Categories
мэдээ цаг-үе

Тариалангийн бүс нутгаар комбайны дуугүй уйтай намар болж байна

Түрүүч нь 243 (5195) дугаарт

Төв аймаг газар тариалангийн гол бүс нутгийн нэг. Аймгийн баруун болон хойд талын хэдэн сумаас өнөө жилийн ургац улсын хэмжээнд ямархуу байгаа ерөнхий дүр зургийг харж болно. Ингэж бодоод Баянцогтыг зорилоо. Сумын төвийн урд руу тариалангийн талбай ихтэй. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихэнх аж ахуйн нэгж Сарлаг бригадын нутагт харьяалагддаг юм байна. Талбай дээр очин ургац ямархуу байгааг бодит байдал дээрээс нь сонирхов. Сэлэнгийг бодвол эндхийн тариа өвдөг хүрэхээр ургажээ. Гэвч тарианы болц оройтсоноос ногооноороо байлаа. Нийт 1600 га талбайд тариалалт хийсэн “Жагро” компанийнхантай уулзахад “Энэ жил 200 га талбайгаасаа л ургац авч байна даа. Үлдсэн талбайгаасаа ургац авах ямар ч боломжгүй болсон. Хагасыг нь ногоон тэжээлд шилжүүлнэ” гэлээ. Энэ хавиар тавдугаар сараас долдугаар сар хүртэл нэг ч удаа бороо ороогүй ажээ. Хөрсөн доорхи будаа 70 хоног чийггүй байсан болохоор тарианы болц хойшилсон гэнэ. Улмаар хурааж авах боломжгүй болж ногоон тэжээлд өгөхөөр зорьж байгаа юм байна. Уг нь тав болон зургадугаар сарын дунд үеэр учиргүй үүлшиж юу юугүй бороо орох нь уу гэмээр болжээ. Манайхан тэр үүлийг задалж хур бороо оруулж чадаагүй гэнэ. Манайхаас урагшаа нүүсэн үүлийг хятадууд тосож аваад тав хоног бороо оруулжээ. Харин анхны бороо долдугаар сарын 7-нд орсон ч улаан буудайд эерэг нөлөө үзүүлээгүй байна. Ийн ярих зуур ургацынхаа дийлэнхийг алдсан “Жагро” ХХК-ийн тариалангийн талбайд хоёр комбайн нааш цааш эргэлдсээр цаг хэртэй болов. Хэрэв ургац жигдхэн байвал нэг захаас нөгөө хүртэл тасралтгүй явах ёстой. Гэвч ургацын болцоос хамааран нэг дороо л эргэлдэж байлаа. Энэ үед Цээл суманд үйл ажиллагаа явуулдаг “Алаг түрүү” ХХК-ийн захирал У.Дамбийсүрэн хүрч ирлээ. Тэрээр хураах ч тариагүй болсон болохоор ойр хавийнхаа хэдэн сумын тариаланчидтай уулзаж яваа ажээ. Цээл, Угтаалцайдам сумынхан ургацынхаа дийлэнхийг алдсан гэж дуулгалаа. “Тариаланчид байгалийн хишгийг хүртэж байгаа болохоор дандаа сайхан зүйл бодож, бэлгэшээж явдаг. Есдүгээр сар гартал ургац арвин авна гэж ярьж байлаа. Байдал бишидсэн гэдгийг мэдэж байгаа мөртлөө амны бэлгээ бодсон хэрэг. Гэвч дуугарахгүй бол болохгүй болчихоод байна” гэв. Тариаланчид яг л хурдан мориныхоо уяа сойлгыг тааруулж буй уяач шиг тариалалтын үеэр аливаа муу, муухайг цээрлэдэг ажээ. Ургац алдаж байгаа хэдий ч монгол хүний амны бэлгийг бодон сайн сайхныг зөгнөн ярьдаг гэнэ. Тиймээс хий дэмий л ургац арвин байна гэж өөрсдийгөө хуурсан хүмүүсээр газар тариалангийн бүс нутаг дүүрчээ.

Тариаланчид зуны эхэн үеэс байдал хүндрэх нь гэдгийг мэдээд харьяа яамандаа хандсан боловч авч хэлэлцээгүй гэнэ. Түүгээр ч үл барам “Энэ жил улсын хэмжээнд нийт 170-180 мянган тонн буудай авахаар байна шүү” гэж тооцоолсныгоо олон нийтэд мэдээлжээ. Төв аймгийн хэмжээнд л гэхэд 58 мянган га талбайд тариалалт хийснээс ургацынхаа талаас илүүг алдаад байгаа гэсэн. Одоогоор ургац хураалт хэдэн хувьтай байгааг нарийн хэлэх боломжгүй. Мөн өдийд тариагаа хураагаад дуусчихсан байх ёстой атал мөндөр, цас ороод улаан буудайгаа хураах боломж гарахгүй байгаа гэнэ. Ерөнхийдөө л тариа нов ногооноороо байна лээ. Энэ нь ургац оройтож байна гэсэн үг. Боловсорч дуустал хэд хоног байлгая гэхээр шөнөдөө хайрагдчих гээд болохгүй. Бас түрүүлж ургасан буудай эхнээсээ хатаад хог болж байгаа ажээ. Сарлаг бригадын тариаланчид “Ганцхан манай энэ хавиар иймэрхүү байдалтай байгаа юм биш. Та нар өөрсдөө яваад үз. Ургац алдаагүй хувь хүн, аж ахуйн нэгж нэг ч байхгүй дээ. Хамгийн багадаа 50 хувийн ургац алдсан” гэж байлаа.

Өнгөрөгч хавар тариаланчид нийт 150 тэрбум төгрөгөөр тариалалт хийсэн байна. Энэ мөнгө бол зөвхөн хаврын эхэн сард тариаланчдын халааснаас гарсан дүн. Түүнээс хойш бордоо, машин механизм, цалин хөлс, хоол унданд зарцуулсан мөнгийг бодвол багагүй тооцоо гарна. Энэ мөнгийг дийлэнх нь банкны зээлээр босгожээ. Одоо харин зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа юм байна. “Алаг түрүү” ХХК-ийн захирал У.Дамбийсүрэн “Тариаланчид гэлтгүй бусад салбарт бизнес эрхлэгчид банкны зээлээр л үйл ажиллагаагаа явуулдаг. Би ч гэсэн зээлтэй. Намар буудайгаа хураагаад зээлээ төлж эхэлнэ гэж тооцоолсон. Гэвч өнөөдөр хураах ч ургацгүй сууж байна. Банкныхан ирээд унаж явсан машиныг минь хураасан. Эхнэр, хүүхдийг минь гаргаж байгаад манай гэрийг битүүмжлээд явсан. Бодит байдал дээр бид ингэж л амьдарч байгаа. Гэхдээ би ганцаараа иймэрхүү байдалтай байгаа юм биш. Над шиг байдалд орсон олон тариаланч бий” гэлээ. Мөн тэрээр “Бид энэ намар 50-80 хувийн ургац алдах нь нууц биш болсон. Болдог бол тариаланчдын банкнаас авсан зээлийг хойшлуулж өгөөсэй. Ирэх жилийнхээ ургацаас зээл төлөх боломж гарч ирвэл олон компани амьтай голтой үлдэх байх” гэсэн юм.

Дундаж аж ахуйн нэгж хавар тариалалтаа эхлэхдээ 800 саяас нэг тэрбум төгрөг зарцуулдаг ажээ. Энэ жилийн хувьд зардлынхаа 50 хувийг тэр чигт нь алдаж байгаа гэнэ. Нэг ёсондоо ирэх хавар тариалалт эхлэх үед 800 сая төгрөг хэрэг болохоос 400 сая нь сох дутна гэсэн үг. Иймэрхүү хүнд байдалд орсон тариаланчид буудайны үнийг чөлөөлж өгөөч гэж хүсэж байгаа ажээ. “Буудайн үнэ зах зээлийнхээ жамаар яваг. Төр засаг оролцохоо боль” гэж байна. Хэрэв үнийг чөлөөлөөд өгчихвөл зах зээлийнхээ голдрилоор хөгжих боломж байгаа гэнэ. Өнөөдөр зах зээлд 0.33 литрийн цэвэр ус 700 төгрөгөөр зарагдаж байхад нэг тонн улаан буудай 550 мянган төгрөг. Тэгэхээр нэг кг улаан буудай 550 төгрөгийн үнэтэй. Ингэж уснаас хямд үнэлэгдэж байгааг тариаланчид эсэргүүцэж байлаа. Түүнчлэн нэг үеэ бодвол улаан буудайгаа тариад сурчихсан учраас чанаргүй гэх ойлголт алга болжээ. “Царвантай буудай идэж, улсынхаа хэмжээнд нийт 70 мянган тонн буудай хурааж байсан түүх бий. Тэр үед ясны гурил идэж дотоодынхоо хэрэгцээг импортын буудайгаар хангадаг байлаа. Одоо тэр үе ард хоцорсон. Бид барууны түвшинд хүрсэн техник, технологи ашиглаж байгаа. Зардал өндөр гарч байгаа нь аргагүй. Бид ганцхан комбайн авахдаа хэдэн зуун сая төгрөг зарцуулж байна” гэж ярилаа. Бас гурилын үнэд тариланчид нөлөөлөхгүй гэдгийг хэлж байв. Тэдний ярьж буйгаар гурилын компаниуд үнэ дээр тоглолт хийдэг ажээ.

Атрын гуравдугаар аян эхэлж газар тариалан цэцэглэх үед нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр үнэлсэн. Тариаланчид нэг тонн буудай тарихдаа дээрх үнээс илүү зардал гаргаж байсан болохоор төрөөс 100 мянган төгрөгийн урамшуулал олгох болсон. Төрөөс өгч буй энэ мөнгө угтаа урамшуулал биш. Тариаланчид зах зээлд нийлүүлэх бодит үнийнхээ зөрүүг авч байгаа хэрэг. Угтаа буудайн үнийг чөлөөлөөд урамшууллыг бүр болих хэрэгтэй гэнэ. Учир нь урамшуулал авч чадахгүй байгаа тариаланч олон байдаг гэсэн.

Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг бригадад үйл ажиллагаа эрхэлдэг тариаланчид иймэрхүү л зүйл ярьж байна. Ихэнх ургацаа малын тэжээлд боож, талбайгаа уриншилжээ. Тариан талбай нам гүмхэн агаад сүргүй. Уг нь бол өдийд намрын ажилд дайчлагдсан оюутан залуус шаагилдан гүйлдэж Монголын тал нутагт ажил, амьдрал буцалж байдагсан. Намар, намрын ийм дүр зураг өнөө жил харагдсангүй. Юу ч үгүй цасанд дарагдаж гулдайсан тариа, эзгүй шахуу тариалангийн талбай л угтана. Угтаа мянга гаруй га талбайд тариа тарьсан хүмүүс урдах ажлаа дийлэхгүй ажиллаж байх ёстой. Гэтэл бодит байдал дээр тариалангийн талбайд комбайны дуугүй уйтай намар болж байна.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *