, харин жаахан хүнлэг бус, ёс зүйгүй юм болчихлоо доо гэж айж байна. Улс төр бол оволзоод өнгөрдөг сонгууль төдий­хөн биш байх аа. Өргөн их амьд­рал, хүмүүсийн итгэл, бидний бүтээж ядаж  яваа улс гүрний нүүр царай, нэр хүнд гээд яривал улс­төрч­дийг их л өөр, уужим дэлгэр сэтгэдгээр хармаар болдог юм. Энэ жил аанай л их хүйтэрч байна. Сүүлийн 5О жил унаагүй их цас орно гэж хүртэл ярьсан. Малчид гэж урдаа барьдаг ганц үгийг биш гэхэд, баялаг бүтээдэг эгэл хүмүүсийн төлөө зовних зовиур улстөрчдөд ер нь байдаг юм болов уу?

Эхлүүлсэн ажлынхаа ард гарч, чадвараа сорих, дүгнэх, олсон жаахан нэр хүндээ ахиулах болом­жоо энэ хоёр нам алдчих шиг болдог юм. Ард түмэн хохирч байна гээд л одоо өөрсдийгөө гурав дахь хүчин гээд эндүүрчихсэн эрээвэр хураавар улс оодорно доо. Төрд ч гэсэн хүндийн жин гэж байдаг бол тэр нь гарцаагүй МАН, АН хоёр юм. Энэ нэгдмэл, жинтэй болж ирж байсан ололтоо яасан хямдхан арилжчихав аа гэж санагдаж байна. Хорин жил нэгнээдээ хөрөөний ир шиг арсайж байснаа эвлэж засаг­лаад, эрүүл сөрөг хүчнийг дундаа­саа төрүүлэх боломж байсан юм шүү. Намчирхал бол аяандаа хоцрогдох эд. Хамтарсан Засгийн газрын  хамгийн нааштай, ирээдүй­тэй алхмууд чухамхүү хамтар­сандаа л байсан. Ийм эв эеллийн засгийг зөгнөлцөж байсан хүний нэг би.

Сү.Батболдод долигонож байна л гэж хэлэх байх, өөрсдөө тийм улс. Зөвхөн уул уурхайн салбарт гэхэд, бусад ширүүн оронд иргэний дайн ч гардаг энэ хүнд  салбарт олон асуудал гацаанаас гарсан. Хувь, ногдол ашгийн тухай ярих эрт байна, гэхдээ л галт тэрэг хөдөл­чихлөө. Аядуу хүлээцтэй чанарыг нь зөөлчилсөн, бассан Ерөнхий сайд л кабинетаа жигд ажиллуулж, урьд урьдынхтай харь­цуулахад нэр цэвэр багийг удирд­лаа. Гэрэл гэгээтэй, сайн сайхан талуудыг энэ нэгэнт зэлээ эвхэж буй Засгийн газраас олж хараа­сай. Монгол төрийн жишиг болмоор эрч хүчтэй, далайцтай сэтгэдэг сайдууд тор­нис­ны магнайд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга байлаа. Шинэ төмөр зам барих, Сайншандад үндэсний хэмжээний аж үйлдвэрүү­дийн цог­цолбор барих, орон сууц­жуулах ажлуудыг, эхлэлийг зэврээмгүй байна. Мөн Тусгаар тогтнолын ойн хүндэтгэлийн чуулганд Ерөнхий­лөгчийн хэлсэн үг бол  дан Засгийн газар, тэргүүнд нь хэлсэн үг биш. Нэг хөллөгөөний морьд нэгнээ цавчдаггүй. Төртэй хавсайдсан бизнесийнхний да­рамтаас салах нь МАН, АН, ерөөс нам бүрт, хэнд ч өгч  буй хатуу сануулга гэж ойлгож байна. Олонд их хүрсэн дээ. АН-ын ҮЗХ-ны хуралдааныг хөндлөн­гөөс ажигла­хад ч бизнесийн том бүлэг нэгдлүү­дийн эрх ашиг л улс төрийг улс төр биш болгож байгаа нь тод байна.

Монгол Улсын хөгжлийн гарц тэгвэл  юу вэтаны бодлоор… Уг нь ийм асуулт тавихаар бодоогүй юм л дааГэхдээ таны хариул­тын дараа ингээд асуучихмаар санагдлаа

-Муу хүн сонжооч гэгчээр, яри­хын тулд яригсад олширсон нь төрийг сайжруулах биш харин ч догшруулаад байна уу даа. Шахаа дарамтны аргаар хождог нийгмийн давхарга, сул иргэд бий бол­чих­жээ. Энд би хаврын синдромтнууд, элдэв ТББ, тул хамгаалах нэрээр Бороо гоулдаас гэсэн байх аа,12О мянган доллар ч бил үү аваад тэр ажлынхаа гадуур бас улс төр яриад явдаг их завтай  эдийн засагч З.Дашзэвэг гуай энэ тэрийг огт хэлсэнгүй. Нүүрэн дээр гарсан батга шиг яршигтай, мөнхөд да­рамталж байдаг нэг газар бол МҮЭ боллоо. Мөн чанар нь тийм гэдгийг ойлгож хүндэтгэж байна, цалин нэмэхийг нэх ээ, нэх. Харин  монгол хүнийг ажиллуулдаг, чадваржуул­даг, хариуцлага тооцдог газар байна уу?  Ажил олгогч нар айдас­тай байдаг болсон, би  ч ийм айдсыг мэднэ. Ажлаа оронцоглоод цалин­гаа бүтнээр нь хүртээд явдаг, бэлэнчилдэг, социализмын үеийн сэтгэлгээтэй улсын арми гадаа ярайтал жагсаж байгаа нь НХХЯ гэдэг зохиомол нүсэр бүтэц угаасаа  зах зээлийн нийгэмд илүүцийг харуулж байна. МАН ч гэсэн, АН ч гэсэн, халамжийн мөнгө түгээхийг хавтгайруулснаар шударга хөдөл­мөрийн үнэ цэнэ уначихлаа. Олон хүүхэдтэй эх, өнчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусдад нь халамж бүү өгөөч ээ.

Халамжаар амьдардаг хү­мүүс манайд цөөнгүй бийТөрөөс өгөх хэдэн цаас амьжиргаа нь болдог хүмүүст таны энэ яриа таалагдахгүй байх даа?

-Ядуу дордос, ажилчин хүнийг хар багаасаа өрөвдөх өмөөрөх үзэл суртлаар хүмүүжсэн ч одоо бодлоо өөрчилсөн. Би нэг хэсэг өөрт огт хамаагүй хүмүүсийн амьдралд оролцож, чадлаараа тусалж, дүрдээ баахан итгэж, сүүл­дээ гутарсан. Гэлээ гээд хүнд тус­лахаа больчихоогүй л дээ. Заяа заяандаа төрдөг улсыг бурхнаас илүү гарч мэднэ гэж байхгүй. Нэг ядарсан айлд ганц шүдлэн хонины мах өгье гэж бодоход ганц л орой бүхлээр нь чанаад идчихээс биш, долоо хоногтоо хүргэе гэхгүй. Энэ яльгүйхэн жишээ ч  Засгийн газрын  халамжийн бодлогын буруу гэдгийг илчлээд байгаа юм. “Адмирал” гэж нэг гоё кино гарсан юм аа. Боль­шевикуудын тухай. Өөрсдөө хэзээ ч бүтээж чадахгүй юмыг хядаж устгаж байсныг нь харахад одоо­гийн балар харанхуй массын дүр төрх санагдсан. Дээд боловсролгүй ч бай, Монголд эрүүл зөв сэтгэ­хүйтэй, ажил хийвэл ам тосдоно гэж хичээдэг улс л хэрэгтэй болохоос  мянган долларын цалин авах, эрдэнийн хувь хишиг хүртдэг байх энэ тэр бол хөгжлийн зөв хандлага биш ээ.

Одоо сонгууль ч эхэлчихлээ дээ гэж хэн хүнгүй ярьж байнаСонгуулийн тухай хуулиар зохи­цуу­лалт хийх гэж оролдсон ч баахан амлалт ил далд  явах байх даа?

-МАН өөр дотроо учраа олж, заримдаа буулт хийж сурч, сонгуу­лийн луйвар гээчээс хол байвал дийлдэхгүй нам л даа. (инээв) Сүүлийн олоон жилд улс төрийн ховоор амьдрахаас өөр авьяасгүй нэг хэсэг улс шигдчихээд баллаад байсан юм. Нутгархагчид, олигар­хиуд, дүрэмдэхээс цаашгүй, тархи зүрх хоосон хэнхэгчүүл гээд юм юмтай байснаа одоо арай дээрд­сээн. Гэхдээ л тэдний заримынх нь үр сад болох мөрөн дээрээ буусан хялгасыг үлээсэн цагаан гартан, алтны уурхайн магнат банди нар том, том портфель бариад дарга нар луу мессеждээд л явж байгаа. Муу улсын балаг яасан ч дуус­даггүй юм бэ.

Энхбаярыгаа “өхөөрдсөөр” байгаад өсгөчихлөө. Анхнаасаа тоохгүй байх ёстой байсан юм. Одоогийн удирдлага, дээд дунд албан тушаалтнууд дунд түрийв­чээрээ холбогдсон, одоо хүртэл нэрнээс нь айж бэмбэгнэж явдаг цөөнгүй улс бий. Тийм л  болохоор авлига, хууль бус үйлд­лүүд ил гарсан ч удалгүй замхраад байна. Эднээсээ зоригтой салчих­вал МАН  гүйцэгдэхгүй ээ.

АН гадаадын хөгжлийн загва­рыг манайдаа шууд наачих гэдэг нийтлэг алдаатай л болохоос өсч өөдөлж яваа хөгжингүй нам. Хоёр­дугаарт, энэ намуудын аль алинд нь байх албан тушаалаас албан тушаалд сууж байсан хүмүүсээс Монгол Улсын хөгжил ингэтлээ удааширсны ялыг асуух цаг бол­жээ. Оронд нь ид хийж бүтээж яваа улсыг нэр дэвшүүлээсэй, жишээл­бэл БЗД-ийн дарга Ч.Батзориг байна. У.Хүрэлсүх түүний үеийнхэн ачаа даадаг, ажиллаж сурч байгаа нь сүндэрлүүлсэн Тусгаар тогтно­лын ордон шиг нь бодитой, юмлаг юм болж харагдаж чадаж байна. МАН-ын гол ололт нь алдаагаа харах, засах замдаа шулуудсанд байгаа, ингэхгүй нэг хэсэг “зөрүүд­лээ” биз дээ. (инээв) МАН-ын тө­дийгүй АН-ын дол цохисон архаг гишүүд, тэр дундаа архи тамхины, хүмүүнлэг бус, бизне­сээр хөлжиг­чид, цаашлаад уул уурхайн лицен­зүүд өвөртлөөд орж ирж байгаа нэр дэвшигчдийг ха­жиглах, сэжиг­лэх эрх сонгогчдод бий шүү. Х.Баттулга сайдын өргөн бариад дэмжигдээгүй хуулийн төсөл нэр томьёолол, найруулгын хувьд олзлогдохоор алдаатай байсан ч, маш зөв зүйтэй санал. Үндсэн хуулин дахь эрхийг нь хөндөлгүй, тухайн бизнес эрхлэгч гишүүдийг тухайн салбарын хууль, нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын төсөв, тендерийг УИХ-аар хэлэл­цэхэд эрхийг нь хязгаарлах, тэр бүү хэл огт оролцуулахгүй байх зэргээр  эхний ээлжинд зохицуулах ёстой юм биш үү. Ард түмэн цаагуураа их дэмжсэн санал даа. Иймэрхүү өөрчлөлт парламентыг эрүүл­жүүлж, цаашдаа ийшээгээ орохсон гэх улсын хорхой дарагдана. Сон­гууль ч арай шударга болно. Энэ сонгуулиар арай амжихгүй, тул­гамдана.

Та МАНын дэргэдэх эмэг­тэй­чүүлийн байгууллагын Удир­дах зөвлөлд багтдаг хүнЭмэг­тэйчүүд энэ сонгуульд хүчтэй­хэн үзэх бодолтой байх шигта яах вэ?

-Ярих гэж бурдаг, явах гэж нурдаг, сэтгэх гэж гүтгэдэг, сэлэх гэж живдэг насандаа тулчихаагүй дээ­рээ тийм юм боддог л юм. Гэхдээ энэ удаа биш ээ. Төрийн их өндөр баганын дэргэд би нуруугаар ямар­хан  амьтан бэ гэж өөрийгөө басч, хувьдаа ч их бэлдэж орох ёстой байдаг байх аа. Улс төр бол хүн өөрөө юм гэх ухааны юм ярьдаг даа. Ухаандаа, тохитой төвшин хүн гайт долдугаар сарын нэгэнд тө­рийн тэргүүний сэнтийд заларч байсан бол саарал ордон цагдаа нарыг зэвсэглэж ээж аав, ахан дүүс рүү нь буудуулах уу. Үгүй ш дээ. Жишээ нь Миеэгомбын Энхболд тэр үед Ерөнхийлөгч  байсан бол эргэлзэж, нүдээ эргэлдүүлээд дот­роо банжаад сууж байтал нь нө­гөө­дүүл тараад явчих хэмжээний хүлээцтэй, суурьтай хүн. Яаран мэс барьдаг, хүч түрэмгийлдэг харчуу­лаас төр маань хөндий байж, эртнээс нааш цэрэг цуух, суутай жанжиддаа  ч хэтэрсэн их мэдэл өгч байгаагүй. Эхнэрээ үсдэж зоддог гишүүн манайд нэг бус байгаа хойно юуны чинь жендер ярих. Тийм балиар юмнууд эхлээд  эр хүн болж, дараа нь төр улсын хэрэгт ор. Шуналаа дарж сураагүй нь ша­хааны бизнес цэцэглүүлдэг, энгийн албан хаагчдыг намаар ялгадаг зэргийг би хувь хувьсгалын олон жишээгээр баримттай нь но­толно. Манай гэр бүл ил ч, далд ч зөв ява­хыг хичээж, түмний даал­гасан аж­лыг аваад явах хэмжээний улс гэд­гээ бардам мэдэхтэйгээ бо­ло­хоор миний бүхэн рүү хулгайч гэт­вэл эм бар шиг үзэлцэнэ. Заавал ги­шүүн байх ч албагүй. Миний үг үйлдэл зөрөхгүйг түмнээрээ мэднэ ээ.

Хоёулаа баахан улс төр ярь­лааОдоо жаахан гэгээн зүйл ярьяТаны удирддаг Хүүхэл­дэйн театрын тухай ч юм уу?

-Манай театрыг асуудаг чинь сайн боллоо. Хамт олон минь ажлын ачаалалтай, ихийг бүтээсэн он гарлаа. Олон уран бүтээл тавьж, багцаагаар наймаас есөн мянган хүүхэд, мөн тийм тооны  эцэг эх манайхаар ороод гарсан байна. Таван аймагт аялан тоглолт хий­лээ. Бид олон сая төгрөгөөр ор­логын төсвөө гурав дахь жилдээ давуулан биелүүллээ. Бид хийх ёстой юмаа л хийж байна. Яамнаас овоо доо гэж баярын бичиг шидээд байхгүй ч  цаагуураа дэмждэг  ээ. Бас нэг баяртай мэдээ гэвэл Хүү­хэлдэйн театрыг шинэ ордонтой болгохоор Засгийн газрын 2О12 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд оруулсан. Одоогоор газ­раа олоогүй л байна.

Ирэх жил Данзанравжаагийн “Цаасан шувууны үлгэр” сургаалт найргийг сүүдэрт жүжгийн төрөл зүйлээр найруулан тавихад зо­риулж Соёл урлагийн сан 2О ша­хам сая төгрөг өглөө.

Оны өмнө хэсэг найрагч АНУд очижтэнд суугаа монгол­чуудтайгаа уулзан шүлэг найр­гаа уншаад ирсэн гэж дуулсанТа явсан газрынхаа сониноос дуулгаач?

-АНУ-ын Денверт “Тулга” клу­бийнхэн гэж романтик, бас нутгаа санаж гүйцсэн хэсэг амьтад байна. Зу­раачид, жүжигчид, банкирууд, ба­рилгынхан, багш, эмч гээд мэргэ­жил мэргэжлийн улс, тэр дундаа есөн гэр бүл “Тулга” клубийг анх байгуулсан юм байна.Тэд гэр ба­рьж, цагаан сар, наадмаа ёс төртэй хийж, хотынхоо цэцэрлэгт найман метр өндөр мөнгөн тулга босгосон байхыг үзлээ. Тэд ердөө эх орон гэж байдгийг үр хүүхдэдээ мартуул­чихгүйн тулд ингэж байгааг нь сонсоод нулимс гарч байлаа. Хү­ний эх орон, нутаг яасан ч хүчтэй юм. Манайхан цөм сайн явна лээ. Нэлээд нь хувийн хаус энэ тэртэй болчихож. П.Бадарч гуай, Г.Мөнх­цэцэг бид гурав баахан амьтан инээлгэж уйлуулж, өөрсдөө ч хөөрч хөгжиж яваад ирсэн. Яруу найргийн уулзалт анх зохиогдсон болоод ч тэр үү, муж мужаас үзэгчид, тэнд суугаа  үгийн уран бүтээлчид маань цуглаж, танхимдаа багтаж ядан найман цаг шүлэг сонслоо. Бас тэднийхээ уран уншлагын тэм­цээнийг ч үзлээ. Дараа жил Чика­год хийнэ гэсэн. Сая Коло­радогийн монголчуудын холбоо ч биднийг урьж, бүгд л зүтгэсэн дээ.

Нээрээяруу найраг гэснээс өнөө жилийн “Болор цом“-ын эзнээр нэр нь таамагт ороогүй яруу найрагч түрүүлсэн. “Болор цом“-ын тухай сэтгэгдлээсээ хуваалцаач

-Овоо юм уншдаг байрын хүү түрүүлсэнд баяртай байгаа. Арын хангайн идээ цагаа шигээ танан сэтгэлт ард олны буянд “Болор цом” маань сайхан боллоо. Бид саяхан л өөрсдийгөө годгоносон охид,шоволзсон хөвгүүд гэж бодож явжээ. Найргийн ачаа тэн бидний нуруун дээр ирснийг, энэ хэдэн хөгшдөө амьдрал, аяны алтан замд зутраалгүй авч явах энэ тэрийг бүгдэд бодуулах шиг болсон. Энэ муу хэд маань Монголд дахин төрөх юм биш.

Утга зохиолын ахас ихэс нэг нэгээрээ одоод л байх юмСая­хан л гэхэд яруу найрагч Цэн­дийн Чимэддорж хорвоогоос халилааГэнэт л явсан дуул­дах юм?

-Манай муу Чимээ ах 55-тайдаа зүрхний шигдээсээр өөд боллоо. Гурван жилийн өмнө хань нь унаад, нэг л бүүдгэр гундуу яваад байсан даа. Энэ үеэс эцсийг нь хүртэл ажилтнаа, найрагчаа яаж ийгээд хадгалж авч явсан Мон­голын Радио гэдэг их айлд, тэнд­хийн уран бүтээлчид, дарга нар, үүдний харуул, дэргэд нь хоноглож ч явсан байж мэдэх модон ширээнд нь хүртэл найрагчдынхаа өмнөөс  гүнээ хүндэтгэлтэйгээр толгой мэхийе. Найрагчийг ойлгох буян заяа хүн бүрт байдаггүй билээ. Эцэг хорвоогийн гунигийг өвлөөгүй гурван хүүхэд нь мэлтийтэл хараад хоцорлоо. Нутгийн хүний гар сун­гасан Мон-Ураны Наранхүү овоо эр хүн юм. Хотын баруун зүүнд буяны газрын ханш гаарсан байдаг юм байна. Доод ханш дөрвөн сая болохоор нэрэлхээд л аргалдаг байх даа, хүмүүс.

Ийм газраа төр биш гэхэд, хот мэдэлдээ авмаар юм. Анд найз П.Адарсүрэнгээсээ хойш хиймо­рийн туг нь гудайж, амраг ханиасаа хойш дэлхий тамгалахад бэрх явсан алдарт “Дэрэнгийн хар азар­га”одоо л нэг амарч, Шүлэг ууланд шингэв ээ. /санаа алдав/

Таны “Зүлгэн дээр гэрээн бариад зүгээр л нэг амьдрахсан” гэдэг ишлэлийг олон хүн ярилц­лага энэ тэрдээ хэлсэн харагд­даг юм. “Зүгээр л нэг амьд­рахсан” ном тань гурав дахиа хэвлэгдчихэв үү дээ?

– “Соёмбо” хэвлэлийнхэн ивээж, хатуу хавтастайгаар анх удаа гар­га­лаа. Шилмэл шүлгийн түүвэр маань удалгүй гарна. “Ногоон асрын зүүдэн билгийн дэвтэр”-ийн шилбэ товчийг хадаж арай амжаа­гүй байна. Харин сайхан ном олж уншиж байна. Я.Ганбаатар эрх­мийн эмхэлсэн “Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомлыг” хавар уншаад, агаар нь зунжин, намаржин салхи шиг дагалаа. Одоо Д.Цэнджавын “Цагаагчин гахай жил” түүхэн ро­ман дээр буусан, салдаггүй ээ. Үнэхээр том зохиолч юм даа.

Олон л сэдвээр баахан асуулт танд тавилааХарин сүүлчийн асуултыг таны мэдэлд үлдээе?

-Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд нь татах юмсан. Хүн бүр дор бүрнээ мэрийж, нэгэндээ зөөлөн хандаж, ёс төртэйгөө байж, үнэн байж гэмээнэ болохгүй бүтэхгүй зүйл алга л баймаар юм.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

One reply on “Цоодолын Хулан: Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд татахсан DNN.mn”

ИЙНХҮҮ УРАН САЙХНААР БҮЛТЭРЧ ӨӨРИЙГӨӨ ЯРУУ НАЙРГИЙН ОХИН ТЭНГЭРЭЭР ӨРГӨМЖЛӨН ТЭНГЭРИЙН АМЬТАН БОЛГОЧИХСОН ДҮҮХЭЛЗЭН ХЭЛЭЭ ХАЗАЛЖ ЯВСАН АВГАЙ ! ХЭДЭН НОГООНЫ ТӨЛӨӨ ХЯТАДЫН ТАГНУУЛЫН ГАР ХӨЛ БОЛЖ ДУУССАН ҮЛГЭР ОРШВОЙ !!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *