Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тохижилт үйлчилгээний ажилтан Г.Баттулга: Ажил голохгүй хийвэл боломжгүй зүйл гэж байдаггүй

“DNN-ЯРИЛЦЛАГА” буланд Хан-уул дүүргийн тохижилт үйлчилгээний компанийн зам талбайн үйлчлэгч Г. Баттулгатай ярилцлаа.

Тэрээр Хот тохижилт үйлчилгээний газарт долоо дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.


-Сайн байна уу. Та өөрийгөө товчхон танилцуулахгүй юу?

-Сайн байна уу. Намайг Гочоогийн Баттулга гэдэг. Манайх ам бүл тавуулаа. Бага охин маань долдугаар ангид сурдаг. Харин хүү Японд сурдаг. Дунд охин сургуулиа төгсчихсөн одоо ажиллаж байгаа. Хань минь үйлдвэр комбинатад ажиллаж байна. Би тогтсон мэргэжилгүй. Том, жижиг машин барина. Ер нь манай ажилд их сургууль төгссөн боловсролтой залуучууд нэлээд байдаг. Ер нь ажил голохгүй хийвэл боломжгүй зүйл гэж байхгүй гэж боддог.

-Өглөө хэдэн цагаас ажлаа эхэлдэг вэ. Их эртэч гэж дуулсан?

-Өглөө 06:00 цагаас ажил эхэлнэ. Тэгээд 10:00 цагт цайндаа ороод буцаад л ажилдаа гарна даа. Өдрийн найман цагаар ажилладаг. Өглөөдөө ажилчдын автобус явна. Зарим ажилчид үүрийн 04:00 цагт босоод автобусаа хүлээдэг.

-Бүх нийтийн бэлэн байдлын үед ихэнх хүмүүс гэрээсээ гарахгүй байгаа. Энэ үед хог хаягдал багассан уу. Ямар байна вэ?

-Ер нь замын хажуугийн хог, шороо хэвэндээ. Багассан зүйл байхгүй. Манай энэ Сонсголонгийн замаар том оврын машин явдаг учир хайрга, шороо элбэг.

-Нэг ээлжиндээ хэдүүлээ гардаг вэ. Таныг анзаарах нь ээ өөр ажилтангүй ганцаараа ажиллаж байх юм?

-Нэг ажилтан 800 метрээс нэг километр орчим газар цэвэрлэх хувиартай. Манай 10 дугаар хэсэгт 16 ажилтан бий. Байгууллагас хуваарилсан зааврын дагуу л цэвэрлэгээ хийнэ. Цөөн хүнтэй болохоор өөрийн цэвэрлэх талбай дээр давхар зам аваад цэвэрлээд явдаг. Ер нь явган хүний замаас хажуу тийш 50 метрийг хамарч цэвэрлэнэ. Хувиараараа бол замын нэг талд нэг л хүн байх ёстой. Одоогийн байдлаар ганцаараа л ажиллаж байна. Манай дарга нар ойлгодог эсэхийг мэдэхгүй юм. Моносын уулзвараас урагшаа Яармагийн гүүр хүртэлх замын хогийг цэвэрлэдэг учир цөөн хүн хаанаа ч хүрэлцдэггүй.

Зам хөндлөн гарахад их хүндрэлтэй байдаг уу. Машинтай жолооч нар хэр зам тавьж өгч байна?

Тэргээ түрээд л аль болох машины хөдөлгөөн харж байгаад сийрэг үед зам гардаг. Зарим жолооч нар хажуугаар хэнэг ч үгүй шууд л өнгөрч байхад зарим нь зам тавиад өгнө.

-Та яагаад энэ ажлыг сонгох болов?

-Найман жилийн өмнө Ховд аймгаас Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. Орон нутаг гэдэг чинь зах зээлээс хол шүү дээ. Хүүхдүүд маань ч сургуульд явж эхэлсэн. Хүүхдүүдээдагаад хотод суурьшихаар шийдсэн дээ. Тэгээд ирээд жилийн дараа энэ ажилдаа орсон.

-Өвлийн хүйтэнд зам цэвэрлэнэ гэдэг хүнд байх болов уу. Наад захын зам дээрх нус, цэр гээд л бохирыг цэвэрлэх ачаалалтай байдаг байх даа?

-Биднийг зам талбайн үйлчлэгч гэж хэлдэг юм. Бүхий л хог хаягдлыг цэвэрлэж байна. Ковид гарсаар өөрсдийгөө тэргүүн эгнээнд эрсдэлтэй бүлэгт хамаарах хүмүүс гэж бодож байна. Миний хувьд өөрийгөө хамгаалаад маскаа зүүгээд, вакциндаа ч хамрагдчихсан. Бээлийгээ өмсөөд аль болох халдвар хамгааллын дэглэмийг баримтлаад л явж байна.

-Ер нь тохижилт үйлчилгээний ажилтан гэхээр л хүмүүсийн хандлага их өөр болдог. Жаахан сөрөг талруугаа л даа. Одоо түүнээс өөрчлөгдсөн зүйл ажиглагдаж байна уу?

-Би энэ ажилд ороод 7 жил болж байна. Нэг үеийг бодвол хүмүүсийн сөрөг хандлага гайгүй болсон. Хүндэтгэх нэгэн байхад тоохгүй хажуугаар өнгөрөх ч хүн байдаг. Зам дээр цэвэрлэгээ хийгээд явж байхад татсан тамхиныхаа ишийг хаях, хогоо цонхоороо шиддэг хэсэг хүмүүс байдаг шүү.

-Та энэ ажлыг хийгээд долоон жил болсон гэлээ. Дуу чимээ ихтэй, тоосжилттой орчинд ажиллана. Ямар нэгэн байдлаар харшил хөдлөх ч юмуу эсвэл харшилтай болсон тохиолдол бий юу?

-Миний хувьд харшилтай болсон зүйл байхгүй. Хаваршаад ирэхээр зарим хүний харшил сэдэрнэ. Ажлын зарим хүмүүст харшил хөдөлсөн зүйл их байгаа шүү. Одоохондоо дуу шуугианыг ажрахгүй байгаа ч хойшид нас яваад ирэхэд ямар нэгэн зүйл ажиглагдах л байх.

-Цэвэрлэсэн хогоо хаана хаядаг вэ. Хогийн савандаа хийгээд түрээд явахад хэцүү санагдлаа?

-Цэвэрлэгээ хийсний дараа хогийн машин ирээд ачдаг. Элс, хайрга ихтэй тулд түрээд явахад хэцүү. Хааяа машин орж авахаар газар бөөгнүүлээд орхичихдог юм.

-Хэдээс хэдэн насны хүмүүс ажилладаг юм бэ?

-Насны хязгаар байдаггүй. Нийслэлд 16 бригад байдаг. Нийтдээ 200 гаруй хүн энэ ажлыг хийдэг.

-Ажлын цалин амьдралд нь хэр хүрэлцээтэй вэ?

Үндсэн цалин 710 мянган төгрөгийн цалин авдаг. Өвлийн улиралд хүнд хэцүү нөхцөлд ажилладаг гээд нэмэгдэл цалин өгнө.

-Зарим хүүхдүүдийг харж байхад аав ээж нь зам цэвэрлэгээний ажилтан гэхэд бусад хүүхдүүдээс ичих тохиолдог цөөнгүй байдаг юм билээ. Таны хүүхдүүд ажлыг тань хэрхэн хүлээж авдаг вэ?

Хүмүүс тэгж ярьдаг л юм. Миний хувьд мэргэжилээрээ ажиллах гэхээр ажил олддоггүй. Ажил хүнийг голохоос хүн ажлыг голох биш дээ. Энэ ажилдаа дасчихсан.

-Ярилцлагын төгсгөлд та хүмүүст хандаж юу захимаар байна?

-Өвчин цар тахалтай энэ үед маскаа сайн зүүгээрэй гэж хэлмээр байна. Мөн цэвэрлэгээ хийж буй биднийг хүндлээрэй. Хүмүүс хогоо хогийн савандаа хийж хэвшмээр байна. Зарим нь биднийг зөвхөн хогоо цэвэрлээд, хог авах нь хууль мэт харьцдаг. Ер нь энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй. “Баярлалаа” гээд өнгөрөх хүн цөөнгүй байдаг. Эерэг байгаарай.

Ярилцсанд баярлалаа

ТАНЫ ХЭРЭГГҮЙ ХАЯДАГ ХОГИЙГ ТЭД ХӨЛСӨӨ ДУСЛУУЛАН ЦЭВЭРЛЭДЭГ БАЙГААГ ХҮНДЛЭЭРЭЙ.


Д.ОТГОНТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *