Японы батлан хамгаалахын сайд асан Юрико Койкэ Токио хотын засаг даргаар сонгогдож өчигдөр баяраа тэмдэглэжээ. Юрико Койкэ нь өнгөрсөн ням гаригт 2.9 сая хүний саналыг авч өрсөлдөгчөө илт давуу байдлаар ялсан бөгөөд Токио хотын хамгийн анхны эмэгтэй захирагч болж буйгаараа онцлог аж.
Түүний мөрийн хөтөлбөрт нь 2020 онд болох Токиогийн олимпийн бэлтгэл ажилд зарцуулах санхүүгийн асуудлыг шийдвэрлэх арга замууд тусгагджээ. Сүүлд сонгогдсон хоёр засаг дарга нь үүнтэй холбоотой асуудлаар огцорсон аж. Юрико Койкэ нь өдгөө 64 настай бөгөөд сонгогчдодоо хандан “Би Токио хотыг урьд нь та бүхний харж байгаагүйгээр удирдах болно” гэж мэдэгджээ.
Ю.Койкэ нь одоогийн Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн удирддаг Ардчилсан намын гишүүн. Тэрбээр Египтийн Кайро их сургуулийг төгссөн бөгөөд улстөрд орохоосоо өмнө телевизийн сэтгүүлч хийж байжээ.
Ю.Койко нь улстөрч Хирояа Масуда, сэтгүүлч Шинтаро Ториго нартай өрсөлдөж ялалт байгуулжээ. Х.Масуда ойролцоогоор 1.8 сая хүний санал авсан бол Ш.Ториго нь 1.3 сая хүний санал авсан гэж Токиогийн сонгуулийн хорооноос мэдэгдсэн байна.
Шинээр сонгогдсон хотын захирагч Ю.Койкэ нь 2016 оны Рио-ийн олимп дуусахад дараагийн олимпийн бамбарыг эх орондоо хүлээн авахаар Бразилыг зорих юм байна.
Ю.Койкэгийн намтар:
1970 онд Япон дахь их сургуулиа орхиод Египтэд суралцан нийгмийн ухааны мэргэжил эзэмшсэн. 1992 онд улстөрд анх орсон бөгөөд тэр үедээ телевизийн хөтлөгч хийж байжээ. 2005 онд байгаль орчны сайд, 2007 онд Шинзо Абэгийн Засгийн газарт Батлан хамгаалахын сайд хийж байсан. Тэрбээр эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог дэмждэг гишүүдийн тоонд ордог юм байна.
О.ӨНӨР