Манай улсын экспорт 2023 онд 15.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 21 хувиар нэмэгджээ. Үүний 90 гаруй хувь нь уул уурхайн салбарынх аж.
Мөн онд 10 орчим тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон нь өмнөх оныхоос 6 нэгж хувиар нэмэгдсэн байна. Импортын бүтээгдэхүүний 60 орчим хувийг дизель түлш байснаас гадна удаан эдэлгээтэй автомашин, сэлбэг хэрэгслийн импорт нэмэгдсэн нь уул уурхайн экспортоос үүдэлтэйг Монголбанкаас сар бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурлын үеэр Судалгаа, статистикийн газрын захирал Д.Даваасүх мэдээлэв.
Харин төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь 2008 оноос хойш анх удаа урсгал тэнцэл ашигтай гарсан гэдгийг Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа онцолсон юм. Тэрбээр, “Төв банк 2024 онд эдийн засгийн өсөлт 6.5 хувь байна гэж төсөөлж байгаа. Инфляц өнгөрсөн оны сүүлийн гурван сарын турш 8 хувьтай буюу Төвбанкны зорилтын хэмжээнд байна. Төсөв энэ онд ихээр тэлсэн тул инфляцид нөлөөлнө. Үүнийг аль бага байлгахыг зорьж, бодлогын хүүг 13 хувиас бууруулах шийдвэрээ хойшлуулсан. Бодлогын хүүг нэмэхгүй, бодлогын хүү удаан хугацаагаар өндөр байх нь сайнгүй. Бодлогын нэрлэсэн хүү хэвээр байгаа ч инфляц буурснаар бодит бодлогын хүү өссөн. Энэ нь мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байна гэсэн үг юм” хэмээн тайлбарлалаа.