Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

ТООНЫ МАШИНЫ түүх

Дорно зүгээс гаралтай сампин бол тооцоолуурын хамгийн түгээмэл дэлгэрсэн эртний хэрэгслийн нэг ажээ. Мөн Антикитерийн механизм гэх тооны машиныг дурсахгүй байхын аргагүй юм. Түүнийг Грекийн Антикитер арлын ойролцоо эртний Ромын живсэн хөлгөөс 1902 онд олж байжээ. Энэ механизм нь тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнийг тооцох үүрэгтэй ч хуваах, үржүүлэхийн хялбар үйлдлүүдийг хийдэг байсан гэнэ. Эрдэмтэд үүнийг энэ тооллын өмнөх хоёрдугаар зуунд бүтээгдсэн гэж тогтоогоод тооны машины өвөг гэж нэрлэсэн байна.

1643 онд Паскаль харахад авдар шиг хэлбэртэй, дотроо араанууд угсарсан тооцоолох хэрэгсэл бүтээсэн бол 1673 онд германы математикч “Годфрид Вильгелм Лейбниц” тооны машины өөрийн гэсэн хувилбарыг мөн л бүтээсэн байдаг ажээ. Тэр нь Паскалийнхтай адилхан араа шүд, дугуйнаас бүтсэн ч хөдөлдөг хэсэг нэмж өгсөн нь ирээдүйн ширээний тооны машины эх үүсвэрийг тавьсан гэхэд хилсдэхгүй юм байна.

1961 онд Английн “ANITA MK VIII” гэдэг тооны машин анх нийтийн хэрэглээнд гарсан бол 1964 онд Америкийн анхны зайгаар ажилладаг тооны машин өргөн хэрэглээнд нэвтэрсэн байна. Энэ тооны машины хөгжлөөс оросууд ч бас хоцроогүй юм. Тэд “Вега” гэдэг тооны машиныг 1964 онд гаргаж байсан юм. 1970 онд “Sharp”, “Canon” фирмүүд 800 грамм жинтэй, гарт багтах тооны машин хийсэн байна. Оросууд хөрөнгөтөн орноос хоцрохгүйн тулд адилхан 800 грамм жинтэй тооны машин бүтээсэн байдаг аж.

1971 онд “901B” загварын тооны машиныг “Bomwar” фирм бүтээсэн нь анхны халаасны тооны машин юм.

Түүний урт 131 см, өргөн 77 см, зузаан нь 37 мм байсан ба 240 долларын үнэтэй борлуулж байжээ. Харин одоо тооны машины хөгжил хурдасч олон брэнд өөрийн нэрийн тооны машиныг гаргасаар байгаа юм. Технологийн дэвшил өндөрсөж, тооны машины хэмжээ овор багасч, хавтасны хэмжээтэй ижил нимгэн хэлбэрээр ч үйлдвэрлэгдэж байгаа юм.

Бэлтгэсэн С.АРИУН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *