Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

“Таван толгой түлш”-ийнхэн ард түмнээ хуурч мөнгө угааж байсныг Б.Чойжилсүрэн илчиллээ DNN.mn

Монголчуудын тэр дундаа нийслэлчүүдийн хоолойд тулчихсан асуудал болох Улаанбаатарын утааг арилгах гэж “Таван толгой түлш” ХХК-ийг 2018 онд Засгийн газрын тогтоолоор байгуулж байлаа. Ингээд тус компанийн гүйцэтгэх захирлаар М.Ганбаатар томилогдож байсан. Улаанбаатарыг утаагүй болгох ажлынхаа хүрээнд тэр түлшний хоёр ч үйлдвэр байгуулж байв. Энд 17 тэрбум төгрөгийн зардал орсон байдаг. Улаанбаатарыг утаагүй болгохоор дөрвөн жилийн турш үсээ цайтал ноцолдсон гэдэг ч агаарын бохирдлыг бууруулж чадсангүй. Начир дээрээ тэд утааг бууруулахаар зүтгэх бус зүгээр л монголчуудын нүдийг хуурч, төсвийн хэдэн төгрөгөөс зусардаж байж. Үүнийг нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн илчиллээ л дээ.

Тодруулбал “Өнгөрсөн жилүүдэд иргэдээс “Утаа их байгаа” талаар шүүмжлэл гарсан. Тиймээс туршилт хийж үзлээ. Эхний ээлжинд түүхий эдийг хагас коксжих нүүрсээр солих туршилт хийсэн. Үүнд орчны бохирдлыг бууруулах газраас 242 сая төгрөг гаргаж, БНХАУ-ын үйлдвэрүүдэд очиж судалсан. Цаашилбал, Солонгос, Японы туршлагыг судалж үзэж байна. Бусад орнуудын туршлагаас судлахдаа Хятадад байгаа технологийг хэрэглэх шийдвэр гаргасан. Ингэхдээ 80 тонн хагас коксжих түлшийг импортоор оруулж зүүн, баруун хоёр үйлдвэрт шахмал түлшийг үйлдвэрлэсэн. Нийт 97 удаагийн галлагаа хийж, үр дүнг нь лабораторид шинжлүүлж үзэхэд, агаарын бохирдлын хэмжээ одоо байгаагаас хоёр дахин буурах тооцоо байна” хэмээн Б.Чойжилсүрэн сайд ярьсан юм. Үүнээс харахад төсвийн мөнгөөр хоёр ч үйлдвэр байгуулж үйл тамаа цайж утаатай ноцолдсон гэх М.Ганбаатар захирлын ажил ямар ч үр дүнгүй байж. Иргэдийг хий хоосон үгээр хуурч баахан үргүй зардал гаргажээ гэсэн үг.

Гэхдээ Б.Чойжилсүрэн сайд шударгадаа, эсвэл үнэхээр утааг бууруулахаар үүнийг илчлээд байгаа юм биш. Бас л төсвийн мөнгөөс завших сонирхлынхоо үүднээс үүнийг ярьсан. Үүнийг НИТХ-ын ээлжит бус хурал дээр түүний танилцуулсан танилцуулгаас харж болох юм. Тэрбээр нийслэлийн 500 тэрбум төгрөгийн бондоос 177 тэрбумаар нь БНХАУ-аас коксжих нүүрс авч, туршилт хийнэ хэмээн ярьсан билээ. Ер нь яагаад БНХАУ-аас коксжсон нүүрс оруулж ирж турших гээд байгаа юм бэ. Эх орондоо хийж болдоггүй юм уу гэх асуулт гарна. Угтаа тэд бүгд төсвийн мөнгөөс идэж уухын дон туссан хүмүүс гэдэг нь тэдний гаргаж байгаа шийдвэрээс илхнээ харагддаг. Ард түмнийг яаж хуурч болох, яаж төсвийн мөнгөнөөс хумсалж болох бүх аргыг тэд ашиглаж ирлээ.

Одоогийн Ерөнхийлөгчөөс эхлээд бүгд “Таван толгой түлш”-ийг ам уралдуулан магтаж байсан нь саяхан. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа. Олон хүн хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэж байсан ч зориг гаргаж, эрсдэл үүрч шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1.5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан. Үүний үр дүнд олон хүний амь насыг аварч, эрүүл мэндийг хамгаалах нь гарцаагүй” хэмээн хэлж байсан нь үлгэр болож үлджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *