Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Цэнд-Аюуш: ТӨБЗГ-ын ажилд Засгийн газар, яамдын амбиц орж хяналтыг сулруулж, хулгай гарах нөхцөлийг бүрдүүлсэн DNN.mn


Төрийн өмчийн компаниудад хулгай гардаг, түүний удирдлагууд авлига албан тушаалын хэрэгт холбогдсоор байгаа явдал нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын хяналт сул байгаатай холбоотой гэж прокурорын байгууллага онцлох боллоо. Энэ хүрээнд Санхүү эдийн засгийн их сургуулийн ахисан түвшний профессор, Компанийн засаглалын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал, доктор Т.Цэнд-Аюуштай ярилцлаа.

-Төсвөө тоносон, ард түмний боломжийг хулгайлсан хэргүүд төрийн өмчит компаниуд дээр маш олон гардаг боллоо. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар энэ асуудлыг хариуцах, хууль зөрчигдөхөөс сэргийлэх үүрэгтэй гэж ойлгодог. Гэтэл тэд яагаад үүргээ хэрэгжүүлдэггүй юм бэ?

-Өнөөдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын эрх мэдэл өмнөх Төрийн өмчийн хорооныхоос нэлээд хумигдсан. Төвлөрсөн эрх мэдлийг нь хязгаарлаад жижигхэн болгоод, бусдыг нь харьяа яамд руу өгсөн бүтцийн өөрчлөлт хийсэн байдаг. Төрийн өмчийн хороог анх татан буулгахдаа “Эрдэнэс Монгол” гээд компани гаргаж ирсэн. Энэ нь бүх уул уурхайн компаниудыг дороо нэгтгээд мундаг ажиллана гэж эрх мэдлийг хувааж байлаа. Энэ үед эрх мэдлийн хуваарилалт зөв хийгдээгүй. Үүнээс болж “Эрдэнэс Монгол” одоо хүртэл хөл дээрээ зогсоогүй байна.

“Эрдэнэс Монгол” руу зарим компаниуд удирдлагатайгаа шилжчихсэн. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үлдсэн хэдэн компани байгаа. Зохицуулалтаа сайн хийгээгүй учраас яамдын амбиц орж ирсэн.

Яамд аж ахуйн ажил эрхлэх маш сонирхолтой. Уг нь яам бол бодлого болон зохицуулалтаа барих ёстой. Жишээ нь, Эрчим хүчний яаман дээр Ц.Даваасүрэн сайдаар очихдоо 70/30 болгоод эзэмшлийг хувааж эхэлсэн. Угтаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа газрууд өөрсдөө хэн хэдэн хувийг эзэмших ёстой вэ, түүний хариуд хэн нь ямар оролцоотой байх ёстой вэ гэдэг нарийн зохицуулалт байхгүй.

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуультай биз дээ?

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль аль дээр үеийнх. Хоцрогдсон хуулиа засаад байдаг. Үүн дээр төрийн өмчийн талаар тусгайлсан хууль байх ёстой. Компанийн тухай хуулиар явна гэхээр түүн дотор төрийн өмчийн тухай нэг ширхэг ч үг байхгүй.

Нөгөө талаар хуулиас өмнө эхлээд төрийн өмчийн бодлого байх ёстой юм. Тэр нь манайд байхгүй. Бодлого гэдэг ер нь хамгийн эхлээд яах гэж төрд энэ компанийг байлгаж байгаа юм бэ гэдгээ тодорхой болгодог. Бодлогоос бүтэц ургаж гарна. Бүтэц гэдэг үүнийг хэн хэрэгжүүлэх вэ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хэрэгжүүлэх үү, тэгвэл энэ газрын эрх мэдэл хаана байх вэ.

Төрийн өмчийн хууль байхгүй учраас өөр өөрийн ойлголтоор, социалист ойлголттойгоо холилдоод хянан шалгах хороо гэх мэт янз бүрийн зүйлс нь хэвээр байгаа юм. Нэг ёсондоо зах зээлийн систем рүүгээ ороогүй.

Хэрэв энэ газар зуун хувь хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлнэ гэх юм бол ийшээ Засгийн газар ч, яамд ч дураараа оролцохгүй. Гэтэл үүнийг л манайд тодорхой болгож өгөөгүй. Олон улсад янз бүрийн бүтэц бий. Зарим улс хосолсон хэлбэрээр буюу төсөв мөнгөө хянах үүднээс Сангийн яам нь ТУЗ-д хүмүүсээ оруулж суулгадаг.

ТӨБЗГ нь эзний үүднээс явж байгаа учраас үр ашигтай ажиллаж байна уу, менежмент нь зөв байна уу гэдэг дээр ТУЗ-дөө төлөөллөө томилоод дээрээс нь хараат бусуудыг зүй ёсоор нь ажиллуулна. Мөн гүйцэтгэх захирлаа томилно.

-Өнөөдөр манай Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дүр төрх ямар байна?

-ТӨБЗГ өөрийнх нь харьяанд байгаа төрийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлнэ гэж байгаа. Дээрээс нь зарим нэг газрууд дээр зөвхөн аж ахуйн талаа барьдаг юм билээ. Зөвхөн байшин барилга эд, хогшлыг нь тоолдог ажил хийдэг. Засаглал, менежмент тэдэнд хамаагүй.

Улсын нэг эмнэлэг байлаа гэхэд ЭМЯ нь бодлого удирдлагаа авчихсан. ТӨБЗГ-т байшин сав, хуучны эд хөрөнгө гэдэг социалист үзлээр явдаг. Ерөөсөө Төрийн өмчийн хууль байхгүй учраас өөр өөрийн ойлголтоор, социалист ойлголттойгоо холилдоод хянан шалгах хороо гэх мэт янз бүрийн зүйлс нь хэвээр байгаа юм. Нэг ёсондоо зах зээлийн систем рүүгээ ороогүй.

-Тэгвэл “Эрдэнэс Монгол”-ын засаглал зөв байж чадаж байна уу?

-Өмнө нь үнэхээр тааруу ажиллаж байсан. “Эрдэнэс Монгол” гээд хэдхэн хүн суучихсан, охин компаниуддаа хяналт тавьж чаддаггүй. Толгой компаниас нь ганц хоёр хүмүүс нь ТУЗ- ийн нарийн бичгийн ажил хийдэг. Жил бүр засаглал ярьдаг хэрнээ анхан шатны өөрчлөлт хэрэгждэггүй газар байсан. Саяхнаас өөрчлөгдөж байгаагаа зарлаад эхэлсэн. Дүрмээ өөрчилнө, хүний нөөцөө өөрчилж байна. Засгийн газраас явуулж байгаа арга хэмжээнд ороод явж байх шиг байна.

Нэмээд ТӨБЗГ-т байсан зарим компаниудаас ийшээ оруулчихлаа. Уул уурхайн бүхий л том хөрөнгүүд “Эрдэнэс Монгол”-д төвлөрч байна. Яг одоо бизнесийн зарчмаар нь явуулна, тэгэхийн тулд “Эрдэнэс Монгол”-ынхоо дүрэмд өөрчлөлт оруулж байгаа гэсэн. Одоогоор өөрчлөгдсөн дүрмийг нь хараагүй л байна.

-Төрийн өмчийг хоёр талд эрх үүрэг ижилхэн субъектүүд хэрэгжүүлэх нь зөв юм уу. Энэ дунд хийдэл гараад байгаа биш үү?

-Яах вэ олон улсад ийм загвар байдаг. Ихэр загвар гэж нэрлэдэг. Хоёр байгууллагад төвлөрсөн эрх өгчихдөг. Хоёулаа хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Эсвэл дээр хэлсэн Сангийн яам санхүүг нь хариуцаад явдаг. Эсвэл өнөөдрийн манайх шиг хоёр ижилхэн үүрэгтэй, хоёр өөр компаниудыг харьяандаа авчихсан улс орон байдаг.

Хамгийн зөв практик буюу ямар байгаач гэж олон улсад ярьдаг вэ гэхээр нэгд, дээр хэлсэн төрийн зүгээс бодлогоо зөв тодорхойлохыг шаарддаг. Хоёрт бүтцээ тодорхой болгочих гэдэг.

Манайх бүтэц нь тодорхойгүй учраас “Эрдэнэс Монгол” нь хаана байх вэ, ТӨБЗГ яах юм, бусад яамд яах вэ, Засгийн газар ямар эрхтэй байх вэ гээд хоорондоо амбицалж булаацалдаад яваад байгаа. Бодлоготойгоо уялдсан бүтэц гарч ирээд дараа нь хууль гарах ёстой. Өөрөөр хэлбэл, тэр бүтцийг ажиллагаанд оруулах хууль шаардагдана.

Гэтэл ажиллагаанд оруулах хууль одоо хүртэл манайд байхгүй. Ер нь олон жил зохицуулалтгүй явсан, ингэж явуулах сонирхол байсны үр дагавар шүү дээ.

-Төрийн өмчийг зангидаж байгаа энэ газар дээр намын томилгоонууд хийгддэг. Даргаар нь намын хүн очдог. Удахгүй явчихдаг. Ард нь төрийн өмч завшигдаж, үгүй болоод л үлдэж байдаг жишиг бий болчихлоо. Тийм үү?

-Нам төрд хортойгоор нөлөөлж байгаа юм. Уг нь бол улс төрийн нам тусдаа байгаад төрийн алба тогтвортой явах ёстой. Төрийн алба тогтвортой байвал намын томилгоогоор сайд ирж л байна, буцаж л байна. Дор нь төрийн алба тусдаа, мэргэжлийн хүмүүс нь тогтвортой ажлаа хийгээд төрийнхөө залгамж чанарыг бариад явж байх ёстой.

Гэтэл одоо бол тэрийг эвдээд яамд руу сайд нар орж ирээд доторх бүх бүтцийг үймүүлдэг, мэргэжлийн. ажлаа мэддэг хүмүүсийг алба бууруулж, эсвэл ажлаас халж улс төрийнхөө хүмүүсийг төрийн алба руу чихдэг. Ингээд төрийн алба тэр чигээрээ нурж байгаа юм. Ингэхээр төрийн өмчийн удирдлага маш хэцүү болчихдог. Төрийн албаны залгамж халаа, бодлого, ёс зүй гэдэг тусдаа том сэдэв.

-Нүүрсний хэрэг гээд л ярихад Эрдэнэс Монгол, Эрдэнэс Тавантолгой.орон нутгийн Таван толгой гээд л төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлууд авлига авсан, өгсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн болж таарч байгаа. Т өрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал ямар эрх үүрэгтэй байх ёстой юм бэ?

-Та бидний яриа явсаар байгаад компани дээр бууж байна, зөв. Эцсийн дүндээ компани яаж улс төрөөс хараат бус байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Олон улсад бол ТУЗ нь мэргэжлийн байдаг. Тэд улс төрийн томилгоо багатай, тогтвортой ажилладаг.

Манайд мэргэжлийн биш болохоор төрийн өмчийн компаниудын ТУЗ нэг жил, хоёр жил болоод л солигддог. Янз бүрийн хүмүүс орж ирээд компаниудтайгаа бараг танилцаж амжаагүй байтал яваад өгдөг. Орж ирэхээрээ өөрсдийн хувийн ашиг сонирхлыг хэрэгжүүлдэг. Уг нь мэргэжлийн ТУЗ байх ёстой. Тэр нь хараат бус хүмүүс байх ёстой.

-Хараат бус гэдгийг л хэрэгжүүлж чадахгүй байгаа юм биш үү, манайд?

-Мэргэжлийн чавартай ТУЗ гүйцэтгэх удирдлагаа өөрсдөө сонгодог. Манай яамнаас, Засгийн газраас шууд томилоод байгаа. Тэгэхээр гүйцэтгэх захирлууд Засгийн газар дээр л тайлангаа тавина. ТУЗ нь бүр тоглоомын юм болчихсон. ТУЗ-д тэр эрх мэдлийг л өгөх ёстой. Мэргэжлийн байна гэдэг тэр чиглэлээр мэргэшсэн, туршлагатай хүмүүс л ажиллах ёстойг хэлээд байгаа юм.

-Ер нь яагаад төрийн өмчит компаниуд дээр л хулгай гардаг, тэнд очсон хүмүүс сэтгэлгүй, ард түмний боломжийг, өмчийг тонодог юм бол?

-Сүүлийн 30 жилд манайд ёс зүйн асуудал яригдаагүй үлдсэний үр дүн. Социализм гэж явж байсан үед тэрэндээ итгээд хүмүүс баригддаг байсан. түүний өмнө хүмүүс шашиндаа итгээд баригддаг байсан.

Харин сүүлийн 30 жил бид амьтан шиг л явлаа. Итгэл үнэмшлийн тал дээр чиг баримжаа байхгүй болчихсон. Мөнгө хурдан олох хэрэгтэй байна. Тэр ёс зүй нь намаас эхэлж бойжоод төр рүү орчхож байгаа юм.

-Тэр итгэл үнэмшлийг хэн бий болгох ёстой гэж?

-Ёс зүйн асуудал дээрээсээ л явдаг. Доороос нь бид шаардаж болно. Хэрэгжилт гэдэг бол уг нь дарга нарын манлайллаар явдаг зүйл. ТУЗ-өөсөө, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаа хүмүүсээс эхлэх ёстой. Нэг хэсэг үүнийг социализмын хэнхэг юм ярьж байна гэж боддог байсан бол одоо хоолойн дээр тулсан асуудал болж хувирсан.

Өөрөөр хэлбэл, ёс зүй гэдэг маш чухал байсан юм байна. Бид ашиг гээд материаллаг зүйл рүү яваад байсан бол ёс зүй гэдэг зүйл гол удирдлага, тогтолцоо байсан байна.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд компаниуд дээр ёс зүйн код гаргаад ТУЗ л хэрэгжүүлж эхлэх ёстой. Түүнийгээ батлан харуулах ёстой. Тэр кодыг хэрэгжүүлэх гэж байгаа бүх хүмүүсийн оролцоотойгоор боловсруулах ёстой.

Ер нь манайд хулгай яагаад гараад байгаа юм бэ гэхээр засаглалын талаас харвал нэгд, ашиг сонирхлын зөрчил их байна. Хоёрт, их хэмжээний хэлцэл гэдгийг хяналтгүй болгочихсон.

Гэтэл хувийн компаниудын эзэд өөрийнхөө өмнөөс ажиллуулж байгаа хүмүүсийг хянахын тулд ТУЗ дээрээ хараат бус гишүүдээс бүрдсэн хороо үүсгээд түүгээрээ бүх сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийг оруулж шийддэг. Их хэмжээний хэлцэл гэдгийг ямар хэмжээг хэлдгийг дүрмээрээ тогтоочихсон байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *