Хоорондоо нүдээ боож тоглож байсан хүүхдүүдийн нэг нь 11 давхрын цонхноос унаж амиа алдсан хэрэг өнгөрсөн баасан гаригт гарчээ. Тодруулбал, энэ сарын 2-нд талийгаач С охины ангийн найз Н-ий төрсөн өдөр тохиосон юм байна. Хичээлийн дараа нэг ангийн зургаан охид Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн зүүн талд байрлах “Kingdom” хотхонд байх найзынхаа гэрт иржээ. Охид нүдээ боогоод нуугдаж тоглож байсан аж. Гэтэл харамсалтай хэрэг болж, найзуудтайгаа тоглож байсан С охин 16.00 цагийн үед Н охины өрөөнийх нь цонхоор унаж амиа алдсан байна. Хамт тоглож байсан охид нь түүнийг унасныг тэр дор мэдээгүй аж. Нэлээд удаан тоглосны дараа ширээндээ суутал С охиныг байхгүй байгааг найзууд нь анзаарсан талаар ярьжээ.
Тухайн үед төрсөн өдрийн эзэн болох Н охины гэрт том хүн байгаагүй аж. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Тус байрны цонхны тавцан их доор, цонх нь хажуу талаараа бүтэн нээгддэг байсан нь ийн охиныг амиа алдахад нөлөөлсөн бололтой.