Categories
мэдээ цаг-үе

Том төслүүдээ хөдөлгөчихвөл эдийн засгаа өндийлгөх боломжтой

-“FITCH”: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ, ХҮЧИРХЭГЖИХИЙН ТУЛД ОЮУ ТОЛГОЙГООС ГАДНА ТАВАН ТОЛГОЙ ИХ ЧУХАЛ-

“Fitch” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “B-Тогтвортой” ангилалд хэвээр хадгалахаа хэдхэн өдрийн өмнө зарлалаа. Урьд нь шил дараалан унаж байсныг бодоход бас ч гэж таатай мэдээ. Зээлжих зэрэглэл хадгалагдаж үлдсэн хамгийн том шалтгаан нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон явдал. Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдсанаас гурван өдрийн дараа “Fitch” ийм мэдэгдэл хийсэн юм.

“Fitch”-ийн хэвлэлийн мэдээнд “Монголд хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан шийдвэр гарсан нь санхүүгийн эрсдлийг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлнө” гэсэн өгүүлбэр дурайж байна. Төсвийн үр ашигт байдал нэмэгдэж, төсвийн зорилтот түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаагаа ч онцолж. Өрийн тогтвортой байдлыг хангана, уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилтэд чухал нөлөөтэй гэсэн дүгнэлтийг “Fitch”-ийн мэдээллээс харж болно. Тэд ДНБ-ийг 2019 онд найман хувь болж өснө гэж өөдрөгөөр төсөөлжээ.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар валютын сангаас бид 434 сая ам.доллар авна. Эхний ээлж нь болох гучаад сая ам.доллар ороод ирчихсэн. Нөхцөл, шаардлагыг нь биелүүлээд явчихвал дараагийн мөнгөнүүд ээлж дараагаараа шилжээд ирнэ. Валютын сангийн мөнгөнөөс гадна хандивлагчдаас авах ам.долларыг нийлүүлбэл 5.5 тэрбум гэсэн аварга тоо дуулдаж байгаа. Хөтөлбөрт хамрагдсанаар хамгийн түрүүнд бидэнд ирэх эерэг нөлөө бол хөрөнгө оруулагчдын хандлага. Товчхондоо хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.

Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэн даруйд гардаг эерэг нөлөөний нэг нь долларын ханш. Ам.долларын ханш сарын хугацаанд наад тал нь 2300 төгрөгт хүрч суларна гэх таамгийг эдийн засагчид хэлж байна. “Fitch”-ийн манай улсын эдийн засагт найдаж буй гол шалтгаан мега төслүүд гэдэг нь хэвлэлийн мэдээнээс нь төвөггүй харагдаж байна. Тэд “Монголын эдийн засаг дунд хугацаандаа сэргэж, хүчирхэгжихийн тулд Оюу толгойгоос гадна Таван толгой төсөл чухал ач холбогдолтой. Уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт сэргэснээр экспортын орлого их хэмжээгээр нэмэгдэнэ. Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа дууссаны дараа ч Монголын гадаад төлбөрийн чадварт ирэх дарамтын эсрэг дархлаа тогтсон байх болно“ гэж онцолжээ. Таван толгойн хэлэлцээрийн тухайд Ерөнхийлөгчийн сонгуулиас наана хөдлөхгүй гэдэг нь тодорхой. Манай талаас ч ярих сонирхолгүй байгаа. Хятадын тал ч сонгуулийн үр дүнг харж байж үг унагана. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ирэх найм, есдүгээр сараас Таван толгойн хэлэлцээ эргэж сэргэх байх. Өмнө ярьж байсанчлан төмөр зам, баяжуулах үйлдвэр, уурхай гээд цогцоор нь шийдэж чадвал оны өмнөхөн эдийн засагт эерэг нөлөө үзүүлээд эхлэх боломжтой. Хэдэн УИХ дамжин маргасан ч шийдэлд хүрэлгүй өнөөг хүрсэн төмөр замын талцал үргэлжилбэл харин хэцүү. Төмөр замгүйгээр Таван толгой өөр ямар ч хувилбараар ашигтай ажиллах боломжгүй.

Манай улсын хувьд энэ жил уул уурхайгаас нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлнэ гэж төсөөлөөд буй. Түрүү жилийнхээс 36 хувиар илүү их хэмжээний мөнгө нүүрс, зэс тэргүүтнээсээ олно гэсэн өөдрөг тооцоо гаргачихаад байгаа. Уул уурхайгаас дажгүй мөнгө төвлөрүүлнэ гэж тооцсон шалтгаанаа Оюу толгой, Таван толгой, Гацуурт төсөл гэж тайлбарласан. Оюу толгойн бүтээн байгуулалт саадгүй өрнөж байгаа. Нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоож болдоггүй учраас энэ төсөл цаашдаа ч бартаа саадгүй хэрэгжээд явах байх. “Гацуурт”-ын тухайд засгийн зүгээс хөдөлгөнө гэсэн мэссэж өгч байгаа ч яг таг шийдлээ олсон юм алга. Мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн ая занг харж байгаа болов уу. “Таван толгой”-н хувьд өмнө хэлсэнчлэн хүлээлтийн байдалд байгаа. Нүүрсний үнэ түрүү жилийн өдийг бодвол мэдрэгдэхээр сэргэчихсэн. Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханш үнэлгээнээс хол хаягдсан үнээр нүүрсээ борлуулж байгаа ч жилийн өмнөх 20 доллараас бас ч гэж өсөөд байгаа. Төсөвт уул уурхайгаас төвлөрүүлэх ёстой нэг их төгрөгийн 92 хувийг алт, зэс, нүүрснээс бүрдүүлнэ гэж буй. 22 хувийг нь нүүрснээс бүрдүүлэх учиртай. 226 тэрбум төгрөгийг нүүрснээс олох ёстой гэсэн үг. 63 хувийг буюу 638 тэрбум төгрөгийг нь зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлнэ. Олзуурхууштай нь нүүрс, зэс аль алиных нь үнэ сайн байгаа. Нүүрсний тухайд галзуурч байсан үеэсээ доошилсон ч үнэгүй болохоо шахсан үеэ бодвол тун давгүй ханштай байна. Оюу толгой, Эрдэнэт хэвийн ажиллаж байгаа учраас зэсийн баяжмалаас төсөвт орж ирэх мөнгөнд асуудал байхгүй. Нүүрсний хувьд Таван толгой хөдлөөгүй, үнээ нэмж сүйд болоогүй учраас санасан хэмжээнд хүрэхгүй байх. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Гашуунсухайтын ажиллах хугацааг дөрвөн цагаар уртасгалаа гэж мэдээлсэн ч бодит байдал дээр хэцүүхэн байгаа бололтой. Уржигдар гэхэд Гашуунсухайт руу чиглэсэн машины оочер 90 км-т хүрч. Таван толгой төслийн хэлэлцээр амжилттай болж, төмөр зам энэ тэртэйгээ иж бүрэн хөдөлж байж л тээврийн элдэв асуудал нь цэгцэрнэ, Таван толгой ашгаа өгч эхэлнэ гэж эрдсийн шинжээчид онцолдог.

Товчхондоо хагас жилийн дотор эдийн засагт мэдрэгдэхээр эерэг нөлөө гарах хамгийн том шалтгаан мега төслүүд байна. Тодруулж хэлбэл Таван толгой, Гацуурт. Энэ төслүүдээ сонгуулийн дараа зориглоод хөдөлгөчихвөл сэвхийгээд ирэх боломж байна.

Эдийн засаг өсөхөд нөлөөлөх сайн мэдээнүүд геологи, хайгуулын салбараас дуулдана гэсэн хүлээлт бас бий. Манай сонин өмнө нь Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Develop­ment” компанийн хувьцааны ханш өсөлттэй байгаа тухай мэдээлж байсан. Тус компанийнхан хэдхэн хоногийн өмнө алт, зэсийн Баян хөндий, Алтан Нар, Алтан Арроу ордод хийсэн хайгуулын судалгааны дүнгээ шинэчлэн танилцуулахдаа мөн л чихэнд чимэгтэй мэдээ дуулгалаа. Баян хөндий ордын “striker zone”-д 58 метрийн гүнд тонн хөрс тутмаас 1.1 грамм алтны илэрц олджээ. Гол талбай болох “midfield zone”-д 174 метрийн гүнд тонн хөрснөөс 0.7 грамм алтны илэрц гарсан байна. Тэд намрыг дуустал өрөмдлөгөө үргэлжлүүлэхээр болж. “Erdene Resource Develop­ment” компанийн хайгуул хийж буй орд Оюутолгой, Цагаан Суваргын ордын бүслүүрт багтаж байгаа учраас алт, зэсийн нөөц их байх магадлалтай гэсэн таамгийг геологичид хэлдэг. Дэлхийн бизнес мэдээллийн “CNBC” телевизийн цахим хуудсанд газар нутгийнхаа 21 хувь буюу тавны нэгийг хайгуулд нээж өгснөөр тус улсад уул уурхайн огцом өсөлтийн шинэ бужигнаан үүсэх боломжтой гэсэн агуулгатай мэдээлэл гарсан нь тохиолдлын хэрэг биш. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараахан цацагдсан мэдээлэл юм билээ. Хайгуулын салбарынханд боломж нээж өгвөл манай улс хайгуулчдын хувьд тун сонирхолтой бүсэд багтдаг.

Орост найтаахад энд ханиадаг гэдэг шиг Монгол гэдэг улсын эдийн засаг Хятадын эдийн засгаас бүрэн хамааралтай. Хятадын эдийн засаг сайн бол бидэнд аятайхан амьдрах боломж байна гэсэн үг. Харин урд хөршийн эдийн засаг хэцүүдвэл адаглаад л нүүрсний үнэ шалдаа унах зовлон бий. Жишээ нь Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг дөрөвдүгээр сард 14 хувиар өссөн гэдэг мэдээ бидний хувьд сайны дохио. Хятад гэдэг аварга зах зээлд ийм том хэмжээний өсөлт ажиглагдсан гэдэг нь дэлхийн худалдааны эргэлт эрчимжээд эхэлчихсэн гэсэн үг. Дэлхийн эдийн засаг сайжирч эхэлсэн учраас Америкийн Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэсэн хүлээлт аль хэдийнэ үүсчихээд байгаа. Урд хөршийн аж үйлдвэрийн салбарын ашиг сарын дотор 23.8 хувиар өснө гэдэг бол огцом өөрчлөлт. Оны эхний дөрвөн сард Хятадын үйлдвэрлэгчдийн ашиг 24.4 хувиар өссөн юм. 41 үйлдвэрийн 38 нь түрүү жилийнхээс үлэмж өндөр ашигтай ажилласан гэхээр зүгээр ч нэг өсөлт биш нь харагдаж байна. Тэгэхээр гадаад зах зээл дажгүй болж эхэлсэн гэсэн үг. Ийм үед өөрсдөөс хамаарах алхмаа хийж чадвал богино хугацаанд хямралаас гарах боломж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *