Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчтай хийж байгаа гэрээ, хэлэлцээрийн талаар мэдээлэл сонсчээ. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрээр “УИХ-аас Тавантолгойн гэрээ, хэлэлцээг тодорхой хэмжээгээр шинэчлэх шаардлагатай. Энэ ордыг эзэмших, ашиглах талд үр ашгийг нь нэмэгдүүлэх шаардлагатай” гэж үзсэн. Үүний дараа Ерөнхий сайдын 165 дугаар захирамж гарсан. Уг захирамжаар Тавантолгойн хөрөнгө оруулагчтай хийх гэрээ хэлэлцээрийг үргэлжлүүлэх, хэлэлцээрийн төслийг бэлэн болгох ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэгт Хөрөнгө оруулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон олон улсын эдийн засгийн, хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компаниуд нэгдсэн байдлаар орж ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагч тал болох консерцумд багтаж байгаа Хятадын “Шиньхуа” групп, “Энержи ресурс” болон “Суматимо” корпорацитай тус ажлын хэсэг өнгөрсөн наймдугаар сарын 4-нөөс хойш 20 гаруй удаагийн уулзалт хийсэн байна. Эхний байдлаар тодорхой үр дүнд хүрч байгааг Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэлдээ дурдсан.
Хөрөнгө оруулагч тал “Монголын талтай өмнө нь хийж байсан хэлэлцээрийнхээ үндсэн зарчмыг баримтална. Шинээр томоохон өөрчлөлт оруулахгүй” гэдэг саналыг тавьсан байна. Монголын ажлын хэсгийн талаас Тавантолгойн ордын үр ашгийг дээшлүүлэх үүднээс хэд, хэдэн зарчмын шаардлагыг тавьсан. Ажлын хэсгийнхэн зарим тал дээрээ хэд хэдэн тохиролцоонд хүрсэн гэж мэдээлсэн. Юуны өмнө төслийн консерцумиар байгуулж байгаа “Эрдэнэс MGL” компани хувь эзэмших асуудалд нааштай шийдэлд хүрч, урьдчилсан байдлаар тохиролцож чаджээ. Хувь эзэмшсэнээр зөвхөн Монголын тал ашиг авахаас илүү ногдол ашиг авна. Дээр нь үйл ажиллагаанд оролцож, хяналт тавих боломж бүрдэнэ. Хоёрдугаарт, төмөр замын асуудал байгаа.
УИХ-аас буцаасан гэрээнд төмөр замыг “Шиньхуа” групп концессийн гэрээгээр бариад, 30 жил ашиглаад шилжүүлэх нөхцөлөөр орж ирж байсан. Одоо “Монголын төмөр зам” компани 51 хувийг эзэмших эрхтэйгээр оролцох тал дээр урьдчилсан байдлаар тохирч. Ингэж оролцсоноор Монголын тал ирээдүйд төмөр замыг ашиглах, тээвэр явуулах талд давуу эрх үүснэ гэж үзэж байгаа. Төмөр замыг концессоор барихаа больж байна. Ингэснээр “Монголын төмөр зам” компани “Шиньхуа” групптэй хамтарч төмөр зам байгуулахаар урьдчилсан байдлаар гэрээгээ үзэглэсэн байна. Нэг ёсны хоёр талаасаа хөрөнгөө гаргаад төмөр замаа барина гэсэн үг.
Мөн маркетинг, борлуулалтын төсөлд Монголын тал “Эрдэнэс MGL” компани 10 орчим хувийг эзэмшинэ гэж ярьж байна. Энэ тохиолдолд Монголын тал борлуулалтад өөрсдийн байр сууриа илэрхийлж, хяналтаа тавих боломж бүрдэнэ гэж үзэж байна. Хэлэлцээр үргэлжилж байна. Ажлын хэсгийн тайлбарлаж байгаагаар хэлэлцээр цаашид амжилттай үргэлжлэх нөхцөл бололцоо байна гэсэн танилцуулга хийсэн. “Тавантолгой”-н төслийн хэлэлцээр урагштай явж байна гэсэн ойлголтыг Засгийн газрын гишүүд авсан” хэмээн мэдээлсэн юм.
Тэрээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-“Тавантолгой”–н төслийг УИХ–ын намрын чуулганаар хэлэлцүүлж амжих болов уу?
-Энэ бол дунд хугацааны хэлэлцээрийн явц. Дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн явцыг танилцуулна гэсэн. Эцсийн байдлаар танилцуулаад төслийг УИХ-д өргөн барина. Аль болохоор хурдан өргөн барих байр суурьтай байгаа.
–Энэ оны төсвийн тодотголыг хэзээ өргөн барих бол?
-Төсвийн тодотголыг хуулийн хугацаандаа, 2016 оны төсвийн хуультай хамт маргааш өргөн барина.
–Дэд сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн болов уу?
-Дэд сайд нарын асуудлыг хэлэлцээгүй. Шаардлагатай тохиолдолд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн томилох байх.