АНУ-ын ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Дональд Трамп бэлтгэл дэслэгч генерал, 80 настай Кейт Келлогыг Украин, ОХУ-ын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилж буйгаа зарлаж, “Келлог Украины дайныг хүчээр зогсоох болно” гэж мэдэгдэв. Украинд зэвсэг өгөхгүй гэж байсан Трамп АНУ-ын гадаад асуудлыг шийдэх гол гурван албан тушаалд “харцага”-уудыг тавьж, дайныг хүчээр зогсоох гэж байгаа нь тодорхой болов.Мөн саяхан Сенатын танхимын тэргүүнд Трампыг дэмжиж, Украинд зэвсэг нийлүүлэхийг эсэргүүцдэг хоёр, Украиныг дэмжигч нэг нэр дэвшигч өрсөлдөж, Украиныг дэмжигч нь нөгөө хоёроосоо тасархай олон санал авч дарга болов.Харин Трамп энэ талаар ганц үг ган хийсэнгүй.Удахгүй Төлөөлөгчдийн танхимд Рейганчууд гэгддэг Украиныг дэмжигчдээс тэргүүн болох магадлал маш өндөр байна.Харин дайныг хүчээр зогсоох гэдэгт нефтийн үнийг унагаж, Оросын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, хөлсний цэргээс бүтэж буй Оросын армийг бутлах асуудал ч багтана. Мөн “Их 7”-ын Гадаад хэргийн сайд нар “Оросыг дунд тусгалын баллистик пуужин ашигласан явдлыг хатуу зэмлэн буруушааж, энэ нь бодлогогүй, хурцадмал байдал бий болгох гэсэн оролдлогын нотолгоо гэж үзэн, Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрх, тусгаар тогтнолыг дэмжих явдал гуйвшгүй байх болно гэдгийг онцлон дурдсан хамтарсан мэдэгдэл гаргав. ОХУ-ын ерөнхийлөгчийн пуужингийн сүрдүүлэгт эдгээр улсын төрийн тэргүүнүүд бус сайд нар, бүр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч хариу мэдэгдэл хийж байгаа нь барууны улсуудад Путины байр суурь хаана очсоныг дипломат аргаар ойлгуулж байгаа хэрэг билээ.
Өнгөрсөн сарын 17-нд Балтийн тэнгист Литва, Швед хоёрыг холбосон усан доорх холбооны кабель гэмтсэн. Маргааш нь Финланд, Германыг холбосон кабель тасарсан. Иймээс Балтийн болон Хойд Европын орнууд, түүнчлэн Польш улс Шведийн Харпсун хотод хуралдаж “Орос болон түүний холбоотнуудын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэх болно” гэж мэдэгдэн, Польшийн ерөнхий сайд Дональд Тускийн санаачлагаар “Балтийн тэнгист Оросын эсрэг тусгай цагдаагийн алба” байгуулах асуудлыг авч хэлэлцэхээр болов. Гүржид гурав дахь хоногтоо сонгуулийн луйвраар үлдсэн, Оросын талыг баримтлагч засгийн эсрэг иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөв.Абхазын иргэд Туркийн дэмжлэгээр эсэргүүцлийн жагсаал хийж, Оросын хөрөнгө оруулалтын гэрээг батлуулахгүй үлдээж, оронд нь Оросын тавиул ерөнхийлөгчөө огцруулав.Киприйн эрх баригчид өөрийн улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд “алтан” паспорт авсан орос иргэдийн иргэний харьяаллыг цуцлав. Тэдний нэрсийн жагсаалтыг Киприйн “Политис” сонинд нийтэлсэн бөгөөд Оросын “Русал” компанийн үүсгэн байгуулагч Олег Дерипаска, “Альфа” группын хувьцаа эзэмшигч Алексей Кузьмичев, “Сафмар” группын үүсгэн байгуулагч Михаил Гуцериев, мөн Пробизнесбанкны эзэн асан Александр Железняк нар Киприйн иргэншлээ алдав. Энэхүү жагсаалтад Форбес сэтгүүлийн 2024 оны тэрбумтнуудын жагсаалтад багтсан Оросын долоон бизнесмен багтсаныг тус агентлаг мэдээлжээ.
Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Европын комиссын шинэ бүрэлдэхүүнийг Европын парламентаар батлуулав.Шинэчлэгдсэн Европын Комисс энэ сараас албан ёсоор ажлаа эхлэв. Нийт 26 Европын комиссар батлагдсан бөгөөд Оросын эсрэг хатуу бодлого баримталдаг Эстонийн ерөнхий сайд асан Кажа Каллас Жозеп Боррелийн оронд Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгчөөр ажиллахаар болов. Германы Холбооны тагнуулын алба (BND)-ны тэргүүн Бруно Кал “Орос улс 2030 он гэхэд барууны орнуудтай дайтахад бэлэн болно.Оросууд НАТО-тай шууд тулалдахын урьдчилгаа болгож Норвегийн Шпицберген рүү, эсвэл Оросуудыг хавчиж байна гэх шалтгаанаар Балтийн аль нэг улсад довтолж, НАТО-гийн дүрмийн тавдугаар зүйл хэрхэн биелэгдэхийг шалгах магадлал өндөр байна. Иймээс НАТО Оросын энэхүү халдлагаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна” гэж мэдэгдэв. Европарламент Европын Холбооны гишүүд болон НАТО-гийн холбоотон улсууд Украиныг цэрэг зэвсгийн хувьд дэмжиж, жил бүр ДНБ-ийхээ 0.25 хувиас доошгүй хувийг энэ зорилгоор хуваарилах үүрэг амлалт өгөх ёстой гэсэн заалт бүхий “Европын Холбоо болон түүний холбоотон орнуудаас Украинд яаралтай хэрэгцээтэй байгаа нисэх онгоц, алсын тусгалын пуужин, тэр дундаа TAURUS пуужин, орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах систем, түүнчлэн амласан техник хэрэгслийг нийлүүлэх ажлыг хурдасгах тухай” тусгай тогтоол батлав. Мөн уг тогтоолд металлург, цөмийн, хими, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг Оросын эдийн засгийн онцгой ач холбогдолтой салбаруудад ОХУ-ын эсрэг нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авах ёстой. Үүнээс гадна хөнгөн цагаан, ган бүтээгдэхүүн, уран, титан, никель зэрэг Оросын түүхий эдийг импортлоход хязгаарлалт тавьж, Оросын чулуужсан түлш, шингэрүүлсэн байгалийн хийн импортыг Европын Холбоонд бүрэн хориглохыг санал болгож, Оросоос нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний үнийн “таазыг” G7-ийн түншүүдтэй уялдуулан бууруулах ёстой” гэж заагаад, Украины “Энх тайвны томьёолол”, Владимир Зеленскийн “Ялалтын төлөвлөгөө”-нд тулгуурлан Украины ирээдүйн найдвартай аюулгүй байдлын баталгааг бий болгох ёстойг онцолж, Германы канцлер Олаф Шольц саяхан Путинтэй утсаар ярьсанд харамсаж байна” гэж тэмдэглэжээ. Мөн Орос Украинд шинэ баллистик пуужин туршсан, Москва Пхеньянд цэргээ дайнд нэмж оруулахыг уриалж байгааг Европын парламент буруушаагаад “Оросоос ирэх цөмийн аюул заналхийлэл нь Европын Холбоог Украинд тусламж үзүүлэхэд саад болохгүй” гэж заажээ. Европын парламентын энэхүү тогтоол нь Дональд Трамп, Владимир Путин хоёрт өгч буй “Бид цэрэг, эдийн засгийн алинаар нь ч Путины дэглэмийг унагах чадвартай” гэсэн мессэж болов.
Израиль болон Леваны Хезболла бүлэглэлийн хооронд “Хезболлаг дахин зэвсэглэсэн тохиолдолд Израилийн арми шууд цохилт өгнө” гэсэн гол нөхцөлтэй, дайн зогсоох энхийн гэрээ байгуулж, Израилийн цэрэг 60 хоногт Ливанаас гарахаар болов. Энэ нь энэ хоёр сарын хугацаанд Израилийн арми Хезболла бүлэглэлийн зэвсгийг бүрэн хурааж дуусна гэсэн үг юм. Зэвсэггүй бол Хезболла бүлэглэл байсан, байгаагүйн ялгаа юу байх билээ. Израилийн газар нутгийг олон пуужингаар харвасан ч Хезболла Израильд өчүүхэн ч хохирол учруулаагүй. Энэ нь Ливан дахь дэмжигчдийнхээ нүдэн дээр итгэл үнэмшлийг нь алдсан гэсэн үг. Учир нь Хезболла бол зүгээр нэг дайнч бүлэглэл биш, Ливаны нийгэм, улс төрийн амьдралд идэвхитэй оролцогч бөгөөд 2005 оноос хойш тус улсын засгийн газрын бүрэлдэхүүнд багтсаар ирсэн. Одоо Хезболла Ливаны парламентад 15 суудалтай. 2022 он хүртэл бусад радикал намуудтай эвсэж, парламентад олонх болсон ч улс орныхоо эдийн засгийг гүн хямралд оруулсан юм. Үнэндээ Ираны дэглэм Хезболлагаар дамжуулан Ливаныг гартаа оруулаад байсан билээ. Иймээс Ливаны доторх Хезболлагийн эсрэг дургүйцэл янз бүрийн түвшинд нэмэгдэж ирсэн. Ливаны улс төрийн сөрөг хүчин Хезболлаг Ливаныг барьцаалсан террорист байгууллага хэмээн ил тодоор зарлаж, санал асуулгаар хүн ам нь уг бүлэглэлийг авлига, энгийн иргэдийг айлган сүрдүүлсэн, тус улсад нүүрлэсэн эдийн засгийн гүн хямралд буруутгаж байгаа билээ.Энэ нь ливанчууд өөрсдөө Хезболла бүлэглэлийг устгах нөхцөл бүрдсэн гэсэн үг юм. Иймээс одоо израилчуудын хувьд Ираны өнөөгийн дэглэмийг солих л алхам үлдэв.Үүнийхээ дараа тэд 2015 оны гэрээгээ зөрчиж, дайсанд зэвсэг нийлүүлсэн хэргээр Москвагийн өнөөгийн дэглэмийг өөрчлөх гэж зүтгэх болно. Энэ зорилгоо ч тэд биелүүлж таарна.
Сирид хуримтлагдсан Иран болон Хезболла бүлэглэлийг Израилийн агаарын хүчин устгах явцад Башар Асадын цэргийн хүч ч ихээхэн суларсан.Иймээс Иран, Оросын цэргийн шууд тусламжаар Асадын цэргүүдэд ялагдаад байсан Сирийн босогчдын бүлэглэлүүд Туркийн дэмжлэгтэйгээр Америкийн хуягт тээвэр, их буу, Туркийн дроноор зэвсэглэн гэнэт довтлов. Оросууд агаараас босогчдод цохилт өгсөн ч амжилтгүй болж, Сирийн арми зугтаж, Аллеппо хотыг алдав. Иран нэг батальон буюу 500 орчим цэрэг илгээсэн ч босогчдод бут цохигдож, мөн орос цэргүүд ч алагдаж, олзлогдов. Үр дүнд нь босогчдын замаас оросууд өөрийн цэргийн нисэх буудлаа яаралтай нүүлгэн шилжүүлж, Башар Асад Москва руу зугтаж очив. Оросууд “Асадад 48 цагийн дотор цэрэг, зэвсгийн тусламж үзүүлнэ” гэж зарлав. Уг нь бодит пуужин, цэрэг зэвсэг байсан бол зарлахгүйгээр гүйцэтгэж, үр дүнг нь нийтэд харуулдаг учиртай юм. Харин Туркийн дэмжлэгтэй, сунитуудын энэ босогчид бол Хезболлагаас ялгаагүй террорист бүлэглэл билээ. Иймээс тэд Сирид байгаа Оросын цэргүүдээс гадна АНУ-ын цэргийн баазад ч аюул учруулах болно. Энэ нь Иран, Орос хоёрт Сирийн гэх дахин нэг фронт нэмэгдэж, АНУ болон Турк улс дайнд татагдан орж байна гэсэн үг. Оросын хувьд Сири нь Ойрхи Дорнодын зарим улсын нефтийг дэлхийд гаргахгүй байх “том хаалт”, өөрийн нефтийг зарж байх “том боломж” юм. Иймээс Путин энэ “хаалт”-аа алдвал олог улсад Катар, Эмиратын нефть цутган, нефтийн үнэ унаж, хөлсний цэргүүдтэй Оросын армийн хувьд сүйрэл болно гэсэн үг. Ерөөс энэ бүхэн оросууд өөрсдөө бий болгосон Палестины ХАМАС бүлэглэлийг ашиглаж эхлүүлсэн Ойрхи Дорнод дахь дайн нь Кремлийн ялагдлаар дуусах шатандаа орж, үзүүр нь Путины эсрэг эргэж байна гэсэн үг билээ. Өөрөөр хэлбэл, Путин өөрөө санаачлан Израиль, Өмнөд Солонгос, Япон гэсэн гурван хүчирхэг улсаар өөрийн дайсны хүчийг нэмэгдүүлж чадсан явдал болж таарав.
Эцэст нь, АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байден АНУ-ын Конгресст албан бичиг илгээж, Киевт шилжүүлэн өгөх Америкийн зэвсгийн нөөцийг нөхөхөд 16 тэрбум ам.доллар, мөн Украины аюулгүй байдалд туслах санаачилга (USAI) хөтөлбөрт нэмж найман тэрбум ам.доллар хуваарилахыг санал болгов. USAI хөтөлбөрийн хүрээнд Пентагон зэвсгийн нөөцөөсөө бусад улсад шууд нийлүүлэх бус, зэвсэг үйлдвэрлэгчидтэй орчин үеийн зэвсэг үйлдвэрлэж, тухайн улсад нийлүүлэх гэрээ байгуулдагаараа онцлог юм.Энэ асуудлыг Конгресс энэ сард хэлэлцэж шийдвэрлэнэ.Хэрэв үүнд Трамп саад болохгүй бол тэрээр Жо Байденд буюу Ардчилсан намд Оросыг буулган авах ялалт бэлэглэж, өөртөө буюу Бүгд Найрамдах намд Иран, Хятадын асуудлыг авч үлдсэн гэсэн үг болно. Украины ерөнхийлөгч “АНУ, Европын Холбооны дэмжлэгтэйгээр ирэх онд дайн дуусна” гэж мэдэгдэв. Энэ бүхэн Путины дэглэмийн дээр аажмаар хуримтлагдсан “Аянгын хар үүл” ниргэж эхлэх гэж байна гэсэн үг билээ.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА