Англид бүртгэлтэй, хот төлөвлөлт, дэд бүтэц, өндөр технологи, эрчим хүч, уул уурхай, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр Хятад, Канад, Пакистан, АНУ зэрэг оронд хөрөнгө оруулан ажиллаж байгаа гэх”TBF international” групп таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулах саналыг Засгийн газарт тавьсан гэх мэдээлэл сүүлийн үед олны анхааралд байна. Тус группын зүгээс Засгийн газрыг шийдвэрээ гаргавал дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэхээс өөр тайлбарыг одоохондоо өгөхгүй байгаа. Тэдний өгсөн мэдээллийг товч дурдъя. “TBF international” манай улсыг сонгох болсон шалтгаанаа “Байгалийн нөөц баялаг их, дайн, шашны мөргөлдөөн, яс үндэстний зөрчилдөөн байхгүй зах зээл, эдийн засгийн ардчилсан нийгэмтэй учраас” гэж тайлбарлажээ. Тус групп Засгийн газарт санал болгосон таван тэрбум ам.доллараа группт нь багтах хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгөөс босгосон, Монголд орж ирэхэд бэлэн болсон гэж мэдээлж буй. “Таван тэрбум ам. долларын хөрөнгө оруулалтын баталгаанд Тавантолгойн орд газрын 6.4 тэрбум тонн нөөцийн 900 сая тонныгнь борлуулах эрхийг бидэнд олгооч” гэсэн хүсэлтийг Засгийн газарт тавьсан гэх мэдээлэл байна. Тодруулж хэлбэл ирээдүйд авах нүүрснийхээ үнийн төлбөрт таван тэрбумам.долларыг урьдчилж төлөх санал гаргажээ.Тэд хөрөнгө оруулах мөнгөнийхөөхоёр тэрбум ам.долларыг эдийн засгийн хүндрэлээсээ гарахад зарцуул гэж Засгийн газарт “найр тавьсан” аж. Засгийн газар энэ мөнгөөр Чингис бонд, Чалкогийн өр болон бусад өрөө төлөх боломжтой гэсэн байр суурийг хөрөнгө оруулагчдын зүгээс илэрхийлжээ. Тэдний тайлбарлаж байгаагаар үлдэж буй гурван тэрбум ам.доллар ч Засгийн газарт ашигтай тусах бололтой. Засгийн газраас гурван тэрбум ам.доллараажилд 6-10 хувийн хүүтэй зээлэх гэнэ.
“TBF international” группээс “Зээлсэн мөнгөөрөө Тавантолгойгоос урд хил хүртэлх төмөр зам болон авто зам барина. Монгол улсын дотоодын компанитай хамтарсан компани байгуулна.Дараа нь хамтарч сан байгуулж олон улсын санхүүгийн зах зээлээс 30 тэрбум ам.долларын хөрөнгө босгох боломжтой. Босгосон мөнгөөрөө Монгол улсад аж үйлдвэрийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлнэ” гэсэн тайлбар өгч байна. Тэд олон улсын санхүүгийн зах зээлээс босгох 30 тэрбум ам.доллараар “Шинэ Улаанбаатар” төсөл, Тавантолгойгоос урд хил хүртэлх төмөр зам, авто зам, гангийн үйлдвэр, нүүрс угаах үйдвэр, цахилгаан станц, цементийн үйлдвэр, цэвэр, бохир усны хоолойзэрэг төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн санал гаргажээ. Төмөр зам, авто замаас бусад төслийнх нь ТЭЗҮ-ийг хийсэн юм байна. ТЭЗҮ боловсруулсны төлбөрт арван тэрбум төгрөг зарцуулсан гэсэн тооцоог тус группийнхан танилцуулжээ. Тэд Америк, Хятадын нэр хүндтэй улсын компаниудаар хэрэгжүүлэх төслүүдийнхээ ТЭЗҮ-ийг боловсруулсан гэнэ.
Тус групп Таван толгойн тендерт оролцоогүй шалтгаанаа “Тендерийн материалыг Монгол талын хамтрагчаар хүргүүлэхээр тохиролцон өгч явуулсан ч уг этгээд бидний тендерийн саналыг зохих газарт нь хүргэж өгөөгүй” гэж тайлбарлаад буй.
Харин эдийн засагч, шинжээч, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд өөр тайлбар хэлж байна. Олон улсын санхүүгийн зах зээлдийм мэх байдаг гэнэ. Олны анхаарал татсан асуудлаар худлаа мэдэгдэл гаргаж нэр хүндээ өсгөх арга түгээмэл ажиглагддаг аж.”Манай улс ардчилсан орон. Тийм учраас ийм худал мэдэгдэл гаргасны төлөө ямар нэг хариуцлага хүлээхгүй.Ийм давуу тал байгаа учраас ингэж зоригтой дуугарсан хэрэг” гэсэнтайлбарыг учир мэдэх улс өгч байна. “TBF international” группийнхэн Монголд бүтээн байгуулалтын олон төсөл хэрэгжүүлэх сонирхолтой гэж мэдэгдсэн. Гэтэлхэрэгжүүлнэ гэж буй бүтээн байгуулалтын төсөлтэй хамаатай албаны хүмүүстэй огт санал солилцоогүй юм байна. Өрнүүлсэн бүтээн байгуулалт нь тодорхойгүй, ямар хэмжээний татвар төлдөг талаар нь дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, хөрөнгийн зах зээл дээр бүртгэлгүй, зүгээр л нэг вэб сайттай компани ийм том мэдэгдэл хийх боломжгүй гэсэн байр суурьтай хүн ч байна. Тус групп “Таван толгой” төслийн хувьд бол бүр ямар ч оролцоогүй гэнэ. Өмнө нь 2011 онд Шивээ Овоогийн нүүрсний уурхайд Америкийн тэтгэвэрт гарсан хурандаа тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэсэн шуугиан дэгдэж байгаад таг чиг болсон. Яг энэ явдалтай адилхан дүр зураг өрнөжбуйг үгүйсгэх аргагүй л юм. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд Оюу толгой төсөл дээр дэлхийн “акул” компаниудын нэг “Рио” дөрвөн тэрбум ам.доллар босгох гэж олон улсын банк, санхүүгийн арав гаруй байгууллагатай яриа хэлэлцээ өрнүүлж байгаа. Дэлхийд нэр хүндтэй арав гаруй банк, санхүүгийн байгууллага энэ мөнгийг нийлж байж гаргана гэж буй. Энэ том санхүүжилтийн асуудал өнөөдрийг хүртэл шийдлээ олоогүй л байна. Тэр дундаа зээлжих зэрэглэл нь сайн биш манайх шиг улсад энэ хэмжээний хөрөнгө оруулалтыг шууд хийх хөрөнгө оруулагч шууд гарч ирнэ гэхэд итгэхэд бэрх. Европын сэргээн босголт хөгжлийн банк гэхэд л 50 сая ам.долларын зээл өгөх гэж ямар шаардлага тавьдаг билээ гээд бодохоор энэ удаа олны анхаарлыг татаад буй мэдэгдэл шуугиан төдий байж мэдэх юм.
Ц.СҮРЭН