Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд 2016 оны зургаадугаар сарын 10-ны өдөр байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Тайшир-Алтай ус хангамж” төслийг 2019 онд эхлүүлсэн билээ.
Өнөөдөр буюу хоёр жилийн дараа бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаж, манай улсад анх удаа гадаргын усыг унд, ахуйн хэрэгцээнд цэвэршүүлэн хангах зориулалттай, орчин үеийн шийдэл, технологи бүхий ус цэвэршүүлэх станц үйл ажиллагаагаа эхлүүллээ.
“Тайшир-Алтай” ус цэвэршүүлэх станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулан хүн ам, аж үйлдвэр, фермерийн усан хангамжийг шийдвэрлэхээс гадна Алтай хотын усны хэрэгцээг хангах, усны нөөцийн баталгаат эх үүсвэртэй болох, ундны усны хүртээмжийг нэмэгдүүлэх, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах зэрэг ач холбогдолтой.
Цэвэр цэнгэг гадаргын ус хэрэглэснээр хүн амын дунд халдварт өвчний тархалт болон усны чанараас үүдэлтэй өвчлөл эрс буурч, байнгын, жигд усан хангамжтай болсноор дэд бүтэц, хот төлөвлөлтийн асуудлууд ч шийдэгдэх боломж бүрдэнэ.
УИХ-ын дарга Г.Занданшатар албаны хүмүүсийн хамтаар орон нутагт ажиллаж, бүс нутгийн зарим бүтээн байгуулалтын явцтай танилцаж байна.