Монгол Улсын хүчит заануудын нэг Дамирангийн Бумбаярынд өнжлөө. Урьд¬чилан тохирч, ярьж зөвлөлдсөний дагуу Бумаа зааныг Төр хурхын аман дахь наадмын бэлтгэлээс нь авчирч, Увс аймаг руу алба ажлаар явах гэж байсан гэргийнх нь нислэгийг түр хойшлуулж юм юм л болоод авсан. Наадам найр дөхсөн энэ өдрүүдэд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчтэнийд өнжье гэх бодол төрөх нь дамжиггүй. Тэгээд Бумбаяр зааныхыг бараадъя гээд зүтгэчихсэн нь энэ л дээ.
“Их Монгол” хороололтой хаяа зэргэлдээ “Crystal town”-ы гэрт нь очлоо. Аавтай нь андуурам өндөр биерхүү охин хаалга тайлж өгөв. Заан бэлтгэлийн хувцастай том өрөөнийхөө хойморт ханайтал сууж байна. “Аа миний дүү хүрээд ирэв үү. Би чиний өмнөхөн орж ирээд байна” гэв. Энэ сацуу гэргий нь нөгөө өрөөнөөс орж ирлээ. Бумаа зааны гэргий Цогтоогийн Одонтунгалагийг манайхан “Автобус-1” компанийн захирал гэдгээр нь мэднэ. Саяхан даа, автобус баазынх нь жаран жилийн ой болж, ойн нэрэмжит бөхийн барилдааны хүндэт зочдын индэрт тод өнгийн цэнхэр дээлтэй бүсгүй нүдээрээ инээмсэглэн суусан нь Тунгаа захирал. Тэрээр Баянгол дүүргийн Ардчилсан намаас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нэгэн. Үндсэндээ “Нийслэлийн Засгийн газар”-ын кабинетийн гишүүдийн нэг. Идээ цагаа болох зуур гэрийн эзэнтэй наадмын бэлтгэлийнх нь талаар ярилцаад авлаа.
Бумаа заан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Биеийн тамир, соёлын төвийн даргын албатай учир тус газрын бөхчүүдээ ахалж Төр хурхын аманд бэлтгэлд гараад байгаа аж. “Цолтой бөхчүүд маань бүгд аймаг аймгийнхаа гал руу явчихсан. Хэдэн үрээхэн “морьд”-той л би зууралдаж байх шив дээ” гээд хүд хүд инээж байлаа. Гэрийнх нь хоймрын шүүгээний дээд талд давхарласан судар ном харагдана. Түүний доод талд зааны улаан залаа бүхий хоёр ч малгай нүднээ тусах аж. “Та сүүлд шинэ малгай хийлгэжээ дээ” гэхүйд, “Намайг заан болдог жил аав ээж, ах дүү нар нийлж оройг нь мөнгөөр чимэглэсэн энэ малгайг хийлгэж бэлэглэсэн юм. Барилдахдаа заан цолны дүрс бүхий тэмдэгтэй хуучин малгайгаа өмсдөг. Харин хүндэтгэлийн ёслол юм уу, гангараанд шинэ малгайгаа өмсдөг” гэлээ.
Зурагтны дээд талын тавиур дээр хоёр буурлынхаа зургийг залсан байна. Нэг нь Тунгаа захирлын аавынх нь хөрөг аж. Нөгөө нь Бумаа зааны өвөөгийн зураг ажээ. “Манай хүн чинь өвөө эмээ дээрээ өссөн шүү дээ” хэмээн гэргий нь тодотгосноо “Өвөөгийнх нь ном эрдмийн хүч байдаг биз ээ. Манай гэр бүл тэгш сайхан явна. Өвөр дээр нь эрхэлж өссөн хүү нь төр түмний хайртай бөх боллоо. Бумаа их шүтлэгтэй. Мэргэн өвөөгөө, Баянаа багшаа, аав ээжээ, ус нутгаа дээдлэн шүтнэ” хэмээн өгүүлэв. Хоймрынх нь шүүгээний өмнүүр эргэлдэн энэ тэрийг сонирхох зуураа гэргийнх нь хэлсэн дээр дөрөөлөөд “Баянаа багшаа шүтнэ гэснээс таныг чинь сумандаа тракторын жолооч байхад “Бөх болох хүү байна” хэмээн Баянмөнх аварга хотод авчирсан гэдэг” гээд асуугаад авлаа. Заан “Өө тийн” гэж айван тайвуухан хэлээд “Энэ түүхийг хүмүүс ер нь мэддэг юм” хэмээн цааш өгүүлсэн нь энэ. “Наян зургаан онд миний бие аравдугаар ангиа төгсөөд илгээлтийн эзэн болж Тэс сумынхаа тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байлаа. Хүүхэд байхын л барилдах дур сонирхолтой. Барилдаан бүгдэд л оролцдог байсан. Аав ээжийн талд бөхийн удамтай. Аав маань аймгийн заан цолтой, Баруунтуруун суманд долоон удаа түрүүлсэн бөх. Авга ах Юнрэн мөн аймгийн цолтой, сумын наадамд 19 удаа түрүүлсэн байдаг. Наян найман оны гуравдугаар сард Баянаа аварга Увсад очихдоо Тулгаа заан, Төрмөнх начин нараас “Бөх болчихоор ирээдүйтэй хүү байна уу” гэхэд нь, тэд намайг заагаад өгчихөж. Тухайн үед багш маань Улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажлаа өгчихсөн, бөхийн шинэ клуб байгуулахаар зорьж явсан юм билээ. Ингээд бага балчраасаа алдар сууг нь дуулж, биширч дээдэлж явсан домогт аваргатай уулзах хувь илгээлтийн эзэн бандид тохиосон доо. Миний гар хөлийг барьж, барилдааныг харж багагүй шинжсэний дараа “Их сайхан хүү байна. Чамайг дуудна шүү” гэчихээд яваад өгсөн. Хоёр сарын дараа “Бумбаярыг хот руу ирүүлнэ үү” гэх захидал Баянаа аваргаас ирж 1988 оны тавдугаар сарын 28-ны өдөр миний бие тракторын тос масло, шороо тоос ханхлуулсан залуу Улаанбаатарт бууж байлаа. Өвөрхангайн чөлөөтийн Баярсайхан, манай Намжилдорж, за тэгээд Сүхбат, Гантогтох биднийг цуглуулж бөхийн “Шонхор” клуб анх байгуулагдаж байсан түүхтэй. Тэгж л залуучуудын шигшээ баг бүрдэж байлаа.
Наян найман онд ирснийхээ дараа тэр жилийн наадамд зодоглолоо. Хоёр давчихдаг юм байна. Гурвын даваанд хэн авдаг бол гээд сууж байтал, Бат-Эрдэнэ заан авлаа хэмээн дуулдлаа шүү” гэж Бумаа заан Баянаа багшаасаа улбаалаад анх зодоглосон наадмынхаа хуучийг дэлгэх нь тэр ээ. Амнаас нь гарах үг бүр нь сонин сайхан хийгээд монгол бөхийн домог болсон аваргуудтай холбогдож, энгийн нэг түүх сөхөхдөө хүртэл энгүй хүчтэнүүдийн алдар замналыг хүүрнэх нь бахадмаар. Энэ л үүх түүх, он жилүүд нь Дамирангийн Бумбаяр гэж хүнийг улам тодотгож байлаа. Баянаа аваргын урилгаар хотод ирж, Бат-Эрдэнэ аваргатай төрийн наадамд анх таарч, Сүхбат, Гантогтох нарын идэрхэн хүчтэнүүдтэй ах дүүгийн барилдлагатай явж, “Залуу зургаан заан”-ы түүхийг бичилцэж, Сүхбат, Өсөхбаяр аваргуудын залгамж халаа Сүхбаатарын Мөнхбат залуу хүчтэнүүдийг өөрийнхөө галаас төрүүлсэн гээд Монгол бөхийн хичнээн ч үе Бумбаяр заантай холбогдож байгаа юм бэ дээ, бүү мэд. “Наян найман он бол Бат-Эрдэнэ аваргын түрүүлдэг жил. Үндсэндээ бөхийн дэвжээнд түүний хаанчлал эхэлсэн үе нь. Гэтэл тэрхүү торгон зааг дээр та хүч үзсэн байх юм. Түрүү бөхтэй таарах ямар байв” хэмээн шалгаалаа. Заан нүдэндээ инээмсэглэл тодруулан гоёмсог модон хийц бүхий цагаан цэнхэр буйдангаа налж сууснаа “Түрүү бөхтэй таарсандаа маш их бэлгэшээж билээ. Нэг л сайхан санагдаад явчихсан. Барилдаан яаж өнгөрснийг бараг мэдээгүй дээ. Их л хурдан өрнөж, их чанга унасан санагддаг юм” гэв.
Заантай ийн хуучилж суутал бага охин нь зургийн цомгууд авчирч өглөө. Түүнд ээж нь хэлсэн бололтой. Одонтунгалаг эгч нөхрийнхөө хажууд ирээд суучихсан “Ойрд ингэхэд альбом ч үзээгүй юм байна ш дээ” хэмээн бага залуугийнхаа зургуудыг, нөхрийнхөө улсын цолонд дөнгөж хүрч байсан, бие галбир нь ёстой л зурсан, зорсон юм шиг явах үеийн зургуудыг үзэж суулаа. Мань хүн нэг хөлөө нөгөө дээрээ аччихсан таашаалтай нь аргагүй сууж харагдсан. Тэрхүү зузаан гэгч хэд хэдэн цомгийн наян хувь нь Баянаа аваргын зураг байна лээ.
“Манайхан зургаан залуу зааны үе” гэж ярьдаг. Тэднийг гарч ирэхэд Доржсамбуу, Батзориг та хэдийн нөлөө их байсан даа” гэхүйд “Тэр зургаа биднээс арай түрүүлж заан болсон. 1994-1999 оны хооронд бүгд жил дараалаад заан болчихсон. Ерэн есөн онд Ганбат сүүлд болсон байх. Тэгээд 2000 оноос зургаан заан гэж яригдсан шүү дээ. Гэвч 2001 онд Доржсамбуу, Батзориг, Одгэрэл бид дөрөв заан цолонд хүрсэн. Дараахан нь манай Мягмарсүрэн заан болсон. Хэдий зургаан зааны үе гэж яригддаг ч бид хэд нэмэгдээд арваад зааны үе байсаан. Бид л хоорондоо тунадаг, нэгнээ амладаг байв” гэв. Бумаа ахын наадмуудыг манайхан сайн мэднэ. Хэн хэнээр хэзээ улсын цолонд хүрснийг хэлүүлэлтгүй мэднэ. Харин та хоёрын танилцсан түүх, хайр дурлал сонин байх болов уу гэж би гэдэг хүн палхийтэл асуугаад авлаа. Хоёулаа хэн хэн рүүгээ сүрхий харснаа инээд алдаж байна. “Заяаны хань зам дээр гэдэг үнэн юм билээ. Тэс суманд болох суварганы барилдаанд зодоглохоор Увс аймагт онгоцоор буутал яг зам дээр, өөдөөс тосч буй мэт алаг нүдэн охин ээж аавтайгаа ирсэн нь хань маань байсан даа. Надад анх чацаргана захиж билээ” гээд Бумаа заан гэргий рүүгээ юу гэж хэлэх нь вэ гэсэн янзтай харц шидлэв. Гэргий нь “Бумаа эхлээд одоогийнх шигээ ийм сайхан залуу харагдаагүй. Нүдэнд тусаагүй гэхүү дээ. Өндөр туранхай бор залуу л байсан. Барилддаг юм байна даа гэж анх бодож байлаа. Ээж аавтайгаа Улаанбаатар орохоор онгоцны буудал дээр иртэл Бумаатай таарсан нь тэр. Харин чацаргана захьсан билүү, Тэс сум руу явна гэхээр тэгсэн байх л даа. Гэхдээ манай хүн чинь нутаг явж ирснийхээ дараа оюутны байранд манай нутгийн залуучуудтай уулзана гээд их ирдэг байсан” гэлээ. Энэ зуурт Бумбаяр заан “Би Бат-Очир болоод бусад хүүхдүүдтэй уулзах гэж очдог байсан нь үнэн. Гэхдээ тэднээр далимдуулж чамайг харах гэж очдог байсан байхгүй юу” хэмээн сая л нэг үнэнээ хэлэв үү гэлтэй инээмсэглэж суусан.
Ерэн оны намар тийнхүү танилцаж, ерэн хоёр онд том охин нь төрж их сургуулийн оюутны байрнаас Бумбаярынх гэдэг айлын амьдрал эхэлжээ. “Бид хоёр гэр бүл болоод гурав, дөрвөн жил оюутны байраар явсан. Дараа нь түрээсийн байранд амьдарч байлаа” гэж Тунгаа эгч хоол унд болох зуураа хэлэв. Тэрээр залгуулаад ханийнхаа начин болсон жилийн наадмын дурсамжаас хуваалцсан юм. “Манай хүнийг начин болдог жил нь буюу ерэн гурван оны наадмаар Балжаа аваргын гэргий Мягмар эгч ягаан дээл хийж өгсөн. Наадмын бэлтгэл дээр нь очиж оёж өгсөн. Аваргын гэргийгээр хийлгэсэн дээлтэй очиж начин цолны тэмдэг энгэртээ зүүгээд ирж байлаа. Тэгэхэд манайх мөн л оюутны байранд. Хөдөө гадаанаас хүмүүс ирчихсэн, Бумаагийн найзууд гээд бөхчүүд ирчихсэн, оюутны байрны ганц өрөө чинь зай завсаргүй юм болно биз дээ. Манайхны хэлдгээр “Дүлий цагаан” дээрээ (плитка) зогсоо зайгүй цай хоол хийгээд халуун гэж жигтэйхэн, ирсэн зочдын хөлс нь урсаад ярих юм биш. Тэгж л начин цолныхоо найрыг хийсэн түүхтэй” хэмээн ямар нэгэн хачиргүй дурсамжаасаа хуваалцлаа. “Оюутны байранд олуулаа тэгж бужигнаж байсан үе маань гоё байжээ. Хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ ганц умгар өрөөндөө багтаж ядаж байхад хөдөөнөөс хоёр гурван оюутан, Бумаагийн дүү нар ирээд байчихна. Одоо эргээд бодоход яаж болж байсан юм гэж санахаар. Гэвч болдог л байсан. Сүүлд бид хоёр хорооллын эцэст зургаан давхар байшин барьж түүндээ аав ээж, ах дүү нараа бүгдийг нь оруулсан даа” гэж гэрийн эзэгтэй өөх мах алагласан хонины хавирга сэлт чанан лавшаа хийх зуураа сонирхуулаад авсан. “Ганц өрөөнд олуулаа багтаж ядаж байсан бол одоо хэдэн өрөө том байранд хоёр, гурвуулахнаа л байж байна” гэснээ “Манай хүн чинь мах чанаж сайхан гэгч ясны шөл гаргаад лавшаа хийх дуртай. Элдэв янзын ногоо цагаа хэрэглэхгүй” хэмээн гал тогоо хавиас дуулгаж байв.
Бумаа ах хэсэг хугацаанд чимээгүй сууснаа манай аав их мундаг хүн. Намайг бөхийн өндөр цолонд хүрэхэд их нөлөө үзүүлсэн. Миний сэтгэл зүйг их өөрчилж, хат суулгаж өгсөн гээд аавынхаа тухай ийн өгүүлсэн юм. Ерэн гурван онд тэрээр Довчингийн Нэгдэл начингаар гурав, Жамбалын Хайдав арслангаар дөрөв давж, 1963 оноос хойш төрийн наадамд зодоглохдоо тав бүү хэл, долоогийн даваанд цөөн унасан Хорлоогийн Баянмөнх аваргаар тав давж улсын цолонд хүрсэн билээ. Начин авчихаад аав дээрээ иртэл огтоос тоосон шинжгүй “За миний хүү, ус нутгийн минь бахархал болсон домогт бөхчүүдээр цолонд хүрлээ. Чи өөрийнхөө хүчээр начин болсонгүй. Цаашдаа сайн барилдаж энэ хүмүүсийн итгэлийг даах хэрэгтэй” гэжээ. Дараа жил нь Увс аймгийн харьяат улсын начин Нямжавын Мөнхжаргалаар тав давж өсөх идэр чимэг нэмэхэд аав нь мөн л баяр хүргэсэнгүй. Увсын бөхөөр давсан гээд тэр. Харин ерэн найман онд залуу заан Гэлэгжамцын Өсөхбаяраар тав давж гурвантаа шөвгөрөхөд нь машид баярлаж, одоо л миний хүү аавдаа улсын цолтой бөх болсон гэдгээ баталлаа. Гэхдээ чи ханах хэрэггүй, чамд заан цол элбэгхэн байгаа шүү гэж хэлж байсан удаатай гэнэ.
“Манай Тунгаа миний хор шарыг их малтана аа” гэж гэрийн эзэн хэлээдэхэв. Сүхбат аварга, Гантогтох гарьд хоёр Бумаагийндаа гэр бүлээрээ ирчихсэн бүгд хөзөр тоглоод сууж байжээ. Ер нь үе үе тэр хэдтэйгээ нийлж хөзөр тоглож баахан инээлдэж, хөхрөлдөж байсан үеийнхээ дурсамжийг ярих дуртай юм билээ. Тийн хөзөрдөж байтал Тунгаа эгч “Бумаа чи, Сүхбат, Ганаа хоёроос биеэр хамаагүй том. Хэн ч харсан энэ хоёроос том цолтой бөх гэж бодохоор. Тэгтэл чи начин, энэ хоёр заан байдаг. Чамаас хамаагүй жижиг биетэй хоёр дүү чинь заан болчихоод чи ичдэггүй юм уу” гэх утгатай үг хэлж шарыг нь малтаж байсан гэдэг. “Би чинь өвгөнийгөө үе үе шургуу хийнэ шүү дээ. Тэс сумаас баахан л бөх байна. Арав гаруй начин байна. Энэ дундаас заан болчих магадлалтай хүн чинь чи биз дээ гэнэ. Манай хүн бас зөрүүдэлнээ, би ямар Тэс суманд төрсөн юм уу, Баруунтуруунд төрсөн гэж өөдөөс сөргөнө”. Ийм л яриа хөөрөө өрнүүлсэн шигээ бага охиноор нь чихэр жимс, ундаа жүүс дөхүүлүүлж, уран барилдаант ханагар заандаа ус нутаг, найз нөхдийнх нь дурсгасан эмээл хазаар, морин хуур, өөрийнх нь дүрс бүхий баримал, өөдөө цойлсон цалин цагаан морин цом зэргийг нь сонирхож, зузаан зузаан ботиуд шиг зургийнх нь цомгийг эргүүлсэн шигээ суулаа даа.
Бумбаяр заан эхээс наймуулаа юм билээ. Дүү нарынх нь нэг Монгол Улсын мэргэн Норжмааг манайхан мэднэ. Монгол сурын алтан зурхайд сум тавьж, төрийнхөө наадмын түрүүг хүртэн, төрийн тэргүүнийхээ зарлигаар улсын мэргэн цол хүртсэн нэгэн. Одоогоор улсад нэг түрүүлж, хоёр удаа үзүүр булааж хэд хэд шөвгөрөөд байгаа. Увс аймгаас тодорсон анхны мэргэн гэдэг. Тэгвэл Норжмаа мэргэний дүү Баатархүү гэж аймгийн алдарт уяач залуу бий гэнэ. Аймаг, сумандаа айраг түрүү хүртэхээс гадна бүсийн даншиг наадамд мөн л түрүү, айраг хүртээд буй нэгэн ажээ. Бумаа ах Баатархүү дүүгээ улсын алдарт уяач болгох зорилго тавиад байгаагаа дуулгасан. Ийнхүү Увсын Баруунтуруун сумын унаган иргэн Дамиран гэж эгэл жирийн айлынхаас Монгол эрийн гурван наадам төрөөд байгаа ажээ. Үндсэндээ Баатархүү улсын алдарт уяач болох юм бол Дамиран гуайн гурван хүүхэд улсын заан, улсын мэргэн, улсын алдарт уяач болох өндөр хувь энүүхэнд байна.
“Миний хань ижий ааваа машид хүндэтгэж хайрладгийн нэгэн илэрхийлэл бол энэ гэр бүлээс монгол эрийн гурван наадам тодорсон явдал. Норжмаа анх манайд ирээд охиныг минь хардаг байлаа. Адилхан бүсгүйчүүд учир миний бие түүнээс ямар мэргэжилтэй хүн болох вэ гэхэд, нум сум харвадаг харваач болмоор байна гэсэн. Тэгээд тухайн үед багагүй хэдэн төгрөг зарж байж Бумаа бид хоёр Норжмаад нум сум авч өгч байлаа. Одоо Баатархүүгээ улсын алдарт уяач болгоно гээд бас л энд тэндээс хурдан удмын адуу авч өгөөд зүтгэж байна” хэмээн гэргий нь хэлж байна. Сайхан хувь заяа гэхээс өөр юу гэх билээ. Дамиран гуай хөгшнийхөө хамтаар Бумбаяр хүүгийнхээ зургаан давхар байшинд хүүхдүүдийнхээ хамт, ач зээ нарынхаа “ангирын ганганаа” дунд тэнхлүүн аж төрж буй гэнэ. Зааных одоогийн байранд нүүж ирээд жил гаруй болж байгаа аж.
Анх “Багануур” компаниас байртай болж байснаа гэр бүлийн хоёр баяртайгаар дурссан. Бумаа ах Багануурын уурхайн компанийн бөх болсон түүх нь сонин юм билээ. Тэрээр 1996 онд Увс аймгийн Хяргас сумын Цогт-Очирын Баянмөнхийг дагуулаад Багануур компани дээр, нутгийн ах Хөхөөгийн Балсандорж дээр яваад очиж л дээ. Баянмөнхийгөө тэдний бөх болгох санаатай очсон нь тэр. Баянмөнх нь ерэн таван онд Ховдын Батзоригоор тунаж тав давж начин болоод байсан үе. Балсандорж захирал Бумбаярын хүсэлтийг хүлээж аваад төд хоногийн дараа хариу өгнө, над руу утасдаарай гэжээ. Хэлсэн хугацаанд утасдахаар Баянмөнхөө дагуулан Төв шуудан дээр яваад очжээ. Тэгтэл “Манай хамт олон ярилцаад Баянмөнх начинг биш харин өөрийг чинь компанийнхаа бөх болгохоор боллоо” гэсэн хариу өгөх нь тэр. Хажууд Баянмөнх нь хараад зогсож байдаг. Тэр шийдвэрийг начинд хэлэхэд их хэцүү байлаа гэж Бумаа заан инээвхийлэв. Түүнээс өмнө Худалдаа аж үйлдвэрийн тэнхимийн менежерээр ажиллаж байсан Түмэнбаяр гэж бөхөд элэгтэй, Бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн гишүүн байсан хүн “том” Сүхбат гарьд, Бумбаяр хоёрын улаан фен нь байжээ. Тэгээд өөрийн компанийн бөх болгож, Бумаа зааныг сургууль соёлыг нь төгсгөж, улсын цолонд хүргэсэн ач буяныг мартдаггүй юм билээ. Мөн Дүгэржав гэж нутгийн ах, сүүлд овоглож барилдсан “Увс хүнс”-ийн хамт олноо ч дурсаад авсан.
Тэднийх хоёр охинтой. Том охин Шижиртуяа нь өнөө жил Их сургуулийн хуулийн ангийг төгсч байгаа аж. Саяхан хонхны баяр нь болж төв талбай дээр Бумбаяр заан гэргий, бага охиныхоо хамт очин том охиндоо цэцгийн баглаа барьж баяр хүргэжээ.
Бага охин Идэрмаа нь мөн Их сургуулийн оюутан аж. 1994 онд аавыгаа өсөх идэр чимэг авахад төрсөн учир Идэрмаа гэж нэр өгснөө ээж нь сонирхуулж байсан. Тунгаа захирал Их сургуулийн хуулийн ангийг төгссөнөөсөө хойш хорь шахам жил өмгөөлөгч, нотариатчиар ажилласан байна. Төрсөн эгч Алимаагаа Тэс сумаас аймгийн Иргэдийн хуралд хоёр ч удаа төлөөлөгчөөр сонгогдоход нь хамт явж, дараа нь 2009 онд үйлчилгээний газраа АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдоржийн сурталчилгааны байр болгон бусад нөхдийн хамт зүтгэж зүрхнийхээ дуудлагаар улс төрд хөл тавьжээ. Аливаад чин шударга хандаж, хийж бүтээхийн тэмүүлэл, хэлсэн л бол түүндээ хүрнэ гэх чин эрмэлзэл зааны гэргийгээс илхэн харагдаж байлаа. Үнэхээр дайчин эрэмгий бүсгүй юм билээ. “Автобус-1” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрынхаа 700 гаруй ажилчдыг түүчээлэн яваа эмэгтэй. “Манай хүний дайчин эрэмгий, хор шартай чанар миний барилдааны амжилтад бас л нөлөөлдөг байсан. Ямар сайндаа л Сүхбат, Гантогтох хоёрын хажууд “Жижигхээн биетэй энэ хоёр заан болчихоод байхад…” гэж миний шарыг малтаж байхав дээ” хэмээн гэрийн эзэн яриан дундаа хэдэнтээ хэлээд авсан юм.
Бумаа заантай хуучилж суухад гэргийгийнх нь утас зогсоо зайгүй хангинана. Ажлын газрынхан, Иргэдийн хурлынхан, Баянгол дүүргийнх нь сонгогчид, за тэгээд найз нөхөд нутаг усныхан гээд ярих хүн бишгүй бололтой. Харин Баянаа аваргын охин, Сүхбат аваргын хүүхдүүдийн ээж Баясаа ярьж таарсан. Тэрээр нөхөртөө “Баясаа ярьж байна” гэж дуулгаж байлаа. Гантогтохын гэр бүлийнхэнтэй ойр байдгаа дурсаж байв. “Сүхбат залуу эхнэртэй болоод өөр амьдрал зохиочихсон, Намжилдоржийн маань бие жаахан тиймэрхүү байгаа зэргээс ойрд уулзалдсангүй дээ” гэв. Ховдын Мөнхбаатар, Увсын Мөнхжаргал, Говь-Алтайн Баатар гээд начингуудтай гэр бүлийн найзууд ажээ.
Тунгаа эгч хоёр охиныхоо өрөөнд хэсэг зуур удсанаа гарч ирэн “Ингэхэд эгч нь, Бумааг заан болох жил л төв цэнгэлдэх орсон гээд боддоо” хэмээн урт хар сормуусаа дэрвүүлэн нүдээрээ инээд алдсан юм.
Хэн ч юм бэ дээ, нэг ахмад цолтой бөх л наадмын дэвжээнд нөхрийгөө дагаж очиж болохгүй, барилдаан гардаггүй гэсэн зүйл хэлчихсэн байгаа юм. Тэгээд л Тунгаа эгч дандаа гэртээ үлддэг, наадмын бэлтгэлээс ирэхэд нь тусдаа унтаж, хол хөндийхөн байдаг байснаа инээдэм наргиан болгож хэлсэн юм. 2001 оны наадмаар нөхөр нь “Миний хань хамт оч л доо. Алдар цолтой бөхчүүдийн гэргий нар хамт очоод болоод л байна” гээд дагуулаад явсан гэдэг. Тэгээд тэр жилээ долоо давж хүсэн хүлээсэн заан цолондоо хүрчээ. Орой нь гэртээ бөөн баяр хөөр болон ирээд гэргий нь “Би хэдэн жилийн өмнө л хамт явдаг байж. Аль эрт цолонд хүрчихгүй юу. Намайг л хүлээгээд байсан юм биш үү” гэж тоглоом шоглоомын завсарт хэлж байснаа дурслаа. Харин энэ зуурт Бумаа заанаас Гантогтохоор долоо даваад тугийн мандал нулимстай тойрсныг нь асуулаа.
“Долоогийн даваанд Ганаа намайг амлах нь гарцаагүй байсан. Шаагдаж ам авна гэдэг тэр. Өсөхбаяр, Сумъяабазар, бид гурваас ам сонсч байгаа. Гарахын өмнөхөн Ганаад хэллээ. “Ах нь өнөө жил л заан цолонд хүрэх найдвар байна. Миний дүү нэг юм бодохгүй юу” гэхэд өөдөөс “Бумаа ах аа, та мэдэж байгаа. Манай аав 50, 60 жилийн түүхт ойн түрүү авсан. Далан жилийнхийг Балжаа аварга авсан. Энэ жил би түрүүлэхийн төлөө барилдаж байна” гэдэг юм. Тэгээд л гарлаа. Хоёул үзлээ, би хонгодож дайраад давлаа. Сонин юм шүү. Монгол төрийн наадамд ааваар нь тав давж начин болсон бол хүүгээр нь долоо давж заан болох хувь надад байсан шүү. Яалт ч үгүй уйлчихсан даа. Өөрөө баярлахын зэрэгцээ түмэн олны хүсэл хүлээлтийг биелүүлнэ гэдэг маш том баяр бахдал байдаг юм билээ. Олон хүн баяр хүргэж баярласнаа илэрхийлж байсан”.
Ийнхүү “Уур хүрмээр олон бөхтэй Увсын Тэс”-ийнхний хүчтэнүүдийн манлай Дамирангийн Бумбаяр заантай өдрийн турш хуучилсаар үдшийн бүрийтэй золголоо. Өнөө жилийн наадмаар хэнийг харж байна гэхэд, Содномдорж, Гончигдамба хоёр дээшээ барилдана байх. “Увс нуур” галыг манай Гантогтох ахалж байгаа, ноднин би ахалсан. Мөнхбат аварга, Бүрэнтөгс нар түрүү бодож л байгаа. Санжаадамбыг хэлэхгүй өнгөрч болохгүй. Өнгөрөгч жилийн аварга маань байна. Олон шинэ цолтон төрсөн сайхан наадам болно доо гэсээр хоцорсон юм.
Н.ГАНТУЛГА