Categories
мэдээ цаг-үе

Тэнд хөөрхөн охид сууж байна гэхээр Өөжгий сэргэчихдэгсэн

“Хөх тэнгэр” хамт­лаг 25 жилийн ойн хүндэт­гэлийн тоглолтоо энэ сарын 19-ний үдэш “Crocus event hall”-д ганцхан удаа тоглох гэнэ. Монгол Улсын гавьяат жүжигчин, “Натур саунд” төвийн захирал Б.Дашдондогтой ярилцлаа.

-“Хөх тэнгэр” хамтлагийн 25 жилийн ойн тоглолт ямар дуунуудаас бүрдэх вэ?

-“Хөх тэнгэр” хамтлагийн хамгийн сор болсон шил­дэг уран бүтээлээс бүрдсэн тоглолт болно. Энэ тоглол­тод “Хөх тэнгэр” хамтлаг бүрэлдэхүүнээрээ оролцоно. Б.Сарантуяа, Н.Ганхуяг бид гурав дуучнаар,хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, Г.Пү­рэв­дорж, хөгжимчин, хамт­лагийн ахлагч Н.Ганбат, ги­тар­чин ая зохиогч Д.Өлзий-Орших, Г.Буян-Өлзий, хөг­жим­чин Н.Халиун, бөмбөрчин Ж.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй тоглоно доо.

-“Хөх тэнгэр” хамтлаг яаж мэндэлсэн бэ?

-“Хөх тэнгэр” хамтлагийн үүсгэн байгуулагч нь “Буян” Жаргалсайхан шүү дээ. Анх хөгжим оруулж ирсэн. Тэгээд энэ улсуудыг бүрдүүлж, уран бүтээл хийсэн юм. Монголын сор болсон хөгжимчдийг цуглуулсан. Сараа бид хоёр бол шинэ дуучид байлаа. Залуухан ч байж. Буян Жагаа тухайн цаг үеэ илэрхийлсэн уран бүтээл хийлгэх сонирхолтой. Анх бид “Хэлмэгдэл” гэдэг нэртэй концерт хийж байв. “Бүүвэйн дуу”, “Хундагаа өргөе”, “Үг” гэж дуу ч байсан. Р.Чойномын шүлгээр хийсэн “Шувтарсан цагаан бумба” гэх мэтийн дуунуудаас бүрдсэн тоглолт байлаа. Одоо эргээд сонсохдоо ч ямар мундаг хэлээ вэ гээд шүтээд л сууж байна. Тэр үед улс төр, цаг үе өөрчлөгдөж байсан. Ардчилал бий болоод, хуучин нийгэмдээ шүүмжлэлтэй хандсан, ороо бусгаа үе. Цэнгэлдэхэд, Соёлын төв өргөө, Хүүхэд залуучуудын театрт цөөхөн тоглолт хийсэн. Түүнээс хойш миний “Охин”, “Аав”, “Үзэсгэлэн төгөлдөр эх орон”, Сараагийн “Бороо”, “Хагацаж болохгүй тавилан” гэх мэтчилэн ард түмэнд таалагддаг, мөнхийн сэдвээр дуулж эхэлсэн.

-Та “Хөх тэнгэр”-т орж ирэхээсээ өмнө юу хийж байв?

-Би Холбооны сургалтын төв төгссөн. Техникийн талын мэргэжилтэй. Телевизэд камер нь тусдаа, магнитфон нь том дөрвөлжин юм тусдаа. Дуу хураах, кассет солих ажил хийдэг хүн тусдаа байсан. Тийм л ажил хийж байлаа.

-Таныдуулах авьяас хэзээ тодров?

-Наяад оноос дуулж эхэлсэн. Би арван жилийн нэгдүгээр сургуульд байсан юм. Сургуулийн урлагийн үзлэгт ордог. Тэндээс эхлээд дуулах сонирхол төрж эхэлсэн гэх үү дээ. Гэхдээ би дунд сургуульдаа тамирчин байлаа. Волейболын идэрчүүдийн шигшээд байлаа. Сургуулийнхаа сагсны шигшээд багтдаг. Улсын дөрөвдүгээр спартакиадын мянган метрийн гүйлтийн улсын аварга байлаа.

-Одоо бол спортоор хичээллэдэг үү?

-Одоо бол спорт байхгүй. Дан урлаг руу орсон.

-Яагаад дуучин болчихов?

-Холбооны сургалтын төвд ороход “Электроник” гэж хамтлагтай. Тэр хамтлагт анх дуучнаар орж байсан. АББА, Смоүки, Бони м, Модерн токин гээд бүгдийг нь хуу хамаад дуулдаг байсан. Тийм л дуучин байсан. Дөрвөн жил тэндээ дуулж, дараа нь цэрэгт яваад, тэндээ бас хөгжим тоглосон юм байна. Нэг концертод дуулж байгаад хөгжмийн зохиолч Энхбаяр ахын нүдэнд өртсөн дөө. Тэр хүн цэрэгт улирч “Хилчин” хамтлагт орох уу гэсэн санал тавьсан. Анх “Хилчин” хамтлагт мэргэжлийн уран бүтээл рүү хөл тавьж байв. “Сүүн цагаан хурим” гэдэг дууг Бүрнээбаяр эгчтэй хамт дуулж байлаа. Одоо болтол энэ дуу эгшиглэж байна даа.

-Олон бүсгүйтэй хамтарч дуулсан. Хамгийн сэтгэлд үлдсэн хамтрагч хэн бэ?

-Бүрнээ эгч, Сараа хоёр байдаг юм шүү дээ.

-Тоглолтын бэлтгэл хэр хийж байна?

-Тоглолтын бэлтгэлээ манай студид сайн хийж байна. Хүмүүс маань цуглаад, цагааүр ашигтай сайхан өнгөрөөгөөд, тамхи татах үедээ хуучнаа дурсч бие биенээ шоолж инээчихээд байж байна.

-Хамтлагийн гишүүдийн тухай хөгжилтэй түүх бий юу?

-Манай Өөжгий залуу ч байж, зарим тоглолт дээр урвагардуу тоглохоор нь бид нар хөөргөөд “Өөжгий тэнд хоёр аягүй хөөрхөн охин сууж байна” гэхээр сэргэчихдэг. Урд гараад, хайгаад, тоглоод байдаг сан. Тэр их хөгжилтэй.

-Аавын тухай дуулахаар уйлчихдаг гэж та хэлсэн байсан. Аавынхаа тухай яриач. Таныг урлагт хайртай болоход нөлөөлсөн болов уу?

-Миний аав Орбит станцын ерөнхий инженер Баярмагнай гэж хүн байлаа, Ховд аймгийн Чандмань сумын хүн. Манай өвөө маш хурдан адуутай алдартай уяач байсан. Надад түлхэц өгсөн юм байдаг. Намайг дунд сургуульд байхад аав Японоос таньдаг хүндээ захиж байгаад кассетны магнитафон авчруулж байлаа. Надад арваадхан кассет байсан. Баахан гадаад дуу энд тэндээс хүн амьтан гуйж байгаад хуулаад авчихсан. Түүнийгээ ар өвөргүй тавиад дуулдаг байсан. Бүгдийг нь цээжилчихсэн. Өдөр бүр нормтой юм шиг кассетаа дуустал нь дуулдаг. Байрныхаа хүүхдүүдийг оруулж ирээд тэдэнд концерт тоглодог. Яг тэр нь намайг дуучин болоход нөлөөлсөн. Аав намайг дуулаад явахад хорьдоггүй. Гэсэн ч эцэг хүн хүүгээ ажил мэргэжилтэй болгохыг хүсдэг. Хүүгээ холбооны мэргэжилтэй инженер болчихоосой гэж бодно. Намайг тэгээд Холбооны сургалтын төвд оруулсан байхгүй юу. Нийнуугүй хэлэхэд холбооны мэргэжил бараг сураагүй. Хамтлагт ороод хөгжим тоглож л сурсан. Тэр үед урлагийнхныг завхай зайдан, хөнгөн хийсвэр улсууд гэж хүмүүс ярьдаг байсан. Тийм биш шүү дээ.

-Хаана ч очсон яаж ийж байгаад урлагтай холбогдчихдог байжээ?

-Яаж ийж байгаад л урлаг руу гүйгээд орчихдог. Цэрэгт очсон ч тэнд цоо шинэ хөгжим авчихсан, хамтлаг нь бүрдээгүй байхад намайг карантинаас сонгож татаж авсан шүү дээ. Энд нэг дуучин цэрэг байх ёстой. Тэрийг манай анги авна гэж булаацалдаж авч байсан. Тавилан нь тийм бол тэр зүгтээ чиглүүлээд л байна. Миний жинхэнэ нэрийг Одхүү гэдэг юм. Минийдүүг Батхүү гэдэг. Намайг жаахан байхад лам үзээд “Энэ хүүхдийн нэрийг өөрчил” гээд өөрчилсөн түүхтэй. Ийм замаар явна гэдгийг тэр хүн хараад, цагаан хэл амыг нь хаах үүднээс нэрийг нь сольсон юм билээ. Аав сүүлд надад ярьж байсан л даа. Тэгээд би хаана ч очсон урлаг руугаа гулгаж ороод байсан байхгүй юу.

-Сүүлд та тоглолт дээрээ аавын тухай дуу дуулахад аав чинь ирж сонссон гэдэг. Их баярласан байх даа?

-Миний аав концерт үзэж суугаад уйлж байсан. Би бас уйлаад, хоёулаа хоёр биенээ харчихаад баярлаад гоё байсан. Дараа нь тоглолтын дараах цайллагад аавыгаа аваачсан. Манай рок попынхон бүгд тэнд байсан. Аавд бүгд баяр хүргээд л…Эцэг эхийгээ амьдад нь баярлуулна гэдэг сайхан. Хүнэцэг эхийнхээ ачийг хариулж дийлэх биш дээ. Уран бүтээлч болоод аавыгаа баярлуулна гэдэг сайхан. Одоо ч би үүндээ сэтгэл хангалуун байдаг.

-Гэргий тань таны фэн байсан уу, яаж танилцсан бэ?

-Намайг хэн ч биш байхад л суусан. Би цэрэгт байсан үе л дээ. Хөгжмөө тоглоод гадаад дуугаа дуулдаг байсан. Оюутнууд цэргийн ангитай шефлэдэг байсан. Амралтын өдрөөр шеф сургуулийн оюутнууд ирж үдэшлэг хийдэг байлаа. Тэнд танилцаад, халагдаад шууд тэдний гэрт оччихсон хүн шүү дээ. Ээж, аавыг нь ч танихгүй байж гэрт нь очоод суучихсан. Бид хоёр хурим хийгээгүй ч сайхан амьдарч байна.

-Сүүлд та олнытанил болоход шүтэн бишрэгч хүүхнүүд гарч ирсэн л байх?

-Зөндөө гарч ирнэ. Танилцах хүсэлтэй хүүхнүүд байдаг. Гэхдээ би чинь олон хүний нүдэнд ил байдаг хүн. Нэр хүндээ бодно. Идэж уух наргих цэнгэх, хүнхартай янз бүрийн байдлаар уулзаж харагдах энэ тэр бол байхгүй болж байгаа юм.Зарим үед энгийнхүн байсан бол сайхан чөлөөтэй ч байх байж дээ гэж бодогддог.

-Та даруухан төрхтэй. Таныг тэглээ ингэлээ гэж сонсож байгаагүй?

-Би студи байгуулсанаас хойш тарвага маягтай амьдардаг болсон. Ичээнд байгаа юм шиг л амьдардаг. Монголын хамгийн анхны “Сонор” студийг оруулж ирж байлаа. Төслийг нь анх Халиун бид хоёр хийж, хөрөнгийг нь Э.Бат-Үүл ах гаргасан. Банкнаас зээл авсан л даа.

-Дуучны хувьд амбиц багатай юм уу?

-Би дундуур нь уран бүтээл хийгээд л байгаа шүү дээ. Тоо хөөдөггүй чанар хөөцөлддөг.

-Таныг таван цомог хийж байна гэж дуулсан?

-Таван цомог мааньдуусч байна. Тэр бол миний урд хийж байсан уран бүтээл, “Хөх тэнгэр”-ийн бүтээл, хүүхнүүдтэй дуэть дуулсан цомог, цоо шинэ хоёр цомог нийлээд таван цомог гарч байгаа юм. Уран бүтээлээ тоолоод үзэхээр би чинь бас 40-50-иад дуутай юм байна. Сүүлд гарсан уран бүтээлээ нэмэхээр далаад бүтээлтэй болох гэж байна уу даа.

-Студид суухаар танд дуучныхаа хувьд зарцуулах цаг хэр гардаг вэ?

-Би дуулахгүй байж байгаад дуулахад хоолой байж л байдаг. Жил орилохгүй байж байгаад орилоход миний хоолой дажгүй байдаг. Их сонин. Би гамм байнга уншаад байдаггүй. Студийн ажил цаг нар багатай. Бусдын уран бүтээлүүд дээр маш их ажилладаг. Энд нэг хүний бүтэн СД орж байхад дунд нь би дуугаа дуулж л байдаг. Ний нуугүй хэлэхэд хүний амьдралдаа хийсэн уран бүтээ­лээс нэг, хоёр час хийсэн дуу л үлддэг.

-Та хэдэн цагт ажилдаа ирээд хэзээ дуусдаг вэ?

-Би чиньдандаа шөнө л ажилладаг. Өдөр хүн орж гараад бужигнаад байхаар юу ч хийж чаддаггүй. Хөгжим тохируулах ажил гэдэг анхаарал төвлөрөхийг шаарддаг. Ямар ч хүн хажууд саад болохгүй, юмярихгүй, чив чимээгүй газар сууж байж хийдэг ажил. Өдөр 12-13 цагийн үед босдог. Ер нь 2000 оноос хойш яг ийм хэв маягаар амьдраад хэвшчихсэн.

-Энэ өрөөнөөс гараад ертөнцөөр аялъя гэж бодогдох уу?

-Хааяа бүр тийм бодол төрдөг шүү. Би зун хөдөө аялах дуртай. Бүх юмаа ачиж аваад аялдаг. Тэр амралт жилээ даана. Агаарын дутагдалд ордог байх аа. Зун айраг тарагуугаад зугаалахаар сайхан болчихдог юм. Загас барьдаг. “Цаг уур”-ын ятга тоглодог Наранбаатар ах, “Харанга”-ын Чука ах, хөгжмийн зохиолч, миний найз Халиун бид хэд хамтдаа загасанд гараад давхичихна.

-Та гангалахаараа юу өмсдөг вэ?

-Гангаръя гэж боддоггүй. “Гангалах гэдэг бол хүн дутуугаа нөхөх гэж хийдэг зүйл” гэж надад нэг хүн хэлсэн юм. Юм хоёр талтай. Ажил мэргэжилдээ өндөр чадвартай хүнд гангарах сонин биш. Тийм бус хүмүүс үзэгдэх байдалдаа анхаардаг. Их мэдлэг боловсролтой хүмүүс толгойгоороо л гайхуулдаг. Нөгөөдүүл нь хувцас, өмсч эдэлж байгаа зүйл, машинаараа гангараад байна ш дээ

-Та ямар машин унадаг вэ?

-Би зүгээр нэг лексус 470-тай. Хөдөө гадаа явахад надад машин хэрэгтэй.

-Залуу байхад эмэгтэй хүнийг хардаг нүд өнөөгийн үнэлэмж өөрчлөгдсөн үү?

-Өөрчлөгдөлгүй яахав. Эмэгтэй хүний биеэ авчяваа байдал чухал. Сэтгэлгээ, оюун санаа, ухаан нь чухал. Хүнийг шууд гаднаас нь дүгнэх хэцүү. Ярилцаад, санаа сэтгэлийг нь сонсоод ирэхээр анзаарагдаж эхэлдэг. Гэхдээ эмэгтэй хүний гоо үзэмж чухал байлгүй яах вэ. Будах шунхдах хэрэгтэй ч хэтрэхээрээ дэмий, донж нь таарвал хичнээн сайхан харагддаг билээ.

-Амьдралаасхамгийн их таашаал авдаг зүйл юу вэ?

-Өндөр уулан дээрээс нутгаа харах ямар гоё гээч. Би Баатар хайрхан дээр хоёр удаа гарсан. Ховдын Зэрэг суманд байдаг цаст оргил. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тахьдаг овооноос цаахна гардаг. Яг цасных нь хажууд очдог. Ерөнхийлөгчийн тахьдаг овооны дор ногоон нууртай, вансэмбэрүү цэцэг хосоороо ургадаг. Тасдаж болохгүй гэдэг. Оргил дээр гараад харахад ёл доогуур нисч байдаг.Тэр үед л жинхэнэ кайф авдаг. Хийморь сэргэдэг. Нөгөө нэг кайф нь тоглолтоо хийгээд тайзан дээр галзуурч байгаад гараад ирэх үед кайф авдаг. Яагаад ч юм онгироо болчихдог. Би даруухан хүн, тэр үедээ онгироо болчихдог. Архи уудаггүй, тийм үедээ ууж идээд онгироо болчихдог. Кайф гэдэг тийм гоё.

Б.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *