“Оддын академи” шоунаас төрөн гарсан “The Wasabies” хамтлагийнхантай ярилцлаа.
-Анх “The Wasabies” хамтлаг гарч ирсэн үеийг өнөөдөртэй харьцуулахад байр суурийн хувьд хэр өөрчлөгдсөн бэ. Бас сонсогчдын хандлага хэрхэн өөрчлөгдсөн бол?
-“Оддын академи” шоуг 2017-2018 оны хооронд зохион байгуулсан. Тус шоу хоёр сарын турш үргэлжлэх хугацаанд охид маань хамт амьдарч, багш нараасаа суралцсан. Өнөөдрийг хүртэл жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хамтлагийн гишүүд маань нэгнээсээ суралцан олон уран бүтээлийн ард гарч, цомгийнхоо нээлтийг өнгөрсөн тавдугаар сард хийсэн. Уран бүтээлээ туурвиад явж байгаа болохоор тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарсан. Тэр үеийн “Wasabies”-ээс өнөөдрийн “Wasabies” нэг хүн шиг болж, уран бүтээлээ хамтарч гаргаж чаддаг болсон. Анх тал талаас цугларсан таван охин юу хийхээ мэдэхгүй, эхэндээ жаахан эвгүй байлаа. Анхны дугаар гарч байхад сонсогчдын сөрөг сэтгэгдэл давамгайлж байсан. Бид охидын шинэ эрин үе, шинэ охидын хамтлаг төрж байна утгаар өнгөлөг шинэлэг байх үүднээс “Girl Generation” гэдэг дууг гаргаж байсан. Энэ дууг маань их шүүмжилсэн сонсогчид к-поп хамтлагийг дуурайсан гэдэг байлаа. Харин одоо бол арай багасаад эерэг сэтгэгдэл их сонсох болсон.
-Хамтлагаа яагаад “Wasabies” гэж нэрлэсэн юм бэ?
-“Wasabies”гэдэг нь Японы амтлагчийн нэр. Исгэлэн амттай мөртлөө аманд ороод тэсэрдэг. Тийм тэсрэлтийг бэлгэдсэн нэр. Продюсер маань Б.Наранзун ах. Мөн манай хамтлаг Азид танигдах хүсэлтэй.
-Аливаа зүйлийг эхлэхэд бэрхшээл тулгардаг. Анх нэг хамтлаг болоод уран бүтээлээ эхлэхэд хэцүү сорилтууд хэр байсан бэ?
-Ерөнхийдөө бол бие биетэйгээ сайн ойлголцдог учраас хүнд хэцүү асуудал гардаггүй байсан. Гэр орны асуудал ч юм уу, өвчин зовлон гэх мэт асуудлууд хүнд хэцүү бэрхшээл байсан.
-Өөрсдийн дуугаараа хүмүүст юу хүргэхийг зорьдог вэ?
-Манай продюсер бидэнд “Оддын академи”-ийн үеэр хэлж байсан. Яах гэж дуу байдаг, дуу хүнд юу хүргэх ёстой вэ гэдгийг ойлгуулсан. Хүнд аз жаргал бэлэглэхийн тулд дуу хийх хэрэгтэй. Та нарын дуулсан дууг сонсоод аз жаргалыг мэдэрч чадаж байвал, эсвэл ямар нэг утга санааг тэр дуунаас авч чадаж байвал тэр бол жинхэнэ хүртээмжтэй дуу гэж хэлдэг байсан.
-Танай хамтлагийн хамгийн их хандалттай бүтээл бол “Үгүй” байх аа?
-Энэ дууны хувьд үг, аяыг нь Б.Наранзун ах маань бичсэн. Клипийг нь “Hulegu pictures” хийж байсан. Ер нь нэг уран бүтээл бүтэх гэж нэлээн хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг.
-“Үгүй” дуу “Азийн шилдэг 50 дуу”-наас 20-т орсон. Чамлахааргүй их амжилт байх?
-Өнгөрсөн жилийн наймдугаар сард “Asian music chart”-д бидний дуу орсон. Тийм учраас бид илүү урам зориг орж цаашаа явах боломж байна хэмээн харж бүр илүү хүсэл тэмүүлэлтэй болсон.
-Нэг клип хийхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Нэг клип хийхийн тулд хамгийн багадаа хоёр сар болдог. Уран бүтээлийн ард ганц манай хамтлагаас гадна дуу зохион бүтээх, хоолой бичлэг дээр ажиллах гээд маш олон хүний хүч хөдөлмөр ордог.
-Танай хамтлагийн дуунууд дотор англи, солонгос дуу олон байдаг. Хамтлагийн гишүүд гадаад хэлтэй юу?
-Манай хамтлаг дуугаа дан ганц монгол гэхээс илүү англи хэлээр дуулдаг. Хамтлагийн гишүүдийн хувьд бид хамтлагаараа хэлний сургалтын төвд явж эхэлсэн. Зарим нь хятад, солонгос хэлтэй.
-Хамтлагийнхаа өнгө төрхийг үргэлж шинэлэг, эрч хүчтэй байлгахыг хүсдэг санагдсан…
-Манай хамтлаг таван гишүүнтэй. 16-19 насны өсвөр насны охид. Мэдээж хэрэг гал цогтой, бусдаас өөр, өвөрмөц байхыг хичээдэг. Эхний цомгийн маань ажил дуусах явцдаа орсон байгаа. Хамгийн сүүлийн уран бүтээлээ клипжүүлэх гээд ажиллаж байна. Уран бүтээлийн хувьд яг нэг хэвшмэл байдлыг баримтлахгүйгээр аль болох олон талаас нь өөрсдийгөө харуулахыг хичээдэг. Дараагийн шинэ цомгийн ажил эхэлсэн. Энэ цомогтоо ч залуусын сонсохыг хүсдэг дуунуудыг багтаахыг эрмэлзэж, эрэл хайгуулаа хийсэн. Бид хөгжмийн нэг урсгал, төрөлд баригдахгүйгээр олон төрлөөр уран бүтээлээ туурвиж үзэж байгаа. Манай хамтлагийн анхны цомог 253 орны платформд худалдаанд гараад эхэлчихсэн.
-Өнгөрсөн хоёрдугаар сард “Шарк Танк” нэвтрүүлэгт ороод 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авсан. Энэ мөнгөө юунд зарцуулж байна вэ?
-Анх удаа “Шарк Танк” нэвтрүүлэгт хамтлагаараа урлагийн салбараас орсонд магтах хүмүүс ч байсан, шүүмжилсэн ч хүмүүс байсан. “Юугаа ч мэдэхгүй хүүхдүүд хөрөнгө оруулалт авчихлаа” гэдэг байдлаар шүүмжилсэн хүмүүс ч бий. Бид хөрөнгө оруулалтаа цэвэр уран бүтээлдээ зарцуулна гэж авсан. Тийм ч учраас хоёр дахь цомгийнхоо уран бүтээлд зарцуулна гэж төлөвлөсөн. Эхний цомог дээр “Жи мобайл” компани хамтарч ажилласан. “Шарк Танк”-аас Д.Энхтүвшин шарк маань бидэнд бэлтгэлийн байр гаргаж өгсөн. Бид өмнө нь бэлтгэлийн байргүй байсан бол одоо хүссэн цагтаа бэлтгэлээ хийж чадахаар болсон.
-Өнөө үеийн залуу хамтлагийн хувьд цаашдын зорилго, төлөвлөгөө юу байгаа вэ?
-Мэдээж хэрэг бидний зорилго бол Азид танигдах. Гэхдээ хүмүүс Азид гарна гэдгийг буруугаар ойлгоод байдаг. “Wassabies” хамтлаг онлайн орчинд өөрсдөөрөө дамжуулаад Монгол Улсыг сурталчлахыг хүсч байгаа. Энэ бол бидний мөрөөдөл, зорилго. Үүнд хүрэхийн тулд хичээж ажиллаж байна. Үүний тулд байнгын бэлтгэл сургуулилт шаардлагатай.
-Танай хамтлагийн уран бүтээлийг удирддаг продюсерийнхаа талаар яриач?
-Б.Наранзун продюсер маань “Оддын академи” шоунаас эхлээд биднийг удирдсан. Манай анхны “Girl Generation” цомгийн таван дууг зохиож өгсөн.
-Танай хамтлагийн хувьд дуу клип хийхээсээ илүү өөр кинонд ч юм уу тоглох сонирхол бий юү?
-Бид хоорондоо мөн продюсертайгаа ярилцаад залууст зориулсан богино хэмжээний цуврал кино хийе гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Харин кинонд тоглох талаар бодсон зүйл байхгүй.
Ц.ШИНЭЦЭЦЭГ