Categories
мэдээ цаг-үе

“Таван онцын эзэд” буюу хагас зуун жилийн өмнөх Сайншандын сурагчид

Хагас зуун жилийн тэртээ буюу нэгэн мянга есөн зуун жаран зургаан онд Дорноговийн Сайншандын сургуулийн төгсөгчид, өдгөө далан насны даваан дээр гарч ирсэн “охид, хөвгүүд”-ийг “Нэг ангийнхан” буландаа онцоллоо. Тэд бол анхдагчдаар дүүрэн, нэг зэлний унага адил ижилссэн, төгсөлтийнхөө гуч, дөч, тавин жилийн баярыг арав арван жилийн давтамжтайгаар хийж ирсэн элгэмсэг хамт олон. Анхдагч гэдэг нь олон зүйлээр баталгааждаг. Тухайлбал, Дорноговь аймгийн Сайншанд хотын Үйлдвэр сургалттай, хөдөлмөр политехникийн сургууль гэх Монголдоо сонин содон хаягтай эрдмийн сүмийн шавь нар юм, тэд. Уг сургууль тухайн цагт улсын хэмжээнд ердөө гуравхан байсны нэгийг нь эдний төгсөлтийнхөн арваннэгэн жилээр дүүргэсэн түүхтэй.

Жаран гурван онд долдугаар анги төгсөхөд нь хүн бүхнийг бичиг үсэгтэй болгох аян улс орон даяар өрнөжээ. Эрдэм номын ачит үйлсэд тус ангийнхан идэвхийлэн оролцсон нь өнөө л анхдагчтай нь холбоотой. “Шинэ үсгийн багш” кинонд гардаг шиг дорнын говийн өнцөг булан бүрт долдугаар анги дүүргэсэн хүүхдүүд шинэ үсгийн хичээл зааж сүрхий лут багш нар болцгоосон байна. Тэр бүгдээс сонирхуулбал, сүүлдээ Монголын нэртэй сурган хүмүүжүүлэгч, багш болсон Л.Тавхаймаа Улаанбадрах сумын иргэдэд бичиг үсэг зааж байсан гэнэ. Мөн биологийн нэртэй эрдэмтэн Ц.Гончигжав Хөвсгөл суманд ажиллаж, монгол төрийн түшээ Цэрэнхүүгийн Шаравдоржийн ижийг уншиж, бичүүлж сургасан гавьяатай. Энэ ангийнхнаас Ө.Хоролбанди, Ц.Гончигжав, Г.Цэемаа, О.Ухнаа, Л.Өлзиймаа нар сурлага, урлаг, спорт, ёс суртахуун зэргээр бусдыгаа хошуучлан “Таван онцын эзэд” болоод мандаж байсан гэдэг.

“Эдүгээ цагаас тавин жилийн өмнө гэхэд Ар өвөр Сайншанд гэж нэгэн хөтлөөр алслагдсан хоёр жаахан суурин байжээ. Галт тэрэгний гуугачих нь сонсогдсон, Орос газрын ачааны голдуу машин мэр сэр давхилдсан тоостой гудамж, хашаа хороогүй эгнэсэн цөөвтөр гэрүүд, “дэнжийн”, “үзүүрийн”, “төвийн”, “арын” гэх дөрөвхөн дэлгүүр тэгээд “шар”, “босоо” хоёрхон гуанзтай аймгийн төвдөө сурагч явжээ. Бүхэл бүтэн аймаг ердөө ганц арван жилийн сургуультай тул сум сумаасаа хувь заяаны бурантагт чирэгдэн учирсан тэр хонгорхон жилүүдийг би л гэхэд Монголын минь “Уянга бадралын гэрэлт он жилүүд” хэмээн бахархах дуртай сан. Тэр цагт биднийг хүүхэд гэж гололгүй “Агуу их окътябрийн” болоод “Яруу алдарт майн баярын” жагсаалд оролцуулан шаазгай алаг хормогч, хүрэн хилэн хувцсаараа гангарч “ура” хашгирч явсан минь санаа сэтгэлээс үл гарна. Сайншандаар дүүрэн хангинах цагаан хоолойгоор Түмэндэмбэрэл, Банзрагч, Нансалмаа, Зангад, Адарсүрэн нарын уянгын дуу эгшиглэж хүн бүрийн зүрх сэтгэлийг “Социализмын өрнүүн байгуулалтын зүг” догдлуулж хөтөлсөн нь бий. Мөн Ринченгийн Чойном, Бэгзийн Явуухулан, Сормууниршийн Дашдооров тэргүүт найрагчдын шүлэг найргаар амьсгалж явснаа эргээд бодоход мартахын учиргүй” гэж энэ ангийн хөвгүүн, Дорноговийн Хатанбулаг, Эргэлийн зоо, Сулинхээрийн хязгаартаа он он жилээр сууж шүлэг найргаа тэрлэсэн Сономын Чулуун өгүүлсэн билээ. Тавин жилийн өмнөх Сайншанд хотын нэрийн хуудас болсон сургуулийг төгссөн хамт олноос бахархал болсон хүмүүс элбэг дүүрэн. Говийнхоо хөдөөх суурингаас ажлын гараагаа эхэлсэн анагаах ухааны доктор, хүүхдийн нэртэй эмч Чимэдрэгзэнгийн Цогт-Очирыг нэрлэж болно.

Цогт-Очир эмчийг “Сод Монгол”-ын захирал Анандбазарын аав гэдгийг хүмүүс мэдэх биз ээ. Ангийн хөвгүүдээс цэргийн зүтгэлтнүүд олон төржээ. Гэвч тухайн төгсөлтийнхөн Аюушийн Хүү-Ухна, Гомбосүрэнгийн Ядамсүрэн гэсэн хоёр хурандаагаараа бахархах ажгуу.

Аюушийн Хүү-Ухна ОХУ-д Зэвсгийн инженерийн дээд сургууль төгсч 1972-1979 онд Зүүнбаян дахь цэргийн нэгтгэлийн зэвсгийн албаны галт хэрэглэлэлийн инженер, албаны даргаар ажиллаж байжээ. Тэрээр БХЯ-ны цэргийн зэвсгийн тасгийн галт хэрэглэлийн инженер. Батлан хамгаалахын их сургуулийн зэвсгийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан нэгэн. Эрхэм хурандаа төгсөлтийнхөө дурсамжийн номонд “Миний бие Эрдэнэ сумын Уланбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Тавхаймаа, Ядамсүрэн нарын хамтаар зүтгэж байж 260 сая төгрөг цуглуулсан. Түүнийгээ тусламжийн бараа болгон хөдөө явуулж, сумынхаа хоёр багийн даргыг унаатай болгосон” хэмээн өгүүлсэн байна. Ингэж л тус ангийнхан ус нутгийн түмэндээ элгэн халуун сэтгэлээр тусалдаг байна.

“Биднийг аравдугаар ангид байхад манай ангийн сурагч Цэндийн Адъяа Дорноговиос олон улсын математикийн олимпиадад анх удаа оролцож байсан. Эдийн засгийн ухааны доктор хүн. Намбарын Энхбаярыг Ерөнхий сайд байхад нь зөвлөхөөр ажиллаж, Америкийн Элчинд ажиллаж байсан. Мөн анхны “Шударга журам” медальт Л.Чулуунхүү гэж байлаа. 1959 онд айл шатахад бага ангийн гурван охины амийг галаас аварсан ачтан. Анхны “Шударга журам” медальтнуудын нэг юм. Чулуунхүүг маань нам төрийн удирдагчид Улаанбаатар хотод хүндэтгэн урьж, Жамсрангийн Самбуу гуай шагналыг нь гардуулж байсан. Монголын говь нутагт хармагийн цех, архины үйлдвэр анх удаа байгуулагдсан нь Хатанбулаг суманд юм. Хармагийн дарс үйлдвэрлэж, одоогийнхоор бол говь нутгийн брэнд бүтээгдэхүүн болж байж. Уг үйлдвэрийн ерөнхий инженер мөн л манай ангийн сурагч Данзангийн Дарьсүрэн. Одоо дорнын говьдоо ажиллаж амьдарч байна. Ингээд бодохоор манай анги чинь үнэндээ ер бусын сурагчидтай, Равжаа хутагтын нутгийн сор болсон охид, хөвгүүдийг нэгтгэсэн алдар замналтай анги байгаа биз” гэж Тавхаймаа гуай сэтгэл хангалуун, ёстой л нөгөө бахархах омогшихын завсарт хэлээд авна лээ. Тэднийг тавдугаар ангид байхад Улаанбаатар хотоос олон улсын олимпиадад найман хүүхэд явж, Польш улсад хөл тавихад Монголын говиос шилэгдсэн ганц сурагч нь мөн л тэдний ангийн Доржийн Пагмадулам гэнэ. Хуулийн мэргэжил эзэмшсэн тэрээр хотын прокурорт олон жил үр бүтээлтэй ажиллажээ.

Ангийн идэвхтэй сурагчдын нэг, аливаа уулзалт учралыг сайтар зохион байгуулж, ангийнхныхаа, төгсөлтийнхнийхөө тухай ном бүтээл хэвлүүлж, бусдыгаа оройлон манлайлж явдаг Лувсанцэдэвийн Тавхаймаа гуай гучин дөрвөн жил багшаар ажилласан гавьяатан. Дорноговь аймагтаа арван жил бага ангийн багшаар ажиллаад Улаанбаатар хотын нэртэй сургуулиудад уригдсан байдаг. Тэрээр нэрт соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит нийслэлийн шилдэг 50 дугаар сургуульд 14 жил багшилсан гэнэ. “Таны шавь нараас олны танил, бахархам хүмүүс байна уу” гэхэд “Тэр бүгдийг нэрлэж яаж барах билээ дээ” гэв. Тавхаймаа багшийн шавь нар гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан, Монголын лидер залуучуудын нэгэн, өдгөө АНУ-д суралцаж байгаа Сүхбаатарын Эрдэнэболд, олон улсын сэтгүүлч Б.Ганбаяр, соёлын тэргүүний ажилтан дуучин Г.Эрдэнэтунгалаг гээд олон залуусыг нэрлэсэн юм. “Шавь нарын минь буян биз ээ. Тэтгэвэрт суухынхаа өмнө Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан даа” гэж жаахан хүүхэд адил догдлон хэлсэн. Тэрээр ангийнхаа авьяас билигт хоёр хөвгүүний нэгэн болох Монголын зохиолчдын эвлэлийн “Утга зохиолын төлөө шагналт Лувсаншаравын Содномдоржтой хамтарч “Дурсамж цалгисан он жилүүд” хэмээх төгсөлтийнхөө номуудыг арав, арван жилээр ботилон хавтасласан нэгэн юм. Ангийн дурсамжийн бүтээлд бусад ангийнхан санаа оноо авмаар, зарим нэг албан байгууллага, сум дүүргийн номноос илүү сайхан баялаг түүхтэй, инээдэм хөөр хөгжөөнтэй, үр хүүхэд хойч үеийнхэндээ хэлсэн сургаал, нөхөрсөг шог, халуун дулаан дурсамж дурдатгалаар цалгисан, ёстой л ангийнхны ном гэж ийм л байдаг байх даа хэмээн бодогдохоор бүтээлүүд болжээ. Хуудас бүрээс нь гэнэн хонгор цагийнх нь инээд хөөр, эгэл нандин дүр төрх, хүүхэд бүрийн зан чанар, амьдралынх нь гэрэл гэгээ нэвт шувт мэдрэгдэх ажгуу. Уулзалт бүртээ бид чинь цагийн жамаар цөөрсөөр л байна гэж тэд санаа алдан хэлж байсан. Дотнын нөхөд нь орон зайгаа орхин одлоо ч номын гэрэлт хуудаснаас гэгээн дүрээр уулзан учирч, ухаалаг яриа хөөрөө нь бусдынхаа чихэнд сонсогдох шиг болдог биз.

Есдүгээр ангид орох жил хүлээн авсан Аварзадын Гэндэндоо, Гомбын Оюунбилэг багш нартаа хайртай гэж жигтэйхэн. Ээжтэйгээ хамт өтөлж байна даа гэдэг шиг дөнгөж сургууль төгссөн залуухан багш нар тэднийг удирдсан гэдэг. Өдгөө хоёр багш нь сэрүүн тунгалаг бөгөөд шавь нартайгаа ижилхэн, ялгагдах зүйлгүй гэнэ. Оюунбилэг багш нь монгол хэл бичгийг цэгцтэй сайхан зааж, хүүхдүүдийнхээ сэтгэл оюунд үлдсэн бол Ховдын Дарви, Сутай хайрхны хүү Гэндэндоо багш нь тооны ухаанд сайтар сургажээ. Ийм л хоёр буянт багшийн ачаар алдар замнал нь тодорсон нэртэй сурагчид төрсөн байна. Р.Занабазар багшаа тэд халуун сэтгэлээр дурсана. Равжаа судлалд өөрийн үнэт хувь нэмрээ оруулсан ачит багш. Хутагтынхаа тухай хэд хэдэн бүтээл ч гаргасан байна. Үйлдвэр сургалттай, хөдөлмөр политехникийн сургуулийг санаачилж байгуулсан хүний нэг гэдэг. Цэндийн Дамдинсүрэн, Эрдэнэбатын Оюун гуай нар говь нутгаар явж Равжаагийн талаар баримт цуглуулахдаа Занабазар багштай зориуд уулздаг байсан гэнэ.

“Лувсанчүлтэмийн Сумьяа гэж хувьсгалын улаан туг шиг охин эвлэл, үйлдвэрчинд насаараа зүтгэж олны сэтгэлийг гижигдэж явлаа. Лувсаншаравын Содномдорж гэх “задгай цагаан үүл” шиг эр тоглолт, үдэшлэг хөтөлж, яруу омголон шүлэгс төрүүлсээр ард түмний гавьяат цол хүртчихсэн, шүлэг найргийн хэдэн ном биччихээд Налайх хотод налайж сууна. Халзандухын Чимэдрэгзэн маань хамуу, годрон, ям, мялзан, шүлхийтэй зөрчилдөж хөл, хэлд ороод хашир хандгай зангаараа олноо шагшигдаж үлдсэн ганцхан малын эмч болсон ажээ. Данзангийн Дарьсүрэн Москвад хими-технилогич болж ирээд цагийн хатууд говийн хармаг жимсээр архи үйлдвэрлэж явсан Монголын цөөн зоригтны нэг байсан ч засаг хавчаад ирэхүй “зэл эвхэж”, дахин суралцаж орос хэлний багш болсон сонин хуучтай хүн. Цэрэндоржийн Пэрэнлэймаа гэдэг мундаг зарчимч хүүхэн нийслэл хотынхоо дулааны судсыг тэмтэрч, Амгалангийн дэнсийг барьж явсныг томчуул яахин мартана. Түүнийг цагийн сайханд Свердловск хотноо инженерийн диплом өвөрлөсний ачийг эх орондоо өргөсөн цөөн гавьяатны нэг гэдэг ч юм. Тэрээр 1990 оны давалгаант өдрүүдэд эдүгээх Говьсүмбэрийн Баянтал дахь орос цэргийн хотхонд буцах болсон цэрэг дарга нарын зах замбараа алдсан байдлыг номхотгох гэж засгийн өмнөөс очиж эх хэлээр нь ухуулан сэнхрүүлж байшин балгадыг нь бүрэн бүтэншүү эх орондоо хүлээж авсан гэдэг дуртгалын эзэн сэн. Самдангийн Лантуу МУИС-д геофизик зааж, геофизик-астрономын том лаборатори байгуулж ажилласаар хонин жилд манай ангиас Алтангадас одон зүүсэн арванхоёр дахь хүн болсон байх юм. Хүүхэд ахуйгаасаа сайн тамирчин болчихсон Долгорын Цогбадрах биеийн тамирын багш, сургуулийн захирал, сумын Засаг дарга тэгснээ аймгийн нийтлэг үйлчилгээг захирагч гэх мэт төрийн ажилд үл гулзайн зүтгэж, түүх дуртгалын “Чуулалт хаалгын сум” ном хэвлүүлж, гүйдэг харайдаг нь хэвээрээ гялалзаж явна. Бас Долгорын Жалбуу гэж ухаалаг өвгөн буй. Уул нь орос хэлний багш болох байсан ч аж амьдрал, эрүүл мэндийн хяслангаар багш, ариутгагч, галч, манаач, үсчин, проводник, нярав, ачигч, тогооч, мужаан, оёдолчин, асрагч мэт хамгийн олон ажил хийж үзсэн бас сурсан, аминдаа арчаатай, өөртөө зөв ухаантай нь биднээс төө илүү” гэж Сономын Чулууны бичиглэл үргэлжлэх бүлгээ.

“Гандангийн бүрхэг” хэмээх Намжилваанчиг арслангийн охин Буян мөн л энэ ангийнх билээ. Одоо Зүүнбаянд амьдарч байгаа гэсэн. Хоролбанди тухайн үеийн Багшийн дээд сургуулийг төгссөн, биологийн мэргэжилтэй, Монгол Улсын тэргүүлэх зэрэгтэй багш юм. Ангийн хөвгүүн Гончигжав агсны хань. Тэдний том хүү Батбаяр Москвагийн Аюулаас хамгаалахын дээд сургууль төгссөн. “Монгол Алтай” компанийн инженер. Охин Батцэцэг нь АНУ-ын Оклахомагийн их сургуульд эрүүл мэндийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо Эрүүл мэндийн яаманд ажиллаж байгаа ажээ. Бас Хандын Санжмятав, Лувсанцэрэнгийн Цэцэгмаа хоёр мөн гэр бүл болжээ. Математикийн нэртэй багш нар юм. Лувсангийн Ухнаа гэж лут хайгуулч Их сургууль дүүргэн ашигт малтмалын ордын эрэл хайгуулын инженер, геологич мэргэжил эзэмшсэн. Түүнтэй Цагаан суваргын болон Хайр айргийн гээд говийн хэд хэдэн орд холбогддог. Ийм л алдар замналтай, хүүхэд бүр нь нэг том “уурхай” болсон халуун бүлсэг хамт олны тухай өгүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *