Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван төгрөгийн төлөө Таван толгойгоо хятадуудад зүгээр өгөхөөр шийдсэн манай хэд

Таван толгойн хэлэлцээр эхэлсэн энэ өдрүүдийн гол дүр нь Монголын Засгийн газар биш “Шинхуа” болчихоод байна. “Шинхуа” урд хөршид байтугай дэлхийд гэж яригддаг аварга компани л даа. Хятадын удирдлагууд тун удахгүй Цөмийн энергийн том компаниа “Шинхуа”-д нэгтгэх гэж байгаа юм билээ. Энэ бол эрчим хүчний аварга компани болох их зорилгынх нь зөвхөн эхлэл. Таван толгойд өндөр сонирхолтой түнш маань сэргээгдэх эрчим хүч рүү аль хэдийнэ орсон. Хаа газрын Австралид хүртэл салхин станц барьсан туршлагатай. Занар руу ахиухан хөрөнгө хийгээд амжсан. Хөрөнгө хийж эхэлсэн улс нь занараа чулуу болгож чадсан АНУ. Биднийг энүүхэн зуураа нүүрсний ганц ордоо яах вэ гэж хөлөө жийлцэх зуур тэнд “Шинхуа” алсыг харж, дэлхийн энергийн аварга амьтан болох бэлтгэлээ базааж сууна. Урд хөршийн компанийн томыг яривал энэ мэт өчнөөн жишээ дурдах хэрэг гарна.

Уг нь өмнөх Засгийн газрын үед “Шинхуа” жигтэйхэн чих зөөлөн байсан. Бүх өрийг чинь даръя, нэмэх нь 400 сая ам.долларыг Засгийн газарт чинь бэлнээр өгье гэсэн ч бид “Иргэдийнхээ хувь эзэмшдэг аймаар том ордоо муусайн хятадуудад өгөхгүй” гээд хөөгөөд явуулж байв. Одоо харин тэднийгээ царайчилсан шигээ амь зууж байна. Царайчлахдаа бүр хошин шогийн гэмээр хандлага гаргачихаж. Засгийн газрын ажлын хэсгээс “Шинхуа” руу танайтай гэрээ хэлэлцээр хийе гэсэн утгатай бичиг сачиг явуулж л дээ. Уул уурхайн яаман дээр ажиллаж буй ажлын хэсэг дараахан нь “Шинхуа”-г хүлээж аваад уулзсаныг бултаараа мэдэж байгаа. Төсөв улайсан, нүүрсний ганц том ордоосоо олсон мөнгөгүй зүдэрч яваа энэ үед “Шинхуа”-тай хамтаръя гэж дуугарахаас аргагүй л дээ. Тэднээс өөр биднийг гэх нь өнөөхөндөө лав байхгүй. Ингээд зогссон бол яая гэхсэн, гэтэл манай Сангийн яам ар хударгаар нь өнөөдүүл дээр давхиж очоод “Ерөөсөө та нар Таван толгойг авчих, оронд нь дөрвөн тэрбумын хөнгөлөлттэй зээлээ л өгчих” гэсэн байх юм. Нэг нь хэлэлцээр хийе гээд уулзаж учрах урилга явуулаад байдаг, гэтэл нөгөө нь таван төгрөгийн төлөө шалдаа бууж зүгээр авчих гэж гуйж мөргөөд унахаар “Шинхуа”-д ямар бодол төрөх нь тодорхой. Ихэмсэглэнэ. Пээдийнэ. Дооглонгуй мушилзана. Байдлыг харзнаж байгаад шал долоох өдрийг чимээгүйхэн хүлээнэ. Хятадууд манийгаа бодвол хүлээж сурсан улс. Монголчууд таван талд таван өөр юм ярихад “Та нар чинь яагаад байгаа юм бэ” гэж нүдээ том болгохгүй. Тус бүртэй нь уулзаад найрсаг царай гаргаад яваад л байна. Эцсийн момент хүртэл шийдвэр гаргадаггүй нь хятад хүний цусанд шингэсэн чанар.

Яг одоо тэд Таван толгойг яасхийж байгаад үнэгүй авах вэ гэж бодож суугаа. Их мөнгөтэй, том төртэй мундаг компанид хүлээх гэдэг зовлон биш л дээ. Ямар бидэн шиг ирэх хавар бондын өрөө яах вэ гэж хоолой дээрээ хутга тулгуулсан биш.

“ШИНХУА” ТАВАН ТОЛГОЙГ ГАНЦААР ЭЗЭГНЭВЭЛ ЯАХ ВЭ?

Сангийн яамныхны мөрөөдөж байгаа шиг “Шинхуа” Таван толгойг ганцаар эзэгнэвэл яах вэ гэсэн асуултын хариу нь бидний нүдэн дээр бэлээхэн байна. Ерөөсөө л “Чалко”-гийн томсгосон хувилбар болно. “Чалко”-г бид манай улсад зөндөө доллар өгснийхөө төлөөсөнд нүүрсийг маань авч байгаа гэж өнгөцхөнөөр хардаг. Байдал газар дээрээ ямар байгааг өнгийгөөд харвал бас л хэцүү зураг харагддаг. Манай засаг 2012 оны сонгуулийн өмнө иргэддээ мөнгө тараахын тулд “Чалко”-гоос 350 саяыг урьдчилж аваад гэрээ байгуулж байв. Нэг тонн нүүрсээ 70 ам.доллараар өгнө гэсэн тохироотойгоор. Тэр үед Ухаа худагт олборлолт явуулж байсан “Энержи ресурс” нэг тонн түүхий нүүрсээ 96 ам.доллараар зарж байсан гэхээр зах зээлийн үнээс наад зах нь 20 ам.долларын доошоо гэрээ байгуулсан гэсэн үг. “Чалко” Эрдэнэс Таван толгойгоос 70 ам.доллараар авсан нүүрсээ цааш нь 80 болгоод зарж эхэлж. Нэг тонн нүүрснээс 10 ам.доллар унагах нь хаваасаг байсан хэрэг. Хажууханд нь ажилладаг “Энержи ресурс” 96 доллараар зардаг нүүрсээ 80 болгохоос аргагүйд хүрсэн нь ийм түүхтэй. “Чалко”-гоос хямдхан нүүрс авахаар хошуурсан харилцагчдаа ингэж байж авч үлдсэн түүх бий. “Энержи ресурс” сүүлдээ төрийн компанийнхаа “Чалко” гэдэг хятад түнштэйгээ үгсэн буулгасаар ирсэн нүүрсний зах зээлийн жамаас гажсан үнээс болж зогсолт хийхдээ тулсныг бултаараа мэдэх учраас илүүг нуршаад яахав. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ хичнээн өслөө ч бидэнд нөлөөлөхөө байсан түүх эндээс эхтэй. Австраличууд өнөөдөр нэг тонн коксжих нүүрсээ хятадуудад 240 ам.доллараар зарж байхад “Чалко” манай нүүрсийг тонныг нь гучаадхан ам.доллараар авсан шигээ суугаа нь ийм учиртай.

Бид тэдэнд өрөө төлөхийн тулд Цанхийн зүүн уурхайгаа ашиглуулж байгаа. “Чалко”-той байгуулсан гэрээний балаг ингээд дуусахгүй. Өнөөдрийн яриад байгаа өр дууслаа гэхэд дууссанаас нь хойш дахиад таван жил Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг “Чалко”-д хаана ч байхгүй хямд үнээрээ өгсөөр байх болно. Ингээд ч зогсохгүй. Дахиад таван жил Зүүн Цанхиас олборлосон нүүрсний 60 хувийг зөвхөн “Чалко”-д худалдана. Бас өнөө чих дэлдийлгэм үнээрээ. Гэрээ хийсэн төрийн эрхмүүд төдийгөөс өдий хүртэл эгдүү хүрэм тайлбар хэлсээр ирсэн. Манай төрийнхөн Цанхийн Зүүн уурхайнхаа 80 хувийг 30 ам.доллараар өгсөн ч 20 хувийг нь зах зээлийн үнээр өгнө, бидэнд боломж гарч ирнэ гэдэг юм. Монголоос гарч байгаа нүүрсний 80 хувийг 30 ам.доллараар авсан урд хөршийн компаниуд үлдсэн 20-хон хувийг нь 100 ам.доллараар авах уу. Харамсалтай ч гэлээ үнэн гэвэл монгол нүүрс 30 ам.доллараас давахгүй. Сүүлд TTJVCо гэж компанитай засгийг төлөөлсөн эрхмүүд гэрээ байгуулчихаад “Австралийн Макмахон гэж хачин өндөр хөлсөөр олборлолт хийдэг компаниас салж амарлаа. Одоо TTJVCо гэж буянтай компани бидний өмнөөс ажиллаж, олборлосон нүүрснээсээ ажлын хөлсөө авч Чалкод нүүрс нийлүүлэхээр боллоо. Манайхаас нэг ч төгрөг гарахгүй” гэцгээсэн.

Нэг жишээ хэлье. “Чалко”-гийн манайтай хийсэн гэрээн дээр голлож зүтгэсэн хүн өнөөдөр TTJVCо-гийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. “Чалко”, TTJVCo-гийн холбоо сүлбээг энэ жишээнээс төвөггүй харчихаж болно. Товчхондоо Хятадын хоёр компани нийлж ярилцаад Зүүн Цанхид эзэн суучихсан гэсэн үг. TTJVCo-той холбоотой эгдүүцэм нэг жишээ бий. Зүүн Цанхи дээр олборлолт хийж буй TTJVCo ажлынхаа хөлсөнд олборлосон нүүрснийхээ 65 хувийг авдаг. Харин 35 хувь нь “Чалко”-гийн өрөнд явдаг юм. TTJVCo нэг тонн нүүрсийг 35 ам.долларын хөлсөөр олборлодог. Таван толгойн нүүрсийг хорь гаруй, гуч орчим ам.доллараар зарахаар хэдэн долларын зөрүү гарна аа даа. Жишээ нь нэг тонныг нь 30 ам.доллараар зарахаар таван ам.долларын зөрүү гарна. Ийм шалтгаанаар 35 ам.долларын хөлсөөр олборлолт хийж буй TTJVCo-д манай улс өгсөн нүүрснийхээ тонн тутамд таван ам.долларын өртэй болоод байж. “Чалко”-гаас гаднах зохиомол өр гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Тэр өр нь нийлээд 60 сая ам.доллар хүрснийг Ерөнхий сайд очиж байж мэдэж, дараахан нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд яриа хэлээ үүсгэж яваад Таван толгойн нүүрсний үнийг 50 ам.доллар болгосон юм билээ. Гэхдээ нэмсэн гэж сүрхий зарласан энэ үнэ TTJVCo-д л үйлчлэх юм. “Чалко” одоо ч гуч орчим ам.доллараар манай нүүрсийг авч байгаа. Бас нэг хачирхмаар асуудал бий. 2012 онд “Чалко”-той, 2015 онд TTJVCo-той хийсэн гэрээний алиныг нь ч УИХ хэлэлцээгүй. Үүний цаана саяхан нүүрсний үнэ огцом өсөхөд Таван толгойн нүүрснээс асар их ашиг хийсэн “Винсвэй”-н нөлөө бий гэлцдэг.

Бид Таван толгойн ордоо өндөр чанарын коксжих нүүрстэй гэж ирээд цээжээ дэлдэх дуртай. Хар үгээр хэлбэл Таван толгойн ордын хамгийн чанартай коксжих нүүрс өнгөн давхаргадаа, арай чанар бага коксжих нүүрс нь тэрнийхээ доор, эрчим хүчнийх нь хамгийн дороо байдаг. Олборлоход зардал шаардахгүй гүехэн хэсгийнх нь өндөр чанарын коксжих нүүрсийг дөрөвдүгээр давхарга гэж тодотгодог. “TTJVCo”, “Чалко” компаниуд Таван толгойн ордын өнгөн хэсгийн өндөр чанарын коксжих нүүрсийг олборлож урд хөрш рүү зөөсөөр байгаа. Таван толгойн ордын ил уурхайгаар олборлох боломжтой нөөц нь 1.8 тэрбум тонн. Үүний 600 сая нь коксжих. Үлдсэн тэрбум хоёр зуун саяынх нь тал нь хагас коксжих, үлдсэн нь эрчим хүчнийх. 600 сая тонн коксжих нүүрсний хамгийн өндөр чанартай нь буюу дөрөвдүгээр давхаргын нүүрс нь 200-хан сая тонн. Одоогоор “Чалко” 20 сая тонныг нь сорчлоод авчихсан байгаа. Дахиад тав арван жил яг ийм маягаар зөөвөл Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсний нөөц дуусч энэ орд ямар ч үнэ цэнэгүй болно гэсэн үг. Гэтэл хажууханд нь, Ухаа худагт олборлолт хийж байсан “Энержи ресурс” нүүрснийхээ бүх давхаргыг олборлож холиод баяжуулан 50 хувийн коксжих нүүрс гаргаж экспортолдог байсан юм. Харин TTJVCo дөрвөөс бусад давхаргын нүүрсийг олборлодоггүй. Таван толгойн нүүрсний гурван давхаргыг зэрэг олборлож, хольж баяжуулаад гаргах нь монголчуудын хувьд ашигтай гэдэг нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг тодорхой асуудал.

“Таван толгой”-д “Шинхуа” дангаараа эзэн суувал сая өгүүлсэн эмгэнэлтэй, хошин, тэнэгийн аль аль нь сүлэлдсэн байдал бүр даамжрах, илүү томрох эрсдэл бий.

МОНГОЛ НҮҮРСИЙГ ҮНЭД ХҮРГЭХ ГАРЦ

“Эрдэнэс-Таван толгой” гэж төрийн өмчтэй компани ажиллаж эхэлснээс хойш Таван толгой ямар байдалд хүрснийг нэлээд тодорхой өгүүлбэл нэг иймэрхүү бүүдгэр, гунигтай зураг харагдаж байна. Төрийн өмчтэй компани уул уурхайн бизнест орохоороо улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн ашиг сонирхлоор хөдөлдөг, улсдаа ашиггүй аймаар гэрээг ганцаар тогтохгүй хийж чаддагийн тод жишээ Таван толгойн орд дээр харагдаж байна. Нэг сонирхолтой харьцуулалт хийе. Зүүн, Баруун Цанхийн ойролцоо Ухаа худагт уурхай ажиллуулдаг “Энержи ресурс” 2008-2017 он хүртэл Г.Батцэнгэл гэж хүнээр удирдуулсаар өнөөг хүрсэн. Энержи ресурс төдийгөөс өдий хүртэл ажиллах хугацаандаа зам барьсан, баяжуулах үйлдвэр, станц босгосон. Харин “Эрдэнэс- Таван толгой” энэ жилүүдэд Б.Энэбиш, Я.Батсуурь, Б.Батбилэг, Ч.Сайнбилэг, Т.Билгээ, Д.Ариунболд гэсэн зургаан захирлын нүүр үзэж. Таван толгойн лицензийг анх авсан “Эрдэнэс Монгол”-ын Д.Зоригтыг оруулбал долоо. Хэтрүүлж хэлбэл жилд нэг захирал. Бас болоогүй ээ, шинэ захирал ирэхээрээ хэлтсийн даргаасаа цэвэрлэгчээ хүртэл сольдог зуршилтай. Одоо ч тэр жаяг нь хэвээрээ. Олон захирлын нүүр үзсэн “Эрдэнэс Таван толгой” зам, баяжуулах үйлдвэр, станц алиныг нь ч хөлсөө дуслуулж, хөрөнгөө зарж бариагүй. Бизнес ийм загвараар явдаггүй учраас тэнд бүтээн байгуулалт өрнөөгүй хэрэг. Жинхэнэ бизнес бол чадвартай CEO-д хамгаа даатгаад, өнөөх нь ажлаа, компаниа, бизнесээ “ба”, “бэ”-гүй мэддэг, дор ажилладгууд нь мэргэшсэн гаршсан мундгууд байж хөгждөг. Ганц уул уурхай ч биш ямар ч бизнес ийм загвараар өөдөлдөг. Тэгэхээр өндөр чанарын коксжих нүүрстэй Таван толгойгоо шалд нь буулгачихгүй, тавиад туучихгүй ганц л гарц байна. Төмөр замд асар их доллар зарах болохоор, далай руу төмөр замаар саадгүй сүнгэнүүлж байж нүүрсээ үнэ хүргэх учраас мөнгөгүйдсэн энэ цагт их мөнгөтэй, өөрийн гэсэн төмөр замтай “Шинхуа” хэрэгтэй. Нүүрсээ зарах зах зээл маань хаана билээ гэдэг талаасаа ч “Шинхуа” гээж болохгүй хувилбар. Гэхдээ дангаар нь биш нүүрсний зах зээлд тоглоод олон жил болсон, “Шинхуа”-тай хэл үгээ олоод байх хэмжээний үндэсний компаниа хамтруулна гээд зүтгүүлэх хэрэгтэй. Төрийн өмчтэй компани ороод Монголын нүүрсний салбарыг элгээр нь хэвтүүлсэн гашуун жишээ бэлхнээ байгаа, одоо ч горыг нь амсч суугаа болохоор лицензийг нь өгөх л оносон гарц байж мэднэ. Хувь өгөхөөр бол багахныг эзэмшүүлээд явахад болохгүй юмгүй. Ингэж байж л монгол нүүрсийг моодонд оруулах боломж нээгдэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Таван төгрөгийн төлөө Таван толгойгоо хятадуудад зүгээр өгөхөөр шийдсэн манай хэд” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа:”Бүх шатны сонгуулийн хуулиас Ерөнхийлөгчийн хуулийг салгах нь зөв” ярилцлага нийтлэгдлээ. Тэрээр ярилцлагадаа, “Гэр хорооллын иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдах нөхцөл боломж харьцангуй бага. Өнөөдөр нийслэлд шинээр ашиглалтад орсон барилгын нэг м2 нь дунджаар 1.8 сая төгрөг түүнээс дээш байгаа болов уу. Тэгэхээр зорилтот зах зээлдээ бодитой байдлаар хүрч чадахгүй байна. ..” хэмээн ярьжээ.

Улс төрийн 5-р нүүрт өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн талаарх гишүүдийн байр суурийг дэлгэрэнгүй тэмдэглэжээ. Тухайлбал С.Жавхлан, О.Баасанхүү зэрэг гишүүдийн асуусан асуултад хуучин гишүүд доогтойхон хариу өгч байв.

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд хүн төрөлхтний оюун санааны гайхамшигт бүтээлүүдийн нэг нь болсон шатрын спортыг хөгжүүлэх зорилгоор МУБИС-д шатрын багш дасгалжуулагчийн ангийг өнгөрсөн жил нээжээ. Тэгвэл энэ жил энэ ангийнхан анхны шатрын багш, дасгалжуулагчийн дипломоо гардан авчээ. Ингээд энэ ангийн хамт олонтой манай сонины дугаараар дамжуулан танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *