Монголын хүннү рок “The Hu” хамтлагийнхан хоёр дахь цомгоо худалдаанд гаргажээ. Тэдний шинэ цомог “Rumble of Thunder” нэртэй бөгөөд “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” гэх мэт нийт 13 дуутай ажээ.
Хамтлагийн залуус Европ дахь аялан тоглолтоо ирэх аравдугаар сард эхлүүлэхээр болжээ. Хамтлагийн тоглолтын хуваарь энэ оныг дуустал гарсан байна.
Тодруулбал, хамтлагийн тоглолт Норвеги улсад аравдугаар сарын 26-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 9-нд Английн Лондон хотноо болсноор өндөрлөх аж. Хамтлаг 2019, 2021 онуудад Европ, Хойд Америкийн орнуудаар аялан тоглосон. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард “Coachella” хөгжмийн наадамд оролцсон.
“The Hu” хамтлаг 2016 онд байгуулагдсанаасаа хойш богино хугацаанд олон улсад танигдаж чадсан Монголын амжилттай хамтлаг. Хамтлагийн гаргасан дуу бүхэн “Youtube”-д өндөр хандалт авч, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж явна.