Тээврийн цагдаагийн албаны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр тус албаны төв байранд явагдаж байна. Энэхүү өдөрлөгийн үеэр Бүртгэл хяналтын төв, Автотээврийн үндэсний төвөөс иргэдэд үйлчилнэ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн ахлах дэслэгч Э.Мөнхгэрэлээс тодрууллаа
–Замын цагдаагийн алба Тээврийн цагдаагийн алба болж бүтцээ шинэчлэлээ. Үүний хүрээнд бүх тээврийн албаныхан танилцуулгаа хийж байгаа юу?
-Замын цагдаагийн алба нь 2018 оны наймдугаар сард бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж, Тээврийн цагдаагийн алба болсон. Энэ албаны бодлого чиглэл, маргаашнаас эхлэх замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг иргэдэд суртачлах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, хууль эрхзүйн мэдээлэл өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгт Тээврийн цагдаагийн газрын харьяа Төмөр замын цагдаагийн хэлтэс, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газар зэрэг анги байгууллагууд харагдлаа.
-Иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Иргэдэд байнга тулгардаг асуудлуудыг шийдэх үйлчилгээнүүдийг явуулж байна. Үүнд: Бүртгэл хяналтын төв, Авто тээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо зэрэг байгууллагууд хамтарч ажиллаж байна. Гээгдүүлсэн, хугацаа нь дууссан үнэмлэхийг түр үнэмлэх гаргах, сэргээх хугацаа нь дууссан бол эрх сэргээх шалгалтад хамруулах, жолоочийн лавлагаа мэдээлэл олгох ажлууд хийгдэж байна. Авто тээврийн үндэсний газраас үзлэг хийх, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой асуудлуудыг шийдэж өгч байгаа. Даатгалтай холбоотой асуудлуудад хуулийн дагуу зөвлөгөө өгөх зэргээр ажиллана.
-Тээврийн цагдаагийн хувцас хэрэглэлийг бас харуулжээ?
-Албаны үйл ажиллагааг суртачлах зорилгоор албанд ашигладаг хувцас хэрэглэл, техник хэрэгсэл автомашин, харьяа газар хэлтсүүдийн танилцуулга, эмч сэтгэлзүйчийн зөвлөгөөг бас хүргэж байгаа юм.
-Хамгаалах бүсний хэрэглээг таниулах сургалтын хэрэгсэл байх шиг байна?
-Хамгаалах бүсний стент гэдэг. Энэ нь хамгаалах бүс хэрэглээгүй хөдөлгөөнд оролцож байгаа үед ямар хэмжээний доргилт очих уу, хэрэглэсэн үед ямар аюул ослоос яаж урдчилан сэргийлэх үү гэдэг бодит аюул ослыг таниулах стент авчирсан. Мөн манай цагдаагийн албаныхан хөдөө орон нутгийн замд явахдаа алба хаагчдын амрах ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор автобус тоноглон тохижуулсан. Дотроо хяналтын камер, алба хаагчдын амрах өрөө, компьютер, техник хэрэгсэл бүрэн тоноглогдсон юм.
-Өдөрлөгөөр иргэдийн ямар асуудлуудыг шийдэх боломжтой вэ?
-Жолоодох эрхийн үнэмлэх, техник хэрэгслийн бүртгэл, даатгал мөн иргэдээс бэлэн бус торгуультай холбоотой асуудлаар их ирдэг, лавлагаа авдаг. Энэ бүх асуудлуудтай холбоотой үйлчилгээг үзүүлж байна.
-Иргэд торгуулийн хуудсаа тэглэнэ гэсэн зорилготой ирж байх шиг байна. Торгуулийг тэглэх боломжтой юу?
-Торгуулийн хуудсыг тэглэх буюу дур мэдэн устгана гэсэн асуудал байхгүй. Хамгийн гол нь иргэд торгуулиа төлчихөөд байхад шалгадаг сайтууд болох торгууль.мн, смарт карт гэх мэт сайтууд дээр мэдээлэл төлөгдөөгүй гэж гарч ирэх тохиолдлууд байна. Үүнийг шалгаад үнэхээр төлсөн бол бид холбогдох байгууллагуудад нь төлсөн төлөвт шилжүүлж өгөөч гэдэг хүсэлт явуулах, иргэдэд торгуулийн лавлагаа гаргаж өгөх ажлууд хийгдэж байна. Түүнээс торгуулийг тэглэх, устгах асуудал байхгүй.
Уг арга хэмжээнд албаны харьяа газар, хэлтэс, нэгжүүд оролцож байгаа тул иргэдээс алба, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авах юм. Нээлттэй хаалганы өдөрлөг Тээврийн цагдаагийн албаны төв байранд 11.00-15.00 цагийн хооронд болно.