Categories
мэдээ спорт

Тбилисийн Гран При тэмцээний сугалаа гарлаа

Гүржийн нийслэл Тбилис хотноо олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох Гран При тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд болох гэж байна. Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 6, эмэгтэй 4, нийт 10 бөх хүч үзэхээр боллоо.

Өчигдөр тус тэмцээний суглааны үйл ажиллагаа явагдсан бөгөөд өнөөдөр Тбилисийн Гран При уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэх бөгөөд эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ийн жингийн барилдаанууд явагдана. Манай тамирчидын зодоглох хуваарийг хүргэж байна.

Эрэгтэй

60 кг:

Г.Болдбаатар тэргүүлэн барилдах бөгөөд А хэсгийг тэргүүлэн барилдана. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Гүрж, Финландын өрсөлдөгчдийн ялсантай хүч үзнэ. Улмаар хожсон тохиолдолд шилдэг наймд шалгараад хэсгийн аваргын төлөө өрсөлдөх боломжтой юм. Түүний хэсэгт олимп, дэлхийн шагналт байртай Францын Софиан Милоу, Туркийн тамирчин Бекир Озлу нар багтсан байна. Энэ хэсгийг Г.Болдбаатар тэргүүлбэл гавьяат тамирчин Д.Амартүвшингийн тэргүүлж буй В хэсгийн ялагчтай хүч үзнэ. Д.Амартүвшин нь эхний тойрогт Гүржийн бөхтэй хүч үзэх бөгөөд хожсон тохиолдолд Казахстан, ОХУ-ын бөхчүүдийн ялсантай оноолт таарна.

73 кг:

Нийт 34 бөх хүч үзэх тус жинд Г.Одбаяр D хэсгийг толгойлон барилдах бөгөөд Армений бөхтэй учраа таараад байна. Түүний хэсэгт АНУ-ын Николас Дельпополо багтсан байна. Мөн тус тэмцээнд Гүржийн олимпийн аварга Лаша Шавдатуашвили, Нугзари Таталашвили болон ДАШТ-ий мөнгөтэй БНАСАУ-ын Хон Күк-Хён нар барилдах юм.

81 кг:

Хамгийн олон буюу 48 бөх өрсөлдөх тус жинд О.Ууганбаатар хүч үзэх бөгөөд D хэсэгт Гүржийн Ушанги Маржианитэй хамт хуваарилагджээ. Манай бөх эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Армен, Туркменистаны бөхчүүдийн ялсантай хүч үзнэ.

+100 кг:

Хүнд жинд 27 бөх хүч үзэх бөгөөд Б.Тэмүүлэн Украины Олександр Гордиенкотой хүч үзэхээр сугалаа таарчээ. Манай бөх ялбал Румыний Даниэль Натитэй хүч үзнэ.

Эмэгтэй

52 кг:

Нийт 22 бөх хүч үзэх тус жинд А.Цолмон өрсөлдөх бөгөөд В хэсэгт эхний тойрогтоо гоц мөргөсөн байна. Тэрбээр хоёрдугаар тойрогт Швейцарын Эвелин Цчофф, Германы Германы Мария Эртл нарын ялагчтай хүч үзнэ. Улмаар ялсан тохиолдолд шилдэг наймд шалгарах бөгөөд Израйлын Жили Кохентэй хүч үзэх магадлалтай.

63 кг:

Нийт 29 бөх хүч үзэж байгаа бөгөөд Б.Мөнгөнчимэг D хэсэгт Францын тамирчинтай оноолт таарчээ. Улмаар өрсөлдөгчөө хожсон тохиолдолд Эдвиг Гвинтэй хүч үзнэ.

70 кг:

Ц.Наранжаргал эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Гүрж, Израйлын бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Улмаар ялсан тохиолдолд хэсгийн аваргын төлөө Германы Лаура Варгас Кёхтой оноолт таарах магадлалтай.

-78 кг:

П.Лхамдэгд энэ удаад Чилийн бөхтэй эхний тойрогт учраа таарлаа. Тэрбээр өмнөд америк тивийн бөхийг ялбал хоёрдугаар тойрогт Бразилийн Майра Агуайртай хүч үзнэ.

Тэмцээний дэлгэрэнгүй сугалааг http://www.ippon.org/gp_geo2016.php хаягаар харах боломжтой бөгөөд маргааш тэмцээний хэсгийн болон хагас шигшээ барилдаануудыг http://judolive01.lb.judobase.org/live/ цахим хаягаар хүлээн авч үзэх боломжтой. Харин медалийн төлөөх барилдаануудыг С1, SPS, ETV телевизүүд дамжуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *