Categories
мэдээ нийгэм

Тэшүүрийн холбоон дахь будлианыг илчилж, спортоо аврахаар нэгдлээ

Өнөөдөр \2016.05.11\ Монголын тэшүүрийн холбооноос ээлжит бус их хурлаас томилогдсон ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Энэхүү хуралд МТХ-ны нарийн бичиг асан Ч.Дагвадорж, М.Мөнхцэцэг, дасгалжуулагч Д.Энхбаяр, А.Болд, МТХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн Ц.Гачилмаа, МТХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөнх-Амьдрал, ахмадын олимпийн аварга, ОУХМ Алтанцэцэг, ахмадын дэлхийн аварга Н.Эрдэнэтуяа болон тамирчид, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Тэд хэлэхдээ 2016 оны дөрөвдүгээр сарын 28-д хуралдсан Холбооны ээлжит бус их хурлыг дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан гэж үзэн тайлбар хийв. Энэхүү хуралд Улаанбаатар хот болон хөдөө, орон нутгийн төлөөлөл болсон 70-аад гишүүн оролцсон байна. Сүүлийн жилүүдэд МТХ-ноос авч байгаа арга хэмжээ, явуулж байгаа үйл ажиллагаа туйлын хангалтгүй болсон, МТХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд нь хуралдаа оролцдоггүй зэрэг олон шалтгаанаас үүдэн Тэшүүрийн холбооны дүрмийн дагуу ээлжит бус их хурлаа зарлан хуралдуулжээ.

ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЯАГААД ХУРАЛДАХ БОЛОВ

МТХ-ны ээлжит бус их хурал хуралдах болсон шалтгааныг тэд ингэж тайлбарлав.

Монголын тэшүүрийн холбооны 12 дугаар их хурлаас сонгогдсон Ерөнхийлөгч Т.Нямдаваа 2015 оны наймдугаар сарын 20-ны өдөр Ерөнхийлөгчөөсөө огцрох хүсэлтээ гаргаж, цаашид ажиллаж чадахгүй гэсэн өргөдлийг Удирдах зөвлөлдөө гаргасан. Түүний дараа Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүн ажиллахаас татгалзсан өргөдлөө өгчээ. Үүнтэй холбогдон тус холбооны Удирдах зөвлөлийн хурал ирцгүй болж, хуралдаж чадахаа больсон байна.

Мөн:

  • Олимпод бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулах ажлын хэсэг нь мэргэжлийн бус хүмүүсээс бүрдсэн. Тухайлбал тус бүрэлдэхүүнд Монголын тэшүүрийн холбооны аж ахуйн нярав Оюунсүрэн, 1980-90 онд уралдаж байсан ахмад тэшүүрчин Чулуун нарыг оролцуулж, чухал асуудлыг шийдэх гэж байхад хариуцлагагүй хандлаа.
  • Багш, дасгалжуулагч нар 2015 оны 12 сард Удирдах зөвлөлийн хурлыг нээлттэй хийж, дасгалжуулагч нарыг оролцуулаач гэсэн хүсэлт тавихад хүлээн аваагүй
  • Ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгч М.Нармандах нь өөрийн охин А.Зулыг сошиал медиа ашиглан 1000 метрийн зайд олимпийн аварга болох бололцоотой хэмээн олон түмэнд худал мэдээлэл хүргэсэн. Мөн Азийн шилдэг 10 тамирчны нэгээр дөрвөн жил дараалан шалгарлаа гэсэн худал мэдээллийг Төрийн байгууллагад өгсөн.
  • Канадад 2016 оны гуравдугаар сард зохиогдсон ОУ-ын тэмцээнд оролцохоор очсон тамирчин Д.Дэлгэрмаад дасгалжуулагч Ж.Долгорсүрэн дэмжиж туслаагүй нь улмаас гадаадын дасгалжуулагчаар цаг бариулсан тохиолдол гарсан.
  • Залуучуудын өвлийн II олимпийн наадамд оролцох боломжтой нормативийг хангасан тамирчдын бэлтгэлд дэмжин туслаагүй.
  • Олимпийн эрхийн тэмцээнд явах гэж байсан өвлийн олимпийн анхны аварга Б.Сумъяаг эрх авах боломжгүй гэж тамирчид, дасгалжуулагчдын өмнө М.Нармандах хэлж байсан.
  • Багш, дасгалжуулагч, тамирчдын хооронд зүй бус үйлдэл гаргаж, тэднийг хагаралдуулдаг.
  • Тэмцээн, уралдаан бага зохиогдож, тэшүүрийн спортоор хичээллэгсдийн тоо эрс буурсан
  • Хөдөөгийн багш, дасгалжуулагчдыг дэмжин ажиллахаа больсон.
  • Өөрийн эх оронд зохиогддог байсан Олон улсын тэмцээнийг тасалдуулсан.
  • Гадаадад болдог олон улсын тэмцээнд өсвөрийн тамирчид оролцохоо больсон
  • Удирдах зөвлөлийн хурал ирц хүрэхгүйн улмаас хуралдахаа больсон зэрэг олон үндэслэл байгааг хэллээ.

2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монголын тэшүүрийн холбооны ээлжит бус их хурлаар өмнөх 12 дугаар их хурлаар сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, дараагийн ээлжит их хурал хүртэлх тус холбоог удирдах ажиллах Ерөнхийлөгч болоод Удирдах зөвлөлийг сонгосон байна.

Тус шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 2010-2014 онуудад тус холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг эргэн ажиллуулахыг санал нэгтэйгээр зөвшөөрчээ.

Шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн:

Дэд Ерөнхийлөгч: Л.Мягмаржав \MCS Coca cola компанийн гүйцэтгэх захирал\,

Гишүүд: Н.Болормаа, Б.Өвгөнхүү, Б.Гантүшиг, Г.Мөнх-Амьдрал, Л.Батцэнгэл, Б.Жамбалдорж, М.Цэцгээ

Ээлжит бус их хурлаас томилогдсон ажил хүлээлцэх комиссын гишүүд ажил хүлээлцэх талаар МТХ-ны өмнөх удирдлага болох Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа, ерөнхий нарийн бичгийн дарга М.Нармандах нарт мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөг хүртэл өрөөгөө лацдан цоожлон, тамга тэмдгээ хүлээлгэн өгөхөөс татгалзаж, зугтааж байгаа учраас хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *