Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Т.Оргилмөнх: “Doctor” бол эмчтэй хэрнээ экшин, адал явдалт кино DNN.mn

“Зэвүүн яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Т.Оргилмөнхтэй ярилцлаа.


-Таны ажилласан “Доктор” УСК саяхан нээлтээ хийлээ, танд баяр хүргэе. Та гол дүрд тоглосон юм уу?

-Баярлалаа, шинэ киногоо нээгээд удаагүй байна. Энэ кинонд зургийн даргын үүрэг гүйцэтгэсэн. Мөн туслах дүрд тоглосон, миний хувьд дүр бүтээсэн гурав дахь кино.

-Киноны ажил хэр удаан үргэлжлэв?

-Он гараад зураг авалт эхэлж гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн. Түүнээс хойш киноны монтажны ажил явагдсан. Киногоо хэзээ нээх вэ гэдэг маш чухал. Шууд хийж дуусгаад цацчихдаггүй. Хэзээ, ямар үед гаргавал тохиромжтой талаар судалж наймдугаар сарын 19-ний өдрийг сонгосон. Нийт кино бүтээсэн хугацаа гэвэл 8-9 сар.

-Утга агуулгын хувьд ямар төрлийн кино вэ?

-“Доктор” гэхээр хүмүүс “Doctor Stranger” кинотой хольж ойлгоод байх шиг. Доктор гэдэг бол эмч гэсэн утгатай үг. “Doctor” бол эмчтэй хэрнээ экшин, адал явдалт кино. Ийм төрлийн кино Монголд цөөхөн байх гэж бодож байна. Зодоонтой сцень, хүнийг догдлуулсан, гэр бүлийн хүчирхийллийн сцень ч байгаа. Эмч хүний амьдралд тохиолдож буй адал явдлыг энэ киноноос үзэж болно.

-Та дүрийнхээ талаар тодруулаач.

-Миний дүр их сонирхолтой (инээв). Би энэ кинонд ганц л текст хэлдэг. Үггүйгээр нүүрнийхээ хувирал, харцаараа үйл явдлыг илэрхийлнэ гэдэг надад их сонирхолтой санагдсан. Урлагийн сургуульд энэ ур чадварыг заадаг. Туслах дүр хэрнээ учир шалтгааны зангилаа болсон маш чухал дүр. Үзэгчдээс ч эерэг сэтгэгдлүүд олон ирсэн, их баяртай байгаа.

-Та дүр бүтээхээс гадна зургийн даргаар ажилласан гэж байна. Хэрхэн энэ уран бүтээлд ажиллахаар болов?

-Анх “Сүүдэрт ургасан цэцэг” насанд хүрэгчдийн уран сайхны кинонд гол дүр бүтээсэн. Тэр үед “Dream Entertaiment”-ын хамт олонтой танилцсан. Хоёр дахь уран бүтээлдээ зургийн даргаар ажиллах санал тавьсан ч хувийн асуудлаар киногоо дуусгаж чадалгүй дундаас нь орхисон юм. Энэ удаад “Dream Entertaiment”-аас дахин шинэ уран бүтээлд хамтран ажиллах санал ирсэн. Би ч дуртай хүлээн авсан. Зургийн дарга бол объект, жижиг хэрэгсэл, жүжигчдийн өмсөх хувцас гэх мэт олон зүйлийг бэлтгэх ёстой. Хувцсандаа санаа зовохгүй дүрээ гаргаж байгаад нь зургийн даргын хувьд чухал зүйл санагдсан. Миний туршлага дутмаг байсан ч киноны хамт олон маань ам сайтай байгаад баяртай байна.

-Танд дахин кинонд тоглох санал ирвэл зөвшөөрөх үү?

-Одоогийн байдлаар кинонд тоглох гурван санал ирсэн, бүгд эсрэг дүр. Би саяхан фэйсбүүктээ “Надад яагаад үргэлж эсрэг дүрд тоглох санал ирдэг юм бэ. Би уг нь их сайн залуу шүү дээ” гэж пост оруулсан. Би үзэгчдэд хараа муутай учраас муухай харж байгаа юм шиг харагддаг юм уу, эсвэл “Зэвүүн яриа”-г үзсээр байгаад “Зэвүүн залуу” гэж харагддаг байж магадгүй. Одоогоор киноны саналыг зөвшөөрөөгүй байна. Нэгдүгээрт, TV8 телевизийн кино, нэвтрүүлгийн даргаар ажилладаг учраас ид ажил эхэлж байгаа үе. Үндсэн ажилдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, намайг арай өөр талаас нь харуулсан дүрийг хүлээж байна. Ирсэн санал бүрийг зөвшөөрөхгүй, өөрийгөө сорьж чадах уран бүтээл дээр ажиллавал надад илүү сэтгэл ханамжтай. Одоо эерэг, сайн залуугийн дүрд тоглож үзмээр байна (инээв).

-Киногоо анх үзээд ямар сэтгэгдэл төрөв, ийм зүйл дээр илүү хичээх байж дээ гэсэн шүүмжлэл төрж байв уу?

-Хамгийн анхны ажилласан уран бүтээл болох “Сүүдэрт ургасан цэцэг” киногоо анх үзэхдээ яг тийм бодол төрж байсан. Энэ хэсэгт илүү боломж надад байсан даа гэх мэт. Мөн анх телевизээр гарч эхэлж байхдаа би ингэж асуух байж, тэгэх байж гэж харамсдаг байсан. Харин одоо өөрийгөө телевизээр хараад сурчихсан хүний хувьд тийм харамсал төрөх нь багассан. Энэ кинонд нүүрний тоглолтууд олон байсан. Өөрийгөө харин дүрээ дажгүй гаргажээ гэж бодсон. Хүмүүс ч нүүрний тоглолт, харцаараа сайн тогложээ гэж хэлсэн. Нэгэнт болоод өнгөрсөн, тухайн хэсгээ чадах чинээгээрээ гаргасан л бол сэтгэл хангалуун байгаасай гэж боддог.

-Та яагаад урлагийн салбарыг сонгож, ажилладаг юм бэ?

-Би маш олон ажил хийж үзээд надад тохиромжтой нь гэж сонгосон. Яг үнэнээ хэлэхэд, би багаасаа ширээний ард удаан сууж хичээл хийх маш дургүй хүүхэд байсан. Наймдугаар ангиасаа сургуулиа орхиход аав ээж маань ч “Сая дотор нэмж хасаад бодчихдог, үг үсгийн алдаагүй биччихдэг бол миний хүү сургуулиа орхиж болно” гэж дэмжсэн. Сургуулиасаа гараад барилдаж, загвар өмсөж, жүжигчний ангид нэг жил сурч үзсэн. Надад хамгийн тохирох нь олон хүнтэй харилцаж, ярилцдаг ажил гэдгийг мэдчихсэн учраас энэ салбарт 2010 оноос хойш тасралтгүй 12 жил ажиллаж байна даа.

-Киноны зураг авалт зунаас өмнө дууссан юм байна. Таныг сошиал, нэвтрүүлгүүдээс анзаарахад их гэр бүлсэг хүн шиг ажиглагддаг?

-Манай гэр бүл их нялуун харилцааатай. Би аавыгаа байнга үнсдэг. Хүмүүс хараад гайхдаг. Гадуур ч, гэртээ байсан ч аав, ээждээ үргэлж хайртайгаа хэлдэг, үнсдэг, ярилцдаг.

-Яагаад “Найзыгаа эрхлүүлье” влог хийх болсон бэ. Шинээр өөр контент хийх төлөвлөгөө бий юү?

-Нэг үгийг брэнд болгохыг хүссэн. Анх “Зэвүүн яриа” нэвтрүүлэг хийж зэвүүн гэх үгийг брэнд болгосон. Түүнтэй адил “эрхлүүлье” гэдэг үгийг брэнд болгохыг хүсч байна. Би авахаас илүү өгөх дуртай төрлийн хүн. Хүнд юм өгөх, эрхлүүлэх дуртай. Долоо хоног бүр гардаг, “Зэвүүн яриа” шиг контент болохгүй байх. Боломжтой үедээ эрхлүүлчихнэ (инээв). Телевизийн хүрээнд “Аймар яриа” гэдэг нэвтрүүлэг хийж байгаа. Дундговь аймаг руу явсан нэвтрүүлэг маань намраас цацагдана. Аймар юм яриад суухгүйгээр явж үздэг тэмдэглэл хэлбэрийн нэвтрүүлэг. Цаашид цэнгээнт нэвтрүүлэг хийх гээд санаа, төлөвлөгөө олон байна аа.

-Тантай уулзаад “Зэвүүн яриа”-г асуулгүй өнгөрч чадахгүй нь. “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн анхны дугаараа үзэхэд ямар санагдаж байсан бэ?

-Хамгийн анхны зочин дуучин NMN буюу М.Номин-Эрдэнэ байсан. Тэр үед “Цахилбаа”, “Болхи хүн” гэх мэт хит дуунууд гарч байсан. Цоо шинэ нэвтрүүлэг эхэлж байна гээд NMN-ийг гуйсаар байгаад оруулсан. Өөрийн гэсэн тайз ч үгүй, 30 гаруй минутын урттай. Тухайн үедээ надад урт л санагдаж байсан. Анхны дугаараа бичээд TV5 телевизийн ютүб сувагт оруулсан. Тэр үед хүмүүс намайг цаг агаарын хөтлөгч гэдгээр нь мэддэг байсан. Сарын дараа гэнэт нэг хүн “Энэ нөгөө ярилцлага хийдэг залуу байна” гэж таньсан. Тэгээд гайхаад ютүб орсон чинь 38 мянган хүн үзсэн байсан, зургаан жилийн өмнө шүү. Тэгээд л нэвтрүүлгээ илүү сайжруулъя гэж хичээсэн.

-Та амьдралдаа хэр олон зэвүүн үйлдэл хийж байв?

-Миний амьдралдаа хийсэн хамгийн зэвүүн үйлдэл гэж байхгүй. Хүмүүс янз бүрээр хариулдаг л даа. Зэвүүн үйлдлүүд өөрчлөгддөг. Найз нөхөд ч хугацаатай байдаг. Хоёр жил найзалж байгаад нэг нь гэр бүлтэй болоод урьдынх шиг цаг зав гаргахаа больчихвол нэгэндээ гомдож болохгүй. Цаг хугацаа өнгөрч, хоёр хүний харилцаа, амьдрал өөрчлөгдөж байна. Яг үүнтэй адил миний амьдралдаа хийж байгаа зэвүүн алхам, үйлдлүүд цаг цагаараа өөрчлөгддөг. Зэвүүн алхам гэдэг хүний амьдралыг жаахан өөрчилдөг. Хамгийн сүүлд хийсэн зэвүүн үйлдэл гэвэл ганц бие болсон л байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *