УИХ-аар хэлэлцэж буй Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсгийн гишүүд “Торгуулиа цаг хугацаанд нь төлөөгүй жолоочийн тээврийн хэрэгслийг торгуулиа төлөх хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцуулахгүй байх” санал гаргасан нь УИХ-ын гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээгээд байна.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зөрчил гаргасан бол эхний удаад торгох, эсвэл жолоо барих эрхийг хасах, 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах юм. Хэрвээ дээрх зөрчлийг давтан үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүлээд байгаа юм. Иймээс УИХ-аар хуулийн төслүүдийг эцэслэн баталснаар дээрх зохицуулалтууд хүчин төгөлдөр үйлчлэх боломжтой болно.