Categories
мэдээ цаг-үе

Ц.Батбаяр: Бяр орж, бэлтгэл жигдрээд ирэхээр бөхчүүд жижигхэн харагддаг гэж аав хэлж байсан

Цэвээнравдан том хүү, зээгийн хамт

Уйлган голоос төрсөн ууган аварга Ж.Цэвээнравдангийн том хүү гавьяат барилгачин Ц.Батбаяртай ярилцлаа.


-Аавын тань төрж өссөн нутаг, усны талаар ярилцлагаа эхэлье?

-Миний аав Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг Уйлган голын хөвөөнд 1918 онд харуул занги Жамсрангийн голомтод төрсөн. Аавыг бага байхад эцэг нь өнгөрч, ээж дүү хоёртойгоо өнчирч хоцорсон юм гэсэн. Өсвөр насандаа Даян дээрхийн хийдэд лам багшид шавилж түлээ усыг нь зөөж, тогоо шанагыг нь барьж өгч байж. Ингэж аж төрж байтал 1930 оны хэлмэгдүүлэлт эхлэх үед ээж, дүү хоёртойгоо мал маллаж байгаад цэргийн албанд татагдсан түүхтэй.

-Цэргийн албанд очоод барилдаж эхэлсэн үү. Улсын заан “цагдаа” Д.Содном гэж хүн сайн бөх болохыг нь таньж, бөхийн замд хөтөлсөн гэдэг юм билээ?

-Миний аав бөхийн спортоор хожуу хичээллэж эхэлсэн. Энэ нь ч амжилтад нь эергээр нөлөөлсөн юм болов уу гэж боддог юм. Бие хаа нь тэгширч, эр бяр нь жагссан хойноо барилдаж эхэлсэн байдаг. 1941 оны зун мал эмнэлгийн цэрэг байхдаа барилдах санаатай хотоор явж байгаад комендантын хоёр цэрэг таарч даргадаа аваачиж өгсөн гэсэн. Очоод барилдахаар яваагаа учирлатал “Оргож ирчихээд олигтойхон барилдаарай” гээд цэнгэлдэх рүү дагуулж явсан гэнэ лээ. Цэрэг хувцастайгаа ноцолдоод хоёр давахад нь нөгөө цэргийн дарга нь зодог шуудаг олж өгөөд барилдуулж байсан талаар аав сүүлд дурсаж ярьдаг байсан. Аав ч итгэлийг нь алдалгүй сайн барилдаж үзүүр булааж байсан гэсэн. Хожим нь нөгөө даргатайгаа танилцахад 1931 оны улсын наадамд долоо давж улсын заан цол хүртсэн Долгорын Содном гэж бөх болж таарсан. Чөлөөний хуудасгүй явж байсан цэргийг шууд хорьчихолгүй барилдуулсан нь ирээдүйд сайн барилдахыг нь олж харсантай холбоотой гэж Д.Содном заан сүүлд хэлж байсан.

-Таны аав 1943 оны наадмаар заан болж байсан шүү дээ. Энэ наадмын талаар аав тань юу хуучилж байв?

-1941, 1942 оны наадмуудад аав барилдаж доогуур даваанд унасан нь их сургамж болсныг нь сонссон. Бөх хүнд зөвхөн бяр биш мэх, арга ухаан хэрэгтэйг ойлгосон юм билээ. Аав минь 1943 оны наадамд долоо давж заан болоод Архангайн “суудаг” Содов арсланд өвдөг шороодсон. Тус наадамд түрүүлэх боломжоо алдсан гэж ярьдаг байсан. Тэр жил түрүүлэх өрсөлдөөнд байсан дархан аварга Б.Түвдэндорж тавын даваанд уначихсан юм билээ. 1943 оны наадмын түрүү үзүүрт үлдсэн “суудаг” Содов, “аат” Лувсанжамц нарыг аав хаяж сурсан байсан юм билээ. “Цол авч сэтгэл хөөрөхөөр барилдаандаа төвлөрч чадахгүй байсан” гэж аав хуучилж байсан.

Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор Б.Түвдэндорж аваргыг давж түрүүлж буй нь

-1945 оны улсын их баяр наадамд Б.Түвдэндорж аваргатай үлдэн үзүүрлэж Монгол Улсын арслан цол хүртэж байсан. Энэ талаар нь ярихгүй юу?

-Ардын хувьсгалын 24 жилийн ойгоор найм даван үзүүрлэж “Улам нэмэх арслан” цол хүртэж байсан гэсэн. Аавыг маань энэ үеэс л бөх сонирхогчид наадмын түрүү бөхийн тааварт оруулж эхэлсэн юм билээ. Гэсэн ч түрүүлж өгөхгүй явсаар 1951 онтой золгосон байдаг.

-Ж.Цэвээнравдан аваргыг 1947 оны наадмын түрүү бөхөөр нэрлэж байсан ч санасандаа хүртэл барилдаж чадаагүй унасан гэдэг?

-Тэр оны наадмаар дархан аварга Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир нар монгол бөхөө сурталчилахаар Чехийн Прага явчихсан байсан болохоор “Энэ зуны наадам Цэвээнравдан арслангийнх болно” гэж олон хүн ярьж байсныг ахмадууд дурсдаг. Аав долоо давж их шөвөгт үлдээд Хязгаарын газрын залуу бөх Ш.Батсуурийг амлаж барилдаад доогуураа гүйлгээд уначихсан гэсэн. Ш.Батсуурь гуай ч тэр жил од нь гүйж анхныхаа түрүүг авч байсан түүхтэй. Наадмын дараа Б.Түвдэндорж, Б.Чимэд-Очир аваргууд ирээд Налайхын наадмаар “Эзгүйд түрүүлсэн арслангийн бярыг шалгана” гээд Ш.Батсуурь арсланг амлаж барилдаад хоёулаа унаж байсан гэсэн. Үүнээс үзэхэд Ш.Батсуурь ямар хэмжээний бөх байсныг илтгэж байгаа юм л даа.

-Аварга цол хүртэж байсан наадмынхаа талаар аав тань юу гэж хуучилж байв. Хүнд бэртэлтэй барилдаж түрүүлсэн талаар ном зохиолд тэмдэглэсэн байдаг?

-Аав 1951 оны хавар циркийн үзүүлбэрийн дундуур явагддаг барилдаануудад тогтмол зодоглож байсан нь сайн бэлтгэл болсон талаар сүүлд надад хэлж байсан. Тэр жил наадмын өмнө долдугаар сарын 9-нд голын цэнгэлдэхэд зодоглож Нисэхийн “тавхай” Лувсан заантай барилдахдаа бугуйгаараа дарж унаад мулталчихсан гэсэн. Тухайн үед эмнэлэг байсан биш, ямааны халуун арьсаар боож, хар цайгаар шавшиж байгаад л барилдсан юм билээ. Бүртгүүлэхэд нь баяр наадмын бөхийн комиссын дарга Баяр “Ийм гартай яаж барилдах юм. Бэртлээ сэдрээчихвэл цаашдаа барилдаж чадахгүй. Залуу хүн олон наадамд барилдана. Энэ жилдээ өнж” гэхэд нь аав “Энэ жил миний бэлтгэл сайн байгаа, заавал барилдана” гэж зөрүүдлээд гарсан гэсэн. Баруун гар нь атгаж ч чадахгүй байсан болохоор зүүн гараараа л барилдаж долоо давсан талаараа ярьж байсан. Аав хожим нас өндөр болсон хойноо “Бэлтгэл ханаад бяр ороод ирэхээр бөхчүүд жижигхэн харагддаг” гэж ярихыг сонссон.

-Их шөвөгт үлдээд Ш.Батсуурь аваргатай барилдсан барилдааных нь талаар ярихгүй юу. Өмнөх улсын наадмаар гурван ч удаа Ш.Батсуурь аваргад өвдөг шороодоод байсан шүү дээ?

-Ш.Батсуурь их ширүүн барилдсан гэж ахмад бөхчүүд хуучилдаг. Аварга зайлж гуядахад аав бэртэлтэй гараараа суйлж салтаадаж өргөөд тавьчихсан юм билээ. Хоёр гартай байхдаа гурван жил даваагүй бөхөө ганц гараараа барьж хаячихаад бяр нь улам нэмэгдэх шиг болсон гэж сүүлд хэлж байсан. Арвын даваанд аваргын тохойн дороос алгадаад ганхасхийхэд нь харцагадаж дайрч ард нь гарч давж байгаа зураг нь одоо хананд өлгөөтэй байгаа.

Ж.Цэвээнравдан аварга гэргийн хамт

-Ж.Цэвээнравдан аварга гол төлөв ямар мэх хийж барилддаг байсан бэ?

-Гар урттай хүн байсан болохоор суйлах, халбагадах, харцагадаж дайрах, тонгорох мэх хийдэг байсан. Аварга, арслан цол хүртэхдээ гол төлөв суйлах, тонгорох мэх хийсэн гэж ахмад үеийн бөх сонирхогчид ярихыг нь олон удаа сонссон.

-Аварга тийм удаан барилдаагүй нь бэртэл гэмтэлтэй холбоотой юу?

-Түрүүлснийхээ дараа аав бэртэл, гэмтлээ илааршуулах гээд халуун рашаанд орсон юм билээ. Энэ нь сөргөөр нөлөөлж эрт барилдахаа больсон гэж манайхаар ирсэн ахмадууд хэлж байхыг нь сонссон. Аав түрүүлснийхээ дараа нь нутгаасаа хоёр залууг дэмжиж улсын цолны босго алхуулсан гэсэн.

-Зан чанарын хувьд ямар хүн байв?

-Дэндүү даруухан хүн байсан. Настай болсон хойно нь “Хамт наадмын талбай оръё” гэхэд “Би ийм муухай болчихоод, муухайгаа хүнд харуулах юм уу” гэж хэлж байсан. Их гэр амьтай хүн байсан даа. Найрсаг, нөхөрсөг хэрнээ шооч зантай. Аавын ёжилж хэлсэн үгнээс хүн буруугаа ухаардаг. Хатуу ч, үнэн үгтэй хүн байсан даа.

-Танайхаар бөхчүүд их ирнэ биз?

-Улсын арслан Ц.Бадам-сэрээжид, “хужаа” Ө.Чүлтэмсүрэн гээд арслангууд ирж даалуу тоглодог байсан. Ш.Батсуурь аварга ирж аавтай хууч хөөрнө. Нэг өдөр Ш.Батсуурь аварга манайд ирээд “ Нэгэн цагт наадмын дэвжээнд өрсөлдөж явсан Б.Түвдэндорж, Чимэд-Очир хоёртойгоо тухтай ярьж сууж ч амжилгүй алдчихлаа. Одоо хоёулаа холбоотой байя” гэж хэлж байж билээ. Хааяа дархан аварга Д.Дамдин орж ирнэ. Ирэхээр нь аав ээжид “Эхнээр, ангийн чинь хүүхэд ирлээ. Цай хийж өг” гээд хэлнэ. Ээж Д.Дамдин аваргатай Цагаан-Үүрт нэг ангид сурч байсан юм билээ.

-Та аавынхаа ямар чанарыг биширч байсан бэ?

-Аавынхаа оюун ухааныг биширдэг байсан даа. Ердөө гуравдугаар ангийн боловсролтой хүн гэхэд л том Сангийн аж ахуйн ерөнхий нягтлан, Хөдөө аж ахуйн, материал техникийн хангамжийн баазын дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Дээрээс нь хүүхдүүддээ их халамжтай. Өглөө эрт босоход амттай хоол, цай бэлдчихсэн сууж байдаг сан.

-Та аавтайгаа нутаг руугаа очиж байв уу?

-Хамт очиж амжаагүй шүү. Сүүлд нас өндөр болсон хойноо нутаг руугаа очих хүсэл байсан болов уу гэж одоо боддог юм. Бид ч ажил албатай байсан болохоор хэлж ярьдаггүй байсан байх. Тэр үед ч өнөөдрийнх шиг унаа тэрэг элбэг байсангүй л дээ.

-Аварга хүүхдүүдээ бөх болгоно гэж хэлж байв уу?

-Аав маань хүүхдүүдээ заавал бөх болгоно гэж шахаж байгаагүй ээ. Нас, бие гүйцэхээрээ барилдах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Намайг 24-тэй байхад “За, хүү минь бие нь сайхан хөгжөөд одоо л барилдвал зүгээр” гэж хэлсэн л дээ. Би тэр үед бөх гэхээс илүү волейболын спортод сонирхолтой байсан. Одоогоор аавыг залгаад барилдах бөх манайхнаас хараахан гараагүй л байна. Хэдэн зээ нараа л барилдах болов уу гэж харах юм даа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *