Өнгөрсөн амралтын өдрөөр “Монгол HD” телевизээр “Авьяаслаг монголчууд” нэвтрүүлгийн тав дахь дугаар цацагдсан билээ. Энэхүү дугаараар шүүгчдийг төдийгүй үзэгчдийг лимбэ хөгжмийн тоглолтоороо уярааж, гайхшруулж чадсан оролцогч бол 0819 дугаартай Т.Пүрэвбаатар байсан юм. Т.Пүрэвбаатар төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Тодруулбал, хоёр хөлгүй, нэг гаргүй бөгөөд насан туршдаа тэргэнцэртэй яваа хүн. Гэвч шоуны шүүгчид түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж өрөвдөхөөс илүүтэйгээр лимбэ хөгжмийг хэрхэн эзэмшиж, түүгээр ямар сайхан аялгуу тоглож чадаж байгааг олж харсан юм. Тиймээс шүүгчид дуу нэгтэй тэнцэх товчийг дарсан. Тэрээр тайзан дээр “Үүрд хамт байгаач ээж ээ” дууны аяыг эгшиглүүлэхэд үзэгчдийн дунд нулимсаа барьж чадалгүй уйлж суугаа олон ч хүн харагдсан. Телевизээр үзсэн хүмүүс ч өөрийн эрхгүй нулимс унагасан талаар гадуур ярих боллоо. Түүний авьяасыг бахдаж шоуны шүүгч хийлч Ч.Дэлгэрцэцэг “Энэ тайзан дээр ийм л авьяастнуудыг гаргаж ирэхийн төлөө бид энд сууж байгаа” хэмээн дуу алдсан бол шүүгч ая зохиогч, дуучин Ц.Чулуунбат “Би чамайг ерөөсөө ч өрөвдөхгүй байна. Харин чамаар бахархаж байна. Эхнэрээр чинь бүр их бахархаж байна” гэж хэлээд авсан. Харин үзэгчид сэтгэлээсээ хөглөсөн лимбэ хөгжмөөр ямар гайхалтай аялгууг гаргаж байгааг ихэд бахдаж байлаа. Мэдээж түүний авьяас тэргүүн зэргийн онцлох. Харин Т.Пүрэвбаатараас амьдралын үнэ цэн, итгэх итгэл, хайр сэтгэл, хүсэл тэмүүлэл гэрэлтэж байсан нь тэр чигээрээ гайхамшиг байлаа. Тэрээр “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож ийн тайзан дээр гарч олны өмнө зогссон нь ч түүний бас нэгэн хүсэл мөрөөдлийн илэрхийлэл байсан юм. Шоуны шүүгч залуу дуучин, реппер Rokit Bay буюу О.Баярсайхан “Та амьдралд юу чухал, юу үнэтэй вэ гэдгийг өнөөгийн залууст харуулж чадлаа. Хүн төрөлхтөнд итгэх итгэл минь сэргэлээ гэдэг үг энэ л байх даа” гэсэн нь үзэгчдийг ч нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэсэн болов уу. Энэ эрхмийн амьдрал ихэд гэрэл гэгээтэй дурсамжаар дүүрэн. Насаараа био үйлдвэрт ажилласан Д.Бизъяа болон Ж.Төмөрчөдөр нар долоон хүүхэдтэй. Нэг нь Т.Пүрэвбаатар. Хүү нь хорвоод мэндлэхдээ л хоёр хөл, нэг гаргүй төрсөнд эцэг, эх нь ихэд сэтгэлээр унаж байсан ч нэгэнт бурханаас заяасан үрээ ямар хаялтай биш гээд бусад хүүхдийнхээ л адил юугаар ч дутаалгүй өсгөж өндийлгөжээ. Хүүгээ бусдад адлагдах вий гэж сургуульд хүртэл оруулахгүй гэсэн бодлоо ч эцэг, эх нь өөрчилж түүнийг боловсролтой, мэргэжилтэй нэгэн болгож нийгмийн дунд оруулсан байна.
ХУВЬ ТАВИЛАН
Амьдралд эрээнтэй, бараантай зүйл олон тохиолддог боловч тэр болгонд зовлон тоочиж, хөгжлийн бэрхшээлтэйгээрээ шалтаглаж хүний гар харж суусангүй. Найзынхаа гэрээр орж, гарах болгонд тусалж, дэмжиж, хүссэн газарт нь хүргэж өгдөг охин хожмоо хорвоог хамт туулах хань, хүч, хөдөлгүүр нь байсныг хэн мэдэхэв. Мөнхтуул гэх бүсгүй өөрт нь дурлаж, үрийн зулай үнэрлүүлж, бүр өдийг хүртэл асарч халамжилж байгааг Т.Пүрэвбаатар ёстой л бурханы зурсан зураг, хувь тавилан гэж бодож талархаж явдаг тухайгаа нэгэн ярицлагадаа хэлсэн байдаг. Үхлээс өөр юу ч биднийг салгаж чадахгүй хэмээн ам гарч явсан хосууд нэгийгээ осолд ороод тахир, дутуу болонгуут хумсын чинээ ч нинжин сэтгэл гаргалгүй хаяад оддог нь ч бий. Тийм атал Пүрэвбаатар шиг хувьтай хүн ховор шүү гэх хүн олон байна. Ёстой л зурсан хувь тавилан гэдэг энэ байх. Анх эхнэртэйгээ суухад хадмууд нь Т.Пүрэвбаатарыг эрс эсэргүүцэж байсан гэдэг. Тэрээр “Яаж ийм хүнд охиноо даатгаад өгөөд явуулахав. Хэн ч байсан л тэгнэ. Гэхдээ одоо над шиг сайн хүргэн байхгүй шүү” хэмээн хошигнож байсан удаатай. Аав, ээж нь зөвшөөрөхгүй болохоор охиныг нь аваад оргож, маргааш нь эгчийгээ дагуулаад хадаг тавьж эхнэрээ болгож байсан сайхан түүх тэдэнд бий. Энэ бол 1999 он. Гэвч хайр, дурлалаар жигүүрлэсэн хосуудын амьдралд ууган үрээ мэндлэх үеэр нэгэн зүйл ихэд сэтгэл зовоож байсан аж. Учир нь хүүгээ өөртэйгөө адилхан төрөх вий гэж хэдэн ч өдөр, хэдэн ч шөнө нойргүй хоносон юм бүү мэд. Харин одоо эрүүл саруул П.Амартүвшин, П.Энхтүвшин гэх хоёр хүү, П.Цэлмүүн гэх нэг охинтой эцэг хүн болжээ. Пүрэвбаатар өнгөрсөн жил нэгэн нэвтрүүлгээр “Миний хань зөөлөн сайхан сэтгэлтэй, тусч, ажилч хичээнгүй сайхан эмэгтэй. Би том хүүхэд нь шүү дээ. Дөрвөн хүнийг халамжилж, хайрлана гэдэг амаргүй ажил. Би үнэхээр азтай хүн” хэмээн эхнэрээрээ бахархан ярьж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр түүний эхнэрээр монголчууд бахархаж байна. Үнэхээр энэ олон жил ханийнхаа дэргэдээс алхам ч холдолгүй, урам зориг хайрлаж бусдын л адил хүн гэдгийг нь мэдрүүлж амьдрах итгэлийг нь бадрааж яваа эмэгтэй.
УУЛ ШИГ НӨМӨРТЭЙ ААВ
Түүний аав, ээж өөд болоод олон жил өнгөрч байгаа аж. Тиймээс анх эхнэртэйгээ өрх тусгаарлахдаа л дүү нарыгаа хажуудаа авчээ. Хадмынхаа хашаан дахь хуучин амбаарт гал голомтоо бадрааж байсан залуу хосууд хүүхдүүддээ санаа тавихын зэрэгцээ дүү нараа хүний зэрэгтэй амьдруулах гэж их л хичээж, ажиллаж байсан аж. Эхнэр нь гурван хүүхдээсээ гадна нөхрөө халамжлах чухал үүрэгтэй учраас өөр ажил хийгээд явах зав байсангүй. Тиймээс гэр бүлээ тэжээхийн тулд мэргэжлээрээ ажиллахаас өөр зам байсангүй. Тиймээс хүний хөрөг зэрэг олон төрлийн зураг зурж хэдэн төгрөг олдог байж. Мөн “Меркури” захын гадаа долоо хоногийн 2-3 өдөр зогсч нэг ёсондоо гудамжинд лимбэ хөгжмийн тоглолт хийдэг байжээ. Хоногийн хоолоо залгуулахаас гадна дүү нарынхаа сурч боловсроход анхаарал тавина. Ингэж явсаар дүү нарынхаа гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит том ах юм. Тиймээс дүү нар нь түүнийг тулж түших аав гэж хүндэтгэдэг байна.
МЭРГЭЖЛИЙН ЗУРААЧ
Тэрээр 2002-2007 онд ДУДС-ийг дүүргэсэн мэргэжлийн зураач. Харин лимбэ бол түүний хобби. Хүүхэд байхын л лимбэ тоглох хорхойтой байсан гэдэг. Түүний сурагч ахуй цагт “Хонгилдон” кино ид хүчээ авч, хүүхэд бүр түүн шиг зодоонч болохыг хүсдэг байсан бол Т.Пүрэвбаатар кинонд гардаг лимбэ хөгжмийг ихэд сонирхож, өнөөг хүртэл энэ сонирхлоо хөгжүүлж яваа нэгэн. Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Галсантогтох өөрийнхөө лимбийг дурсгаж байсан удаатай гэсэн. Түүнчлэн лимбэ хөгжмийн аялгуутай “Хэрвээ хүмүүс” хэмээх цомог хүртэл гаргаж байсан аж. Өдгөө 39 настай залуу хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, өөрийгөө алхам бүрт хөгжүүлж яваа бололтой. Гэр бүл нь түүний хувьд амьдрах утга учир, шалтгаан. Харин зураг зурна гэдэг амьдралынх нь баяр баясал гээд хэлчихэж болно. Тэрээр 2013 онд бие даасан зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. Энэхүү үзэсгэлэнгээ гаргахад нь багын найз Баатар гэх залуу тусалсан байдаг. Ихэнхдээ авангард, хөрөг, байгаль гэсэн гурван төрлөөр уран бүтээлээ туурвидаг аж. Сумогийн их аварга Д.Дагвадоржоос эхлээд олон нэр алдартай хүний хөргийг зурсан байна.
ОД ГИЙСЭН ОН ЖИЛҮҮД
Өнгөрсөн 2014 он түүний амьдралд олон дэвшил гарсан нь уран бүтээлийн цомог, үзэсгэлэн байсан. Үүнээс гадна А.Гантулга, Т.Гэрэлт-Од хэмээх сайн санаат хүмүүсийн ачаар лимбэчин гэр бүлийнхэнтэйгээ тохилог дулаахан орон сууцанд амьдрах болжээ. Учир нь түүний гэр бүлд “Буянт-Ухаа” хороололд хоёр өрөө байр авч өгсөн байна. Мөн “Айст Монголиа” телевиз 2014 оны “Онцлох” мэдээгээр түүний тухай мэдээллийг нэрлэжээ. Энэхүү шалгаруулалтыг Оросын үзэгчдийн хандалтаар тодруулдаг юм байна. Ер нь түүний ойр дотнынхон Пүрэвбаатарыг их бүтээлч, өөдрөг үзэлтэй нэгэн болохыг ярьж байсан. Ямартай ч амжилт бүтээлээр дүүрэн яваа Т.Пүрэвбаатар “Авьяаслаг монголчууд” шоунд оролцсоноор өөрийн болоод бусдын амьдралд сайн сайхан олон өөрчлөлт авчирч, мянга мянган залуу гэр бүлд үлгэр дуурайл болж байна.